sonin.mn

Монголчуудад циркийн урлаг мартагдах хандлагатай болж ирлээ. Түүхийн урт 70 жилийн хугацаанд олон сайхан үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг уулга алдуулж, соёлт ертөнцөд эх орноо таниулж ирсэн он жилүүд хол хоцорчээ. Гавъяат жүжигчин нэрт акробатчин Ж.Жанчивдоржтой ярьж суухад тэрээр циркийн урлаг түүний дотор алиалагчийн урлаг орхигдож байгаа тухай ярьсан юм.

Манай циркээс үе үеийн олон сайхан алиалагчид төржээ. Циркийн урлаг нь гоо сайхан, хүч тамир, алиалал, амьтныг багтаасан том урлаг. Өнөөдрийн манай залуу үеийнхэн циркийн урлагийн гайхамшгийг таньж мэдэхгүйгээр өсч байгаа нь дэндүү харамсалтай. Циркийн урлагт үзэгчдийг хөгжөөдөг гол үзүүлбэр нь алиалагч байдаг. Циркийн алиалагч нь драмын урлаг, өнөөдрийн бидний үзээд байгаа хошин шогоос эрс ялгаатай.

Монголын цирк байгуулагдсан цагаасаа олон сайн алиалагчийг төрүүлсэн. Анхны алиалагч нь циркийг анх санаачлагчдын нэг Ж.Дамдинсүрэн гэж хүн байж. Түүнтэй хамт манай нэрт алиалагч Ардын жүжигчин Д.Содном, Ж.Данзан нар гарч иржээ. Алиалагч Д.Содном өөрийнхөө дүр төрхөөр хүн инээлгэсэн нэгэн байв. Түүний ёгтлол, инээд нь цаанаасаа хүн инээлгэхээр төрсөн гэж түүнийг үнэлдэг.

Нэгэн үед Данзан, Содном хоёрын "Учиртай гурван толгой", "тольдогч" үзүүлбэрүүд нь олныг хөгжөөж байв. Тэд нийгмийнхээ болох болохгүй бүхнийг циркийн урлагийн алиалагч гэдэг төрөлд эвтэйхнээр шүүмжилдэг байж. Үүний нэг жишээ нь "Ийм нэгэн хурал" үзүүлбэр юм. Тухайн үед манай улс сургууль төгссөн гэр бүлийг салгаад хоёр өөр газар ажиллуулахаар явуулчихдаг байсныг хурцаар шүүмжилсэн гэдэг. Мөн нэгэн үзүүлбэртээ хотынхон модыг зун тарьдаг, өвөл устгадаг тухай үзүүлснээс болж тухайн үеийн дарга нар шүүмжлэлийн мөрөөр ихээхэн ажил зохиосон удаатай.

Циркийн жүжигчин, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин Ж.Данзан, Д.Содном хоёртой их дотно байсан гэдэг. Аварга нөгөө хоёрыгоо миний багш гэх, цаад хоёр нь энэнд багшлаад нэг шалиагүй дээ нөгөө шилтэд жаахан гүйлгээ болов уу даа гэж хөхрөлддег байсан гэдэг. Мөн Д.Энхээ, Ж.Цэеэ гэж хоёр алиалагч гарч ирсэн. Ж.Цэеэ жинхэнэ улс төрийн уран илтгэгч байсан бөгөөд тухайн үеийнхээ нийгмийг хурцаар шүүмжилдэг байснаас эцэг эхээс олгосон Цэдэнбал нэрээ сольж ард түмнээрээ Цэеэ гэж дуудуулдаг болсон билээ.

Тэрээр циркийн мэргэжлийн жүжигчин байсан бөгөөд акробатын чадварлаг жүжигчин байсныг ахмад үеийнхэн мэдэж байгаа. Түүний "Хөлөөр шидэгч", "Шидэгч банз" зэрэг үзүүлбэр нь гайхалтай байлаа. Манай монголын циркт жинхэнэ мэргэжлийн алиалагч гэвэл гавьяат жүжигчин Батсүх байсан. Түүний хөдөлгөөн, нүдний харц, хоолойн өнгө гээд алиалагч хүнд байх ёстой бүхэн цогцолсон байлаа. Оросын алдарт жүжигчин Ю.Никулиныг бид мэднэ.

Батсүх түүнээс дутахааргүй байсан гэдэг. Тэрээ р ЗХУ-д Жинхэнэ циркийн алиалагчийн сургууль төгссөн, түүн дээр авъяасаараа бусдаас ялгардаг байлаа. Тэр циркийнхээ хаалгаар гарч орохдоо ч алиалагчаараа явсан. Циркийн захиргаа түүнийг нэг удаа гашуун ундаа хэрэглэсэн гэж шийтгэн циркийн гаднах цасыг шүүрдүүлсэн удаатай Тэгэхэд Батсүх хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг хөгжөөж л байсан гэдэг. Циркийн урлаг хүүхэд, насанд хүрэгчид гэж ялгадаггүйгээрээ гайхалтай урлаг.

Циркийн алиалагчийг хэрийн драмын мэргэжлийн жүжигчин хийж чаддаггүй нь онцлогтой. Харин драмын алдарт жүжигчин Л.Латиф циркт алиалж чадсан. Гавьяат жүжигчин Тогдгор Галсантогтох, Б.Батзаяа, Ж,Сандаг, Д,Энхээ гээд чадварлаг алиалагчид циркийн алтан манежинд үзэгчдээ хөгжөөж байсан билээ. Өнөөдөр хошин урлагийнханы тоглолтыг үзэх гэж хошуурдаг боллоо.

Хүүхдэд үзүүлэх инээдмийн үзүүлбэр дутагдаад байна. Мэргэжлийн үүднээс авч үзэхэд хошин шогийнхон алиалагч биш. Соёлт ертөнцийн нүд тайлсан үзэгчид шиг юунд инээж, сэтгэл баясахаа манай үзэгчид мэдэх цаг ирнэ бизээ.

Н.Лхагва
Эх сурвалж: "Нийслэл таймс"