sonin.mn

 

Монголчууд эрт дээр үеэс тэнгэр шүтлэгтэй ард түмэн байсан түүхэн баримт, хадны сүг зураг ихээр олддог билээ. Харин сүүлийн үед “чанартай”, “чанаргүй” олон бөө төрөх болсноор хүмүүсийн итгэх итгэл алдраад буй. Энэ байдлыг цэгцлэх үүднээс Монголын бөөгийн их эвсэл хэмээх байгууллага байгуулагдсан байна. Ингээд эл байгууллагын Дээд цэцийн гишүүн, зайран Ц.Батболдтой уншигч таныг уулзуулъя.
 
 
 
-Монгол түмэн бөө мөргөлийн зан үйл буюу дээд тэнгэрээ эрт дээр үеэс шүтэж ирсэн байдаг. Гэвч тодорхой хугацааг өнөөдрийг хүртэл тогтоож чадаагүй байдаг шиг билээ. Ер нь хэдий үеэс үүсэлтэй гэж үздэг бол? 
 
-Хүй нэгдлээс салж, дэлхийд эхийн эрхт ёс ноёлох үед эмэгтэйчүүд их хүчирхэг, сайн тулалддаг, эрчүүдээ захирдаг байж. Тэр үеэс бөө үүссэн гэж үздэг л дээ. Тэгэхэд дэлхийн улс орон бүр бөөтэй байсан баримт ч бий. Үүнийг Бөртэ чонын үе буюу МЭӨ I зууны олдворууд баталдаг.
 
 
Ялангуяа манай оронд эртний бөөгийн хэрэглэл болох хэнгэрэг, хэл хуур, хувцас ихээр олддог. Эдгээр олдворын насыг тогтоовол эхийн эрхт ёстой холбогддог юм. Сүүлийн үеийн судлаачид үүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа.
 
 
Мөн гадаадын бөө судлаачдын бичиж, судалсан материалд үндэслэсэн баримтууд ч бий. Судалгаанаас авч үзвэл анхны бөө эмэгтэй байсан гэж үздэг. Эмэгтэй хүн байсныг яаж тодорхойлж байна вэ гэхээр удган, эх гарвал, охин тэнгэр зэрэг үг хэллэг, хадны сүг зураг гээд янз бүрийн баримтаас харагддаг юм. 
 
 
 
-Зарим судлаач “Шашны эцэг нь бөө юм” хэмээн тодорхойлсон байдаг. Үүнийг тайлбарлаад өгөөч? 
 
-Сүнж засан орон буюу тэнгэрийн нэгэн ууланд хүрч чадталаа бөөлбөл сайн бөө болдог гэдэг домог бий. Тэр ууланд Өхий буурал гэж охин тэнгэр бидний өвөг дээдэс онгодыг захирч байдаг гэсэн домог яриа ч байдаг. Энэ бол социализмын үед амьдарч байсан Хөвсгөлийн алдартай бөө нарын дурсамж яриа юм.
 
 
Бөө бол язгуурын шүтээн, бүх шашны эцэг. Бөөгөөс улбаалан будда, христ зэрэг олон шашин бий болжээ. Бөө гэдэг нь нэг үгээр хэлбэл, үр хөврөл буюу тэнгэрийн заадас гэж ойлгож болно. Тэр заадаст бидний язгуурууд, онгодууд байрладаг гэсэн үг.
 
 
Онгод нь өөрийн удмаас нэгийг нь сонгосноор бөө болох замнал эхэлдэг. Ийм хүүхэд анхнаасаа тэнгэрээс тамгатай, багын их увидистай, зүүд нь биелдэг, далдыг харах чадвар өндөртэй онцгой хүүхэд байдаг л даа. Ингээд хүүхэд онгодтой холбогдсон болохоор хэзээ нэгэн цагт бөө болох нь тодорхой.
 
 
Гэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй анхаарах ёстой. Онгодын бариа буюу онгодын хорлол гэж байдаг. Үүнийг гар утсаар жишээ авч ярья л даа. Гар утсыг онгод гэж үзвэл бид нар цэнэглэгч нь юм. Онгод бүр өөрөө зорилготой. Гэр бүлээ эрүүл чийрэг аз жаргалтай байлгах зорилго бий.
 
 
Гар утас тогноос тэжээлээ авдаг. Онгодын хувьд тухайн улаачийн онгодтойгоо холбогдож хүмүүст буян хийсэн сэтгэлийн сүүн энергиэр тэжээгдэж байдаг. Хэрвээ тэр улаач нь муу юм хийж, онгодоо буулгахгүй, бөө гэдгээ мэдэхгүй бол бие хаа нь өвдөнө.
 
 
Яагаад бие хаа нь өвдөж байна гэхээр тухайн улаачийнхаа сүнсээр нь хооллоод эхэлж байна гэсэн үг. Энэ нь онгодын энерги дутагдаж байгаа хэрэг. Гар утас ч ялгаагүй, эрчим хүчгүй бол буцаад тэжээлээ идээд эхэлдэгтэй адил.
 
 
Үүнтэй ижил сэтгэлээс гарч байгаа энергиэр онгод маань цэнэглэгдэж байх ёстой. Энэ энерги байхгүй болчихоор тухайн улаачийн бие муудах, гэр бүлийнхнийх нь ажил үйлс бүтэхээ больчихдог. 
 
 
 
-Улаач гэж юу гэсэн үг вэ. Ер нь улаач хүн, бөө хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? 
 
-Бөө гэж онгодтой холбогддог улаач юм. Улаач нь өөрөө нигүүлсэнгүй сайхан сэтгэлтэй, муу зүйл хийж байгаа хүнд хариу барьж чаддаг хүнийг хэлнэ. Гэхдээ үүнийгээ онгодын зарлиг тушаалаар үйлдэнэ. Онгод, тэнгэрийн санааг хүмүүнд илэрхийлэгч нь бөө хүн юм.
 
 
Бөөгийн олон нэр тодотгол бий л дээ. Дээр үед хүн малтайгаа цуг бэлчдэг байсан. Байгальтай маш ойрхон уул, усаа сайн мэддэг байж. Хүн төрөлхтөн суурьшмал иргэншилд шилжсэнээр байгалиасаа тасарч, байгалийнхаа учир зүйг ойлгохоо болиод байна.
 
 
Бөө бол бас нэг талаасаа байгалийн амьтан л даа. Тэр амьтан ургамал, од эрхэс хүмүүнд яаж нөлөөлөх вэ гэдгийг ч гаргаж ирсэн. Бөөг Хүннүгийн үед өндөр хөгжсөн байсан гэдгийг судлаачид тогтоосон. Тухайн үед монгол зурхай, одон зурхайн аргыг гаргаж ирсэн байгаа юм.
 
 
Одон зурхай нь од эрхэс хүмүүст яаж нөлөөлдгийг мэддэг байсан байна. Тэр үед дуран авиа байсангүй. Зурхайн аргаар цэг авч дэлхийн есөн гаригийг таньж мэдсэн байна. Монгол зурхай нь төрсөн жил, сараар тэр хүний зурхайг гаргаж ирж чаддаг. Энэ бол бөө нарын гаргаж авсан монгол ухаан. 
 
 
 
 
-Дайн тулааны үед бөө нар бөөлж онгод тэнгэрээ буулгадаг байсан баримтууд цөөнгүй олдсон. Мөн түүхэн сэдэвтэй янз бүрийн кинонд гардаг л даа. Үнэхээр тийм зүйл байв уу? 
 
-Байлдааны өмнө бөө нар бөөлж дайсны цэргийг мохоох зорилгоор жатга хийж, дайчид нь зурхайгаа зуруулж, аль зүгээс дайтах вэ гэдгээ мэдэж авдаг байж. Баруун зүгээс байлдаж байгаа цэрэг баруун талынхаа мөрөнд улаан өнгийн тууз зүүдэг байсан баримт бий. Улаан өнгө нь баруун зүгийн их эздийн даатгалтай байна гэсэн үг.
 
 
Энэ мэтчилэн дайн байлдаанд оролцож явсан байх жишээтэй. Үүнийг тухайн үеийн Хан гүрний хаан мэдсэнээр хятадууд монгол зурхайн ухаанд суралцаж дорно дахин зурхайн ухаантай болсон. Хятадууд Монголын зурхайн ухааныг анх авсан түүх нь ийм юм. Уг чанартаа 12 жил Монголоос үүдэлтэй.
 
 
Тэднээс луу гэдэг амьтныг хятадууд бэлгэ тэмдгээ болгосон бол Франц тахиаг авсан гээд яривал их зүйл бий л дээ. Монголчуудыг устгахын тулд 1500 оны дунд үеэс бөөгөөс нь салгаж, тэнгэр шүтлэгээс нь холдуулах хавчлага эхэлсэн байгаа юм.
 
 
Монголчууд энэ цаг үеэс хойш өнөөдрийг хүртэл ядуу дорой сэтгэхүйн ялзралаар амьдарч ирсэн байна. Ер нь АНУ-ын Ерөнхийлөгч өөрсдийн шүтээн болох “Библи” дээр гараа тавиад тангаргаа өргөдөг юм билээ. Манайх шиг харийн шашин шүтдэг улс байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.
 
 
Бөө бол монголчуудын шүтэх ёстой шүтлэг. Гэхдээ бөөд нэг сайхан чанар бий. Тэр нь ямар ч шашинг үгүйсгэдэггүй. Дээд тэнгэрээс заяатай монгол хүн тэнгэрээ шүтдэг. Тэр доод гарлын гэх нь хаашаа юм бусад орны хүмүүсийн ямар шашин шүтэх нь дээд тэнгэрээс заяат хүмүүст ямар ч хамаагүй.
 
 
Үүнийг Хүннүгийн Атилла хаан “Миний байгуулсан гавьяа миний гавьяа биш. Тэнгэрийн санаа байлаа” хэмээн тайлсан. Чингис хаан хүртэл “Мөнх хөх тэнгэрийг дагасан хүн дэвжинэ, сөрсөн хүн мөхнө” гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр дээр үеийн хаадууд ч үүнийг сайн ойлгож байжээ. 
 
 
 
-Их эзэн Чингис хаан дэргэдээ Хөхөчү хэмээх зайрантай байсан баримт “Монголын нууц товчоо”- нд тов тодорхой үлдсэн байдаг. Харин энэ цаг дор учир нь олдохгүй их бөө төрөөд байна л даа. Энэ нь сайны тэмдэг үү, муугийн ёр уу? 
 
-Тэв тэнгэр буюу Хөхөчү зайран гэж байсан. Хөхөчү зайран дайн тулааны үед их цэргийн бүх арыг даадаг байсан байгаа юм. Харин энэ цаг үед бөө ихээр төрөөд байгаа нь нэг талаасаа сайн, нөгөө талаараа муу. Бөө болж рекламддаг, хэнгэрэг бариад далдыг хардаг увидистан болчих мэтээр андуурч байна.
 
 
Ямарваа нэг шашны хөгжил уналтыг харуулсан график байдаг. Жишээ нь, христийн шашны сэргэн мандалтын үе болж байхад буддын шашны мандан буурах үе, бөөгийн шашны усталтын үе гэдэг ч юм уу мөчлөг байдаг юм. Зохих хугацааны дараа христийн шашны уналтын үе болоход лалын шашны мандан бадралын үе болж, буддын шашны усталтын үе ирэх жишээтэй.
 
 
Ингээд христийн шашин устахад бөөгийн шашны сэргэн мандалтын үе гэдэг ч юм уу график байдаг. Одоо бол бөөгийн шашны сэргэн мандалтын үе эхэлсэн байна. Тиймээс тэнгэрээс олон язгуур онгод аль хэдийнэ тамгалсан улаач нарт бууж байгаа юм.
 
 
Энэ нь нэг талаас тэнгэр шүтлэгээ буцааж шүтэж байгаа сайхан хэрэг. Нөгөө талаас бөө дотор залилан мэхэлдэг, бөөгөөр мөнгө олох зорилготой луйварчид орж ирээд байгаа юм. Үүний эсрэг бидний 20 гаруй холбоо нэгдэж Монголын бөөгийн их эвсэл байгуулсан.
 
 
Мөн хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь, “Мөнгө өгөхгүй бол хүүхдийг чинь ална” гэж дарамт үзүүлдэг бөө байна. Ийм асуудал тулгарвал манай холбоонд хандаж болно. Ер нь энэ төрлийн дарамт шахалт нь эрүүгийн шинжтэй хэрэг болж байгаа юм.
 
 
Ямар нэгэн давуу байдлаар хэн нэгнийг өөрийн эрхшээлдээ байлгах, дарамтлах зэрэг нь эрүүгийн хуулиар л шийдэгдэх асуудал шүү дээ. Манай Монголын бөөгийн их эвсэл байгууллагын ерөнхийлөгчөөр Жаргалсайхан гэж хүн ажилладаг.
 
 
Монголын урдаа барьдаг бөө нар хамтарч Монголынхоо бөөг үнэн төрхөөр гаргаж ирэх зорилготой жил гаруй хугацаанд ажиллалаа. Бид нар хэн нэгэн хүний шүтэх эрхийг хязгаарлах боломжгүй.
 
 
Тэгээд ч үүнийг цаанаасаа зохицуулах дээд тэнгэр гэж бий. Хэзээ нэгэн цагт худал хуурмагт хариуг нь ногдуулах л байх. Гэхдээ тэнгэрийн цаг хугацааны дэргэд дэлхийн цаг хугацаа асар өчүүхэн зүйл шүү дээ. Үүнийг сайн бодох хэрэгтэй. 
 
 
 
-Сүүлийн үед бөө нарын нэр хүнд олон нийт дунд унаад байна л даа. Энэ нь Таны хэлдгээр бөөгийн нэр хүндийг ашиглаж, мөнгө олох гэсэн хүмүүстэй холбоотой байх. Тэдгээр жинхэнэ бөө, хуурамч бөөг яаж ялгаж таних вэ? 
 
-Манайхан нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Очиж үзүүлээд төлөг тавиулахад нөгөө хүн нь үнэхээр хэлж байна уу, үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Тусгай үнэ тогтоосон байдаг бөөд бол үзүүлэх ч хэрэггүй. Дээхнэ үед бөөлөөд өг гэж гуйж очсон хүн сэтэрхий зүү, сэмэрхий хадаг өгсөн ч бөөлөөд л өгдөг байсан.
 
 
Тэгэхээр бид уламжлалаа ямар ч үед дагана. Үнэ тогтоосон, тийм засал тэдэн төгрөг гээд сууж байгаа хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Энэ бол хэзээ ч тэнгэрийн шүтлэгт байхгүй сонин зүйл л дээ. Үнэхээр хатуу засал гэж байдаг уу гэвэл байдаг. Бөө, лам нар засал хийгээд хүний мууг биедээ авдаг.
 
 
Тиймээс тодорхой хэмжээний шан харамж шаардана. Энэ ийм хатуу юм байна, үүнийг онгод тэдэн бод, шараар засах юм байна. Та үүнийг өгч чадах уу, үгүй юу гээд ярилцах хэрэгтэй. Үүнээс биш тэдэн төгрөг өгчих, тэгвэл засаад өгье гэдгийг хүлээн зөвшөөрч болохгүй. 
 
 
 
-Бөө болчихоороо л илбэчин болчих юм шиг санадаг хүн цөөнгүй бий. Ялангуяа судалж, мэдэх зүйлээ судлахгүйгээр онгодоо буулгаад бөөлөөд байх нь ямар байдаг юм бол?
 
- Бөө хүн сайн багштай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, олон зүйлийг судлах ёстой. Жишээ нь, нохой жилтэй хүн талийгаач болоод зүүн урд зүгт аваачиж оршуулахад араасаа гурван хүн дагуулдаг. Ингэхээр зүг мэдэхгүйгээс нэг асуудал үүсч байна, тийм үү. Бас газрын сүнс гэж байдаг.
 
 
Газрын сүнс газартаа байгаа үед газар хөндөж болохгүй. Ийм байдалтай газар хөндсөн тохиолдолд тухайн гэр бүлээс 2-3 хүн дагуулдаг. Ингэхээр эртний өвөг дээдсээ оршуулдаг байсан монгол соёл, зурхайн ухаан гээд олон зүйлээ бөө мэддэг, судлах ёстой болж байгаа биз.
 
Мөн ямар өдөр бөөлөх ёстой вэ гээд судалж мэдэх зүйл их бий. Жишээ нь, жилд нэг удаа бөөлөхөд цээртэй өдөр тохиодог. Ийм өдөр бөөлбөл улаач энергиэ асар ихээр алддаг. Энерги сордог өдөр, өгдөг өдөр гэж байна.
 
 
Ер нь маш нарийн судалгааны ажил хийдэг. Тэгсэн цагт бөө гэж дуудуулна. Үүнээс биш хэн ч эмээ, өвөө болж жүжиглэж чадна. Ингэж жүжиглэсний оронд Драмын театрт очоод бөөгийн дүрд тоглосон нь дээр биз дээ. 
 
 
 
-Улаачийн хажууд түшээ гэж хүн байдаг. Энэ ямар учиртай юм бэ? 
 
-Түшээ гэдэг нь улаачтай адил өндөр хариуцлагатай. Олон жил бөөлсөн хүн их хүчтэй орчноосоо тасардаг л даа. Ямар зүйл хийж байгаагаа мэдэхээ больчихдог юм. Тэгэхээр түшээ хүн хүний сайн сайхны төлөө байдаг. Түшээ хүн хомхой сувдаг сэтгэлтэй байвал онгод улаачийг хаяад явах ч тохиолдол бий.
 
 
Түшээ хүмүүсийн олонхи нь гэр бүлийн хүн нь байдаг. Түшээ, улаач нарын сэтгэл зүрх цөлд хатаж үхэх гээд хэвтэж байгаа арсланд судсаа ханаж цусаа уулгаж, арсланг босгох хэмжээний байх хэрэгтэй. Ийм сэтгэлтэй байж дээд тэнгэрт тоогдоно. Худлаа хэлж, хуурч мэхэлж байгаа улс бол бөө биш. 
 
 
 
-Улаач хэнгэрэг дэлдэж онгодоо буулгадаг. Ер нь хэнгэргийн тухай манай уншигчдад ойлголт өгөөч? 
 
-Хэнгэргийг олон амьтны арьсаар хийдэг. Гэхдээ энд ямар амьтны арьсаар хийдгийг нь хэлмээргүй байна. Хэлчихвэл нөгөө луйварчид чинь очоод алаад дуусгачихна. Одоо зах дээр амьтны толгой, хөл, арьс, үс, өд, сөд гээд бүгдийг зарж байна.
 
 
Энэ нь луйварчдын захиалгаар хийгдэж байгаа ажил төдийгүй олон хөөрхийлөлтэй амьтан тэдний золиос болж байна шүү дээ. Бөөгийн хэрэгсэл нь маш их задаргаа орж яригддаг зүйл. Хэнгэргийг цохиж дуу дуулж, онгодоо дууддаг. Тэнгэртэй холбогдох ганц хэл бол аялгуу байдаг юм. Ер нь дэлхийн бүх хүн хоорондоо аялгуугаар ойлголцдог шүү дээ. 
 
 
 
-Бөөгийн хувцас хэрэглэлийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Дээл, майхавч, унжлага зэргийг тайлбарлаж өгөөч? 
 
-Бөөгийн дээл Хүннүгийн үеэс хөгжлийнхөө төгс хэлбэрээ олсон гэж үздэг. Таван хошуу малаар сэтэр тавьж, тахилга үйлддэг. Бөө нар үр хүүхдээ гурав, дөрвөн үеэр хүний гарт үхүүлэхгүйн тулд сүрэг адуугаар тахилга үйлдэж байсан. Гэхдээ тахилга үйлдэнэ гэдэг маань ална гэсэн үг биш.
 
 
Нутгийн зон олондоо тарааж өгнө гэсэн үг юм. Мөн бөөгийн майхавч гэж бий. Нүдээ хаадаг шалтгаан нь, хүний харах хоёр нүднээс гадна голын мэлмийг /бөө нар ховсын тэнгэр гэдэг/ нээхийн тулд харанхуй орчин үүсгэдэг. Түүнчлэн бөөлж байх явцад хүний нүүр цагаан байдаг учир онгодод тааламжгүй байдаг.
 
 
Тийм болохоор унжлага хэрэглэдэг. Майхавч нь газар газрын бөө нарын олон янзын тайлбартай байдаг л даа. Мөн муу зүйлд танигдахгүйн тулд нүүрээ халхалдаг. Зарим бөөгийн хувьд “Гунан улаан баатрын нүүр” гэж ярих нь ч бий. Бөөгийн дээлний ард байдаг амьтад байна. Баавгай, таван хошуу мал, чоно, хэрээ гээд л...
 
 
Энэ бол удамд нь байсан зайран, удганы ойр орчимд байсан амьтдыг харуулж байгаа юм. Дээр үед хань ижил гэр бүлээ сайн сайхан байлгахын тулд малыг сэтэрлэдэг байлаа. Тэр сэтрийг унжлагад тавьж хэрэглэдэг. Онгодод барьж байгаа бэлэг сэлт зэрэг нь олон тайлбартай.
 
 
Миний энэ ярьсан зүйлүүд зарим бөөгийнхтэй таарахгүй байж болно. Сүүлийн үед бөө нар ардаа дөрвөн хүчтэн байрлуулсан байна. Манайд бол арслан, бар гэж байсангүй. Тухайн үеийн бөө нарын ойр орчим амьдарч байсангүй. Гэтэл байрлуулах нь зөв үү, буруу юу гээд бодох зүйл бий л дээ.
 
 
Луу бол байж болох юм. Үлгэр домгийн амьтан байсан гэж үздэг шүү дээ. Харин хангарьд шувуу бол бөөг даран сөнөөсний бэлгэ тэмдэг гэж үздэг. Өөрийг нь даран сөнөөсний бэлгэ тэмдгийг ардаа тавиад явах нь дайсныхаа тугийг толгойдоо мандуулсантай адил зүйл. Тиймээс бөө нар хувцсаа анхаарч бас судлах хэрэгтэй байна. 
 
 
 
-Ингэхэд бөө шашин мөн үү. Зарим хүн зан үйл гэж байхад, зарим нь шашин гэж авч үздэг. Та энэ тухай ямар бодолтой явдаг вэ? 
 
-Сүүлийн үед бөөг шашин мөн гэдэг дээр олон эрдэмтэн санал нийлж байгаа. Урьд нь бол бөө мөргөлийн зан үйл гэж явсан. Ер нь энэ бол шүтлэг юм байна. Тиймээс шашин гэж үзэх нь зүйтэй гэж судлаач, зайран удгадууд авч үзсэн.
 
 
Бөө мөргөлийн зан үйл алдагдаад олон зуун жил өнгөрсөн байна. Мөн бөөгийн талаар сөрөг мэдээлэл их байдгаас болж бөөг хараал хийдэг, муу зүйл зөгнөдөг мэтээр ойлгож байжээ.
 
 
Ийм хүмүүжлээр хүмүүжиж ирсэн нь одоогийн бөөд итгэх итгэл, бөөгийн нэр хүнд унахад нөлөөлсөн байх. Ер нь тэнгэр шүтсэн их хаад, монголчууд маань ямар их хүчирхэг байсан, тэр сайхан цаг ирж байгаад би хувьдаа баяртай байгаа.
 
 
 
Т.Зөнбилэг
 
Эх сурвалж: