сонин mn
Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно. Уг жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-ний өдрөөс ирэх сарын 9-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдах юм. Өнөө жилийн Цэргийн ёслолын жагсаалд Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид, Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг, ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв, Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр, Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав, Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр, Хил хамгаалахын ерөнхий газраас гурав, Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр, Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг, Цагдаагийн ерөнхий газраас гурав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг, Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм.
 
 
Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм. Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна. Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын  жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж. 
 
 
 
 
Гэрэл зургийг Ахлах ахлагч Я.Эрдэнэ-Очир