sonin.mn
Сүүлийн үед манайд, ялангуяа нетэд ёс суртахууны “сайн дурын” шүүгчид олноороо гарч ирэв. Энэ ч яахав, ёс суртахуун ярьж л байвал сайн л биз. Гэвч сүүлдээ “алдаа” гаргасан хүн рүү сүргээрээ дайрч, тэднийг яллан, нийгмийн гишүүний тооноос “хасахыг” оролдох болов. Сүүлдээ бүр над руу сүргээрээ дайрах нь. Ёстой гайгүй байлгүй…Ямар ч гэсэн манай нийгмийн ёс суртахууны ялзрал, завхралыг шүүн ярилцах цаг болжээ. Би энэ талаар хэд хэдэн өгүүлэл бичсэн боловч нэгэнт “өндөр ёс суртахуунтай” хүмүүс чинь огт уншдаггүй юм. Нөгөө талаас миний бичвэр хэтэрхий онолжсон, номлосон шинжтэй байсан тал бий. Ингээд би жиргээгээр өдөж байгаад эл асуудлыг арай тулхтай ярихаар шийдэв. Ингээд бөөн юм болов. Энэ тухай товч өгүүлсү…
 
Өдсөн жиргээ
 
Ингээд би дараах зүйлийг жиргэж орхив.           
 
“Бидний үеийн эрчүүд ажлын газрын хүүхнүүдтэй дандаа “бөгс бөөр”-ний онигоо ярина, хөх дэлэнг нь базна, бүр барьж авч ноцолдоно. Ингээд дэлсүүлнэ, хөх няц болтлоо чимхүүлнэ. Ингэлээ гээд уурлах хүн байгаагүй, бид гэр бүлээрээ сайхан үерхэж, хүн ёсоор тусалж, туслалцаж явлаа хө…” 
 
Эхний “хөх дэлэнгийн” асуудлыг л ярихаас “хүн чанарын” асуудалтай удаах хэсгийг уншсан хүн бараг алга. Нэг өгүүлбэр ч гүйцэд уншиж чадахаа байж, энэ залуучууд. Үүний дараа 1 минут ч бололгүй “ёс суртахууны шүүгчид” сүргээрээ гарч ирнэ намайг балбаж өгөв. Алах нь ээ…
 
-Заваан сэжгийн ийм өвгөчүүл одоо ч хэвээрээ, залуу охидыг булан тохойд ичээгээд байдаг юм билээ шүү. Та нарын тэр үе дуусч байгаад баярлаж байна.
-Уг нь таныг их хүндэлдэг юм сан. Та ийм сэтгэлгээтэй байхаар бусад нь…
-Тань шиг бодолтой хүмүүс монголд их байгаа болохоор хөгжилд, соёлтой байдалд, ёс зүйтэй байдалд шилжихэд саад болоод байна шүүдээ. Бас та нарын үеийнхэн л ихэнх нь маш бүдүүлэг байдаг шүү.
ene ye uhej duusaj baij tseverlegdeh yum bn ldaa
 
Ямар Б.Хурц шиг цааш нь ярих уу, яахав гэлтэй нь биш. Гэхдээ л ийм яллах дүгнэлт цагийн дотор хэдэн зуугаараа гарч ирэв. Мөн одоогийн байдлаар миний жиргээг 14.000 гаруй хүн уншив. Хамгийн инээдтэй нь намайг “өмөөрөх” хүмүүс тун цөөнөөс гадна “ичээд” байгаа бололтой. Би ямар ч гэсэн ёс суртахууны асуудлыг шийдээгүй ч гэсэн хүмүүсийн анхааралд оруулж чаджээ. Энэ л миний зорилго байсан юм…   
 
Асуудлын мөн чанар
 
Ёс суртахууны асуудлыг манай хэдэн нусгайнууд байтугай хүн төрөлхтөн одоо болтол шийдэж чадаагүй юм. Гэхдээ нийтээр тогтсон ёс суртахуун, түүний зарчим, хэм хэмжээ гэж бий л дээ. Энэ нь гэсэн асар их маргаан дагуулдаг учраас онолын хэд хэдэн чиглэл, практикийн хэд хэдэн түвшинг ялгаж үздэг. Энэ тухай би маш энгийн, ойлгомжтой тайлбарлах гэж хэд хэд оролдсон. Энэ нь миний блогт одоо ч байгаа. “Ёс зүйг ярьдаг биш, мөрддөг” https://ganaa.mn/2014/10/21/azgayfsgs/
 
Хэрэв ёс суртахуун ярих гэж байгаа бол үгүй ядахдаа тэр талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой биз дээ. Одоо би “онол ном” нэмж ярихгүй, харин энэ өгүүллийг уншихад л анхан шатны нэлээн дажгүй ойлголттой болно гэдэгт би итгэлтэй байна…
 
Бидний алдаа бол: 1-рт. Ёс суртахууны онол-практикийн үндэслэлүүдийг огт мэдэхгүй байна. 2-рт. Эсрэг тэсрэг зарчим, хэм хэмжээг үлэмж хольж байна. 3-рт. Ёс суртахууны том буюу мета түвшинг бусад түвшингүүдтэй хольж хутгаж байна. Сэтгэлгээний энэ алдаа, төөрөгдлийн улмаас бидний ёс суртахууны маргаан ямар ч үр дүнгүй, хоосон чалчаа яриа, сүржигнэл, дүвчигнөл болон хувирч байна…
Зарим нь бүр “балиар, заваан, зэрлэг юм” ярилаа гэж загнаж ч байх шиг. Уучлаарай, нусгайчуудаа. Ёс суртахууны “балиар, заваан юмыг” ярихгүй байлаа гээд тэр чинь өөрөө арилчихдаггүй юм. Зарим нь бүр социализм моциализм руу руу орж манай үеийнхний “зэрлэг бүдүүлгийг” гайхаж эхлэв. Энэ бол үнэхээр солиорол…
 
Өнөөгийн манай нийгмийн ёс суртахууны ялзрал, уналт социализмын буюу бидний үеийнхээс дордож, хамгийн доод цэгтээ тулсан гэдгийг би судлаачийн хувьд баттай хэлж чадна. Чаддаг юм бол энэ дүгнэлтийн эсрэг баримт гаргачихаарай.                    
 
Жи авъя: 1989 онд улсын хэмжээнд 87 хүн амины хэрэг гардаг байв. Харин одоо бол: хүн амины хэрэг 2019 онд 197, 2020 онд 377, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн хэрэг 2019 онд 192, 2020 онд 122, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэг 2019 онд 59, 2020 онд 59 б/а. Зөвхөн 2021 оны эхний 2 сард 44 хүн алчихаад сууж байна.
 
Ёс суртахуун “сайжрахаар” хүмүүсийг хэдэн зуугаар нь алдаг болж байна уу ?
 
Эмэгтэйчүүдийн эрх ба янхандалт, хүчирхийлэлт
 
Хэрэв орилж, тунхаглаж, “үй түмэн” хурал хийж, зөвлөмж гаргаж, ёс суртахуун номлосноороо болдог юм бол Монголд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өнөөдөр дуусдаггүй юмаа гэхэд ихэд багассан байх ёстой. Гэтэл бодит байдал үүний эсрэг байна. Нийгмийн ёс суртахуун үлэмж унаж, ялзарч байна.   
Өнөөдөр Монголд 19.000 эмэгтэй секс-бизнес эрхэлж байна. Энэ бол олон улсын сайтуудад гарсан нээлттэй тоо. Монголоор тогтохгүй Эрээн, Хөх хот, Бээжин, Сингапур, Малайз зэрэг олон улсад монгол хүүхнүүд “нэр алдраа мандуулж” байна.   
1989 онд улсын хэмжээнд хүчингийн 302 хэрэг гарч байв. Харин одоо буюу 2020 онд хүчингийн хэрэг 401, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах 18, бэлгийн мөлжлөгийн хэрэг 3 гарчээ. Зарим баагий “хүчингийн хэрэг ердөө 100 гаруйхнаар өссөн байна” гэж шаах нь мэдээж. Энд манайд “бүрэн хүчин чадлаараа” ажиллаж буй дэн буудал, зочид буудал болон бусад газарт гарсан хүчингийн хэрэг бараг ордоггүй юм.
Сүүлийн үед “ажлын байрны бэлгийн хүчирхийлэл” гэсэн нэг сайхан хадны мангаатай болж авав. Ийм явдал нэлээд байгаа нь тодорхой. Гэхдээ юм болгоныг “ажлын байрны бэлгийн дарамт” руу чихээд байж болохгүй. Миний ажиглалтаар ажлын байрны “бэлгийн адал явдлын” лавтайяа 60-аас дээш хувь нь эмэгтэйчүүдийн өөрийн санаачлагаар гардаг.
 
Энэ гаж үзэгдэл хавтгайрч “бүх нийтийн” шинжтэй болсон нь өнөөгийн ёс суртахуун сайжирсан “сайжирсан” хэрэг үү ?  
 
Хүүхдийн хүчирхийлэл   
 
Сүүлийн үед хүүхэн хүчиндээд ханахгүй үр хүүхдээ хүчиндэх бузар үйл ихэд дэлгэрэв. Үүнийг нь тас цохъё гэхээр өөдөөс “хүний эрх” гэж хуцна. Ямар ч үхснийх нь хүний эрх байсийм ?! Хүүхэд хүчиндэгчид бол хүний тоонд лавтайяа орохгүй, тэд бол араатнууд мөн. Тэднийг устгаж, цаазалж байж л салж болно.    
Жилд 300-400 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. “ХЭҮК-ийн тайлангаас үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн 2017 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дээр хэлжээ.
 
Цэцэг цэврүү шиг жижигхэн үрсийн хүчирхийлэх ёс суртахуун сайжирсан хэрэг  үү ?
 
Манай нийгмийн ёс суртахуун илт ялзарч, бүхэлдээ бууран доройтож байгаа статистик болон болон бусад хөдөлшгүй, няцаашгүйтоо баримтыг би “хязгааргүй” үргэлжлүүлж чадна. Харин миний өөдөөс гаргах баримт байхгүй гэдгийг баттай хэлж чадах байна…   
 
Монгол этик
 
Ямар ч гэсэн монгол хүн дорнын нүүдлийн этик, европын хамтач этик, барууны капиталист этикийн дунд хавчуулагджээ. Өөр хүн байсан бол үйл тамаа эдлэх ёстой атал монгол “хүн дураараа дургив, дунд чөмгөөрөө жиргэв”. Ингээд хүн биш, араатан шинжийг олов. “Нэг” этиктэй хүн ихээхэн зовч зүдэрч байж амьдралынхаа асуудлыг шийддэг байхад “гурван этиктэй” монгол хүн юу ч байхгүй хоосон үлдэх нь мэдээж хэрэг юм. Өнөө үеийн монгол хүн этик болгоныг “мэдээд” байдаг нь үүнтэй холбоотой.
Толгой нь эргэсэн тэрбээр үзэгдсэн харагдсан номоо уншиж, үзэгдсэн харагдсан “хүн” болгоныг дуурайх гэж оролдовч энэ үйлдэл нь түүнийг улам их зөрчилд оруулж, улам мунхаг болгох бөлгөө. Үүнийх дээрээс төр засаг шиг ухаантай юманд нь этиктэй амьтан ганц ч байхгүй учраас нийгмийн оюун санааны амьдралыг гуч шахам жил зөнд нь хаясан.
 
Үүний улмаас XXI зуунд Монгол хүний зэрлэгшил нэн хүчтэй явагдсан, үүнийг засаж залруулах оролдлого энэ хир хийгээгүй. Этикгүй хүн бол араатнаас ялгаагүй бөгөөд ийм болгох ажлыг зориуд санаатайгаар хийж байж ч болох юм. 
 
Гол алдаа хаана байгаа вэ ?
 
Этикийн хамгийн “доод” хэсэг буюу прагматик этикийн яг хүмүүн харилцааны дүрэм журмыг этикет гэж ялган нэрлэдэг. Энэ бол хамгийн амархан, үзэгдэх, өнгөц, сурахад хамгийн хялбар хэсэг юм. Этикийг сурахад бараг насан туршийн ажил байдаг бол этикетийг заахад нохой, сармагчин ч сурчихаар амархан эд л дээ.
Халбага сэрээг ингэж барина, хүнтэй ингэж мэндэлнэ, ингэж ингэж ярих ёстой г.м. харилцааны хялбархан дүрэм журам бол этик гэхээсээ этикетийн асуудал юм. Этиктэй харьцуулахад тун жижигхэн асуудал…    
 
Гэтэл сүүлийн үед манай аваргууд этикетийг этик гэж ойлгоод үүнийг сурсан хэн бүхнийг “соёлтой” баагий гэж ойлгох болов. Тэгээд бусад хүнээс этик нэхэх болов.
 
Ялангуяа манай улс төрчдийн дунд “муухай ааштай”, “хүн загнадаг”, “хүний үгийг сонсдоггүй” амьтан ганц ч байхгүй нь даанч сайхан. Бүгдээрээ хайлсан тугалга. Энэ бол этикетийн хүрээнд хамаарах бөгөөд голдуу хүмүүн харьцаагаараа бусдыг залилах арга мэх байх нь олонтой. Харин цаагуураа бол манай улс төрчид дандаа хулгай, дээрэм хийж, заль луйвар үйлдэж, авилга хавтгай авдагийг бид бүгдээрээ мэднэ. Харин энэ бол жинхнээсээ этикийн асуудал бөгөөд үүнийг л бид анхаарч тэмцэх ёстой.
Этикет хүний амьдралд чухал хэрэгтэй боловч түүнийг этикээр оруулах болон нуух боломжгүй. Үүний урвуугаар “сайхан ааштай, “этикет сайтай” бол худалч хулгайч, дээрэмчин байх нь огт хамаагүй гэж дүгнэж болохгүй. Гэтэл харамсалтай нь манайхны, ялангуяа залуучуудын олонхи яг ингэж дүгнэж байна.
 
Өнөө үед монголд ёс суртахуун бидний үеийнхээс үлэмж дорд орж, ялзрал задралд орсон. Улмаар этикийн: нэр хүнд, нэр төр, хүн чанар, нинжин сэтгэл, хамтач ёс, сайн үйл, шударга ёс, үүрэг, хариуцлага, энэрэнгүй ёс г.м. гол гол ойлголт, категориуд ор тас устсан буюу үлэмж бүдэгрэн доройтож, зэрлэгшсэн. Энэ дүгнэлтийг няцаах ямар ч боломж байхгүй.            
 
Дашрамд манай ёс суртахууны сайн дурын шүүгч залуучууд “эмэгтэй хүний биед халдсан” гэсэн ганцхан шалгуураар намайг болон бидний үеийнхнийг шүүн яллаж байна. Битгий солиор !!! Энэ чинь тэнэглэл. Мэдээж эмэгтэй хүний биед халдах бол тун бүдүүлэг явдал. Гэвч үүний цаана эмэгтэй хүнийг хүндлэх, сайхан үерхэх, түүний ажил төрөлд болон гэр бүлд нь туслах зэрэг маш олон үзүүлэлт шалгуур байдаг юм ш дээ. Бидний үед энэ чанарууд байсан юм шүү. Одоо л Та нарын үед алга болж байна…         
Энэ утгаар би болон бидний үеийнхэн ёс суртахууны бүх үзүүлэлтээр өнөө үеийнхнээс олон талаараа давуу гэдгийг би бүрэн итгэлтэйгээр нотолж чадна. Иймээс хэрэв ёс суртахуун ярих гэж байгаа бол надаас болон миний үеийнхнээс этикет нэхэх биш, харин өөрсдөө ёс суртахууны шилдэг зарчим, хэм хэмжээнд суралцаж, наад адгийн балиар нийгмээ засаж, цэвэрлэж үз.
 
Юу ч мэдэхгүй, чадахгүй хэвтэж хэрэлдэхээ эхлэл болгодог усан тэнэг зангаа боль. Хэрэлдсэн ч гэсэн тэр талаараа жаахан ч гэсэн анхан шатны ойлголттой болохыг хичээ. Цаашдаа бол хэрэлдээд тэнэгтээд байхгүй бол ёс суртахууны яриа, маргаан мэтгэлцээнд тус нэмэр болохыг хичээнэ…
 
Ямар ч мэдлэггүй, мэдэхийг ч хүсдэггүй, эрэгцүүлэн бодох чадваргүй атлаа этикет нэхэж, хэрэлдэхээ урьтал болгон сүржигнэж, дүвчигнөсөн нусгайчуудад дээрэлхүүлээд, бөөрөлхүүлээд сууж байдаг сул дорой ёс суртахуунтай ядарсан баагий би л лав биш…    
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
2021 оны 04 дүгээр сарын 11
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?