sonin.mn
“COVID-19”-ийн эсрэг вакциныг Монгол Улс харьцангуй хямд үнээр авч иргэддээ хүртээмжтэй нийлүүлэх зорилтыг дэмжин Дэлхийн банк 50.7 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа.
Тодруулбал Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсад “COVID-19”-ийн цар тахалтай тэмцэх яаратай тусамж, эрүүл мэндийн тогтолцооны бээн байдлын төсөлд дээрх хэмжээний нэмэлт санхүүжилтийг өчигдөр баталсан байна. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм.
 
Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа гэдгийг Дэлхийн банкны мэдээнд дурджээ.
 
Өчигдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-аас доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, коронавирусний эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.  Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ.
“Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүргийг гүйцэтгэнэ”  гэж Дэлхийн банкны Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Андрей Михнев тэмдэглээд “Өчигдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь хадарын эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.