sonin.mn
1990 оны 8 дугаар сарын 1-ний  өдөр Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийн Ерөнхий цэргийн "Б" курсийг төгсөж БХЯ-ны сайдын тушаалаар МАА-ийн 150 дугаар ангид салааны захирагчаар томилогдож очлоо. Манай төгсөлтөөс Ерөнхий цэргийн "А" курсийг төгссөн Түмэнжаргал, Хүрэлбаатар, Ариунболд, Отгонболд, Батсүрэн, Батчулуун,  манай курсээс Анхбаяр, Нямчулуун бид гурав, Улс төрийн курсээс Галбадрах, танкаас Баярсайхан, Жаргалсайхан нарын 12 дэслэгч тус ангид алба хаахаар томилогдож очсон юм. 
Бидний 12 дэслэгчийг анги нэгдэж, Байлдааны туг гарч, мөн тэтгэвэрт гарах ахмадууд байлцан угтаж авсан. Ангийн захирагч, хурандаа Л.Доржсүрэн ангийн дайчин замналыг дурсаж тус ангид алба хаана гэдэг нь нэр төрийн хэрэг хэмээн тодотгоод, биднийг тус тусын салбарт нь хуваарилж билээ. 
Миний хувьд 150 дугаар ангийн 1 дүгээр батальоны 2 дугаар ротод сургуулийн салааны захирагчаар хуваарилагдав. Надтай хамт Ерөнхий цэргийн "А" курсийг төгссөн Д.Батчулуун хуваарилагдсан. Нөгөө салааны захирагчаар С.Отгонбаяр ажиллаж байлаа. 
Ингээд тухайн үед хамтран ажиллаж байсан дарга болоод анд нөхдийнхөө талаарх дурсамжаа дэлгэж буй минь энэ билээ.
 
Ротын захирагч, ахмад Т.Хүрлээ
 
1990 онд салааны захирагчаар томилогдон ахмад Тогоогийн Хүрлээгийн удирдлагад ажилласан юм. 1990-1996 онд Т.Хүрлээ даргатайгаа хамт алба хаасан үе маань миний амьдралд онцгой дурсамжтай сайхан байсан. Цэргийн амьдралын жаргал, зовлонг эдэлж, халуунд халж, хүйтэнд нь хөрж, хатуу зөөлөн хосолсон жилүүдийн хамгийн сайн дарга, халамжлан хүмүүжүүлэгч, түшигтэй сайн нөхөр минь Т.Хүрлээ мөнөөсөө мөн. Хүрлээ дарга маань хүнлэг сайхан сэтгэлтэй, аавын хөвгүүдийг алаг үзэлгүй харьцдаг, зарчимч шаардлагатай, сахилга бат, ажлын хариуцлагатай, хэлсэн үгэндээ хүрдэг, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, жинхэнэ цэргийн дарга хүнд байх олон сайхан чанаруудыг цогцлоосон ховорхон хүн юм.
Биднийг хамт алба хааж байх үед манай улсын эдийн засаг сайнгүй, армийн албан хаагчдын амьдрал тааруу байсан юм. Энэ үед цэргийн ахуй хангамж хангалтгүй байсны дээр цэргийн алба хаах хугацаа богиносож нэг жил болсон үе байв. Салаа, салбарын захирагч нарын ажлын ачаалал эрс нэмэгдэж, цалин хангамж нь хувийн амьдралд нь хүрэлцэхгүй хүндхэн байсан энэ үеийг эргээд бодоход бидний нөхөрлөл улам ойртсон байх. Цэрэг оргох, турах, цахилгаан тасрах, цэргийн байрны халаалт доголдох, тэр байтугай анги тэр аяараа хөлдөж байсан зэрэг хүндхэн үед бид хамтдаа байж албаа сайн хааж байснаараа өдгөө бахархдаг. Энэ бүх бэрхшээлийн үед Хүрлээ даргатайгаа байхад түшигтэй сайхан байдаг сан. Тэр үед амьдрал, ахуйдаа нэмэр болох үүднээс монголчууд Орос, Хятад руу наймаа арилжаанд их явдаг байв. Тэдний жишгээр С.Отгонбаяр, Д.Батчулуун бид 3 Орос руу наймаанд явж, Улаан талбайд зургаа татуулсан шигээ явж байхад ротын захирагч маань ар талаа даагаад хэдэн бор цэргүүдийнхээ хичээл сургалтыг нь тасалдуулалгүй байж л байдаг сан.
Хүрлээ дарга маань ажлын зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, бичгийн чадвар өндөр, цаг сайн барьдаг, аж ахуйн ажилд тооцоо сайтай гээд олон сайн чанартай чухамдаа биднийг үлгэрлэн дагуулдаг офицер байв.
Тэрээр өдөр бүрийн ажлын тэмдэглэлийг "яс" хөтөлдөг, тэр үед одоогийнх шиг тэмдэглэлийн дэвтэр ховор, кассын бүртгэл гэх мэт хүснэгттэй зузаан, хатуу хавтастай том дэвтэрт өдөр бүрийн ажлаа нэг бүрчлэн бичнэ. Бичгийн хэлбэр гэж сайхан, дармалдаад байхгүй бичмэлээр тун, гаргацтай сайхан бичнэ. Заримдаа хийсэн ажлаа мартчихаад даргаас сарын өмнөх ажлаа асуухад нөгөө зузаан хүснэгттэй кассын бүртгэлээ гаргаж ирээд нөхөр Лхагвасүх тэдэн сарын тэдний өдөр тэр тийм ажил  хийсэн байна гээд торох юмгүй хэлнэ.
Эргэн дурсахад, Хүрлээ даргынхаа аав Тогоо гуайг Баянхонгороос ирэхэд нь зорьж очин золгож байсан минь сайхан санагдаж байна. Бидэнд дурсах зүйл их байдаг. Эцэст нь нөхрийнхөө тухай товчхон тодорхойлбол, Баянхонгорын тос даасан зузаан бор ааруул шигээ "тос даасан" эр хүн дээ, миний дарга. Найдаж, итгэж, даатгаж болох сайн дарга, сайн ах, сайн найз, эрхэм нөхөр Т.Хүрлээдээ урт нас, удаан жаргал, сайн сайхны дээдийг чин зүрхнээс хүсье.
Дашрамд, эрхэм нөхрийн курсийн анд нар болох жороо явдалтай Эрдэнэбат, жоохон хамартай Батсүх, түргэн ярьдаг Лхагвасүрэн, түс тас яриатай Баттулга, уран гартай Лхагвасүрэн, уужуу тайван Даваажав нар болон бусад нөхдөд нь ажлын амжилт, сайн сайхныг хүсье. Азтай, одтой байгаарай гээд шүлгэн цацал өргөе.
 
ТҮШИГТ НӨХӨР МИНЬ
 
Хүнлэг сэтгэлт эрхэм нөхөр Хүрлээтэй
Үүрэг хүлээсэн цэрэг байхдаа танилцлаа
Рот захирагчтайгаа тоот өндөрлөгийг эзэлж явлаа
Лагерийн жижүүр хийж, хээр  эзэгнэж явлаа
Эрийн дээд эр хүнтэй
Ээ дээ мөн чиг сайхан нөхөрлөлөө
Дээдэс өвгөдийн ерөөл байлгүй
Эрдэм сайт хүний хүүтэй
Эгэлгүй сайхан нөхөрлөсөөр явна ...
 
Ротын улс төрийн орлогч, ахмад Н.Баяр
 
Салбарын улс төрийн орлогчоор Нацагийн Баяр ажиллаж байв. Тэр 1987 онд ЦНДС-ийн Улс төрийн ангийг төгссөн, манай ротод Налайхын нисэх бригадаас шилжиж ирсэн ахмад алба хаана. Салбарын улс төрийн орлогч маань дарга, цэрэг ямар ч хүнтэй харилцаа сайтай, бидний хэлдгээр “найраа сайтай” аргагүй л улс төрийн ажилтны есөн шид нь бүрдсэн хүн сэн. Малигар шар нүүрний үрчлээ бүхэн нь инээж байх шиг баясгалантай эр дээ. Одоо ч хэвээрээ л байна, хүний төрөлхийн араншин өөрчлөгддөггүй бололтой. Цэргүүдтэй ажиллах өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай, захиргаадаад зандраад байхгүй, эв эеийг нь айхтар олно. Гал тогооны жижүүртэй байхдаа хоолны дараагаар өөрийн ротын цэргүүдийг тусад нь авч үлдээд нэмэгдэл хоол өгч, урлаг, уран сайхнаар идэвхжүүлж, ханын сонин, ухуулагчийн хайрцаг, улс төрийн хичээл, сургалт, хүмүүжлийн ажил, спортын уралдаан тэмцээн гээд захгүй ажил хөвөрч ротын дайчдын чөлөөт цаг, хүмүүжил, ёс суртахууны асуудлыг төвөггүйхэн зохицуулдаг сүйхээтэй эр ээ. 
1993 оны намар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хадлангийн ажилд цэргүүдтэйгээ ажиллахдаа Баяр ахмадтайгаа хамт явсан минь санаанаас гардаггүй юм. Манай ангиас 5 салаа гарч хоорондоо 10-20 километрийн зайтай хадлангийн бригадуудад хуваарилагдан ажиллахад биднийг ерөнхийд нь удирдахаар Н.Баяр маань томилогдож билээ. Тэр намрын 45 хоногийн хугацаанд Хүдэр сумын Засаг даргаас эхлээд жижүүр, цэвэрлэгч, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал тэр байтугай Хилийн отрядын дарга нь хүртэл Н.Баярын хуурай дүү нь болсон бөгөөд манай орлогчийн үгнээс гардаггүй байсан юм. Мань хүний хүнтэй харилцах харилцаа нь гайхамшигтай байж билээ. Хатгаа тусаж халуурсан хоёр цэргээ сумын эмнэлэгт нь хэвтүүлж эмчлүүлэх хугацаанд нь засварыг нь хийлгэчихсэн, Хилийн отрядын бие бүрэлдэхүүнд эх орны сэдэвт яриа таниулга хийчихнэ, сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн ханын сонин, нээлтийн үйл ажиллагааны найруулга гээд орохгүй ажилгүй л байсан байх. Цэргүүдийн идэх хоол, татах тамхи, халуурч бүлээрч, ханиад хүрэхэд нь өгөх эм тариа бас офицеруудаа баярлуулахаа ч мартахгүй  ёстой л хүртээмжтэй эр сэн. 
Н.Баяр маань 1995 онд Батальоны улс төрийн орлогчоор дэвшин ажиллаж тэр жилээ БХЯ-ны сайдын үзлэгээр “онц” дүнтэй шалгагдаад армидаа үргэлжлүүлэн алба хаах итгэл төгс байсан үедээ үл ялих шалтгаанаар бэлтгэлээр халагдсан даа. Улмаар Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төгсөөд Улсын Их Хурлын Тамгын газарт референтээр олон жил ажилласан. Одоо ч бидэндээ улс төрийн орлогч хэвээрээ шүү.
 
Нэгдүгээр салааны захирагч, ахлах дэслэгч С.Отгонбаяр
 
Нэгдүгээр салааны захирагч Санжаадоржийн Отгонбаяр нь 1988 онд ЦНДС-ийн Ерөнхий цэргийн "Б" курсийг төгсөж манай ангид хоёр жил ажиллачихсан, Д.Батчулуун бид хоёрын дэргэд туршлагатай салааны захирагч болсон байв. Сонсогч байхдаа надтай нэг ротод хоёр жил амьдарсан, тасгийн дарга, бага түрүүч цолтой, намхавтар нуруутай, хэр баргийн асуудалд ороод байдаггүй, биеэ зөв авч явдаг, доод курсийн сонсогчдыг дэглэх нь байтугай харьцаад ч байдаггүй эрхэмсэг нэгэн байв. Мань хүн боксоор хичээллэдэг бөгөөд сургуулийн боксын хэд хэдэн удаагийн аварга болсон. Тиймээс Отгонбаяртай маань дээд оныхон нь ч хамаагүй харьцахгүй, өөрөө ч доод курсийнхэнтэй зууралдаад байхгүй тусгаар тогтносон бага түрүүч байв. Хариуцсан салааны цэргүүдээ өөрийн гэсэн удирдах арга барилд оруулсан, түрүүч нартайгаа тулж ажилладаг, хичээлийн конспект, төлөвлөгөө боловсруулах зэрэгт мань хүнээс хуулах, туршлага судлах, авах юм ихтэй. Түүний аав Санжаадорж гуай БХЯ-ны Дайчилгааны газрын дарга, хурандаа цолтой байсан. Тэрээр өөрийн хэрэглэж байсан түргэний чемоданаа үе уламжлуулан Отгонбаярт өгсөн нь инээдтэй түүх дагуулж билээ. 1990 оны хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө 11 дүгээр сарын сүүлчээр анги "Цугларалт" дохиогоор ажиллан цугларах байранд гарч аранзанд үзлэг хийж, офицерууд түргэний чемоданаа шалгуулаад ангийн байрлалд буцаж ирсэн юм. Ротын "канцеляр"-т салбарын офицерууд чемодан, хувцас хунараа янзалж байхад Отгонбаярын чемоданаас 3 ширхэг "Сарадина" консерв гарч ирлээ. Тэр консервууд нь аль 1972 онд буюу 18 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, “срок годность нь уже кончилась” болсон эд байв. Бид Отгоогоо цаашлуулан дайсныгаа дайлах хэрэгтэй юм байна гэж маазраад өнгөрөв. Хэд хоногийн дараа чемоданаас нь өнөөх консервууд алдагдаж, авсан эзэн нь олдохгүй болов. Хэн нь хордож үхэх бол гэж салбарын офицерууд бид хэд хоног түгшсэн ч юу ч болоогүй юм даг. Тэр үед Оросууд ч консервыг хийсэн шиг хийж, цэргүүд ч чонын ходоодтой байж дээ.
Тэрээр хариуцсан салаагаа сайн сургадаг, сахилгын зөрчилгүй удирддаг, салааны эд аж ахуй, зэвсэг, эд хэрэглэлийг бүрэн бүтэн байлгадаг, ангийн тэргүүний салааны захирагч байсан. Анд маань 1993 онд Ардын Армийн 032 дугаар ангид Цэрэг, цагдаагийн тусгай бүлэгт хуваарилагдаад улмаар цомхотголд орж бэлтгэлээр халагдсан юм. Түүнээс хойш С.Отгонбаяр маань Зам гүүрийн бүтээн байгуулалтад дагнан ажиллаж, өөрийн зам гүүрийн бригадтай Тавантолгойн замд ажиллаж байна.  Тэрээр Ононгийн гүүрнээс эхлээд олон гүүр, замын хоолойг барьж авто зам гүүрийн бүтээн байгуулалтад гар бие оролцон амжилт дүүрэн ажиллаж байна. 
 
Гуравдугаар салааны захирагч, дэслэгч Д.Батчулуун
 
Доржгочоогийн Батчулуун бид хоёр нэг төгсөлтийнх. Мань хүн онц сурлагатан, сургуулийн номын сангаас салдаггүй, сахилга баттай тэргүүний сонсогч бөгөөд улаан дипломтой, онц төгссөн цөөхөн төгсөгчдийн нэг л дээ. Сургуульд байхдаа бид хоёрын маршрут таардаггүй байсан, цөөхөн тааралдсан санагдана. Харин сургууль төгсөх баяр дээр бидний аавууд тааралдаж нэг нутгийн, нэг голын хүмүүс болохоо мэдэлцсэн сэн. Төгсөөд нэг хороонд нэг ротод хуваарилагдсан нь хувь тавилан гэлтэй. Бид хоёр амьдралын олон нугачаа, саад бэрхшээлийг хамт давж зовлон, жаргалаа хуваалцан 30 гаруй жил нөхөрлөөд байна. 
Бид хоёр эсрэг тэсрэг зан чанартай. Тийм болоод ч бие биеэ нөхөөд явдаг байж магадгүй. Манай хүн ажлыг удаагаад байдаггүй газар дээр нь, дор бүр нь хийгээд явдаг гүйцэтгэл сайтай. Шуурхай дайчин зантай. Хэлэх үгээ түс тас хэлчихдэг, нөхөрт тусархуу, мөн толгой сийрэг, тал бүрийн мэдлэгтэй хүн шүү. Хоёрдугаар батальоны улс төрийн орлогч, ахмад Ё.Бямбадорж түүнийг “маневр Батчулуун” гэж өргөмжилдөг байлаа. Анги Сонгинод байхад Улаанбаатар руу өдөрт 2 удаа оччихоод  оройн нэгдэлтэд хээв нэг зогсож л байдаг сан.
1991 оны хавар Сайдын шалгалтад бэлтгээд Бөхөг түргэний голд хээрийн гаралтад гарчихаад асарт сэвэлзэж байхад Батчулуун маань лагерийн жижүүртэй үлдээд орой биднийг буудлагаас бууж ирэхэд 4х4-ийн хөвөнтэй майханд тансаг ширээ засчихсан “ноёд офицерууд дээшээ” гэсээр угтаж билээ. Хаврын тарчиг үе, мөн "алдарт 20 дугаар тогтоол" гарчихсан, дэлгүүрт бараа ховордсон хэцүүхэн цагт хээрийн майханд тансаг ширээг Батчулуун л засаж чадсан юм. Энэ өдөр Бөхөгт байрладаг галууны фермээс өндөг авчран  майонез зуурч "нийслэл" салат, байцайны салат, галууны өндөгний салат, бууз, хонины тарган хавирга бас хаанаас яаж олсон юм бүү мэд, картанд орсон архийг хүртэл тавьсан тансаг ширээнд сууж дайлуулах таатай байлгүй, яах вэ.
Цэргүүдтэйгээ яг гардаж ажиллана. Биокомбинатын халуун усанд оруулж, салаа цэргийн үсийг "бритв"-ээр өөрийн гараар хусаж, хороонд ганцхан Батчулууны салааны цэргүүд өндөг шиг өөгүй цэвэрхэн байдаг байв. Олны олон дотор ганц нэг цэрэг оргох асуудал гарна. Цэргийн араас явахдаа цэргээ ч олчихсон, биднийхээ ходоодыг халаах шимийн архи, өөрийн амьдралдаа наах тарвага, зурамны арьсны наймааг сүнгэнүүлчихээд ороод ирнэ.
Д.Батчулуун 1993 онд бэлтгэлээр халагдаж хувийн бизнес эрхэлж амжилттай яваа бөгөөд манай ротын гол холбогч нь юм.  
1992 онд нэг ротын 3 салааны дарга болох С.Отгонбаяр, Д.Батчулуун бид 3 олны жишгээр наймаа хийхээр Орос руу явж Улаан талбай дээр зургаа авахуулж онож алдаж явсан тухай бичвэл Тансан ламын баруун этгээд зорчсон лугаа адил болох биз ээ. 
 
Шинэ салааны захирагч, дэслэгч Б.Батсайхан
 
С.Отгонбаяр маань 032 дугаар анги руу Цэрэг, цагдаагийн бүлэг рүү явсны дараа 1993 онд шинэхэн дэслэгч Бямбажавын Батсайхан томилогдон ирж 1 дүгээр салааны захирагчаар ажиллаж эхэллээ. Б.Батсайхан нь намайг 4 дүгээр курст байхад манай ротын 1 дүгээр курст суралцаж байсан залуу байлаа. Курсийнхэн дундаа онцгойдуу нөхөр байсан л даа. Цайвар дугараг царайтай, давхраатай алаг нүдтэй, бахим бие хаатай. Цэргийн нэгдсэн дээд сургууль нь он оны хэлхээс, ахан дүүгийн холбоос, уламжлалыг дамжуулах цувраа юм байна. С.Отгонбаярыг 3 дугаар курст байхад би 1 дүгээр курст, намайг 4 дүгээр курст байхад Батсайхан 1 дүгээр курст байсан бөгөөд төгсөөд нэг салбарт алба хааж, нэг зорилгын төлөө ажиллаж, амьдрах нь ёстой л хувь тавилан юм даа. 
Б.Батсайхан маань харин цэргийн дарга, салааны захирагч болох гэж удаан хугацаа зарцуулсангүй, амархан “цагааширлаа”. Батсайханы аав Бямбажав гуай Хүндэт харуулын жагсаалын цэргээс ангийн штабын дарга хүртэлх албыг хаасан, ээж Цэенхорлоо нь Армид алба хаах хаахдаа манай ангид бага эмч, ахлах ахлагч цолтой ажиллаж байсан цэргийн даргын гэр бүлд төрж өссөн хүүхэд байсан нь нөлөөлсөн байх. 
Салааны цэргүүдээ зандчаад байхгүй ч өөрийн хяналтдаа байлгаж чаддаг, салааны дайчдыг эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй хувцас хэрэглэл, хоол унд, сургалт хүмүүжил, салааны аранз, аж ахуй зэргийг өлхөн аваад явчихдаг айхтар “чөтгөр” болсон билээ. "Түрүүлж ургасан чихнээс сүүлдэж ургасан эвэр урт" гэгчээр сургалт, соёл хүмүүжлийн ажлаар намайгаа хөлдөө чирэхээр салааны дарга болж өссөн дөө.  Б.Батсайхан маань намайг 1996 онд армиас бэлтгэлээр халагдах хүртэл ангидаа албаа хааж хариуцсан салаагаа онцсайн дүнтэй шалгуулан үр бүтээлтэй ажиллаж байсан. Одоо Онцгой байдлын албаны хурандаа цолтой Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. 
Батсайхандаа гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн ажиллаж, сайн яваа дүүгийнхээ сургийг сонсоод ах нь баярлаж явдаг шүү.  
Манай ротынхон Ардын Арми, Зэвсэгт хүчинд үүрэг гүйцэтгэж байсан болон одоо хааж буй олон олон төрөл мэргэжлийн ротуудын нэг бөгөөд эх орноо Батлах хамгаалах салбарт алба хааж байсан нөхдөө төлөөлөн дурсамжаа бичлээ. 
Цэргийн нөхөрлөл бат бэх байдаг нь бидний ажлын онцлогтой холбоотой байдаг байх. Бидний ажил ашгийн төлөө биш, эх орноо хамгаалах зорилгод нэгдсэн эрчүүдийн нөхөрлөл юм. Иймд урт удаан, бат бэх байдаг бөгөөд цаг хугацааны уртад улам гялалздаг.
Дайчин нөхөрлөл мөнх байх болтугай. Хамт алба хааж байсан эрхэм нөхдөдөө эрүүл энх, саруул сайхныг хүсэн ерөөе.  
Монгол Улс мөнх оршиг ээ. Монгол Улсынхаа төлөө зүтгэе.
 
 
Бэлтгэл ахлах дэслэгч Сэнгээгийн ЛХАГВАСҮХ
Эх сурвалж: "Соёмбо" сонин