Газрын наймаагаар хөлжигчдийн хууль бус үйлдлийн талаар манай сонин цувралаар хүргэж байгаа билээ. Нэг намын тогтолцоотой явж ирсэн сүүлийн жилүүдэд баян ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болсныг амтай болгон л ярьдаг.
Тэгвэл хэн нь хэрхэн яаж хөрөнгөжиж байгаа нууц хэвээр л үлддэг. Гэтэл олон жил олонх байсан МАН цөөнх болох үед нийгмийн бүх давхаргад хуулийг хэрхэн завхруулж байсан нь олон ч зүйлээс ил болж байна даа.
Үүний нэг илрэл нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга нарын газрын наймааны балаг дуусахгүй нь бололтой. Өмнөх дугаар өгүүлж байсан лугаа адил бас нэгэн баримтыг энд хүргэх гэж байна. Тэд газрын наймааг ганган хийж сурчээ.
Зар сурталчилгаа, мэдээ мэдээллийн zarmedee.mn сайтад "Баянзүрх дүүрэг 16 дугаар хороололд Газарчин дээд сургууль өгсөх зам дагуу дэд бүтцэд холбогдох боломжтой 380-400 мкв газрыг зарна.
Үнэ 120 саяд. Утасны дугаар 9902...." гэсэн зарыг байршуулжээ. Уг зарыг сайтад тавьснаас хойш нийтдээ 20 орчим хүн үзсэн байх юм. Зар дээр тавигдсан дугаар руу залгаад нөгөөх газрыг үзэж болох эсэхийг тодруултал "Нэгэн залуу утсаа авч үнэхээр байрлал сайтай, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нэн тохиромжтой.
Тэгээд ч дэд бүтцэд холбогдох боломжтой" гэв. Зарын дагуу байрлах газрыг очиж үзлээ. Нөгөө газар чинь Баянзүрх дүүргийн XXIV хорооны нутаг дэвсгэрт байрладаг аж. Өрхийн эмнэлэг, хороотойгоо хаяа залгасан гаднаасаа блокон хашаатай үнэхээр байрлал сайтай газар юм.
Хаягийн дагуу очвол хашаанд нэг гэр байх агаад хаалган дээрээ 36А тоот байв. Гэрийн эзэнтэй уулзаж зарах гэж буй газрын талаар мэдээлэл авах гэтэл хаалгаа том цоожоор түгжсэн байв. Ингээд өөр нэгэн эх сурвалжаас мэдээлэл авсан юм.
Зарын дагуу байрлах 36А тоотод хуучин XXIV хорооны Засаг дарга асан Б.Дагийнхүү гэгчийнх амьдардаг аж. Б.Дагийхүү нь Баянзүрх дүүргийн IX хорооны Засаг даргаар 12 жил, түүний дараа XVII хорооны Засаг даргаар дөрвөн жил, 2008-2012 онд XXIV хорооны Засаг даргаар тус тус ажиллаж байгаад өнгөрөгч нэгдүгээр сард ажлаа өгсөн түүхтэй юм билээ.
Түүнийг IX хорооны Засаг даргаар ажиллаж байхад тус хорооны иргэд бараг хөөх шахам явуулсан гэдэг юм билээ. Учир нь 12 жил хорооны Засаг даргаар ажиллахдаа иргэдийн ахуй амьдрал, хорооны хөгжлийн төлөө олигтой хийсэн ажил байхгүй, халамж, тэтгэмжийг танил талдаа өгдөг гэхчлэн түүний талаар гомдол тасардаггүй байсан ажээ.
Нэгэнт хорооны даргаар олон жил ажилласан учраас нэг намын нөхөр Баянзүрх дvvргэ удирдлагууд өөр хороо руу арга буюу явуулсан гэдэг. Ингэхдээ ХVII хорооны Засаг даргаар иржээ.
Энд дөрвөн жил болоод бас ажлаа хийж чадахгүй болохоор нь XXIV хороо руу шилжүүлжээ. Ийнхүү хорооноос хороо дамжсан Б.Дагийхүү нь 36А тоотод амьдрах бөгөөд энэ газар нь хэний захирамжтай эсэх нь эргэлзээтэй ажээ.
Бидний олсон мэдээллээр 2009.12.07 521 дүгээр захирамжийг үндэслэн 2010.10.22 ны өдөр олгосон н.Энхманлай гэдэг хүний гарын үсэгтэй газар эзэмших гэрчилгээтэй явж байсан байгаа юм.
Гэтэл Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас мэдээлэл шүүлгэхэд Эрдэнэтолгойн 1-36А тоот нь Баасай Дагийхүү гэсэн бүртгэлтэй атлаа өөр ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байгаа юм.
Тэгэхээр газар эзэмших эрхийг иргэн, аж ахуй нэгж авахдаа зориулалтын дагуу ашиглах ёстой. Хэрэв хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газрыг тухай хуульд заасны дагуу тухайн газрыг хураах хүртэл арга хэмжээ авагддаг номтой.
Гэтэл Засаг дарга асан Б.Дагийнхүүгийн зарахаар төлөвлөсөн 400 мкв газрын зориулалт, ашиглалт нь хууль зөрчиж байгаа юм. Нөгөө талаас тэрбээр энэ газрыг хэзээ, хэний шийдвэрээр авсан нь ч тодорхой бус байгаа хардах үндэслэл юм.
Түүнээс гадна газар эзэмших эрхтэй хүн тухайн газрыг бусдад худалдах нь хориотой байдаг хуулийн заалттай. Мэдээж Б.Дагийхүү энэ олон жилийн хугацаанд газрынхаа төлбөрийг төлж байсан гэдэгт найдъя.
Эрхэм экс дарга маань дээрх газраа 120 сая зарчихна, үнэ тохирсон хүнтэй сайхан ярилцаад өгчих юм ярьж байна лээ. Тэдний хашаа дотор хуучин бохир, цэвэр усны шугам явдаг аж. Нэгэнт холбогдох газраас зөвшөөрөлгүй учраас бохир нь хальсан тохиолдолд өөрсдөө мөнгө төлж соруулдаг гэх юм билээ.
Б.Дагийхүү даргынхтай хамар хашаа болох Эрдэнэтолгойн 1-37 тоот нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ямар ч мэдээлэл алга байх юм. Гэтэл энд аль хэдийнээ хоёр давхар үйлчилгээний төв сүндэрлэчихсэн байна.
Энэ объектын эзэн нь хуучин 065 дугаар ангийн Улс төрийн орлогчоор ажиллаж байсан Н.Батсүх гэдэг хүн байдаг аж. Энэхүү газраа ч гэсэн энд ажиллах үедээ авсан гэнэ. 2009 онд хоосон хашаа байсан бол энд өнөөдөр хоёр давхар цайны газар, хүнсний дэлгүүр, паб үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэдийгээр газрын эзэн Н.Батсүх холбогдох бичиг баримт байгаа гэх боловч холбогдох газрын мэдээллийн санд бүртгэлгүй байгаа нь ямар нэгэн но байгааг илэрхийлж байгаа юм. Газрын ямар ч зөвшөөрөлгүй энэ объектыг одоо яах ёстой вэ?
Өрхийн эмнэлгийн хаалгыг таглах шахам баригдсан нь барилгын стандарт зөрчсөн нь харагдана. Эмнэлэг гэдэг бол онцгой байгууллага. Ямар нэгэн хүнд өвчтөнд түргэн туслаж үзүүлэх болвол хаалгыг нь таглаад барьчихсан барилгын эзэн ямар хариуцлага хүлээх үү.
Мөн үүнтэй нэгэн адил 1-36 тоотод амьдрах Дамдиндорж овогтой Баярмаа нь мөн л хашаагаа 85 саяд зарах юм ярьчихсан явж байна лээ. Тэдний хувьд 2008.06.11 ны өдрийн 188 тоот захирамжтай юм билээ.
Энэ мэт газар эзэмших эрхтэй эсэх нь эргэлзээтэй зарын дагуу иргэд хохирч болзошгүй учраас мэдээллийн мөрөөр хөөсөн баримтуудыг баттай эх сурвалжтай нь дэлгэлээ. Ер нь хорооны Засаг дарга нар газар зараад сууж байна гэдэг юу гэсэн үг вэ. Холбогдох газар нь анхааралдаа авч шалгавал их л юм гарах юм шиг байна лээ шүү.
П.Дөлгөөн
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гээчээр МАН гуунуудын гар хөл этэг шурганууд нь ав адилхан л байдаг нь энэ. Газрын наймаачин Энхболд нь одоо бүр ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвших гээд явж байгааг юу гэж ойлгохов. Овоохон доромжлол л гэнэ биз дээ.
угаасаа л бузарууд ш дээ үхсэн хүн хичнээн жил тэтгэмж авна бүгд групптэй хүний санаанд ормооргүй юм гарна ш дээ сэжиг сүжгээ ч мэдэхгүй ядаж үхсэн хүний мөнгө аваад юм болдог л юм байх дааа