sonin.mn
"Даяар Монгол хөдөлгөөн" ТББ, "Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн нэгдэл" ТББ, "Цөмийн эсрэг голомт хөдөлгөөн" ТББайгууллагууд хамтран цахим орчны хууль тогтоомжийг 2021 оны УИХ-ын намрын чуулганаар оруулан батлахыг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбааатар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Г.Чинзориг нарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ. Уг мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
 
Сүүлийн жилүүдэд интернет болон түүн дээр суурилсан нийгмийн сүлжээ сайтууд хөгжиж, хүний өдөр тутмын амьдралын хэвшил цахимжиж байгаагийн хэрээр гэмт хэргийн үйлдэгдэх хэлбэр мөн адил цахим хэлбэрт шилжиж байна. Ирээдүйд цахим хэрэглээ нь хүн төрөлхтний амьдралын хэвшил, харилцааны гол хэрэгсэл болж оршин тогтносоор байх болно.
 
 
Өнөө цагт мэдээллийн технологийн хэрэглээ нэмэгдэж, ашиглалт хялбар болсноор сошиал хэрэглээ нь улам залуужиж бидний хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд маань хуурамч мэдээлэлд өртсөнөөр гэмт этгээдүүдийн хохирогч болсоор байна.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн тоон үзүүлэлтийг түүвэрлэн үзэхэд 2015 онд 61 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 онд эхний 9 сарын байдлаар 1410 болж өссөн байгаа нь хууль зүйн зохицуулалтаар иргэдээ хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг илэрхийлж байна.
Тухайлбал:
1. Иргэд болон өсвөр насны хүүхдүүдийн фэйсбүүк хаяг руу садар самуун агууламжтай зураг, бичлэг илгээж садар самуунд уруу татах, сурталчлах
2. Биеэ үнэлэлт зохион байгуулах, мансууруулах, согтууруулах ундааны зүйл худалдаалах,
3. Бусдын нэр төрд халдах, айлган сүрдүүлэх, гүтгэн доромжлох, гадуурхах,
4. Хуулиар хориглосон бараа бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулах,
5. Онлайн худалдаа гэх нэрээр залилах,
6. Бусдын нэр барин хамаарал бүхий этгээдүүдээс нь зээл, тусламж авах нэрээр залилан мэхлэх,
7. Мөрийтэй тоглоом, азын сугалаа зохион байгуулах нэрийдлээр ашиг олох, иргэдийг хохироох,
8. Гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг дамнан худалдаалах зэрэг асуудлууд гарсаар байна.
 
Иймд үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, интернет орчинг илүү аюулгүй болгох, энэ хэргүүдээс урьдчилан сэргийлэх, ард иргэдээ, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг хамгаалах зорилгоор цахим орчны аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийг 2021 оны УИХ-ын намрын чуулганаар оруулан яаралтай батлан гаргуулахыг шаардаж УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбааатар, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, Г.Чинзориг нарт шаардлага хүргүүлж байна.
 
Мөн бидний шаардлагын хүрээнд ямар ажил хэрэгжүүлэх болсон тухайгаа 2021 оны 09 дүгээр,17-ний өдрийн 14:00 цагт хариу мэдэгдэхийг шаардаж байна.
Бид энэ асуудлаар хууль эрх зүйн орчинтой болох зорилгоо биелэгдэх хүртэл явах бөгөөд хэрэв эс биелэгдэх, удаашралтай байгаа тохиолдолд дараа, дараагийн шатны арга хэмжээ зохион байгуулж та бүхнээс шаардахыг үүгээр илэрхийлж байна.
 
 
"Даяар Монгол хөдөлгөөн" ТББ, "Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн нэгдэл" ТББ, "Цөмийн эсрэг голомт хөдөлгөөн" ТББ