sonin.mn
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
 
-Танай намаас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг санал болгон танилцуулж эхэлсэн. Хэрэгжих  боломж, аргачлалыг нь тайлбарлана уу?
 
-Хүн эхээс төрж  бага, идэр насыг өнгөрүүлж нас бие гүйцдэг шиг  улс орны хөгжил ч гэсэн хөгжлийн тодорхой  үе шатыг туулдаг. Шинжлэх ухааны бүх  салбар ийм замаар урагшилдаг. Анх онол нь бий болж, хүмүүс эхлээд шүүмжилж, дараа нь ойлгож, эцэст нь  цэгцрэх замаа тогтоогоод цааш явдаг. Түүнтэй адил үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжиж ирсэн. Энэ замналаас  гурван   том ойлголт  дэлхий дахинд  тогтжээ. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, өмчлөх гурван  хэлбэр бий. Нэгдүгээрт, мөнгөтэй хүн барилгын эзнээс шууд байр худалдаж авдаг.  Нөгөөх нь манайд  хэрэгжүүлээд 10 гаруй жил болж байгаа ипотек буюу банкны урт хугацааны зээлээр байртай болох арга. Энэ арга хөгжлийнхөө хоёр дахь үе шат руу дөнгөж орж байна. Гурав дахь нь  манай намаас дэвшүүлсэн  түрээс төлж явсаар байртай  болох арга юм.  МАХН-аас иргэдийг түрээсийн буюу хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, бага хэмжээний  түрээс төлж  байртай болох тухай  ярьж байна. Зарим  нь  сайн мэдэхгүй, ойлгоогүй учраас “Тийм  байх боломжгүй” гэж  эргэлзэж байгаа  байх. Гэвч энэ бол дэлхийн бүх оронд байдаг санхүүгийн үйлчилгээ, иргэдийг орон сууцанд оруулдаг арга хэлбэр юм.
 
 
Түрээсийн орон сууц гэдэг нь урьдчилгаа төлөхгүйгээр 100 сая төгрөгийн үнэтэй орон сууцны үнийг 40 жилд хуваагаад, түүнийгээ 12 сараар  төлөх мөнгөний хэмжээг гаргаж ирэн төлбөрийг 40 жил төлөх үү, арай ахиухан төлье гэвэл 30 жил төлөх ч юм уу өөрийн боломжоор нөхцлөө сонгох ийм л аргачлал юм. Энэ бол байрныхаа  үнийг урт хугацаанд хувааж төлдөг олон улсад нэгэнт бий болсон жишиг, манайд “Түрээсийн орон сууц” гэж нэрлэдэг.
 
 
-Орон сууцанд орох, эсэх нь иргэдийн худалдан авах чадвар, цалин орлогоос хамаардаг. Ажилгүй, орлогогүй иргэдэд гарц байна уу? 
 
-Монголын ипотекийн зээлийн систем  зөвхөн  зорилтот бүлэгт чиглэж ирсэн. 2013  оноос энэ хөтөлбөрийг эхлүүлж Монголбанкнаас санхүүжилтийг шийдсэн. Ингэхдээ 80 м/кв-аар хязгаарласан нь баячуудад зориулаагүй хөтөлбөр болохыг  тодотгож байгаа юм. Нөгөөтэйгүүр урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой, зээлдэгч ажил эрхэлдэг, хамтран зээлдэгчтэй байх ёстой гэсэн шалгуур тавьсан нь  хөтөлбөрийг ядуучуудад зориулаагүй гэдгийг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, хүн амын дундаж орлоготой хэсэгт зориулсан энэ хөтөлбөр үндсэндээ хэрэгжээд дууссан. 100 мянга шахам айл өрх энэ хөтөлбөрт хамагдсан. Тиймээс  өнөөдөр барилгын компаниуд баячуудад зориулсан байр бариад ч, ядууст зориулсан байр бариад ч зарагдахгүй болчихож. Яагаад гэвэл, төрийн санхүүжилтийн  систем нь зөвхөн дундаж давхаргад зориулагдсан. Тэднийг  орон сууцжуулсан  нь сайн ч одоо ядуучууд руугаа харах  цаг болжээ.
 
-Жишээбэл?
 
-Манай урд хөрш олон сая иргэнээ орон сууцанд оруулсан. Хаана ч шинэ хороолол, хот, тосгон барьсан 30 хувийг нь заавал ядуучуудыг оруулах санхүүгийн механизмаар дэмжиж өгдөг. Хөнгөлттэй зээл, 0 хувийн хүүтэй зээл өгөөд зогсохгүй  бага үнэ бүхий түрээсийн орон сууцанд бодлогоор оруулдаг. Нэн ядуу иргэдээ байранд оруулахдаа жилийн 100 гаруй юанийн хураамж буюу түрээс авдаг.  Түүнтэй харьцуулахад манай намаас дэвшүүлсэн түрээсийн  хөтөлбөр  харин ч өндөр үнэтэйд тооцогдоно. Өөрөөр хэлбэл, байрных нь мөнгийг заавал төлүүлнэ гэж  байна шүү дээ. 40 жилийн хугацаанд гэхээр хүн болгон байртай болж чадна. Монголд боломж бий. МАХН хэрэв төрд гарвал илүү олон ажлын байрыг  бий болгоно. Хэрэв тэгэх юм бол хүмүүс ажилтай, орлоготой учраас байрныхаа мөнгийг төлж чадна.
 
-Өнөөдөр барилгын компаниуд баячуудад зориулсан байр бариад ч,  ядуучуудад зориулсан байр бариад ч зарагдахгүй болчихож гэж та хэллээ. Барилгын компаниудын бизнесийн асуудалд  ямар тооцоо, судалгаа байна?
 
-Хямд барилга барилаа гээд барилгачдын цалин буурахгүй. Хэдэн тонн цемент цутгав, хэдэн метр төмөр гагнав гэдгээр тэдний цалин тодорхойлогддог. Тиймээс барилгын компаниудаар дамжуулан тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орлогыг тогтвортой байлгах нь чухал. Тэгэхгүйгээр  “Одоо боллоо, дундаж ангийн 100 мянган айл өрхийг орон сууцанд оруулчихлаа, ингээд зогсоё” гэвэл  барилгын салбарынхнаа гудамжинд хөөж гаргаснаас  өөрцгүй. Тиймээс төрийн дараагийн нэг асуудал нь барилгын салбарт ажиллагсад, түүнийг дагасан  бизнесийн олон салбарын  тогтвортой байдлыг хадгалж үлдэх бодлого юм Бидний үзэж байгаагаар өнөөдөр 450 мянган айлын орон сууцыг барих санхүүгийн дэмжлэгийг барилгын компаниудад өгөх хэрэгтэй. Банк, санхүүгийн салбарынханд эрхийг нь олгох ёстой. Худалдах, худалдаж авах тал дээр төр зохицуулалт хийж, хүүг нь чөлөөлж 40 жилээр тооцно гэсэн ийм л зорилготой түрээсийн орон сууцны хөтөлбөрийг МАХН-аас  дэвшүүлээд байгаа юм.
 
-Барилгын  болоод  банкны салбарын  санхүүгийн ачааллыг яаж зохицуулна гэсэн үг вэ?
 
– Барилгын салбарт сүүлийн 10 жилд олгосон зээлийн эх үүсвэр үндсэндээ Монголбанкнаас буюу төр, засгаас гарсан. Ипотекийн зээлд хамрагдсан хүмүүсийн санхүүжилтийг олгоход Төвбанк, төрийн зүгээс тусласан. Тэгвэл  өнөөдөр ч гэсэн иргэддээ тусла. Гол асуудал нь мөнгөний эх үүсвэр өөрөө ямар үнэ өртөгтэй байх вэ. Хуучин бодлогын алдааг засахын тулд  банкуудад өгч байгаа санхүүжилтийн хүүг бууруулах хэрэгтэй. Бид арилжааны банкуудыг муу хэлээд байдаг, гэтэл тэдний эх үүсвэрийн зардал буюу харилцах, хадгаламж татаж байгаа зардал, харилцагч, хадгаламж эзэмшигчддээ өгч байгаа  хадгаламжийн хүү  хэт өндөр байгаа. Дэлхийд  байхгүй шахам өндөр хүү төлдөг. Тэтгэврийн хүн, эсвэл ажил хийж байгаа хэн нэгний татварыг төр хурааж авчихаад жилийн 10 хувийн хүүтэйгээр банкинд байршуулаад байна.Ийм хүүтэй мөнгө олсон банк  25 хувиас нааш  хүүлж ашиг олно гэж байхгүй. Санхүүгийн тогтолцоо нь угаасаа тийм. Тэгвэл МАХН юу  хэлж байна  вэ гэвэл, төр, Төвбанк, Сангийн яам, банкуудад эх үүсвэр болгож мөнгө өгөхдөө хүүтэй өгдгөө больчих. Төрийн болоод Монголбанкны зорилго нь хүүгээр ашиг олох биш. Төрийн зорилго нь  ядуурлыг  бууруулах, Монголбанкны зорилго  макро эдийн засгаа тогтвортой түвшинд барих, түүнээс мөнгө хүүлэх   биш. Иймээс  Монголбанк өөрт байгаа хөрөнгөө банкууддаа хүүгүй байршуул, барилгачдад ч гэсэн  бага хүүтэй мөнгө зээлүүл, байр  худалдаж авч байгаа иргэддээ  туслаж   бага хүүтэй зээл олго. Засгийн газар  үүнд нь дэмжлэг үзүүл. Эцсийн дүнд  монголчууд ядуурлаас гарах нь татвар төлөгчдийн тоог өсгөх юм шүү дээ. Тэтгэврийн сангийн болоод бусад сангийн  мөнгийг банкуудад өндөр хүүтэй байршуулдгаа болих хэрэгтэй. Үүнээс болж банкууд эрсдэлээ дааж чадахгүй болсон. Жилийн 25-30 хувийн зээл авч  хөл дээрээ боссон бизнес  байхгүй.
 
-Зарим эдийн засагч үүнийг ямар ч боломжгүй гэж  байсан?
 
-Хүн хувьдаа  зээл авч компаниа томруулъя гэвэл өндөр хүүтэй зээл авч  хүссэндээ хүрэх үү,  бага хүүтэй зээлээр  компанийнхаа  үйл ажиллагааг  тэлэх үү. Банкны систем үүнтэй адил. Өөртөө бага хүүтэй зээл хүсдэг атлаа нийт салбарт  бага хүүтэй зээлийг төрөөс өгөх ёстой гэхээр “Тэгж болохггүй” гэж  байгаа Defacto Жаргалсайхан, Да.Ганболд нарыг  гайхаж байна. Ийм боломж байгааг дэлхий дахин харлуулчихсан. Хүүгүй мөнгө зээлж,эсвэл төрийн эх үүсвэрийг хямдхан авч гаршсан хүмүүс  ард түмэнд хүү багатай мөнгө өгье, компаниудад  бага хүүтэй  зээл олгоё гэхээр тийм байж болохгүй гэж байгаагаас  цөөн хүн баяжиж, ард түмэн дарлуулж байх ёстой гэсэн үзэл ханхалж байна. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлавал либераль буюу чадаж байгаа нь баяж, чадахгүй нь мөлжүүл гэсэн  логик юм. “Та нар өмнө нь хэрэгжүүлж байхгүй яасан юм бэ” гэж байгаа хүмүүст хэлэхэд  Н.Энхбаяр даргыг засаг тэргүүлж байх үед  Монгол Улсын эдийн засаг дөнгөж 200 сая ам.доллар байсан. Өнөөдөр эдийн засаг томрох бүх үндсийг тэр үед Н.Энхбаяр дарга  тавьсан. “Их өр”-ийг дарж, татвар, санхүүгийн тогтолцоог гольдролд нь оруулж, эдийн засгийг  дөрвөн жил дараалан өсгөсөн. Түүнээс хойш  гадаадын улс орнууд итгэл үзүүлдэг, дэмжлэг олгодог  болсон. Тэр бол эдийн засаг дөнгөж хөл дээрээ тогтож байсан үе. Ийм үед авдаг  арга хэмжээ өөр, нэгэнт хөл дээрээ тогтсон цагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр   тусдаа. “Өмнө нь хэрэгжүүлэхгүй яасан юм бэ” гэж  байгаа хүмүүст хэлэх бас нэг зүйл бол МАХН 2012,  2016 оны  мөрийн хөтөлбөртөө  энэ саналыг  дэвшүүлсэн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч дэвшүүлсэн. Харамсалтай нь хоёр том нам луйвар хийж ард түмний сонголтыг хулгайлсан. Манай намын даргыг сонгуульд огт оруулсангүй. Харин ч  2012 оны сонгуульд бид 5-6  гишүүнтэй, эвслээрээрээ 12 гишүүнтэй болохдоо З.Баянсэлэнгийг БХБ-ын сайдаар томилуулсан. Тэр хүн чөмгөө дундартал зүтгэж байгаад “Түрээсийн орон сууц” буюу урьдчилгаа 30 хувь төлдөггүй хөтөлбөрийг зориг гарган эхлүүлж чадсан. Тэр үед З.Баянсэлэнгийн эхлүүлсэн хөтөлбөрт 1520 айл орсон байдаг. Энэ эх үүсвэрээ шийдээд явсан бол Монголын ард түмэн  бүгдээрээ орон сууцанд орох боломжтой байсан. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлыг хийж чадсангүй. Ядуучуудыг хүн биш гэж боддог хүмүүс байгаа учраас тэр.
 
 
З.Баянсэлэнгийн оруулсан 1520 айлын 500 гаруй нь МАН-ын, 300 гаруй нь АН-ын гишүүн буюу дэмжигч, 20 гаруй өрх нь МАХН-ын гишүүн, дэмжигч юм байна лээ. Гэтэл өнөөдөр З.Баянсэлэнгийг тэнд 20 айл оруулсан гэж эрүү үүсгээд явж байна. Тэр том хөтөлбөрийг яаж эхлүүлснийг нь үл анзаарч, улс төрийн зорилгоор хавчин хяхаж байгаагийн нэг илрэл нь энэ.
 
 
Бид өмнө нь хийж байсан, одоо ч орон сууцны хөтөлбөрийг хийнэ. Миний зүгээс  “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг З.Баянсэлэнгэ маань нэгэнт эхлүүлсэн юм чинь  цаашид “Баясэлэнгийн хөтөлбөр”, Баянсэлэнгийн хууль  гэж нэрлэх саналыг намынхаа Гүйцэтгэх товчоонд санал оруулах бодолтой байгаа. Тэгвэл хүмүүст илүү ойлгомжтой байх.
 
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин