sonin.mn
АНКАРА. /Anadolu/. Анкара ОХУ-ын Су-35 сөнөөгч онгоцуудыг худалдан авна гэх мэдээллийг Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар няцаажээ.
“Турк улс Су-35 сөнөөгчийг худалдан авна гэх мэдээлэл бол худал мэдээлэл юм. Бид Америкийн тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх төслийн түнш бөгөөд бидэнд бидний эрхийг олгоно уу” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
 
Туркт Су-35 загварын 36 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээг Турк, ОХУ-ын хооронд байгуулахад тун ойртсон гэж “Daily Sabah” сонин энэ сарын 25-нд мэдээлсэн байна. Талууд мөн цаашид Оросын сөнөөгч онгоцуудын зарим сэлбэг хэрэгслийг Туркт үйлдвэрлэх тохиролцоонд хүрч магадгүй гэж тус сонинд бичжээ.
 
Үүний зэрэгцээ Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны дарга Дмитрий Шугаев 10 дугаар сарын 22-нд мэдээлэл хийх үеэрээ Анкарад Су-35, Су-57 сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх гэрээг хэрэгжүүлэх талаар ярихад эрт байна гэж  мэдэгджээ. Гэхдээ тэрбээр зөвлөлдөх уулзалт үргэлжилж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг