sonin.mn
 
 
ДМНН (Дархан Монгол Ногоон Нэгдэл) болон Монголын Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, Хамуг Монгол хөдөлмөрийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын консерватив нам, Монголын либерал нам, Монголын хөгжлийн хөтөлбөрийн нам зэрэг парламентад суудалгүй намууд, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний Альянс төв үндсэн хуулийг зөрчсөн, харгис дарангуй чанартай хуулиудын төслийг Ээлжит бус чуулганаар болон Намрын чуулганаар хэлэлцэж батлахын эсрэг хүч нэгдэн тэмцэнэ, баталж амжсаныг нь хориг тавиулах, цуцлуулахын төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
 
ДМНН-ийн тэргүүн н.Даш Монголд фашист дарангуйлал тогтох гэж байна гэж дүгнэв. Ногоон намын ЕНБД Ц.Нарангэрэл манай нам зөвхөн байгалийн бохирдол бус, улс төрийн бохирдлын эсрэг хатуу тэмцэн, хувьсгалт өөрчлөлт хийнэ гэв. Хамуг Монгол хөдөлмөрийн намын дарга О.Шинэбаяр биридүүдийн засаглалт бирид улс буй болгох гэсэн хуулиудыг яавч зөвшөөрөхгүй, тэд бүр улаан цагаандаа гарлаа, цайлаа гэв. Иргэний хөдөлгөөний намын дарга Д.Сүхжаргалмаа энэ хуулиудын төсөл бүгд хууль бус тул буцааж татах, батлагдсаныг нь хориг тавиулахаас өөр ямар ч аргагүй гэв. Иргэний Альянс төвийн тэргүүн Ж.Занаа ийм хуулиудын төслийг зүтгүүлж байгаа хүмүүс хуулийн хариуцлага хүлээх учиртай гэлээ.
 
Бусад нам хөдөлгөөнийхөн ярихдаа, хөдөлгөөд, намууд, иргэдийн шинэ хамтын ажиллагаа бий болж байгаа, шийдвэртэй, хүчтэй тууштай тэмцэх болно гэж байлаа. 
Намууд, хөдөлгөөд Ц.Элбэгдоржид эдгээр хуулиудад хориг тавихыг шаардаж, хориг тавихгүй аваас түүнийг огцруулахын төлөө тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж, бичиг хүргүүлж байгаа юм байна.
 
Хэвлэлийн хуралд “Луйврын хуулиудад хориг тавь!”, “Тэмцэл гэмт хэрэг биш, интернет-террор биш шүү!”, “Монголчууд аа, банкны лизингээ төлөхөө больцгоо!”, “Монголд эрхзүйт төр байхгүй боллоо!” гэсэн лоозонгууд харагдлаа.
 
ДМНН, иргэн н.Лхагвадорж нар Чингис хааны талбайд 11-18 цагт 8-р сарын 14 хүртэл хуулиудын асуудлаар санал асуулга зохион байгуулж байгаа ажээ.
Дашрамд, ДМНН, Монголын Ногоон нам өнгөрсөн долоо хоногт хуулиудын эсрэг хэвлэлийн хурал зохион байгуулсан. Нэгэнд нь хөдөлгөөд, нөгөөд нь намууд зонхилсон онцлогтой байлаа.