sonin.mn

Бөх сонин энэ дугаараасаа эхлэн "Дурсахуй" гэж шинэ булан нээж байна. Энэ буландаа үе үеийн алдарт бөхчүүдийн хань ижил, үр хүүхэд, ахдүүсийнх ньхалуун дурсамж, сэтгэлийн үгсийг хүргэж байх болно. Үнэндээ бид хорвоогоос эрт буцсан эарим нэг бөхчүүдийнхээ нэр, цолыг нь мэдэхээс цаашгүй болчих үе байдаг.

Цагтаа цалгиж, үзэгч олноо баясгаж явсан тэдний зам мөр, тэнгэрлэг барилдаан, дүр төрх нь бидний сэтгэлд үргэлж гэрэлтэж явах учиртай. Шинэ булангийн маань анхны зочин Д.Дамдин аваргын хүү, улсын гарьд Д.Баяраагийн гэргий Санжайжавын Алимаа байв. Энэ ховор бүсгүйтэй биднийг холбож өгсөн ТV-9 телевизийн бөхийн тайлбарлагч Ц.Батнасан ахдаа талархал илэрхийлье.

Д.Баяраа гарьд 1979 онд улсын начин, 1988 онд улсын заан цол хүртэж, 1984 онд 5, 1986 онд 6, 1989 онд 5, 1991 онд 6 даван шөвгөрсөн агаад 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд 8 давж шөвгийн гуравт үлдэн заан цолоо баталсан юм. Энэ амжилтыг үнэлж, 2004 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын гарьд цол олгосон түүхтэй.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Бөх сониныхоо нийт уншигчдад энэ өдрийнг мэнд хүргэе. Миний аав Өвөрхангай аймгийн Хужирт сумынх, ээжий минь Өлзийт сумын уугуул. Би аавыгаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгийн САА-н дарга байхад төрж хотод өссөн. Би арьсны технологич мэргэжилтэй. Мэргэжлээрээ бараг ажиллаагүй дээ. Олон нийтийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Ханьтайгаа танилцаж байсан тэр сайхан үеийг эргээд нэг дурсана уу?

-Бид хоёр 1979 онд танилцсан. Манай хүн Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд орох гээд Тэрэлжид бэлтгэл хийж байх үеэр би тэнд амарч байж таараад анх бараа бараагаа харсан.

-Анх харахад ямархуу залуу нүдэнд тань торсон бол ?

-Нэг өглөө усны өрөө рүү гүйгээд очтол шорттой тамирчин залуу өөдөөс гараад ирсэн. Тэгсэн би яг өмнө нь хөл алдаад сөхрөөд уначихгүй юу. Сандарсан, ичсэндээ дэмий л нөгөө залуу руу хараад инээсэн чинь өнөөх чинь юун татаж босгох бүр нүүр буруулаад яваад өгсөн. Тухайн үед "Ямар сонин залуу вэ, эмэгтэй хүн бүдрээд унаж байхад татаад босгох байтал..." гэсэн юм бодоод л өнгөрсөн.

Тэнд бид 2 албан ёсоор танилцаагүй юм аа. Тэгээд л удалгүй амралтын хугацаа дуусч би буцсан. Би 40 мянгатад төрж өссөн хүн л дээ. Сүүлд 40 мянгатын автобусны буудал дээр дахиад өнөө залуутай тааралдлаа.

Тэгсэн мэндэлж байна аа. Би ч "Таньдаг ч юм шиг. Хүн унахад татаад ч босгоогүй байж" ухааны юм бодож байгаа юм чинь. Ингэж л танилцсан. Сүүлд суусан хойноо "Тэгэхэд чи яагаад намайг татаад босгоогүй юм бэ" гэж асуусан чинь "Гэв гэнэт өмнө нэг их сайхан хүүхэн бүдрээд уначихаар ичээд нүүрээ буруулаад явчихсан" гэж билээ.

-Хэдийгээр татаж босгоогүй ч гэсэн таныг анзаарч харсан л байж дээ?

-Тийм юм байлгүй /инээв/. Тэрэлжид байх хугацаанд намайг анзаараад л мэдээд байсан юм шиг байгаа юм. Би болохоор "хүн унаж байхад татаж босгоогүй залуу" гэсэн шүү юм бодоод өнгөрсөн. Бид хоёр танилцаад нэг их удаагүй гэр бүл болсон доо. 1979 онд.

-Дархан аваргын хүү, бас өөрөө барилддаг гэдгийг нь хэзээ мэдэв?

-Манай хүн чинь 1979 оны 7сард наадмаар начин болоод 8 сард нь бид хоёр Тэрэлжид таарсан хэрэг. Гэхдээ би тэр үед бөх хүний хүүхэд, өөрөө улсын начин цолтой бөх гэдгийг нь огт мэдээгүй. Чөлөөт бөхийн л тамирчин юм байх гэж бодсон.

Сүүлд үерхэж байх хугацаандаа л мэдсэн. Манай хүн чинь төрөөд 10-хан сартайдаа Хөвсгөлийн Цагаан-Уүр суманд аавынхаа ээж Дарь гуайнд очоод 19-тэй цэрэгт иртлээ эмээтэйгээ амьдарсан юм билээ.

-Гэр бүл болох саналаа танд хэрхэн хэлсэн бэ, танд?

-Ёстой нэг эр хүн шиг хэлсэн дээ. Би заавал чамтай сууна гэж. Хүн шууд тулгаад хэлчихээр хэлэх үг олддоггүй юм билээ. Би суухгүй гэлтэй биш... /инээв/. Өмнө уулзах гээд ирэхдээ бээлийгээ л "идээд" байдаг байсан. Сүүлд чи яагаад бээлийгээ идээд байдаг байсан юм бэ гэхээр "Тэгэлгүй яах юм бэ. Чи нэг их том нүдээр өөдөөс тас ширтээд байхаар ичээд, сандраад тэр..." гэдэг байсан.

-Та ямар зан чанарыг нь онцолж анзаарав?

-Эр хүнд байх ёстой бүх зан чанар ханьд минь байсан шүү. Юманд хүлээцтэй, даруу төлөв, чиглэсэн сонгосон зүйлдээ зоримог дайчин.

-Заан цол цол авахад нь та хүү төрүүлж давхар баярлуулсан гэдэг байх аа?

-Заан болсон тэр наадам их дурсгалтай. Бид дөрвөн охинтой, 5 дахь хүүхэд төрөх гээд байж байсан үе. Наадам тулчихсан. Манай хүн Баянчандманьд бэлтгэлд гарчихсан байв. Санаа нь зовоод л Баянчандманий төв дээр ирж надтай утсаар ярьж, өвдөж байна уу гээд л асууна.

Тэгээд 7 сарын 10-нд бэлтгэлээсээ бууж ирээд 11-ний орой нь би өвдөж эхэлсэн. Эхэндээ ч нөхрийгөө санаа нь зовчихно гэж бодоод нуулаа. Бүр өвдөөд болдоггүй. Охидууд ч "Ааваа, ээж өвдөөд байна" гээд гүйлдэхгүй юу. Төрөхөд хүргээд мань хүн үүдэнд сахиад үлдсэн. Эргэлтийн хаалганы цонхоор очоод хартал хань минь суугаагаараа унтаж байна аа.

Тэгэхээр нь дуудаад "Намайг одоо төрөхгүй гэнэ. Маргаашнаас нааш төрөхгүй юм байна, харьж амар" гэж худлаа хэлээд явуулчихсан. Тэгсэн 12-ны үүрээр хүү минь төрсөн дөө. Хадам аав минь тэгэхэд "За хүү минь наадмын өглөө хүүтэй болсон хүнд зориг л дутна уу гэхээс аз хийморь дутна гэж байхгүй шүү" гэж хэлсэн юм гэдэг.

-Гарьд өөрөө бас наадмаар төрсөн гэдэг билүү?

-Наадмын дараа 14-нд төрсөн юм билээ. Тэр үед наадам 3 өдөр болдог байсан юм болов уу даа. 1950 хэдэн онд. Аавыгаа улсын наадамд 2 дахь түрүүгээ авахад нь төрсөн гэдэг юм.

-Заан болчихоод хүү дээрээ бөөн баяр ирсэн үү?

-Тэгэлгүй яахав. Төрөх даяараа л баяр хөөр болсон. Эмч сувилагч нар "сая заан болдог залуугийн эхнэр хүүхэд хаана байна" гээд л, ирж баяр хүргээд. Аавыг нь заан болоод туг тойрч байхад нь нэвтрүүлэгч Ганбаатар "Баяраа маань өнөө өглөө хүүтэй болсон, давхар баяр тохиолоо" гээд зарлахад стадион даяар шуугиж, алга ташин баяр хүргэсэн гэдэг юм.

-Төрмагнай гэдэг нэрийг их л учир утга бодож өгсөн байх даа?

-Өвөө нь /дархан аварга Д.Дамдин/ тэр жил зүүний магнайд гарсан. Тэгээд төрийн наадмын магнай болж яваарай гэсэн утга, бэлгэдлийг бодож Төрмагнай гэдэг нэр өгсөн юм.

-Хүү тань та хоёрыг бас багагүй хүлээлгэж байж төржээ?

-Тийм шүү. Дөрвөн охины дараа хүү минь төрсөн. Би охин хэд ч төрсөн хамаагүй, хүү гартал нь төрөөд л байя гэж боддог байлаа шүү дээ /инээв/.

-Гарьд хүүгээ бөх болгох талаар ярьдаг байв уу?

-Миний хүү чинь 3 настайгаасаа аавыгаа дагаж наадмын бэлтгэлд гарсан хүүхэд. 23-р сургуульд сурч төгссөн. 9-10-р анги төгсөтлөө бөмбөг хөөгөөд явж байг, 10 төгсөхөөр нь арай өөр зүйлд сургана аа гэдэг байсан. Одоо бодоход бөх рүү аажуу оруулъя гэж бодсон юм шиг байна лээ.

-Амьдралд баяр гуниг, зовлон жаргал ээлжилдэг нь жам. Ялангуяа тамирчдын ар гэрийнхэн хэцүү бэрхийг бусдаас илүү тэвчих шаардлага гардаг юм уу даа?

-Тийм шүү дээ. Би чинь анх суухдаа айлын эрх танхи охин байлаа. Гэр бүл болсны дараа амьдрал ёстой буцалж байгаа юм. Манай хүн их спортоор хичээллэдэг, зав чөлөө тун бага. Хүүхдүүд маань ойр ойрхон гарчихсан. Хүүхдийн бие муудаад "гэр бүлийнхээ хүнийг дууд" гэх үед нөхөр маань маргааш нь олон улсын тэмцээнд алтын төлөө барилдах болсон байх жишээтэй.

Тийм үед гүрийгээд л ганцаараа даваад гарахаас өөр аргагүй шүү дээ. Бишгүй л их зовлон тохиолдсон. 1983 онд Дэлхийн залуучуудын аваргад нөгөөдөр явна гэж байхад нь манай нэг охин өнгөрч байсан. Улсын зардлаар бүтэн жил тэр тэмцээнд бэлдчихсэн хүн чинь явахаас өөр аргагүй. Урд орой нь надад "Чи л шийд" гэхээр нь "Яв даа, нэгэнт алдчихсан үр минь босоод ирэх биш" гээд л явуулсан. Амьдрал хүнийг хатуужуулдаг юм билээ.

-Гарьд чөлөөтийнхөө хажуугаар үндсээр тогтмол барилдаж амждаг байсан болов уу?

-Бөхдөө хачин их дуртай. Их Шигшээд байх үед нь үндэсний бөхөөр барилдахыг бараг хорьдог байсан. Амралтын өдрүүдээр багш нараасаа нуугдаж ирээд үндэсний бөхийн барилдаанд оролцдог байлаа. Гэртээ зодог шуудгаа авах гээд ирэхээр нь би заримдаа хориглоно оо. "Жаахан амар" энэ тэр гээд. Өдөр 2 цаг болоод ирэхээр "Хорхой хүрээд байна, хөгшин нь барилдчихаад ирье" л гэнэ. Тийм дуртай. Тэр үед олон сайхан аварга, арслангууд ид барилдаж байсан үе. Барилдаан нь ч их сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог байж.

-Та хааяа дагаж очоод бөх үзэх үү...?

-Ойрхон олон хүүхэд гаргачихсан би гэдэг хүн барилдааныг нь тэр болгон үзэж амждаггүй байв. Наадмаар хэдэн хүүхдээ дагуулаад "бөх хурдан дуусаасай" гээд л стадион тойроод өнжинө шүү дээ. Манай хүн улсын наадамд үеийнхнээсээ арай олон жил барилдсан, дор даваанд унана гэж байх биш. Өдөржин л стадионы гадуур нь эргэлдчихдэг байлаа.

-Хувь хүнийхээ хувьд ямархуу зан араншинтай хүн бэ?

-Ер нь зоримог зантай, хурц барилдаантай хүн. Тэгсэн хэрнээ амьдрал дээр их зөөлхөн. Хүүхдүүддээ гар хүрэх нь битгий хэл ширүүн ч харж үзээгүй дээ. Хүүхдээ надаас хүртэл өмөөрнө, гэр бүлээ бусдаас их харамлана.

Сүүлд чөлөөтөө орхиод арай зав чөлөөтэй болсон үедээ хоол их гоё хийдэг байсан шүү. Маш цэвэрч. Эмээ нь Оросын буриад хүн байсан учраас багаас нь маш нямбай, цэгцтэй, цэвэрч болгож хүмүүжүүлсэн. Их гэнэн цайлган сэтгэлтэй. Жаахан хүүхэд шиг. Хэрвээ бөх болоогүй бол нисгэгч болох байсан гэж ярьдаг юм. Бас хэрвээ монголд далай байсан бол усан онгоцны жолооч болохсон... гэнэ.

-Тухайн үед хүмүүс "Дархан аваргын хүү сайн барилдаж, түрүүлэх ёстой" гэж шахдаг байсан болов уу?

-Яг өөрт нь тэгж хэлж байсан үгүйг мэдэхгүй юм аа. Гэхдээ хэн юу ч гэж хэлсэн автахгүй, өөрийнхөөрөө л байдаг хүн дээ.

-Барилдааныхаа тухай танд ярих уу?

-Ярина аа. Ярихдаа их хөөрхөн юм ярина. Манай хүн чинь өнгөртлөө барилдсан юм шүү дээ. Их хурдан шуурхай барилддаг хүн чинь сүүлдээ их удаад зуураад байдаг болчихсон. "Миний хөгшин яагаад л зуураад байдаг юм дээ„," гэхээр "Аа, яахав, унасан ч цааш нь даваагүй болгож байж унана шүү" гэнэ. Тэр үг нь надад их таалагддаг байсан.

Яагаад гэхээр шантардаггүй байсан байхгүй юу. Тэрнээс биш за, за би ямар давах биш барилдахаа болъё гээд бүр боливол больчихно шүү дээ. Хамаг бяр чадлыг нь дуустал зуурна гэдэг бас л шийртэй, мундаг байгаагийн шинж гэж боддог байсан. Нэг удаа манай охин аавтайгаа хамт очин бөх үзэж. Аав нь 45-46 хүрчихсэн байсан үе л дээ.

Тэгсэн охины маань урд суусан залуу бөхчүүдээс нэг нь "Баяраа заантай таарчихаж. Хөгшин бөхийг дор нь хаячих" ухааны юм яриад гарснаа удаа ч үгүй уначихаад ороод ирж. Найз нар нь чи хөгшин бөх дийлсэнгүй юу... гэхэд нөгөө залуу "Юу ярьж байгаа юм. Хоёр гар нь аймаар юм байна, дийлсэнгүй" гэж.

Тэгсэн аав нь дороос "Миний охин хувцас аваад ир" гээд дуудахгүй юу. Охин маань гэртээ ирээд "Ээжээ хүн суудал дээрээ шууд агшдаг юм байна лээ. Тэд нар шууд агшаад би тэд нар руу харж инээд алдаад л буусан" гэж билээ /инээв/.

-Тэр сайхан бөхийг усанд үйчихсэн гэх хар мэдээ сонсоход нэг л итгэмгүй санагдаж байсан...?

-Тэр жил Хөвсгөлийн хүчтэн дэвжээнийхэн анх удаа Сүүж уулын амралтанд бэлтгэлд гарсан юм. Бүгдээрээ наадмын өмнө тамирчдын баярын барилдаанд ирж барилдсан юм билээ. Бөх тараад надруу залгаад "Энд хүүтэйгээ уулзчихлаа. Одоо унаанаасаа хоцрох нь. Буцаад бэлтгэл рүүгээ явлаа" гэж хэлсэн.

Тэгсэн нэг найз нь таараад хамт Хөвсгөл явчихаад ирье гээд дагуулаад явчихсан юм билээ. Над руу Эрдэнэт, Тосонцэнгэл хоёроос нэг нэг ярьсан. Сүүлийн удаа ярьж байгааг нь яаж мэдэх билээ. Тэгсэн 7 сарын 8-нд хүн надруу яриад тийм юм болчихлоо гэж хэлсэн. Гэнэт тийм мэдээ сонсох чинь үнэхээр хүнд юм билээ. Охин, хүргэн хоёртойгоо нисч очоод шарилыг нь авчирч энд нутаглуулсан даа.

-Дараа нь усанд их сайн сэлдэг байсан,,, энэ тэр гэсэн дэл сул яриа дуулдаж байсан?

-Шигшээд    байхдаа Оюунболд гавьяат, манай хүн хоёрыг Москвагийн бассейнд гайхмаар сайн сэлж байсан гэж сонссон болохоос энд гол усанд сэлж байхыг нь би хараагүй л дээ /Нулимстай, харуусалтай ярилцлагын маань хамгийн хүнд хэсэг байлаа/.

-Танайх чинь нэг хэсэг Хөвсгөлд амьдарсан уу?

-Үгүй ээ. Манай хүн л Цагаан-Уул сумын засаг даргаар 6 cap очиж ажилласан. Удаагүй.,Тэнд ажиллаж байх хугацаанд нь би очиж cap гаруй хамт байсан. Их сайхан нутаг л даа. Зургаан сарын дараа нэг өдөр утасдаад "Болъё хө, гэртээ харьж явна" гэж ярьж байсан. Болмооргүй санагдсан байх.

-Та нөхрөө ид барилдаж байхад ажил хийж байв уу, гэртээ хүүхдүүдээ өсгөх үү?

-Ажлаа хийгээд л явдаг байсан. Төрчихөөд 45 хоноод л ажилдаа орно. Том нь охид юм болохоор дороо тусд ороод, дүү нараа өсгөлцөөд явчихдаг байсан. Нөхрийнхөө амжилтын төлөө чадах чинээгээрээ л зүтгэж, халамжилсан даа. Дарханд байдаг а.а Наранцогт гэдэг найз нь ирэхээрээ "Чамд заан цол багадахаар юм байна. Чи арай дэндүү халамжинд амьдарч байна шүү" гэж хэлж байсан удаатай.

-Би сая та хоёрын залуугийн зургийг хараад ямар сайхан хос байгаа вэ гэж дотроо өөрийн эрхгүй дуу алдаж суулаа?

-Бид хоёрыг үеийнхэн маань сайхан хос гэдэг байсан шүү. Өөрсдөө гоё сайхнаа ч нэг их мэдрэх биш. Хамтдаа автобус унаанд суухаар хүмүүс их харна аа. Ямар сайндаа хүнсний 20 дээр буух гэж явснаа гэнэт Ленин клуб дээр буучихна. Яаж байгаа юм гэхээр яршиг, яршиг хүмүүс хараад байх юм. Ганцхан буудал юм чинь алхчихья... гэж байхав дээ.

-Та хоёрт адил төстэй зан чанар байсан болов уу?

-Бий шүү. Их мэдрэмжтэй хоёр доо. Аливаа зүйлийг хараад дүгнэхдээ санаа их нийлнэ. Бас зоримог. Би бага залуудаа мото спорт их сонирхдог байлаа. Бүр бартаат замын уралдаан үзнэ. Тэр үед Чехийн мотоспортынхон хамгийн мундаг нь байлаа. Манай хүн бас их зоримог. Бөхчүүд жийрхэнэ шүү. Олон таван үггүй, шалчигнаад байгаа нөхдүүдийг шууд л цохиод унагачихдаг. "Хүүеэ чи чинь тийм том биетэй хүнийг цохиод унагачихаж байгаа юм уу? гэхээр "Хнн, тэд нарын зодолдох гэж юу байдаг юм. Маажиж, чимхэхээс өөр ид шидгүй" гэдэг байж билээ /инээв/.



-Амьдрал ахуйгаа хэрхэн төвхнүүлж байсан бол...?

-Хэдийгээр том бөхийн хүүхэд ч гэлээ бид бусдын л адил тэгээс л эхэлсэн хоёр. Эхний гурван хүүхдээ гарчихсан байхад айл айлын өрөө дамжаад амьдардаг байлаа. Зарим үед 7 буудал, Зурагт, Баянхошуунд айлын хашаанд гэр бариад ч амьдарсан. Тэр үед чөлөөтийн бэлтгэлд гарчихаад өглөөний заряткад гүйнгээ хүрч ирэн гал түлж өгчихөөд буцаад гүйгээд явчихна.

Нэг удаа 7 буудалд байхад "40-өөд минут алхдаг юм байна шүү" гэсээр алхаад харьж байсан. Тэр үед такси унаа ховор. Тэгж амьдарсаар нэлээд хэдэн жилийн дараа хань минь дэлхийн армиудын аварга шалгаруулах тэмцээнд аварга болоход Дорж генерал байрны түлхүүр гардуулж байсан даа. Одоо бодоход залуу нас сайхан байжээ. Зовж зүдэрлээ гэж бодох юмгүй инээд алдаад л гүйж явдаг.

-Та одоо ч бөхийн амьдрал дунд байгаа юм байна шүү дээ. Хүү барилдаж байна, хүргэн барилдаж байна?

-Тиймээ. Бөхийнхөө амьдрал дунд л байна. Хүү Төрмагнай маань аймгийн харцага, хүргэн Б.Болдбаатар аймгийн заан цолтой. Манай хадам аав "Танай охидуудаас л бөх гарна даа" гэж их хэлдэг байсан. Тийм алдартай аав, хүү бөхийн удам тасрахгүй, үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байдаг шүү, эгч нь.

-Та түрүүн хүүгээ өдөр ирэх тусам аавтайгаа адилхан болоод байна гэж байсан даа?

-Тиймээ. Аавынх нь найз нар ирэхээрээ "Хүний хүүхэд эцгээ дуурайж болдог. Гэхдээ энэ Төрмагнай арай л дэндүү нарийн дуурайжээ" гэдэг юм. Ярьж байгаа, инээж байгаа нь зарим хедөлгөөн нь хүртэл яг шүү. Цочтол харагдана. Эгч нар нь хараад заримдаа уйлчихдаг юм. Бас аав шигээ дуугүй талдаа.

-Та одоо хүүгээ тууштай барилдуулах талаас нь хэр их хэлж, ярьж байгаа вэ?

-Нэг их шахаад шавдуулаад байдаггүй юм аа. Харин аавынх нь барилдаж байх үеийн арга барил, ёс жаягийн талаар нэлээд ярьж өгдөг. Манай хадам аав, хань, хүү гурав минь нийлээд монгол бөхийн бүх цолыг авсан юм шүү дээ. Хадам аав заан цолыг алгасч арслан болсон болохоор заанаас бусад цолыг авсан гэж байх үед миний хань заан болсон.

Сүүлд харцага цол гараад энэ цол л дутуу байна гэж байхад хүү минь аймгийн харцага цол авлаа. Би хүүдээ манайх чинь монгол бөхийн бүх л цолыг авлаа. Миний хүү аймгийн харцага болсон юм одоо улсын харцага болох байх даа гэж хэлж, бэлгэшээж суудаг юм.

Өөрөө ч бөхдөө дуртай, хүү минь. Уг нь дээд сургуулиа англи хэл, аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн юм шүү дээ. Мэргэжлээрээ ажилла гэж хэлж чадахгүй юм аа. Дуртай зүйлийнхээ төлөө явж байг дзэ... гэж боддог.

-Та бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөж байна. Сайхан ханийнхаа тухай сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

-За баярлапаа. Бөх сониныхоо хамт олон болон нийт уншигчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан С.Бадамгарав

Эх сурвалж: “Бөх” сонин