Маргааш тавдугаар сарын 15. Олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан сэтгэл судлаач Ц.Энхжаргалтай ярилцлаа. Бидний яриа залуу гэр бүлүүдийн сэтгэл зүй болоод тэдний өмнө тулгарах бэрхшээлүүд хэрхэн үүсдэг, түүнийг хэрхэн даван туулбал зохистой, гэр бүл тогтвортой оршин тогтноход залуу хосуудын харилцаа болон хандлага хэр чухал байдаг талаар өрнөсөн юм.
-Сүүлийн үед хөгшид бидний залуу байхад гэр бүл салалт гэдэг юм бараг байдаггүй байлаа. Харин одоогийн залуус бараг суугаад л маргааш нь салах болж гэж ярих боллоо. Гэр бүл салалт яагаад ингэж ихсэх болов?
-Гэр бүл нь зөвхөн хувь хүнээс эхлээд шинжлэх ухааны түвшинд хүртлээ маш олон салбараар судлагдаж байгаа. Учир нь энэ бичил нийгэм аль ч цаг үед хүний үнэт зүйлүүдийн эгнээг тэргүүлсээр ирсэн юм.
Энэ үнэт зүйл бидний хувьд яагаад асуудалтай болж ирсэн юм бэ гэх асуулт гэр бүл судлаачдын анхаарлын төвд байна. Монгол гэр бүлд л гэхэд маш олон асуудал тулгарч гарч ирсээр байна. Социализмын гэгдэх үеэс өдгөө огт өөр болчихож.
Тэр үед гэр бүл салалт харьцангуй бага байсан. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ. Энэ нь хувь хүний ёс зүй бага зэрэг эвдэгдсэнтэй холбоотой. Статистикаас харвал гэр бүл салалт маш ихээр өсч байгаа. Түүнийгээ дагаад гэр бүл болох нь ч мөн адил цөөнгүй үзэгдэл болсон.
Энэ их зөрүү яагаад гарах болсон бэ гэхээр хэт их залуу буюу төлөвлөөгүй гэр бүлүүд буй болж байгаатай холбоотой. Гэр бүл зохиох төлөвлөлт гэж байхаа больж. Үүнд хувь хүний ч алдаа байгаа ч бас эцэг эхчүүдийн анхаарал халамж бага байгаатай холбоотой.
-Залуучуудад амьдралын жинхэнэ ханиа сонгоход чухам ямар асуудал тулгарч байна вэ?
-Гэр бүл зохиох гэж буй хосууд маань сэтгэл зүйн хувьд бэлэн бус байна. Өөрөөр хэлбэл хань болох гэж байгаа хүнээ хангалттай сайн судлаагүй байдаг. Ядаж л энэ хүн надад тохирох уу, үгүй юу гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй.
Ингэхдээ дийлэнх залуус маань тухайн хүн өөрт тохирох эсэхийг ахуйн талаас нь хардаг. Сургуулиа төгссөн үү, үгүй юу, байр суурь, цалин мөнгө нь хэр юм гэх зэргээр нөгөө хүнээ шинжээд байхаас биш хэр нийцтэй вэ гэдгээ боддоггүй. Мөн тэд гэр бүл болоход бэлэн эсэхээ ч мэддэггүй.
"Хайр дурлал мандтугай" гээд сэтгэлийн хөөрлөөрөө нийлчихдэг. Харамсалтай нь тэрхүү хайр нь нөгөө хүнийх нь сул талыг халхалчихдаг. Харин суусан хойноо л асуудлуудаа олж хардаг. Тиймээс гэр бүл болохоосоо өмнө бие биеэ сайтар таньж, хэр нийцтэй эсэхээ мэдэх нь чухал.
-Тэгвэл гэр бүл болсон хосуудын хувьд тулгардаг асуудлын дийлэнх нь юунаас болж үүсч байна?
-Үүсч буй зөрчлийн хамгийн гол шалтгаан нь хосуудын харилцаа, түүн дотроо ажил үүргийн хуваарилалт. Тодруулбал, орчин үеийн эмэгтэйчүүд бидний ээж, аавын үеийнхээс өөр болчихож. Өнөөдөр хоолоо хийгээд, нөхрөө хүлээгээд сууж байгаа эмэгтэйчүүд ховор.
Бүгд л ажил төрөл, карьер хөөж хажуугаар нь ар гэрээ авч явж байна. Гэтэл энэ ажил хэргийн хуваарь маань бодит амьдрал дээр зөрөөд байдаг. Эрчүүдийн дийлэнх нь өөрсдөө мөнгө олж гэр бүлээ тэжээхийг зорилгоо болгодог бол эхнэрээ ар гэрийн ачааг үүрэх ёстой мэтээр сонгодог арга барилыг илүүд үздэг.
Наад зах нь аяга хэн угаах дээр зөрчил үүсч эхэлдэг. Эрчүүд нь би айл гэрийн эзэн байтлаа яахаараа аяга угаадаг юм гэдэг. Харин эмэгтэйчүүд би ч бас мөнгө олж байна чи яагаад угааж болдоггүй юм гэж барьцдаг. Ингээд л үзэл бодлын зөрчилдөөн үүсч эхэлнэ.
-Тэгвэл энэхүү үзэл бодлын зөрчилдөөнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Анхнаас нь зөрчилдөж буй гол асуудлаа олж тогтоон сайтар ярилцаж хэлэлцэж байх нь чухал. Барууны орнуудад бол аль хэдийнэ гэрээ хийдэг болчихсон. Энүүхэндээ гэхэд хосууд эртнээс л учрах бэрхшээлүүдээ наана нь тохиролцож байх хэрэгтэй.
-Залуу хос эдийн засгийн асуудлаас болж зөрчилдөх нь элбэг байдаг юм шиг санагддаг?
-Залуу хосын дийлэнх нь эдийн засгийн хувьд эцэг эхээс хамааралтай байдаг. Шууд тусдаа гараад амьдрах нь тун ховор. Ихэнх нь хадмын хаяа түшдэг учраас маш их зөрчилдөөн дунд амьдардаг. Ялангуяа бэрүүд хадмуудтайгаа таарахгүй байх тохиолдол элбэг.
Энэ нь түрүүнд ярьсан уламжлалт сэтгэлгээ устаж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн хадамдаа нийцтэй хүлцэнгүй, номхон, дуу хоолойгоо хамгийн сүүлд өргөдөг байдал алдагдсан. Хадам, бэрийн зөрчилдөөнөөс нөхөр нь хэнийх нь ч талд орж чадахгүй байсаар сүүлдээ даамжирч гэр бүлийн зөрчил үүсдэг.
-Нэг талаар гэр бүлийн зөрчил үүсэх шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүний төрөлхийн ялгаатай байдлаас үүдэлтэй байж болох уу?
-Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог яахын аргагүй өөр л дөө. Наад зах нь тэдний хувцсаа өмсч байхыг хараарай. Эмэгтэйчүүдийн дийлэнх нь цамцаа эхэлж өмсдөг бол эрэгтэйчүүд эсрэгээрээ. Эмэгтэйчүүд ихэвчлэн баруун гараараа утсаа авдаг бол эрэгтэйчүүд аль ч хамаагүй гараараа авдаг.
Эрэгтэй хүн нэг зүйл дээр л төвлөрдөг бол бүсгүйчүүд маань мянга мянган асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Бүсгүйчүүд нүүрээ будангаа юм ярьж, хоолоо хийх чадвартай. Тэд олон зүйлд санаа тавих чадвартай учраас магадгүй стресст амархан өртдөг.
Ер нь бүсгүйчүүд ажлаа хийгээд сууж байгаа хэрнээ сэтгэл санаагаараа аль хэдийнэ гэртээ оччихсон хоолоо хийж байдаг. Энэ мэт тархины бүтэц ондоо болохоор тэдний дунд үл ойлголцол үүсэх нь аргагүй шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд нөхрөөсөө хүсч байдаг ганц зүйл бол сэтгэл санааны байдлаа хуваалцах.
Тэдэнд заавал шийдэл хэрэггүй. Учир нь эмэгтэйчүүд яах ёстойгоо ихэвчлэн мэдэж байдаг. Зүгээр л тэд өдөр болсон үйл явдлаа ярьж, уйтгар гунигаа л хуваалцахыг хүсдэг. Гэтэл үүнд эрчүүд надаас ямар нэгэн зөвлөмж хүсч байна гээд шийдлийг нь хэлэх гээд уцаарлаж, загнах нь бий.
Үүнээс болж эхнэрүүд нөхөртөө чи намайг сонсдоггүй, ойлгодоггүй гэж гомдоллодог. Харин эмэгтэйчүүд эрчүүдийг яг л өөр шигээ санаж нөхрөө ажлаас нь ирэхэд тайван орхилгүй бүхий л асуудлыг нь яриулж мэдэх гэж зүтгэдэг, шалгаадаг. Гэтэл эрчүүд бусадтай зөвлөх бус өөрөө шийдэх дуртай.
-Монгол эмэгтэйчүүд нэгэнт л эхнэр нь болчихсон юм чинь яаж ч харагдсан яадаг юм гэх хандлагаар өөрсдийгөө зөнд нь орхидог. Үнэндээ бүсгүйчүүдийн алдаа нь энэ юм шиг санагддаг. Тийм үү?
-Эмэгтэй хүн нөхөртэйгээ анх учирч хэрхэн дурлуулж байсан яг л тэр хэвээрээ байх ёстой. Мэдээж үргэлж гоо үзэсгэлэнгээ хадгалаад байх боломжгүй. Гэхдээ л миний эхнэр гэж хэн бэ гэхээр ууртай, ааштай, үглэсэн байдалтай бодогдохоор байхуу, эсвэл инээмсэглэсэн, үргэлж дэмждэг, ойлгодог, хүслийн дээд эмэгтэй нь байх уу гэдгээ сонгох хэрэгтэй.
Ер нь эхнэрүүдийг ар гэрийн менежерүүд гэж нэрлэж болно. Гэр цэвэрлэх, хоол хийхээс эхлээд хүүхдээ хүмүүжүүлэх, гэр орны төсвөө зарцуулах зэрэг бүхий л ажлыг нуруундаа үүрдэг. Тэд энэ их ажилдаа дарагдаад гадаад төрхөөсөө авахуулаад өөрсдийгөө хаячихдаг.
Түүгээр ч барахгүй өөрийн зан араншингаа хянахаа байдаг. Ааштай, үглээ болсноо нөхөр, хүүхдүүдээсээ боллоо гэдэг. Би та нарын төлөө, хүүхдээ өсгөхийн тулд ийм боллоо гэдэг. Гэтэл тийм биш.
Эмэгтэй хүн тухай бүрд нь хяналт тавиад асуудлыг шийдээд явсан бол эвдрэхгүй байх бүрэн боломжтой. Тиймээс өөрийнхөө зан араншинд анхаарч байх хэрэгтэй. Маш олон тактикийг боловсруулж байх нь чухал.
-Ингэхэд эхнэр, нөхрүүд юунаас болж өөр хоорондоо үнэ цэнээ алдаж эхэлдэг вэ?
-Эхнэрүүд нөхрийнхөө хүндлэлийг олдог нэг зүйл бол найз нөхдийнх нь дунд биеэ авч яваа байдал юм. Ямар ч адгийн эрд өөрийн нэр хүндээ хамгаалах хэрэгцээ эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг.
Эмэгтэйчүүд яагаад нэр хүндээ алдаж эхэлдэг вэ гэхээр тэд нөхрөө найз нарынх нь дунд муулж, загнаж, доош нь хийдэг. Харин ямар нөхрүүд эхнэрээ хүндэтгэж байна вэ гэхээр олон нийтийн өмнө өөрийг нь үргэлж толгой дохиж дэмжиж байх тохиолдолд.
Эхнэрүүд ч бас. Заримдаа буруу ч ярьсан гэсэн дэмжиж байх нь чухал. Эмэгтэйчүүд өөрсдөө хүндлүүлэх зүйлээ хийх хэрэгтэй. Бас тэднийг давраахгүйн тулд овжин аргаар аливааг хийлгэж сургах нь зүйтэй.
-Эрчүүд үргэлжид эрх чөлөөг хүсч эрэлхийлэх хэрнээ эхнэртээ эрх чөлөө олгох тийм ч дуртай биш байдаг?
-Энэ бас л эрчүүдийн хандлагатай холбоотой. Тэд үргэлж эрх чөлөөтэй байхыг цаанаасаа л эрмэлздэг. Харин эмэгтэйчүүдэд эрчүүд шиг тийм их эрх чөлөөтэй байх хэрэгцээ байдаггүй, хэн нэгнээс хамааралтай байж хайрлуулахыг л хүсч байдаг.
Эрчүүд эмэгтэйчүүдийг өөрсдийг нь бодвол сул, хөнгөн, бие бялдрын хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй гэж боддог учраас "барих" сонирхолтой байдаг. Энэ хандлага нь эмэгтэйчүүдэд шударга бус юм шиг санагдах нь бий.
Яасан бэ тэр хүйсийн тэгш эрх, би ч гэсэн шоудмаар байна гэж бүсгүйчүүд ярьдаг. Хамгийн гол нь нөхөртөө итгэл олох нь чухал. Ингэсэн цагт нөхрүүдээрээ "виз даруулж" чадна.
-Таны бодлоор аз жаргалтай амьдрал гэж юуг хэлэх вэ?
-Аз жаргалтай амьдрал гэж юу юм бэ гэдэг асуултанд маш олон эрдэмтэн мэргэд хариулсан байдаг. Тэндээс хамгийн классик нь "чиний аз жаргалтай өнгөрүүлсэн өдрүүдиин тоо юм" гэсэн хариулт байгаа юм. Төсөөл л дөө.
Эрүү өвдөг нь нийлсэн өвгөн эмгэн эргээд юуг дурсах вэ өндөр карьер, мөнгө бодох уу, үгүй л байхгүй юу. Харин хэчнээн хүн баярлуулснаа, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн аз, жаргалтай өдрүүдээ дурсах болно.
Сайн хүн гэж хэнийг хэлдэг вэ гэхээр хажууд нь сэтгэл амар тайван байх тэр хүнийг хэлдэг. Эхнэр, нөхөр тань таны хажууд байхдаа энэ мэдрэмжийг амсч чадаж байвал энэ чинь аз жаргал шүү дээ.
-Төгсгөлд нь нэг асуулт асуухад амьдрал дээр хосууд бие биеэ хуурлаа гэж бодоход нэгнээ уучлах ёстой гэсэн хандлага яваад байдаг. Энэ тал дээр таны бодол?
-Энэ бол хувь хүн, суурь хүмүүжлээсээ маш их хамаатай асуудал. Мөн хэнтэй найзлаж нөхөрлөж байгаагаас их хамаарна. Эхнэрүүдэдч бай, нөхрүүдэд ч бай найз нөхдийн нөлөө асар их. Дандаа хүүхэн ярьсан, элдэв буруу хандлагатай хүмүүсийн дунд байвал нөхрүүд ч бас автах магадлалтай.
Янз бүрийн хандлага, яриа байсан ч түүнд автахгүй хамгийн ихээр бие биедээ л итгэх нь чухал. Магадгүй хэн ч сэтгэл алдарч болно. Гэвч энэ бүхнээс яаж өөрийгөө авч гарах, гэр бүлээ хадгалж үлдэх нь таны хүч чадлаас хамаарна.
Тиймээс эхнэр нөхрүүд бие биедээ асар их итгэж байгаагаа мэдрүүлж байх хэрэгтэй. Гэр бүлээ хадгалж үлдэхийн тулд өөрийгөө золиослох тэр асуудал дээр "нөхөр намайг хуурсан юм уу, эсвэл би өөрийгөө хуураад байна уу" гэдгийг тунгаах нь зүйтэй.
Магадгүй зарим гэр бүлд уучлал ирсэнээр урьд урьдынхаас илүү дэвжиж дээшилсэн тохиолдол байдаг. Сэтгэл зүйн хувьд хүчирхэг эрчүүд нэг алдаа хийсэн бол эхнэрээ улам хайрлаж ахин тийм алхам хийдэггүй.
Ер нь уучлал нигүүлсэл аль ч шашинд аврах хүч байсаар ирсэн. Магадгүй та энэ удаа уучилснаар өөрийгөө эрх чөлөөтэй болгож байгаа ч юм билүү. Хүнийг гэхээсээ илүү өөрийхөө сэтгэлийн дотоод эрх чөлөөг олно гэдэг чухал шүү дээ.
Э.Анударь
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Сэтгэгдэл0
LIKE
Saixan niitlel boljee. Tsegtstei bogood ogoojtei.Cetgel zuichtei uulzax ni ajil deepee amidpalaa japij ogoosh bolsonooc xamaagui deep bogood oopiigoo oilgoxod tustai um.
Saixan niitlel boljee. Tsegtstei bogood ogoojtei.Cetgel zuichtei uulzax ni ajil deepee amidpalaa japij ogoosh bolsonooc xamaagui deep bogood oopiigoo oilgoxod tustai um.