sonin.mn
Азербайжан, Армен, ОХУ-ын ажлын хэсгийн ээлжит хуралдаан Москвад боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаанаар Уулын Карабахыг тойрсон асуудлыг зохицуулах үүрэг өгсөн. Энэ хооронд Армены улс төрийн хямрал үргэлжилсээр байна. Сөрөг хүчнийхэн парламентын ордны гадаа жагсаж, эсэргүүцэгчдийн эсрэг хууль сахиулагчдыг хүч хэрэглэхгүй байхыг уриалсан. Кремль Ереваны үйл явдалд хоёрдмол утгагүйгээр ханддагаа илэрхийлээд “Энэ бол Армены дотоод хэрэг” гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Владимир Путин Кремльд Киргизийн шинэ Ерөнхийлөгч Садыр Жапаровыг хүлээн авч уулзжээ. Кремлийн тэргүүн Төв Азийн улс төрийн дотоод болон гадаад бодлогод нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн. Арменд 2018 онд өнгөт хувьсгал болж Москва “Кавказ дахь сүүлчийн холбоотноо” алдах шахсан. Далайд гарцгүй Армен бол Оросын эртний холбоотон бөгөөд Евразийн эдийн засгийн холбоо болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улс.
 
Барууны жишгээр Армен нь ядуу улс боловч армянчуудын талаас дээш хувь нь тусгай дунд болон дээд боловсролтой. Гурван сая хүрэхгүй хүн амтай энэ улсын эдийн засгийн өсөлт жилд долоо орчим хувьтай байна.
 
Тус улс эртний дайснууд нь болох Турк, Азербайжан хоёрын дунд оршдог. Тиймээс үндэсний аюулгүй байдал нь Оросоос хамаарна. Шинжээчдийн үзэж байгаагаар Армен ардчилсан улс болсон ч энэ байдал өөрчлөгдөхгүй билээ. “Геополитикийн хувьд Армен улс маш хүнд байдалд байгаа. Гэхдээ Ереванд сонголт цөөхөн байгаад л хэргийн гол учир оршино” гэж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын Хүрээлэнгийн дэд захирал Владимир Жарихин ярьжээ. Тус улс нь бүх дэлхийгээр тархан суурьшиж буй арменчуудтайгаа нягт холбоотой байдаг. Армен улс Орос болон барууны орнуудтай ямагт сайн харилцаатай байсаар ирсэн. Харин тус улс Уулын Карабахаас болж Азербайжан улстай дайны байдалд байгаа. Нөгөө талд НАТО-гийн гишүүн Турк улс оршдог зэргийг тооцож үзэх аваас Москва Арменд маш хэрэгтэй бөгөөд хэн Засгийн эрхэнд гарснаас үл хамааран геополитикийн ийм нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэдгийг В.Жарихин дурдлаа. Орос маягийн “залуурдуулсан ардчилал”-ын эсрэг, отог овгийнхны явуулж буй эдийн засгийн шударга бус бодлогын эсрэг чиглэсэн Армены жагсаал олон улсын анхаарлыг татдаг. Эрх чөлөөнд тэмүүлж буй Москвагийн хараат энэ улс “Барууны тэвэрт” багтах гэж яарах нь юу л бол. “Үйл явдлыг ажваас, өнгөт хувьсгалын бүхий л хэв шинжүүд байна. Гэхдээ түүний хөдөлгөгч хүч нь зөвхөн дотоод бодлоготой л холбоотой” гэж “Коммерсант” сонины тоймч Сергей Строкань дүгнэжээ. Европын холбоотой байгуулсан Ереваны гэрээ бол бэлгэ тэмдгийн төдий зүйл. Учир нь, тус улс нь Оростой хийж буй худалдаа, зээл болон зэвсгээс бүрэн хамаардаг. Украинд болсонтой адилаар Ереваны гудамжинд үйл явдал өрнөсөн ч гэсэн барууныхны хувьд Арменд санал болгох зүйл юу ч байхгүй юм. Арменд болж буй үйл явдал нь АНУ болон Брюсселийн төлөвлөгөөнд тусгалаа олох нь эргэлзээтэй.
 
Өнгөт хувьсгалууд геополитикийн чухал хэрэгсэл
 
Өнгөт хувьсгал гэх улс төрийн бодлогын үр нөлөөний оргил үе намжсан ч сүүдэр нь Хонконг, Беларусьт туссан. ОХУ-д өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг үүнтэй ижил хэв загвараар зохион байгуулсныг дурдах хэрэгтэй. Гэхдээ барууны орнууд энэ аргыг геополитикийн өрсөлдөгчдийнхөө эсрэг шууд бус, харин тэдний холбоотон, түншүүдийнхээ эсрэг илүү нарийн аргаар ашиглажээ. Руссофобын бүслүүрийг тогтоосноо АНУ, Европ нуугаагүй. Тэд санасандаа хүрч байсан. Онолын дагуу тэд “Оросын талыг баримтлагч” хүчнүүд Засгийн эрхийг барьж байгаа орны хүчийг сулруулахыг хичээсэн. Москвагийн аливаа үйлдэл, үгийг “бүрэн эрхт улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсон” гэж тайлбарлаж нөхцөл байдлыг хурцатгаж байв. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд энэ схемийг туулсан. Тэд Москватай хэлхээ холбоо бүхий эрх баригч дээд зиндааныхны хийж буй улс төрийн башир үйлдлүүдийг тайван замаар эсэргүүцэж, авлигад идэгдсэн, олигархжсан эдийн засгийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийхийг шаарджээ. Гэхдээ оросуудын “дүү” ор нуудын дотоод асуудал, Москватай харилцах харилцаа нь зөвхөн өөрсдийнх нь сонголт. Энэхүү стратеги нь зарим талаар инээдтэй нөлөө үзүүлжээ. Зөвлөлтийн дараах орон зайд өрнөсөн өнгөт хувьсгал Москвагийн байр суурийг улам бэхжүүлсэн юм.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин