sonin.mn
Энэ удаагийн ”Залуу уншигч” булангийнхаа зочноор Дорнод аймгийн улсын тэргүүний V сургуулийн XII ангийн сурагч Борхүүгийн Эмүүжинийг урьсан юм.
 
-Номын тэмдэглэл хөтлөх санаа анх хэзээ төрсөн бэ?
 
-Уншсан номнуудынхаа дүр, үйл явдлыг мартахгүйн тулд тэмдэглэл хөтөлдөг ах эгч нараасаа үлгэр дууриал авч гурван жилийн өмнөөс анх номын тэмдэглэлээ хөтөлж эхэлсэн. Харин ном унших болсны хувьд “Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” номоор анх номтой танилцаж байлаа. Мөн тэмдэглэлээ анх элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхийн тулд монгол бичгээр бичиж байя гэж бодож бичиж эхэлсэн. Дараа нь бичих тусам гоё санагдаад тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлдөг болсон. Үүнийгээ цахим хаягаараа сурталчилж бусад хүүхдэд ч үндэсний бичгээ сурах сэдлийг өгөхийн тулд илүү идэвхтэй хөтөлж байна. Цахим орчинд үеийнхээ хүүхдүүдэд зориулсан мэдээллийг хуваалцдаг “Thenom3” гэсэн хаягийг нээсэн. Түүнээс гадна “Thenom3_english”, “Thenom3_niigem” гэсэн англи хэл, нийгмийн чиглэлээр ерөнхий элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүдэд зориулсан мэдээлэл оруулдаг хоёр өөр хаягийг нээж ажиллуулдаг.
 
-Номын тэмдэглэлийн онцлог?
 
-Миний бусдаас ялгарах гол онцлог гэвэл монгол бичгээр түлхүү дагнан бичдэг. Мөн зохиолын үйл явдлыг голлохоосоо илүү надад тэр номыг уншаад төрсөн сэтгэгдэл, таалагдсан эшлэлүүдийг бичих дуртай. Одоо герман хэлээр тэмдэглэл бичиж сурч байна. Мэдээж, мундаг ах эгч нараасаа суралцах зүйл бий. Гэхдээ миний үг, өгүүлбэр, тэмдэглэлүүд өөрийн гэсэн онцлогтой гэж хэлмээр байна. Би сар бүр төлөвлөгөөгөө монгол бичгээр хөтөлдөг. Харин төлөвлөгч дэвтрээ хүмүүс кириллээр хөтөлдөг. Энэ дэвтрээ монгол бичгээр хөтөлдөг хүн харж байгаагүй юм байна.
 
 
-Хамгийн сүүлд хэн гэдэг зохиолчийн ямар номын талаар тэмдэглэл хөтлөв?
 
-Би яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийг хүндэлж хайрладаг. “Үзэхийн хязгаар” номыг нь зургаан удаа уншсан ч тэмдэглэл хөтөлж байгаагүй юм билээ. Тиймээс удаан бодсны эцэст саяхан энэ номны талаар тэмдэглэл бичиж дуусгасан. Мөн зохиолч Д.Урианхай гуайн зохиолд их дуртай.
 
-Сэтгэлд чинь хүрч, юм бодогдуулсан ном байдаг уу?
 
-Миний уншсан бүх ном надад ямар нэг хэмжээгээр гунигтай, баяртай мэдрэмж, олон бодлыг үлдээдэг гэж хэлж болно. Мөн ОХУ-ын зохиолч, сэтгүүлч Василий Песковын “Утсан дээрх шувуу” гэдэг нэртэй байгаль дэлхийн шүтэлцээ, хүмүүсийн үйл ажиллагаанаас болж амьтад яаж хохирон, устаж байгаа талаар гардаг ном.  Анх удаа уншихад зүрх шимширч байлаа.
 
 
 
Миний бодлоор дунд сургуулийн сурагчдын заавал унших ёстой номын жагсаалтад энэ номыг оруулаасай гэж хүсдэг. Мөн хүн болгоны заавал унших ёстой ном гэж боддог.
 
 
 
-Унших номоо яаж сонгодог вэ?
 
-Анх аав, эгч, багшийнхаа санал болгосон номыг уншдаг байсан. Одоо олон төрлийн ном уншихыг зорьдог болсон. Заримдаа хүмүүсийн уншсан номынхоо талаар бичсэн сэтгэгдэл болон номонд бичсэн өмнөх үгийг уншаад сонголтоо хийдэг. Манай аймгийн номын сан долоо хоногт гэрээр хоёр удаа ном олгодог. Миний иргэний үнэмлэх тэнд хоёр жил барьцаанд байсан хугацаанд гэрээрээ бүх төрлийн номыг уншжээ. Энд номын дэлгүүр цөөхөн. Ихэвчлэн сурах бичиг зардаг юм. Харин зун хотод очихоороо “Интерном”, “Аз хур”, “Мир” номын дэлгүүрт нэг өдрийг өнгөрүүлдэг.
 
 
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна?
 
-Шинэ зүйл сорьж бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Спорт гэвэл гар бөмбөг, иогоор хичээллээд дөрвөн жил болж байна. Мөн гэрийн нөхцөлд уруулын будаг, саван, лаа үсний хавчаар хийдэг. Дуулах дуртай. Гэхдээ одоо сургуулиа төгсөх гэж байгаа болохоор аль болох хичээлдээ цаг заваа зарцуулахыг хичээж байна.
 
-Номноос уншсан мартагддаггүй ямар эшлэл үг, өгүүлбэр байдаг вэ?
 
 
 
-Зохиолч Аюурзанын “Шүгдэн” романд “Давстай усыг уух тусам цангадаг шиг хүсэл шунал гэгч сэтгэлийг сороод эцсийг нь үзэж салдаг уршигтай эд билээ” гэдэг үг их юм бодогдуулсан.
 
 
 
Зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” номонд ээж хүн юм бүхэнд санаа зовж, гэр бүлд нь ямар нэгэн зүйл тохиолдох, хүүхдүүд нь алга болчих вий гэж айж, үргэлж гарч харуулддаг талаар бичсэн хэсгийг мартдаггүй. Харин өөрийгөө номтой зүйрлэж бодож байгаагүй ч Б.Баабарын “Дори идэр дүүдээ хандах нь” номтой төстэй хувь хүний хөгжлийн ном болохыг хүсэх байсан байх. Уран зохиолын ном гэвэл Мураками Харүкигийн “Норвегийн ой” номтой өөрийгөө зүйрлэнэ.
 
 
-Одоо ямар ном уншъя гэж бодож байна ?
 
-Хамгийн сүүлд зохиолч Тодко Самсоны номнуудыг уншсан. Манай ангид хэл уран зохиолын хичээл ордог Д.Оюунжаргал гэж багш бий. Тэр багш манай ангийн хүүхдүүдэд Монголын уран зохиолын сор болсон гоё зохиолуудаас түүвэрлэн унших даалгавар өгдөг. Дараа нь тэр зохиолоо задлан тайлбарлаж өгдөг. Харин  одоо эхний ээлжинд монгол зохиолчдын бичсэн дээр үеийн өгүүллэг, зохиолуудыг боломжоороо уншиж судална.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин