sonin.mn

Манжуудтай хийсэн анхны тулалдаан улахуйн голд болжээ

Түшээт хантай тулалдаж Халхыг түйвээсэн Галдан хаан 1690 оны дундуур Хэрлэнгийн сав газраар нүүдэллэн Өвөрмонголын Үзэмчин хошууны нутаг Соёлз уулын Улахуйн голд хүрчээ. Тэрээр Үзэмчин, Авга хошууны ноёд, тайж нарт Манжийн эсрэг тэмцэхийг уриалж байв. Тэд Галданд цэргийн хоол, хүнс, унаа мал нууцаар нийлүүлж байв.

 

Үүнд Манжийн хаан илт дургүйцэж Галдангийн эсрэг дайтахаар шийджээ. Манжууд Өвөр болон Ар халхын хошуунаас цэрэг дайчлан өөрийн шилмэл цэргүүдээ хоёр замаар давшуулсан байна. Зүүн замын цэргийг Арнай сайд, Баруун замын цэргийг Уньда жанжин удирджээ. 1690 оны тавдугаар сарын эхээр Улахуйн голд (Олгоо гол) болсон тулалдаанд Галдан хаан анх удаа галт зэвсэг хэрэглэж, тактик сайтай тулалдсаны хүчинд Манжийн талд цохилт өгч ялалт байгуулжээ.

 

Дайнд Манжийн тал ялагдсанд Энх-Амгалан хаан хагартлаа уурлаж, Галданг яаралтай устгах, дараагийн тулалдаанд бэлтгэх зарлиг буулгажээ. Энэ хооронд Манжийн хаан арга мэх сүвэгчлэн найрамдал тогтоох нэрийдлээр Галданг Бээжингээс наахна Улаанбудан хэмээх газар хоёр улсын хаадын түвшинд найрсгаар уулзах санал тавьсан байна.



Улаанбудангийн тулалдаанд Манжийн арван түмэн цэрэг оржээ

Эл асуудалд Галдан ихэд болгоомжилсон боловч их цэргээ дагуулан Улаанбуданг чиглэн очиход (1690) Манжууд Галдантай байлдахаар хамаг хүчээ төвлөрүүлж саад хориглолт байгуулан үхэр буу, морин цэрэг, явган цэргээ тулалдааны талбарт зэхсэн байв. Манжийн хааны зүүн жигүүрийн таван түмэн цэргийг Энх-Амгалан хааны хоёрдугаар ах Элбэг Чин ван Фу Цюан удирдаж, түүний туслагчаар хаан хөвгүүн Юнь Ти томилогдсон байна.

 

Баруун жигүүрийн таван түмэн цэргийг Энх-Амгалан хааны гуравдугаар ах, их жанжин, хошой чин ван Чан Нян удирдан байлдахаар иржээ. Үүнээс гадна цэрэг, зэвсгийн нэмэгдэл, нөөц хүчийг бусад сайд жанжнуудаар удирдуулжээ. Энх-Амгалан хаан цэргүүдээ, Бээжин хотоос баяр ёслолын байдалтай үдэж, үтэр түргэн ялалт байгуулж, “муу хулгай” Галданг амьдаар барьж ирэхийг зарлиг болгожээ.

 

Улаан будан уул хоёр талаараа намагтай, уулархаг, бартаа ихтэй газар байв. Тэнд ямар ч гэрээ хэлэлцээр хийсэнгүй. Галдан хааныг тэнд очиход шууд тулалдаанд дуудсан байна. Манжийн тал тулалдаанд шууд орох нь илэрхий болсон тул Галдан цэргүүдээ бэлэн байдалд оруулан Улаанбудан уулын хормойгоор олон мянган тэмээ хэвтүүлэн гануулж (хоёр өвдгийг нь шилэн хүзүүн дээр нь холбон уях) эсгий хавтсаар хуяглан усаар шавшиж хаалт бэхэлгээ хийжээ.

 

Өөрөөр хэлбэл цэргүүдийг тэмээн бэхэлгээний цаанаас буудаж харвахаар бэлтгэжээ. Үнэн хэрэгтээ хүч тэнцвэргүй энэ тулалдаанд Галдангийн хувьд ямар ч найдлага байсангүй. Энэхүү тулалдаан 1690 оны аргын тооллын наймдугаар сарын нэгний үдээс хойш Улаанбудан ууланд болжээ. Эхний өдрийн тулалдаанд хоёр тал хүч тэнцүүхэн тулалдаж шөнөдөө түр амсхийв.

 

Хоёр талын апь аль нь галт зэвсэг хэрэглэсэн боловч Манжийн тал хавьгүй их үхэр буу галт зэвсэгтэй нь илэрхий байв. Байлдааны ажиллагаа нэгэнт хүндэрсэн тул Галданд тулалдааны талбараас мултран гарахаас өөр арга байсангүй.



Галдан замдаа хишигтэн аймгийг дээрэмдэв

Тэрээр арга сүйхээлэн Манжийн талд хандан “Бид ялагдлаа хүлээж байна. Өдрийн сайныг сонгон маргааш нөгөөдрөөс танай Манж Чин улстай найрамдаж Энх-Амгалан хаантай төр, шашны хэлэлцээр хийе” хэмээн Ширун хутагтыг бараа бологсдын хамт Далай ламын элчийн нэрээр Манжийн цэргийн хүрээнд илгээжээ. Тэд учир байдлаа Элбэг Чин ванд айлтган сэнхрүүлжээ.

 

Үүнд хууртсан манжууд байлдаанаа зогсоож цэргээ татах тухай асуудлыг хаандаа айлтгахаар яаран явцгаажээ. Галдангийн цэрэг эл сиймхийг ашиглан морь малаа бэлчээж амраах нэрийдлээр тэндээс сэм зайлж хөдлөхдеө буйран дээрээ дөөн хэдэн хүн үлдээн олон тооны түүдэг гал асаан тайвшруулжээ. Тэд өдөр шөнөгүй нүүдэллэх замдаа Өвөрмонголын Хишигтэн аймгийн нутгаас хоёр түм гаруй хонь, нэг мянган адуу, үхэр дээрэмдэн шуурхайлан явсаар мөн оны аравдугаар сарын эхээр Онон голын орчимд ирж өвөлжжээ.

 

Энэхүү тулалдаанд Галдан хаан маш хүнд цохилт амсчээ. Тэрээр олон тооны цэргээ тулааны талбарт алдаж, үлдсэн зарим хэсэг нь түүнд илтгэл алдарчээ. Галдан зам зуураа Туул, Орхон, Тамирын сав газраар айл өрхөө хэсэг хэсгээр нь үлдээв. Зарим жанжнууд нь ойр дотны хүмүүсээ авч Галдангаас салан оджээ. Үүний зэрэгцээ Цэвээнравдан тайж ар хударгаар нь дайран Или, Тарвагатайд үлдсэн албат иргэд, орд өргөөг нь эзлэн авч өөрийгөө Зүүнгар улсын хаанаар өргөмжилжээ.

 

Энэ явдал Галдангийн сэтгэлийг улам ихээр шаналгах болов. Тэрээр 1691 оны зун үлдсэн цөөн цэрэг, албат иргэдээ дагуулан Завхан, Хүшүй голоор дамжин нүүдэллэсээр Ховд голын хөвөөнд буцан иржээ. Тэнд дөрөв, таван жил болохдоо зүгээр суусангүй тариа будаа тариалж, худалдаа наймаа эрхлэн, цэргийн хүчээ зузаатган манжтай дахин үзэлцэхийг зорьж байв.

 

Галдан Халх, Түвд, Хөхнуур, Алашаагийн зүг элч довтолгон битүүхэн тандалт хийсэн боловч түүнийг дэмжсэнгүй. Учир нь Манжийн хааны сүр хүч өсч байсан тул тэд эрсдэлтэй алхам хийхийг бодсонгүй. Мөн тэрээр элчээ илгээн Цэвээнравдантай уулзуулан байдлыг ажсан боловч цаадах нь Алтайн хэдэн даваагаар давах шаардлагагүй гэдгийг сануулсан байна.



Халхын долоо хошууг 34 болгож хуваав

Энэ хооронд Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж тэргүүтэй нөлөө бүхий томоохон ноёд Манж Чин улсад дагаар орохоор үгсэн тохирчээ. 1691 оны дөрөвдүгээр сард Долоннуурын орчимд Халхын гурван аймгийн 550 ноёд, мөн Өвөрмонголын 49 хошууны ноёд оролцсон томоохон цугларалт наадам болжээ. Энэ наадамд Манжийн Энх-Амгалан (Канси) хаан өөрийн биеэр оролцож Халхын ноёдын олонхыг биечлэн хүлээн авч, тэд нарт хэргэм зэрэг олгож, цалин пүнлүү амлаж, нутаг ус зааж, бэлэг сэлт тараажээ.

 

Тухайлбал Манжийн хаан 16 морь хөллөсөн тусгай сүйх тэргээр заларчээ. Энэхүү уулзалтын үеэр Ар халхын ноёдоос Манж Чин улсад дагаар орохоор гаргасан хүсэлтийг албан ёсоор хүлээн авч буйгаа Манжийн хаан мэдэгдсэн байна. Ингээд Ар Халхын долоон хошууг 34 болгон хувааж Манжийн хаанд шууд захирагдаж байхаар тогтоон халхын гурван ханыг ёс төдий үлдээжээ. Манжийн хаан Канси ийнхүү халхын ноёдыг өөртөө татаж чадсанаар Жанчхүүгийн даваа, Алтайн даваа, Чуулгат хаалганаас цаашлаад Тэнгэр уул хүртэлх өргөн уудам нутгийг эзэмшин суух эхлэлээ тавьжээ.



Түүхэнд тэмдэглэгдсэн “Зуунмод”-ны тулалдаан

Манжийн хаан Галданд өөрийн элч төлөөлөгчөө довтолгон захиа ирүүлж өөртөө татахыг зорьж байв. Гэвч Галдан халхыг манжид алдахгүйн тулд 1696 онд дэрэг, албат иргэдээ нүүлгэн Хэрлэн, Туул голын саваар цэргийн хүрээгээ засчээ. Тэрээр Хөлөнбуйрын нутгагт үе үе уулгалан мал сүрэг дээрэмдэн барга үзэмчний зарим ноёдтой холбоо тогтоон хүчээ зузаатгахыг эрмэлзэж байв.

 

Мөн Ар халхын зарим ноёдыг элсүүлэн хүчээ зузаатгаж авчээ. Энэ мэдээг сонссон Манжийн хаан Галданг даран сөнөөхөөр яаравчлах болов. Тэрээр их цэргээ Бээжингээс хэдийнээ хөдөлгөжээ. Гэвч хугацаа хожих, хууран мэхлэх зорилгоор Манжийн хаан Канси Галданд 200 лан мөнгө, хэлхээтэй зоос, алтан хуяг, магнаг дээл, булган малгай зэрэг ховор нандин бэлэг хүргүүлсэн байна. Мөн худ ургийн барилдлага тогтоох үүднээс Манжийн хааны гүнж Түвэ Цэнг авчирснаа айлтгажээ.

 


Галдан захидал, бэлэг сэлт, хааны гүнжээс татгалзсангүй элч төлөөлөгчийг буцаажээ. Тэрбээр Өвөрмонголын зарим ноёдоор дамжуулан Манжийн их цэрэг ирснийг мэдсэн тул Манжийн зүүн замын цэргийг угтуулан хамгаалалтын зуутуудыг үлдээгээд гол хүчээ Хэрлэнгээс Туулын сав, Тэрэлж, Зуун модны орчим нүүлгэжээ. Хүч тэнцвэргүй хамгийн том шийдвэрлэх тулаан нь Зуун модонд болжээ.

 

Тодруулбал, Галдангийн нэг цэрэгт Манжийн 10 цэрэг ноогдож байв. Тулааны эхний хоёр хоногт аль аль талаасаа ихээхэн хохирол амсчээ. Гурав дахь өдрөөс Манжийн цэрэг Галданг гурван талаас нь бүслэн хүнд байдалд оруулав. Иймд Галдан хаан Ану хатан нар нөөц мянгатаа өөрсдөө толгойлон байлдааны талбарт оржээ. Ану хатан хүнд шарх авч, Галдан цэргүүдтэйгээ Туул өгсөн ухарч гурван газраар Манжийн дэргийн бүслэлтийг сэтлэн гарчээ.

 

Энэ дайнд ойрадууд гурван мянган хүнээ олзлуулж, таван мянган хүнээ алуулж, бие биенээсээ сарнин салжээ. Үлдсэн хэсэг ньТамирын голд цугларан яах ийх тухайгаа зөвлөлдсөн байна. Гэвч Галдангийн гол жанжин болох Данзан-Омбо, Дугарравдан зэрэг хүмүүс өөр өөрийн албатаа дагуулан Алтай, Завхан, Хүнгүй тийш салан оджээ.

 

Зуун модны байлдаанаас Галданг зугтаалган алдсандаа Манжийн хаан ихэд харамсаж, Галдангийн толгойг даруй авч ирсэн хүнд “нэг лан маханд нэг лан мөнгө, нэг лан ясанд нэг лан алт тус тус олгоно” хэмээн зар тарааж байв. Зуун модны дайнд хүнд шархадсан Ану хатан замдаа өөд болжээ.



Данжила Галданд юу хэлэв

Галданд ганц үнэнч үлдсэн хүн нь түүний авга ах Данжила байв. Энэ талаар доктор түүхч Ш.Нацагдорж “Халхын хураангуй түүх” хэмээх номондоо, "Данжила нэг өдөр Галданд хандан “Ноднин жил өвөл цаг, Сэгс дүүрэнд гөрөөс элбэг хэмээн суусаар байв. Эдүгээ гөрөөс чимээ авч ховор болжээ. Хавар ногоо ургах цаг ойртов. Богд эзэнд дагах мэт болбоос нэгэн газрыг бодогтун. Хоёрын хооронд энд суусаар бас үхэх буюу.

 

Жич, чи ямагт Зонховын шашны төлөө явмуй хэмээн явсаар Дөрвөн Ойрад, Долоон хошуу Халхыг дуусгав. Чиний улс эвдрээд эцэг, хөвүүн, эр, эм салав. Бидний биес чамайг дагаж чиний дураар явсаар Зонховын шашинд мөн тусалсан газар үгүй. Харин ч хилэнд үйлдэв. Бид чиний бурууг мэдээд дуугарсангүй. Эдүгээ хүлцэж чадахгүй тэчъяадах тул гаргаж хэлэв” гэжээ.

 


Ийнхүү Зүүн гар улсын хаан Галдан Бошигт 1697 оны билгийн улирлын бар сарын шинийн 13-нд таалал төгсчээ. Түүний нас барсан газрыг Ховд аймгийн нутаг Сутай хайрхны бэлд орших Тонхил сумын нутагт буй Ац уул, Амтай нуур хэмээх газар хэмээн тогтоосон байдаг. Энэ дүгнэлтийг арай үндэстэй хэмээн бодном гэж түүх судлаач Б.Банди бичсэн байна.



Манжийн хаан ивээлдээ авав

Тэрээр “Ойрад Монголын түүхэн товчоон” номондоо Галданг өөд болсны дараа Данжила тэргүүтэй нэг хэсэг нь өөрийн албат иргэдээ дагуулан Манжийн хаанд даган орохоор шийдэж  Хамигаар дамжин Бээжинг зорьжээ. Энэ чимээг сонсон Манжийн хаан тусгай элч томилон түүнийг алсаас угтан тосч, өөрийнхөө өргөөнд угтан авч, нухацтай ярилцсаны эцэст, хааны зарлигаар Данжилаг хааны дэргэдэх Ойрадын (Өөлдийн) асуудал эрхэлсэн дотоод сайдаар томилжээ.

 

Түүний хөвгүүн Доржсэвдэнг тэргүүн зэрэг хиа болгожээ. Манжийн тал, Галдангийн охин Юмчихай охины талаар өмнөхөөсөө илүү хатуу болзол тулгасан учир 1701 оны есдүгээр сард түүнийг арга буюу Бээжинд хүргүүлжээ. Сонирхолтой нь Галдангийн хүү Сэвдэнбалжир, охин Юмчихай нарыг цаазлан хороосонгүй, харин ч аятай тухтай амруулах нөхцөл олгосон байдаг.

 

Зарим сурвалжид аль алиныг нь цаазлан хороосон тухай бичсэн нь бий. Бидний олж мэдсэнээр хаан өөрөө зарлиг буулгаж Сэвдэнбалжирыг Тэргүүн дэсийн хиа өргөмжилж, Адаах хаван Хияур Чантайн охиныг эхнэр болгон өгч, охин Юмчихайг Дэд зэргийн хиа Шагдартай ураглуулж Бээжинд суух газар олгож аятай амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ бүхэн нь Манж Ойрадын цаашдын харилцаанд нөлөөлөх эгзэгтэй асуудал тул Манжийн хаан Энх-Амгалан ихэд болгоомжтой хандсаны илрэл хэмээжээ.


Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”