sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 2 /AP/. НАСА-гийн “Уэбб” сансрын дуран Дэлхий ван гаргийн хамгийн том дагуулын гадаргуугийн талаар шинэ нээлт хийжээ. Тодруулбал, тус гаргийн тэн хагастай тэнцэхүйц хэмжээтэй Харон сарны гадаргуу дээрээс нүүрстөрөгчийн давхар исэл, устөрөгчийн хэт ислийн ул мөрийг анх удаа илрүүлсэн байна. 

Өмнө нь 2015 онд НАСА-гийн “New Horizons” сансрын хөлгийн нислэгийн үеэр уг сарны гадаргуу мөсөөр бүрхэгдсэн болохыг тогтоож байжээ. Харин эрдэмтэд “Уэбб” дуран авайгаар илрүүлэх хүртэл дээр дурдсан химийн бодисуудыг тогтоож чадаагүй байсан юм.

“New Horizons” хөтөлбөрийн судлаач Карли Ховеттын ярьснаар, судлаачдын олж хараагүй байсан маш олон химийн бодисын ул мөр илэрсэн байна. Судалгааны өгүүллийг мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтэлжээ.




Дэлхий ван одой гараг болон түүний дагуулууд манай Нарны аймгийн хамгийн захад, Койперын бүс гэж нэрлэгддэг бүсэд оршдог. Хароноос өмнө нь мөснөөс гадна аммиак болон органик бодисуудыг илрүүлж байжээ. Дэлхий ван, Харон хоёр нь Нарнаас 4.83 тэрбум км-ийн зайд оршдог бөгөөд амьдрал үүсэхэд хэтэрхий хүйтэн гэж үздэг.




Шинэ нээлт нь Харон дагуул хэрхэн үүссэнийг судлахад чухал ач холбогдолтой бөгөөд алс холд орших бусад сар, гаргийн бүтцийг тодорхойлоход тус дөхөм болж магадгүй юм.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг