Мөсөн ордныг зорих монголчуудын хөл тасрахгүй байна. Учир нь тэнд дэлхийн циркийг Монголд авчирсан 100 гаруй уран бүтээлч, хос арслан бар, өвөрмөц үүлдрийн ноход зэрэг амьтдын тоглолт олны анхаарлыг татаж нүдийг хужирлахаар ирээд байна. Дэлхийн циркийн олимпоос алт, мөнгө, хүрэл цомыг хүртсэн циркийн амьтад манай улсад хэрхэн бэлтгэл сургуулилт, тайлан тоглолтоо хийж буйг сонирхлоо.
ХОРГҮЙ БУДГААР ГАНГАРСАН ДЭГЖИН НОХОД
Узбекстаны Ташкент хотын улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан амьтан сургагч болон найруулагчийнхаа хамт иржээ. Мөн Казахстаны Астана хотоос ховор үүлдрийн, Эзэн хааны гэх найман пудель нохой сургагчийн хамт ирсэн байв. Өхөөрдөм хөөрхөн өнгө өнгийн пудель нохдыг тайзны гэрэлд илүү тод харагдуулахын тулд хүнд болон амьтанд хоргүй будгаар буджээ. Үсний засалт өнгийн үс нь тэдний дүр төрхийг тодотгоно.Сэргэлэн ноход маань сургагчийнхаа үгэнд маш сайн ордог тул тоглолтын эхэнд болон завсраар үзэгчидтэйгээ дурсгалын зураг татуулах боломжтойг тоглолтын хамт олон олгожээ. Энэ нь нохдыг тайван дөлгөөхөн зантайг илэрхийлэх шиг.
"Монгол циркийн хөгжлийн төв"-ийн захирал Н.Эрдэнэ “Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцож байгаа уран бүтээлчид бүгд олон улсын шоу тоглолтуудаас алт, мөнгөн медаль хүртсэн чадварлаг бөгөөд мэргэжлийн хамт олон ажиллаж байна. Жишээлбэл, "Монте Карло" наадмын шилдэг зургаан үзүүлбэр энэ тоглолтод багтсан. Манайд л анх удаа спорт аренад хийх гэж байгаа болохоос олон улсад аль эрт хийж хэвшсэн, дэвшил болсон зүйл гэдгийг хэлье. Ямар ч аюул байхгүй” гэсэн юм.
АМЬТАД ӨДӨРТ 42 КГ МАХ ИДДЭГ
Цаашлаад олны анхаарлыг хамгийн их татаж буй араатан амьтдын хоёр том төлөөлөл болох арслан барс нь аюулын торондоо тайван амарч буй нь харагдлаа. Аюулын тор нь тус бүр хоёр 250 кг жинтэй ба аюулгүй байдлыг бүрэн хангаж өгчээ.
Монголд ирээд байгаа эдгээр арслан, баруудыг Узбекстан улсын циркийн жүжигчин, амьтан сургагч Оботехов багаас нь эхлэн хамт байж, тэжээж, гаршуулсан бөгөөд тэд 4-6 настай аж.
“Тэд маш ухаалаг. Би тэднийг анх сургаж байхдаа хоёр гурван удаа хазуулж байсан. Гэхдээ тэд чинь амьтад шүү дээ. Анх “А” үсгээс эхлэн юм сургахад багахан хэмжээний золиос хэрэгтэй, тийм л зүйл болсон. Одоо бол бид сайхан найзууд” гэж хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хэлж байсан.
Узбекистанаас Монголыг зорьж ирэхдээ орж, гарах зургаан хил, 6000 км замыг туулж ирсэн араатан амьтад уур амьсгалын хувьд ихэд халуун температурыг шаардаж байгаа юм. Нэг бар өдөрт долоон кг шинэ сортын махаар хооллодог ба нийтдээ 42 кг махыг араатан амьтдын хүнсэнд зарцуулдаг байна.
Монгол мах тэдэнд тун таалагдаж байгаа гэж сургагч нь хэллээ. Асар өндөр аюулгүй байдал сургуулилтад бэлтгэгдсэн хэдий ч арслан барстай дурсгалын зураг татуулах бичлэг хийхийг хориглож байгааг тоглолтын ерөнхий найруулагч Демитри Чернев хэллээ.Учир нь амьтад тус бүр өөрсдийн найруулгын гэрэлтүүлгэнд тоглодог учир хурц гэрэл гялбаанд гарах нь эрсдэлтэй гэж үздэг байна. Мөн тоглолтын гол онцлог болох хос манеж нь циркийн долоон төрлийн тоглолтыг нэг тоглолтод багтааж буйгаараа дэлхийн цирк Монгол Улсад тоглогдох боломжтойг нотолж буй. Арын албатайгаа 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дэлхийн цирк Монголд ирсэн нь асар олон хүний хүч хөдөлмөр ба Монгол цирк нь хэдийнээ дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа тод жишээ юм. Мөн олон улсын тоглолтыг эх орондоо авчирсан баг хамт олонд талархахгүй байхын аргагүй ээ.
П.БОЛОРМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0