sonin.mn
Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч хошууч Х.Уянгыг дугаарын зочин хоймортоо урьж ярилцлаа.
 
Ажил үйлс, амжилт бүтээл өндөр байна уу? Тамирчдын бэлтгэл, сургуулилт хэр жигдэрч байна?
 
-Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж ямар ч тэмцээн, уралдаан зохион байгуулагдаагүй учраас манай өсвөр, залуу үеийн тамирчдын бэлтгэл, сургуулилт тун сул байсан. Зарим хүүхдүүд маань спортоосоо бүр хөндийрч, дунд сургуулиа төгсөөд өөр өөрийн мэргэжлээ хэдийнээ сонгочихсон. Үүнээс шалтгаалж бид залгамж халаа болсон авьяаслаг тамирчдаа алдсан тохиолдол цөөнгүй гарсан. Харин үндсэн тамирчид маань олимпын эрхээ авчихсан байсан тул Нийслэлийн онцгой комисс руу албан бичиг хүргүүлж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэл сургуулилтаа хангасан.
 
Харин өнгөрсөн 2022 оноос цар тахлын нөхцөл байдал намжсанаас эхлээд би секц, дугуйландаа элсэлт авч өмнө нь хичээллэж байсан залуучууддаа суурилж өсвөрийн багуудаа шинээр бүрдүүлсэн. Тиймээс энэ жил тэдгээр залуу тамирчдадаа түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
 
Харин үндсэн тамирчдаас Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав хоёр маань 3 дугаар сард зохион байгуулагдах “Сөүл марафон”-д оролцохоор хилийн дээс алхсан. Харин хөнгөн атлетикийн задгай зайн уралдааны хувьд 7 дугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээн, 9 дүгээр сард Азийн наадамд тамирчдаа оролцуулахаар бэлтгэлээ базааж байна. Өмнөх зун Монголын бүх ард түмний спортын XV их наадамд манай баг тамирчид өндөр амжилт үзүүлсэн. Ер нь тэр үеэс эхлээд л бидний бэлтгэл жигдэрч нэг системд орсон. Шавь нарын маань нэг өсвөрийн улсын аварга болж, хэд хэдэн хүүхэд медалийн тавцанд гарч чадсан.
 
Таны хувьд энэ спорттой холбогдоод 30 гаруй жил өнгөрчээ. Хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн спортын онцлог нь юу вэ?
 
-Хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээн нэрийддэг. Би дугуйландаа олон хүүхдийг хамруулдаг ч ихэнх нь замаасаа хадуурдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөнгөн атлетик аливаа спортын суурь болохоос гадна хөдөлгөөний эвсэлтэй болгодог. Мэдээж тухайн хүнээс тэсвэр тэвчээр, аливаад уйгагүй байх зан чанарыг шаарддаг. Тиймээс хүүхдүүд өөр спорт руу "урвах" тохиолдол багагүй гардаг. Дээрээс нь, бэлтгэл сургуулилт маш их шаардагддаг.
 
Жишээ нь, хавар нь дугуйландаа 60 хүүхэд элсүүлсэн ч ирэх намар нь зургаахан хүүхэд үлдэх тохиолдол олон гардаг гэсэн үг. Мөн хөнгөнөөр хичээллэж байсан тамирчид өндөр амжилт үзүүлэх нь ч элбэг.
 
Гэвч Монголын нөхцөлд ганцхан урин дулааны улиралд л гадаа бэлтгэл сургуулилт хийхэд тохиромжтой. Хавар, намрын зарим үед сэрүүхэн байдаг тул төвөгтэй, өвөл бол яриад ч хэрэггүй биз. Тиймдээ ч залуучууд эргэж буцах тохиолдол гардаг байх. 
 
Хөнгөн атлетикийн спортод африк болон өмнөд америк гаралтай тамирчид дэлхийн чансааг тодорхойлдгийг бид мэднэ. Харин монгол тамирчдын давуу тал нь юу байдаг вэ?
 
-Монголд энэ спортоор хичээллэж буй залуучуудад бэлтгэл хийх орчин нөхцөл үнэхээр дутмаг байдгаас манай тамирчдын амжилт, үр дүн шалтгаалдаг гэж боддог. Дээр дурдсанчлан манайд зөвхөн зуны улиралд гадаа бэлтгэл хийх боломжтой. Харин халуун, дулаан уур амьсгалтай орнуудад жилийн аль ч цаг үед бэлтгэлээ хийж болно. Нэг жишээ дурдахад, бид хэдэн жилийн өмнө гадаадад зохион байгуулагдсан цугларалтад оролцохоор дугуйлангийнхаа хүүхдүүдийг аваад явсан юм.
 
Манай хүүхдүүд яг зориулалтын талбайд нь очоод гадаад хүүхдүүдийн хамт бэлтгэл хийсэн. Гэтэл эхний долоо хоногт бусдаасаа илт сул байгаа нь мэдрэгдсэн. Харин 10 хоногийн дараа гэхэд л нөгөө хэдээсээ дутахааргүй болчихдог. Энэ бол монгол хүний биеийн онцлог чанар гэж ойлгодог. Аливаад дасан зохицох чадвар нь энэ мэт зүйлээс маш тодоор харагддаг.
 
Хоёрдугаарт, бид тийм орчинд бэлтгэлээ хийгээд эхэлбэл бусад орны шилдэг тамирчидтай адил амжилт гаргах бүрэн боломжтой гэж хардаг. Хэдхэн жилийн өмнө тамирчид маань олимпын наадамд цагаан хуудас(спортын хөгжил буурай оронд өгдөг квот)-аар ордог байсан бол өнөөдөр цагийн нормативаа биелүүлээд олимпын эрхээ авч чаддаг болсон. Гэхдээ манай марафоны тамирчид ихэвчлэн гадаадад, голцуу Хөх хотод очиж бэлтгэлээ базаадаг л даа. Орчин нөхцөлийг нь бүрдүүлчих л юм бол ямар ч асуудалгүй гэж бодож байна.
 
Хөнгөн атлетикийн спортоор хэдэн наснаас эхлэн хичээллэвэл тохиромжтой вэ?
 
-Аль ч төрлийн спортоор бага балчраасаа эхлэн хичээллэвэл сайн. Харин хөнгөн атлетикийн спортын хувьд 8 наснаас эхэлбэл тохиромжтой гэж би боддог. Учир нь хүүхэд 6 настайдаа сургуульд ордог. Тэр үед орчин тойрондоо дасан зохицох үйл явц эд өрнөж байдаг учир спортоор давхар хичээллүүлэх нь тохиромжгүй. Илүү ачаалал үүрнэ гэсэн үг л дээ. Харин 8 настай хүүхэд бие даах чадвар нь харьцангуй нэмэгдчихдэг учир энэ үед спортоор хичээллүүлэх нь ирээдүйн амжилтад нь эерэг нөлөө үзүүлдэг.
 
Таны хувьд уг спорттой хэрхэн холбогдсон бэ? 
 
-Би гурван сартай байхдаа Хаянхярваагийнх гэх айлд өргөгдсөн түүхтэй. Өргөж авсан ижий, аав минь Төв аймгийн уугуул, жирийн ажилчин хүмүүс байв. Намайг маш сайн өсгөж хүмүүжүүлсэн тэдэндээ би туйлын их баярлаж явдаг юм. Би нийслэлийн 76 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэр үед манай биеийн тамирын багшаар Оюунцэцэг гэх мундаг эмэгтэй ажилладаг байлаа. Хожим Спортын төв ордонд шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байснаар нь хүмүүс сайн мэднэ. Багш маань намайг зорьж уулзаад хөнгөн атлетикийн дугуйланд орохыг зөвлөсөн. Бодвол тамирын хичээл дээр гүйж харайхдаа эвсэлтэй, спортын дөртэй харагдсан байх л даа. Тэгээд дараахан нь багш намайг Спортын төв ордонд дагуулж очоод Л.Сумьяа гэх миний анхны багшийн гараас хөтлүүлж, би гэдэг хүн эргэлт буцалтгүй энэ спорттой холбогдсон доо. Одоо санахад тэр үе 1987 он байжээ. Улмаар дөрвөн жилийн дараа тухайн үед "Алдар" спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж байсан Ж.Бямбаа багш маань намайг тус хороонд үндсэн тамирчнаар авах саналыг тавьж би энэ байгууллагатай анхлан холбогдож байлаа. Бага байхад хүүхдүүд ямар мэргэжилтэй болох талаар хоорондоо их ярьдаг байсан. Би тухайн үед эмч болбол сайхан даа гэж боддог байлаа. Гэвч яагаад ч юм бүү мэд хөнгөн атлетик, тэр дундаа гүйлтийн спортод дурлаж ажил амьдралаараа энэ спорттой холбоотой явна.
 
Тамирчин хүнд хамгийн том урам зориг болдог зүйл юу вэ? 
 
-Намайг анх Спортын төв ордны дугуйланд хичээллэдэг байхад биеийн тамирын зааланд төрөл бүрийн спортынхон нэгэн зэрэг хичээллэдэг байсан. Заалаа хэд хэдэн хэсэг болгоод хуваачихсан, талаар нь байт харваа, нөгөө талд нь ушу, цана нь волейболынхон, эсвэл зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн тор татчихсан, наахан талд нь өндрийн харайлтын матрасууд, эсрэг талд нь уртын харайлтын элстэй талбай, голоор нь резинэн зам татчихсан байдаг байлаа. Тэр зааланд орсон ямар ч хүн спортоор хичээллэх сонирхол нь өдөөгдөхөөс өөр аргагүй. Зогсож буй эсвэл завтай нэг ч хүн харагдахгүй шүү дээ. Тийм орчинд өөрийн тамирчны замналаа эхэлсэн хүн чинь спортдоо дурлахаас өөр яах юм. Тэгэхээр надад бусад тамирчид маань хамгийн том урам, зоригийг өгдөг байв. 
 
“Алдар” спорт хороонд мэргэжлийн тамирчин болоод бэлтгэлийн зааланд ороход хөл толгой нь олдохгүй их бужигнаантай байдаг байлаа. Манай хөнгөнийхөн тойрог замаараа гүйчихнэ, байт харваа, бокс, бөхийнхөн бүгд хамтдаа бэлтгэл хийдэг байсан гээд бодохоор тэнд 4-5 бэлтгэл зэрэг явагддаг байсан гэсэн үг. Гэхдээ хэзээ ч бие биедээ саад болохгүй. Тэдгээрийн дундаас өнөөгийн олон мундаг тамирчин төрөн гарсан. Ингэж бодохоор хамт олноороо бахархах сэтгэл төрдөг. Ер нь ажлын хамт олон гэдэг хамгийн чухал. Ийм сайхан хүрээлэлд ажилладаг учраас л би өдийг хүртэл 30 гаруй жил энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаж байна.  Бас нэг дурсамжтай үйл явдал бий. Манай өсвөр үеийнхний дугуйланд Лхагвацэрэн, Мягмарцэрэн гэх ах дүү хоёр хичээллэдэг байв. Гэхдээ хожим өөр мэргэжил сонгоцгоосон л доо. Сүүлд нэг өдөр тэр хоёрын аав нь надтай ирж уулзаад надад маш их баярлаж байгаагаа хэлсэн. Мэдээж би гайхна шүү дээ. Тэр аав үргэлжлүүлэн "Манай хүүхдүүд таны шавь болсноор тамхи татаж, архи ууж, гадуур тэнэж үзээгүй. Харин оймсоо цэмцийтэл нь угааж сурсан" гэж хэлсэн. Спорт өөрөө тэр хүмүүжлийг нь өгчихсөн байж. Энэ үйл явдал надад маш том урам болсон. Спорт гэдэг хүнийг зөв хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлдэг нь хамгийн үнэн. Спортоор хичээллэж байгаагүй хүн үүнийг хэзээ ч ойлгохгүй болов уу. Жишээ нь, ямарваа ажлыг эхэлсэн л бол заавал дуусгадаг зарчмыг бүр яс маханд нь шингээж өгдөг гэсэн үг.
 
Хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар дурсвал... 
 
-Анх энэ спортоор тууштай хичээллэж эхлэхээс өмнөхөн болсон явдал. БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдахад би оролцож, бүр түрүүлсэн нь миний анхны тэмцээн, анхны ялалт байлаа. Шагналд нь өргөмжлөл, сансрын хөлгийн зурагтай энгэрийн тэмдэг, Б.Элдэв-Очирын нэрэмжит кино театрын билетийн хамт авч байсан. Киног нь үзэж амжаагүй л дээ. Харин билет нь одоо ч надад хадгалагддаг юм. 
 
Мөн санаанаас гардаггүй нэг тэмцээнийхээ талаар яръя гэж бодлоо. Би ер нь ямар ч тэмцээн, уралдаан болохын өмнө их унтамхай болчихдог сонин зантай. Яагаад ч юм бүү мэд тэмцээний өдөр нойр хүрээд байдаг. Харин унтаад сэрэхээрээ тухайн тэмцээнд маш сайн оролцдог. 1990-ээд оны эхээр нэг тэмцээнтэй өдрийн өглөө нөхөр маань дэлгүүр гарчхаад ирье, чи бэлтгэлээ хангаж байгаарай гэж хэлээд гарсан.
 
Тэгтэл тэр хооронд нь би унтчихсан, бүр тэмцээн бараг эхлэх цаг хүртэл шүү. Нөхөр маань орж ирээд нэг их сандарсан хүн миний хачин занг гайхдаг юм байгаа биз дээ. Тэгээд л бид хоёр сандарсан чигээрээ таксинд суугаад очих ёстой газраасаа бүр наана буугаад, амьхандаа замдаа халаалтаа хийх санаатай гүйгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон. Тэр эрчээрээ тэмцээндээ  ороод түрүүлж байсан түүх бий. Нөхөр маань хүндийн өргөлтийн дасгалжуулагч хүн байлаа. Бид хоёр чинь бүр бага, залуугаасаа л бие биеэ мэддэг байв. Хамт нэг байгууллагад ажиллаж байхдаа илүү дотно танилцаж, үерхэж дотносоод нэг гэрт орсон сайхан түүх бий. Хоёр охин маань хоёулаа энэ спорт хороонд байт харваагаар хичээллэж байсан. Ингээд бодохоор минийх гэсэн бүхий л тодотгол "Алдар"-ынхан гэх энэ том гэр бүлтэй холбогддог юм даа.
 
Монголын бүх ард түмний спортын наадмуудад “Алдар”-ынхан маань маш олон жилийн турш тогтмол амжилт гаргасаар ирсэн. Энэ амжилтад таны оролцоо ч их бий дээ... 
 
-Би түүхтэй, алдар гавьяатай энэ байгууллагад ажиллаж байгаадаа үнэхээр баярладаг. Манай байгууллагын нэг зарчим бол хүүхдүүдийг багаас нь эхэлж системтэйгээр сургах олон төрлийн секц, дугуйланг тасралтгүй хичээллүүлдэг. Материаллаг баазаа ч сайн хангадаг. Бага наснаасаа ямар нэг байгууллагыг төлөөлөөд тэмцээн уралдаанд оролцоод эхлэхээр тамирчин хүний сэтгэл зүй бий болдог. Тиймдээ ч бид хожим нь тамирчид, боловсон хүчнээ хайж толгойгоо өвтгөлгүйгээр тэдгээр хүүхдүүдээсээ сонгоод үндсэн тамирчин болгочихдог. Өнөөдөр гэхэд л спорт зааланд бокс, хөнгөн атлетикийн бэлтгэл дуусахад волейбол, сагсныхан үргэлжлүүлж байна. Тэдэн дунд өсвөрийн томоохон тэмцээнүүдээс хэдийнээ медаль аваад эхэлчихсэн хүүхдүүд олон бий. Үүнд манай чадварлаг багш нарын үүрэг оролцоо их. 
 
Энэ байгууллагатай холбоотой нэг үйл явдал амьдралын минь салшгүй хэсэг болдог юм. Зах зээлийн шуурга эд сэвэлзэж байсан он жилүүдэд манай спорт хороо бүтцийн өөрчлөлтөд орж бүх тамирчдаа ажлаас нь халж байсан бараан түүх бий. Гэтэл тэр үед би жирэмсэн байж таараад ганцаархнаа халагдаагүй үлдчихсэн.
 
Улмаар 1996-1999 он хүртэл хоёр охиноо төрүүлээд ажилдаа буцаад орж байв. Гэтэл яг тэр үед спорт хороо маань тамирчдаа буцаан авч эхлэх мөчид “Алдар”-ын тодотголтой ганцхан тамирчин байсан нь би болж таарсан сонин түүхтэй. Улмаар энгийнээр ажиллаж байгаад 2001 онд ахлагчийн албанд элсэж, 2006 оноос дасгалжуулагч албан тушаалд томилогдон 2008 онд дэслэгч цол хүртэж байлаа. Намайг дасгалжуулагчаар ажиллаж эхэлснээс хойших Монголын бүх ард түмний наадмуудад миний удирдсан баг, тамирчид тасралтгүй түрүүлсэн. Мөн 2017 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсныг эс тооцвол бусад бүх тэмцээнд алтан медаль хүртсэн.
 
Дасгалжуулагч болгон өөрийн өвөрмөц арга барилтай байдаг. Таны арга барил чухам юу вэ?
 
-Би аливаа ажлыг эхэлбэл заавал дуусгахыг зорьдог. Дундаас нь хаяна гэдэг утгагүй зүйл. Ер нь би өөрийгөө шударга талдаа гэж боддог. Энэ зан маань миний хичээллэдэг спорттой салшгүй холбоотой. Манай гүйлтийнхэн замаас гаралгүйгээр заавал барианд орох ёстой гэх зарчмыг баримталдаг. Нэг замаас гарчихаар тухайн тамирчинд ингэж болдог юм байна гэсэн муу зан суучихдаг талтай. 8, 9 настай хүүхдүүдэд эхний тэмцээнд орохоороо заавал түрүүлнэ гэдэг хөөрхөн бодол байдаг. Харин ялагдчихвал сэтгэл санаа нь тавгүйрхээд уйлж гарна шүү дээ, нөгөөдүүл чинь. Тэр үед нь сэтгэл санааг нь өргөх хамгийн чухал.
 
Дараа дараагийн тэмцээнд сайн бэлдээд түрүүлсэн хүүхдээс илүү мундаг болж болно гэдгийг нь ойлгуулчихдаг. Тэгвэл энэ удаа алдсан ч дараагийн боломж заавал гардаг юм шүү гэдгийг ухамсарлаж чадна. Тэмцээнд ялж эсвэл ялагдаж үзсэн хүүхдүүд амьдралд бууж өгнө гэж юу байх вэ дээ. 
 
Мөн миний бэлтгэл, сургалтдаа баримталдаг гол зарчим бол хүүхдийг эхлээд тухайн спортод дурлуулах. Түүнээс биш анх эхлээд л өндөр шаардлага тавиад эхэлбэл шантрах, дургүй болох хандлага гарна шүү дээ. Үүний тулд уг спортын талаар сайн тайлбарлаж, хийх ёстой бэлтгэл, сургуулилтынх нь тухай хэлж зөвлөх ёстой. Үүний дараа нөгөө шаардлагаа тавина. Нэгэнт л спортод дуртай болсон хүүхэд биеэ даагаад хичээллэх чадвартай болчихдог. Дасгалжуулагч, багш хүн зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хатуу байх хэрэгтэй. Толгойг нь илээд урмын үг хэлэх өдөр байхад унтах цагийг нь хүртэл хуваарилж өгөх тохиолдол бий гэсэн үг.
 
Шавь нартаа хандаж юу хэлэх вэ?
 
-Хамгийн гол нь өөртөө зорилго тавьж сурах хэрэгтэй. Өнөөдөр зорилгогүй залуус олон байна. Тамирчин хүн тэр тэмцээнд түрүүлж амжилт гаргана, олимпын аварга, алдартай тамирчин болно гэх мэтээр аливаад зорьж бэлтгэл, сургуулиа хийх нь хамгийн чухал.
 
 
Дэслэгч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин