сонин mn

Болгар улсын София хотноо зохиосон “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-д Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авчирлаа. Ингэснээр Монгол Улсын эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд багаараа оролцохоор боллоо. ААШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгины “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга Х.Болортуяа 1/8 шигшээд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррера, хагас шигшээд Беларусийн Вероника Иванова нарыг цэвэр ялснаар олимпийн эрхээ авсан. Х.Болортуяа хожигдож явах үед юу бодогдож байсныг тодруулахад “Би дөнгөж нэг оноотой эхний үе завсарласан. Өрсөлдөгчөө оноогоор нөхөж гүйцэхэд дэндүү холдсон хүнд байдалтай багш дээрээ очсон.

 

 

Эхний үе л өндөрлөлөө. 9:1 гэдэг оноог толгойноосоо авч хая. Хоёрдугаар үед юу чаддагаа үзүүл. Тэмцээн дөнгөж эхэлж байна. Оноо 0:0 гэж төсөөл. Юу сурснаа гаргаж, санаачилгыг гартаа оруулж, өөрийнхөөрөө барилд. Онооны хол ойрыг март" гэж зөвлөсөн.

 

 

Эргээд өрсөлдөгчтэйгөө золгох зуураа үйл явдал биш, үр дүн чухал гэж өөртөө сануулж амжсан. Багш маань сэтгэл зүйн маш чухал зөвлөгөөг надад өгсний үр дүнд олимпийн эрх авлаа” гэж байсан юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин