sonin.mn

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга Б.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрынхаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг 2009 оноос эхлэн Засгийн газрын тогтоолоор Замын цагдаагийн газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харьяа “ТХОХЗАлба” УТҮГ гэсэн хоёр байгууллага хэрэгжүүлэн ажиллаж, 2012 онд Авто тээврийн газар татан буугдаж, тээврийн хэрэгслийн бүртгэлийг Зам тээврийн яамны харьяа “Зам тээврийн хяналт бүртгэлийн газар” үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

2015 онд “Зам тээврийн хяналт бүртгэлийн газар” татан буугдаж Засгийн газрын тогтоолоор тус төвийн тээврийн хэрэгслийн газартай нэгдэн Авто тээврийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах чиг үүрэг бүхий, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмыг мөрдөн улсын хэмжээнд тус үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 






-Яг ямар үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг үү?

-Авто тээврийн үндэсний төвийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг ТӨХ-ны өнгөрсөн оны гуравдугаар дугаар сарын 26 ны 174 дүгээр тогтоолоор шинэчлэн баталж, авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг газрын хэмжээнд зохион байгуулж байна. 

-Тухайлбал? 

-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь Шилжилт хөдөлгөөн, импортын бүрт­­­гэлийн хэлтэс, Бүртгэлийн архив лавлагааны тасаг гэсэн нэгжтэй. Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтэс нь дараах үйл ажиллагааг явуулдаг. 


Тухайлбал, авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгох, автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх, авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг нөхөн олгох, шинэчлэн солих, авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах болон явуулын дугаар олгодог. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааны тайлан мэдээг сар, улирал, жилээр гаргаж эрх бүхий албан тушаалтан, байгууллагыг мэдээллээр хангах үүрэгтэй. 

-Өнөөдрийн байдлаар танай байгууллагад хэчнээн авто машин бүртгэлтэй байна вэ?


-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 789 мянга 763 тээврийн хэрэгсэл бүтгэлтэй байна. 

-Тэгвэл шилжилт хөдөлгөөн хэр их хийгдсэн бол?

-Нийт 217 мянга 141 тээврийн хэрэгсэлийг шилжүүлсэн байдаг. Үүний 78 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. 

-Үүнээс гадна өнгөрсөн онд импортоор хэчнээн тээврийн хэрэгсэл орж ирэв?

-Шинээр 50 мянга 908 тээврийн хэрэгслийг шинээр бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, ийм тооны тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн гэсэн үг. 

-Улсад хэчнээн төгрөг төвлөрүүлсэн гэсэн үг үү?

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжаар өссөн дүнгээр нийт 535.1 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиар 114581 тээврийн хэрэгслээс 1.3 тэрбум төгрөгийг төлүүлсэн байдаг. Харин давхардсан тоогоор нийт 182 мянган тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдсан байна. 

-Танай байгууллагын эрхэм зорилгыг сонирхож болох уу?

-Манайх 2015 онд тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим сангийн зөрүүг арилгах, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилготой ажиллаж байна. Зорилгын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлаж байсан архивын материалыг Сүхбаатар дүүрэг дэх Архив, лавлагааны тасгийн архивын байранд нүүлгэн шилжүүлж нэгдсэн архивын байрыг стандартын дагуу тохижуулсан. 


Түүнчлэн 2015 онд салбаруудын ажлын ачааллыг хуваах, иргэдэд хүртээмжтэй шуурхай үйлчлэх зорилгоор тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг хүргэх шинээр дөрвөн салбар нээж нийт найман салбар ажиллаж байна. Нийслэлд найман салбар ажлын өдрүүдийн 08:30-17:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэж байна. 


Үүнээс гадна Зам, тээврийн сайдын 2012 оны 59 тоот тушаалаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд “Автотээврийн хэрэгслийг барьцаанд бүртгэх” журам боловсруулж 2015 оны гуравдугаар сараас шинэ үйлчилгээ нэвтрүүлэн тээврийн хэрэгслийг барьцаанд бүртгэж эхэлсэн. 2015 оны есдүгээр сарын байдлаар багагүй тээврийн хэрэгслийн барьцаа бүртгээд байна. 

-Өөр ямар ажлыг хийж амжуулав?

-Зам тээврийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу арлын дугаар давхардсан тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн оронг “-” тэмдгээр бүртгэн шийдвэрлэж байна. Нийт найман тээврийн хэрэгслийн арлын дугаарын давхардлыг шийдвэрлэсэн. 


Мөн улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэлтэй боловч сүүлийн 3-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн албан татвар төлөгдөөгүй, ашиглах боломжгүй, устаж үгүй болсон тээврийн хэрэгслийн судалгааг гаргаж бүртгэлийн сангаас хасах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран, ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Эх сурвалж:"Өглөөний" сонин