sonin.mn
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд "би чадна, бид чадна" гэдгээр 12.1 мянган айл өрх жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан байна. Цаашдаа энэ зээл үргэлжилнэ гэж эрх мэдэлтнүүд ам мэдэн ярих ч бодит эдийн засгийн байдал хүндхэн байгаагаас ирээдүйг бүрхэгээр төсөөлж байсан юм.
 
Тэгвэл орон сууцны ипотекийн зээлийг анх төлөвлөж байснаар хоёрдагч зах зээлтэй "уялаа". Монголын ипотекийн корпораци "МИК Актив-1" ХХК-ийг дэргэдээ байгуулж, түүгээрээ дамжуулан арилжааны банкуудтай гэрээ байгуулан жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг тасралтгүй урт хугацаанд үргэлжлүүлэхээр өнгөрсөн долоон хоногийн сүүлчээр үнэт цаас гаргасан юм.
 
Ингэхдээ "Голомт", "Худалдаа хөгжлийн", "Хаан", "Хас", "Улаанбаатар", "Эрэл" зэрэг есөн арилжааны банктай гэрээ байгуулж, банкуудаас найман хувийн хүүтэй нийт 322.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн багцыг худалдан авч, үнэт цаас гаргалаа. МИК-ээс гаргасан уг үнэт цаасыг худалдан авагч, найман хувийн зээлд хөрөнгө оруулагч нь одоогоор Монголбанк болон арилжааны банк байх юм.
 
Монголд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс босгох боломжгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк, арилжааны банк хөрөнгө оруулагчаар оролцож, ийнхүү үнэт цаасжуулах ажлыг эхлүүлжээ. Үүнээс 90 хувийн давуу эрхтэй үнэт цаасыг Монголбанк 4.5 хувийн хүүтэйгээр, 10 хувийг арилжааны банкууд 10.5 хувийн хүүтэйгээр худалдан авах юм.
 
Ямартай ч энэ оныг үдэхийн өмнө найман хувийн зээлийн санхүүжилтыг таслахгүйн тулд үнэт цаасжуулах ажлыг эхлүүллээ. Ийнхүү МИК-ээс 322.9 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаснаар цаашид 7200 өрхөд шинээр зээл гаргах боломж бүрджээ. Хэтдээ уг үнэт цаасыг хөрөнгийн биржид арилжих ч одоогоор энэ талаарх асуудал тодорхой болоогүйг албаныхан хэлсэн.
 
Хөрөнгийн хоёрдагч зах зээл гэж ярих нь төвөгтэй, ойлгоход бэрх санагдах ч зээл авсан, шинээр авах гэж буй, өндөр хүүтэй зээлээ найман хувьд шилжүүлсэн иргэдэд ямар ч өөрчлөлт гарахгүй, зээлийн эх үүсвэр баталгаажиж байгаа хэрэг юм. Монгод анх удаа нэвтэрч чадсан орон сууцны ипотекийн зээлийн эргэн тойронд олон асуудал гарсаар байна.
 
Үүний нэг нь арилжааны банкны зээлийн мэргэжилтнүүд найман хувийн зээлээ алагчилж олгож байгаа талаарх мэдээлэл тархсан. Учир нь энэ жил гэхэд уул уурхайн салбарын ашиг орлого багасч, энэ салбарт ажиллагсдыг цөөлөх болсон. Банк арилжааны байгууллага учраас, олгосон зээлээ асуудалгүйгээр эргэн төлүүлэхийг илүүд үзнэ.
 
Уул уурхайн салбар урьд жилүүдийнхээс илүү уналттай байгаа, ажлын байр нь эгзэгтэй, найдваргүй зээлдэгчид ямар л мэргэжилтэн зээл олгох билээ. Ийм сэжмээр уул уурхайнханд зээл өгөхгүй байна гэсэн мэдээлэл байсан юм. Энэ талаар банкны удирдлагуудаас өөрсдөөс нь асуухад, "Голомт" банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд "Найман хувийн зээлийг журмын дагуу 30 хувийн урьдчилгаа төлбөрөө хийсэн, татварын өмнөх орлогынхоо 45 хувийг сар бүр төлөөд явах, зээлийн өргүй гэх зэрэг шаардлагыг хангасан хүмүүст эрх тэгш олгох ёстой.
 
Уул уурхайн салбарт ажиллагсдад зээл олгохгүй байгаа гэсэн мэдээлэл худлаа. Манай банк жирийн олгож байгаа" гэж хариулсан юм. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ "Манай банкны хувьд зээлийг журмын дагуу асуудалгүй олгож байгаа. Бусад банкууд уурхайн салбарт ажиллагсдад зээл олгохгүй байгаа тохиолдол бий эсэхийг мэдэхгүй юм.
 
Ер нь эдийн засгийн чухал салбарт тооцогдох уул уурхайн салбарт ажиллагсадыг яаж ялгаж зээл олгохгүй байж болох билээ" хэмээн тайлбарлалаа. Ийнхүү ипотекийн зээлийг олгож эхлээд зургаан сар болсон бөгөөд энэ хугацаанд 12.1 мянган өрх орчим шинээр зээл авч, 17 орчим мянган өрхийн зээлийг найман хувийн зээлд шилжүүлээд байна.
 
Цаашид дээр хэлсэнчлэн 7200 орчим өрх шинээр зээл авах нөхцөл үүгээр бүрдэж, зээл олголтыг шаардлага хангасан зээлдэгчид алагчлахгүй олгоно гэж байгаа. Ирэх жилүүдийн сайхан найдвар дунд ипотекийн зээл яалт ч үгүй орох болж байна.
 
Ямартай ч та авсан зээлээ банктайгаа тохирсоны дагуу сар бүр төлөөд явна, хэрэв та шинээр зээл авах гэж байгаа бол боломж нээгдэж байгаа гэсэн үг юм. Ийнхүү энэ оны хагаст нэвтрүүлсэн ипотекийн зээлийг саадгүйгээр үргэлжлүүлэх алхмыг оны төгсгөлд хийлээ.
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин