sonin.mn
ВЕНА. /VOA/. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ дэлхийн эдийн засаг саарах вий гэх болгоомжлолын улмаас унаад буй газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо бага хэмжээгээр бууруулахаар тохиролцжээ.
 
Тодруулбал, даваа гарагт газрын тос олборлогч орнууд ирэх 10 дугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 100 мянган торхоор буюу дэлхийн эрэлтийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулах тохиролцоонд хүрсэн байна. Мөн хэрэв тогтворгүй байдал үргэлжилсээр байвал “ОПЕК”-ийн даргалагч орон болох Саудын Араб хэдийд ч ээлжит бус хурал зарлах тухайд санал нэгджээ.
 
Өнгөрсөн сард Саудын Арабын тал газрын тосны үнийн хэт их хөдөлгөөнийг зохицуулахын тулд “ОПЕК+” олборлолтыг бууруулж магадгүй талаар мэдэгдээд байсан юм. “Brent” маркийн газрын тосны нэг торхын үнэ зургаадугаар сард 120 ам.долларт хүрээд байсан бол одоо дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв байдалтай холбоотойгоор 95 орчим ам.долларт хүрч буураад байна. ОХУ-ын Шадар сайд Александр Новак даваа гарагт мэдэгдэхдээ, “ОПЕК+” дэлхийн эдийн засгийн өсөлт сул байх төлөвтэй байгаатай холбогдуулан олборлолтоо бууруулахаар тохиролцлоо гэсэн байна. Үүнээс гадна Иран 2015 онд томоохон гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээгээ сэргээвэл Техран түүхий газрын тосоо зах зээлд эргэн нийлүүлж эхэлж магадгүй байгаа нь үнэ буурахад мөн нөлөөлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг