sonin.mn
АНУ Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан эсэх талаарх Гадаад Харилцааны Яамны мэдэгдлийн талаар нийгмийн сүлжээнд хүмүүс янз бүрийн сэтгэгдэл илэрхийлж байна.
 
Мэдэгдлийн тухайд мэргэжлийн ахмад дипломатч хүний хувьд юу бодож байгааг манай Sonin.mn сайтын "Зохиогчийн булан"-гийн хамтрагч, нийтлэлч Т.Залаа-Уул гуайгаас тодруулахад тэрээр:
“Үлбэгэр сулбагар, бэмбэгнэж айсан маягтай мэдэгдэл ГХЯ гаргасан. Таалагдаагүй. Надад таалагдах албагүй боловч би олон улсын жишигтэй харьцуулан үүнийг хэлж байна. ГХЯ-ны мэдэгдэл бол тухайн орны Засаг төрийн албан ёсны байр суурийг илэрхийлдэг учир тууштай, тодорхой байдаг. Бас агуулгаас гадна хэлбэр гэж бий.
 
 
Тухайлбал, иж бүрэн стратегийн, найрсаг харилцаатай, их гүрэн ОХУ-ын тодорхой албан тушаалтан хөрш зэргэлдээ жижиг орны тухайд ямарч үндэслэлгүй, хоосон гүтгэлгийн чанартай мэдэгдэл удаа дараа хийж байгааг Монгол Улсын ГХЯ эрс шийдвэртэй эсэргүүцэж, бүрэн няцааж байна. Найрсаг харилцаатай, хөрш зэргэлдээ орнуудын ард түмний эв нэгдэлд харш ийм үйлдлээ нэн даруй зогсоохыг Монгол Улсын ГХЯ шаардаж, учирч болох хохирлын хариуцлагыг тэдгээр хүмүүс хүлээнэ гэдгийг мэдэгдье..гэх ч юмуу шууд, тууштай, зоримог томъёолох хэрэгтэй байсан.
 
 
 
Ер нь ГХЯ-нд дипломат баримт бичиг боловсруулах ажил тун сул байгааг Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэл бас харуулсан. Бид дүгнэлт хийгээсэй, ажил үйлс нь сайжраасай л гэж ийм юм хэлдэг. Гэтэл тэнд зарим хүн гадаад бодлого руугаа дайрлаа гэх зэргээр эмзэглэдэг гэсэн. Миний хувьд хорьдог, цөлдөг, албадан хөдөлмөр хийлгэдэг авторитар дэглэмийн үед ч хэлж ярьж, зөвдөж буруудаж явлаа. Тусгаар тогтносон эх орондоо хайртай учраас л энэ бүхнийг хэлдэг юм шүү дээ. Амиа бодсон бэртэгчин байхыг би үзэн яддаг. Тэгээд ч үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрх чөлөө чухамхүү хүмүүнд байдаг” гэв.