sonin.mn
Америкийн санхүүгийн тогтолцоонд аюул учраагүй хэмээн Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдсээр байгаа боловч дэлхийн олон орны банкуудын хувьцааны ханш даваа гарагт огцом уналаа.
 
Тухайлбал, Испанийн Santander, Германы Commerz банкны хувьцааны ханш хэсэг хугацаанд 10 хүртэлх хувиар унасан нь хөрөнгө оруулагчдыг сандралд оруулжээ. Америкийн зарим жижиг банкууд Европын банкуудаас ч илүү их алдагдал хүлээсэн байна.
 
Энэ нь АНУ-ын Silicon Valley Bank (SVB) ба Signature Bank гэсэн хоёр банкны төлбөрийн чадвар ноцтойгоор алдагдсантай холбоотой. Хэдийгээр Ерөнхийлөгч Ж.Байден банкны системийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсээр байгаа боловч хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр.
 
Silicon Valley Bank-ны сүйрэл
 
Өндөр технологийн компаниудад зээл олгож, үйлчилгээ үзүүлэх талаар дагнасан үйл ажиллагаа эрхэлдэг тус банк АНУ-д томд /16-д бичигддэг/ тооцогддоггүй боловч дампууралд нэрвэгдсэн нь 2008 оноос хойш анх удаа Америкийн банкны тогтолцоонд томоохон хүндрэл үүссэнийг харууллаа. Сануулан дурдахад, одоогоос 15 жилийн өмнө Америкийн “Lehman Brothers” банк дампуурсны улмаас тус улсын санхүүгийн тогтолцоо бүхэлдээ ганхаж, улмаар дэлхий даяараа хямралд өртөж байсан билээ.
 
АНУ-ын засгийн газар Silicon Valley Bank дахь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг бүрэн бүтэн байлгах баталгааг өгч байгаа бол HSBC банк Их Британи дахь салбарыг нь худалдан авснаар үйл ажиллагааг нь тогтворжуулаад байгаа тухай ВВС агентлаг мэдээллээ. 
 
Үүнтэй зэрэгцээд “манай улсын банкны тогтолцоонд аюул учраагүй гэдэгт америкчууд итгэлтэй байж болно. Та бүхний хадгаламж бүрэн бүтэн байгаа. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэж Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгджээ.
 
АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо баасан гарагт Цахиурын хөндийн банкны актив хөрөнгүүдийг хураажээ. Тус банк активаа худалдсаны дараа алдагдал хүлээж, үүнийгээ нөхөхөд шаардлагатай 2 тэрбум 250 сая долларын эх үүсвэрийг босгож чадаагүй учраас 9-ний өдөр хувьцааных нь ханш 60 гаруй хувиар огцом унасан байна.
 
Үүнтэй зэрэгцээд харилцагчид, хадгаламж эзэмшигчид мөнгөө их хэмжээгээр татаж эхэлсэн нь банкийг дампуурахад хүргэв. Тус банкны худалдсан активуудын ихэнх нь засгийн газрын үнэт цаас байсан бөгөөд Төв банк бодлогын хүүгээ өсгөсний улмаас ханш нь буурсан ажээ. Silicon Valley Bank бол Америкийн ба Их Британийн технологийн салбарын компаниудыг санхүүжүүлдэг гол банкуудын нэг юм. 
 
ВВС-гийн мэдээлснээр, банк дампуурсны улмаас Их Британийн стартап компаниудын 30-40 хувь нь /50 мянган ажилтантай/ санхүүгийн хүнд байдалд орж мэдэхээр байна.
 
Иймээс Британийн 250 технологийн компанийн захирлууд тус улсын Сангийн сайд Жереми Хант-ад захидал бичиж, харилцагчид, хувь нийлүүлэгчдийг хохироохгүйн тулд засгийн газрын зүгээс зохицуулалтын арга хэмжээ авахыг хүссэн байна. Үүний зэрэгцээ Цахиурын хөндийн банк нь өнгөрсөн онд хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан Америкийн технологийн болон эм бэлдмэлийн компаниудын тал хувьд нь үйлчилгээ үзүүлж байжээ. Тус банк бүр 1983 онд байгуулагдсан боловч сүүлийн 10 жилийн хугацаанд л идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.Гэтэл Төв банкнаас /Холбооны нөөцийн сан/ бодлогын хүүг өсгөсний улмаас технологийн гарааны компаниудын хувьд зээл авах, хувьцаагаа борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болжээ.  
 
Харин ВВС-гийн эдийн засгийн сэтгүүлч Саймон Жекийн дүгнэн бичсэнээр, Silicon Valley Bank дампуурсан явдлыг 2008 оны Lehman Brothers-тай холбоотой хямралтай адилтгаж, айдас түгшүүрт автах нь утга учиргүй хэрэг болой.
 
Гэхдээ олон банкны нөхцөл байдал цаасан дээр бичсэнээсээ хамаагүй хүндэрсэн байх магадлалтай гэдгийг энэ удаагийн дампуурал харууллаа. Учир нь, засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулсны улмаас олон банк алдагдал хүлээж байгаа билээ. Бодлогын хүүг өсгөсний улмаас бондын үнэ унасаар байгаа нь Silicon Valley Bank-ны хувьцааны ханшийг огцом унагаж, хөрөнгө оруулагчдыг түгшүүрт автууллаа.
 
Нөгөөтэйгүүр, хэрвээ 2018 онд Д.Трамп ерөнхийлөгч байхдаа 100-250 тэрбум хүртэлх долларын активтай банкуудад хийх хяналт шалгалтыг сулруулахад хүргэсэн хуульд гарын үсэг зураагүй байсан бол Silicon Valley банк эрсдлийн менежментээ илүү сайн хийх байсан гэж банкны зарим шинжээчид дүгнэжээ.
 
Үүнтэй зэрэгцээд ням гарагт АНУ-ын санхүүгийн зохицуулагч байгууллагаас дахин нэг банкийг хаасан нь Нью-Йоркийн Signature Bank юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар, тус банкны актив хөрөнгө 110 тэрбум доллароос давснаас 88,6 тэрбум нь харилцагчид, хадгаламж эзэмшигчдийн мөнгө байв.
 
Эрх баригчдын зүгээс энэ мөнгийг бүрэн бүтэн байлгана гэсэн амлалтыг өгч байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Signature Bank дахь хадгаламжийн ¼ нь криптовалют бөгөөд ийм активын хэмжээг багасгах бодлогыг баримталж байсан ажээ.
 
Хамгийн сүүлийн мэдээллээр, криптовалютын гүйлгээгээр дагнасан Америкийн Silvergate банкийг хаах шийдвэр гарчээ. Өнгөрсөн оны сүүлчээр криптовалютын FTX бирж дампуурснаас хойш тус банк үйл ажиллагааныхаа хүрээг хумина гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч, эдгээр үйл явдлыг 15 жилийн өмнө болсон дэлхийн санхүүгийн хямралтай адилтган зүйрлэж, сандарч үймэх шаардлагагүй гэдгийг ихэнх эдийн засагчид хэлж байна.    
 
Б.Адъяахүү