sonin.mn
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвөөрөө овоглож, төрүүлж өсгөсөн зургаан үрээрээ гангарч, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын албанд ажилладаг тэднээрээ огшин байж “Зэвсэгт хүчний Хатан ижий” хэмээн өргөмжлөгдөн тайзнаа уригдан байсан мөчийг тэр хэзээ ч мартахгүй. 
 
Бахархал, хүндэтгэлийн баярын нулимс, санах эгээрэхүйн гунигийн нулимстай хамт үерлэсэн болохоор тэр биз ээ. Тэр өглөө урьдын л адил үүрийн таван жингээр босож, мал хуйгаа цэгцэлчхээд, нарандаа сүүгээ өргөж, тэнгэрийн дайдаас ивээж яваа ханьдаа сүслэн зулаа мандаачхаад нийслэлийг зорин ирсэн ээжийнхээ сэтгэлийн торгон утсыг хүүгийнх нь чин зүрхний нандин үгс хөвөрдөх нь тэр.
 
Ханиа тэнгэрт үдсэн хоёр оны ойн дээр тэрбээр ийнхүү Зэвсэгт хүчнийхээ эрхэм хүндтэй нэгэн болон хүндлэгдэн зогсоогоо хувь тавилан гэж мэдрэхийн зэрэгцээ амьдралын олон өнгө, зовлон жаргал ээлжилдэг орчилдоон дунд танхимд хурсан олон ч тэднийг дагаад мэлмэрүүлсэн билээ.  Түүний намтрын товчоонд хөврөх Баянбараат сум, Баян-Өнжүүлийн сургууль, Баянтуул хоршоолол зэрэг амны билигтэй, азын ерөөлтэй үгс амьдралынх нь энэ мэт баян хөхиүн замнал, баялаг түүхтэй хоршино. Хэзээний л элбэг дэлбэг идээ будаагаа зэхээд ид, уу хэмээн олон түмнийг дайлж суудаг, хаа ч таарсан ямар нэг үйл өрнүүлж, хийж бүтээж явдаг, хэнтэй ч уулзсан нүд дүүрэн инээмсэглэлээрээ сэтгэл цэлмээж, гуниг үргээдэг түүний энгийн атлаа эгэлгүй чанарыг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуульд хаа холоос зорин очсон Аляскийн тойргийн генерал анзаарчхаад, “Энэ хүн танай ангийн ээж үү” гэж асуусан талаар Д.Ганзориг генерал дурссан нь бий.
 
“Нэг харахад товч хадаж, хувцасны уранхай цоорхойг оёод, бас нэг анзаарахад шал угааж, тоос шороо арчаад, нэг таарахад аягатай кофе, жигнэмэг барьчихсан хэн нэгнийг дайлаад явж байх юм, тэгснээ хувцас хунар өлгөж, угаалга цэвэрлэгээгээр олонд үйлчлээд зогсох юм. Ер дуусахгүй ажилтай түүнийг зүгээр байхыг нь л лав харсангүй, айлын ээж л нэг ийм байдаг даа” гэж тэр эрхэм өгүүлж суусан гэдэг.
 
Үнэхээр л Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн худгийн моторчноор томилогдон хувь заяагаа энэ ангитай холбож, улмаар харуул, хээрийн байрлалын халуун усны эрхлэгч, угаагч, жижүүр зэрэг ажлыг хийж явсан Намсрайн Халиун эгчийг Зэвсэгт хүчинд танихгүй хүн ховор биз ээ. Түүгээр ч үл барам жилийн жилд Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд”, “Шийдэмгий шийдвэр”, “Нүүдэлчин заан”, “Талын манлайлагч” зэрэг олон улсын болоод хоёр орны хамтарсан хээрийн сургуулиуд, НҮБ-ын офицерын дамжаанууд, “Аравт” олон улсын морин уралдаан зэрэг томоохон үйл ажиллагаа, сургалтуудад оролцогч гадаадын цэргийн алба хаагчид, олон улсын энхийг сахиулах ажиллагааны өмнөх бэлтгэлд хамрагдагсад түүнийг андахгүй. Гаднын цэргийн алба хаагчид түүнийг зүгээр л “Mum” гэж дотночлон дууддагаас хүний өөрийн хүүхдүүдэд ялгал үгүй ханддаг монгол ээжийн сэтгэл нэвт харагдана.  
 
Шархайн хөндийд Бор-Өндөр хайрхныг хараалан буудалласан хэдэн толгодыг зүгээр ч нэг Тавантолгой гэсэнгүй ээ. Талын салхи нь хөвгүүдийн арьсыг хөрслөг борт урвуулж, эрэмгийн шинжийг улам тодотгож, холбоо толгодын бэл хэц нь залуусын шандас тамирыг шалгаж, тал талаас хуран чуулсан дайчин эрс уухайн дуугаар удмын хийморио сэргээж, эр биеийн идийг жагсаагаад зорилгоо биелүүлж, хүслээ гүйцээхээр эх орны найман зовхист, цаашлаад амгалан цэнхэр дэлхийнхээ энх тайвны төлөөх албанд мордож, хүлгийн жолоо залцгаана. Хатан ижий маань тэднийг өөрийн гурван хүү, өхөөрдөм гурван охинтойгоо адилтган санаж, сүүгээ өргөөд, ерөөлөө хэлээд л үднэ. Ташрамд дурдахад, мөнөөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд ах эгч, дүү нараа төлөөлөн чин сэтгэлийн үгээ хэлээд ээжийгээ, танхимыг тэр чигт нь уйлуулсан түүний хүү З.Гүррагчаа нь ОБЕГ-ын харьяа Аврах тусгай бригадын бүлгийн дарга, сургалтын албаны ахлах мэргэжилтэн, усчин аврагчаар хорь шахам жил ажиллаж байгаа нэгэн агаад Хөвсгөл нуураас “Сүхбаатар” онгоцыг татан гаргах, Заамарын уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг олох зэрэг амь насанд эрсдэлтэй, хүнд бэрх ажил үүргүүдийг амжилттай гүйцэтгэсэн орчин цагийн баатарлаг залуусын нэг ажээ. “Хүүдээ санаа зоволтгүй ээ, ээж ээ. Манайхан осолдсон хүмүүсийг олж гаргаж л байна” гэж арайхийж ганц утсаар холбогдохдоо хэлсэн үгэнд нь тайвшрах ч ослын газарт удирдан ажилласан хурандаа Б.Ууганбаяр “Хамгийн түрүүчийн цогцсыг манай ахлах ахлагч З.Гүррагчаа олж гаргаж ирлээ” гэж телевизээр мэдээлэхэд бодит байдлыг сэтгэл түгшин сонордож байсан монгол түмнийхээ хамт ээж нь мэдэж байх жишээтэй. Тийм болохоор хангай дэлхийдээ цай, сүүнийхээ дээжийг өргөж, хавь орчиндоо тус дэмтэй, нөөлөг түшигтэй, ямагт олонтойгоо явахыг Хатан ижий маань өөрөө ч эрхэмлэдэг, үр хүүхдүүддээ ч чухалчлан захидаг. 
 
Олны тус дэм гэснээс, тэрбээр гашуун утаа хоолой хорсгож, галын аюул сэтгэл сэмлэсэн 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг зориуд дурссан юм. Анги даяараа команд штабын шалгалтад бэлтгээд тун завгүй байсан тэр өдөр “Полигонд гал гарч байна, та харихгүй бол болохгүй нь” гэсэн хэл дуулаад л хар хурдаараа гүйж одсон түүнийг замаас нь ангийн захирагч Баярсайхан хурандаа УАЗ469 машинаараа гүйцэн очиж авчээ. Машинд өндөлзөн яарах түүнд гэрт үлдсэн хоёр настай зээ, хань хоёр нь л бодогдоод, бачимдаад хэцүү байсан гэдэг. “Гэр маань бүрэн шатчихсан байсан. Харин хань минь зээгээ тэвэрчихсэн зогсож байгааг хараад нар мандах шиг л болсон. Ууя аа аягагүй, унтъя аа гудасгүй үлдсэн манайх гэдэг айл төдхөн олны дэмээр дутуугүй дүүрэн, дундуургүй бүтэн болчихсон шүү. Олонтойгоо байхын сайхныг тэгэхэд л илүүтэй мэдэрч билээ. Бичиг баримт, гэрэл зураг, гэр бүлийн дурсамжит зүйлс, эд хогшил шатлаа ч сэтгэл дүүрэн, элэг бүтэн байхад болдог юм билээ. Манайхан “Галын дөл өөдөө” гээд л зоригжуулж байсан даа” гэж дурссан нь түмэн олонтойгоо жаргалтай байдгийнх нь нэгэн нууц бололтой.  Түүний хань дүрэлзсэн тэр их галын дундаас зээгээ гаргачхаад, гэрийн хажууд байсан хүүгийнхээ “Планет” мотоциклыг өргөж аваачаад холоо тавьчихсан байсан гэдэг. Н.Халиуны амьдралын түшигт хань, зургаан үрийнх нь аав С.Занабаатар тийм л тэнхээтэй жинхэнэ гүндүүгүй монгол эр төдийгүй аймгийн заан цолтой, аймаг сумын Алдарт уяач, нутагтаа нэртэй малчин хүн байжээ. Түүний уясан морьд аймаг сумын наадам, сунгаанд айргийн тавд бараг л завсаргүй орж ирдэг байсан гэдэг. Морь мал уургалахдаа ялангуяа их иртэй, бяртай сайхан хүн байжээ.
 
“Нэгдэл дундын “Баянтуул” хоршооллын туслах аж ахуйн ажлаар манай нутагт ирэхэд нь бид танилцсан. Төв аймгийн Баянбараат сумын Бараат бригадын уугуул, нуруулаг, царайлаг, хэний ч нүд унахаар сайхан залуу анх яриа өдөж, танилцаад удалгүй дотносож, нэгэн өрх бүл үүсгэж, зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон юм даа. Хүнд тусархуу, илэн далангүй яриатай, ажилч хүн байсан даа” гэж хань нь өнөөдөр дурсаж сууна.
 
Ардын Армийн 120, 150 дугаар анги болон алдарт Ховдын хороо дамжин гурван жилийн цэргийн албыг хаасан Артиллерийн онц буудагч С.Занабаатар хожим Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид худгийн моторчноор ажиллаж, тэднийхэн гэр бүлээрээ энэ ангитай холбогджээ.  “Бөхийн гэргий байна гэдэг эрхгүй ёс журамтай, намба дөлгөөн байхыг шаарддаг юм билээ. Миний хань надтай ханилахаас өмнө нэлээд эрчтэй барилдаж байсан. Бид ханилаад хөдөө гарснаас хойш мал ахуйнхаа араас явсаар барилдахаа ер нь орхиж, хурдан морио түлхүү оролдох болсон доо. Манайх гэж эгэл боргил монгол айл байлаа. Тэрсхэн хэдэн хүүхэд маань аймгийн төв дээр сургуульд сурахдаа бөөнөөрөө дотуур байр, хотод оюутан болоод очихдоо мөн л бөөндөө байр түрээсэлж сурцгаасан даа. Хүүхдүүд маань зэрэг өсөцгөөсөн юм, одоо харин зэрэг өтлөх шинжтэй. Ямар сайндаа л Онцгойд ажилладаг хүү маань хоёр гурван жил болоод тэтгэвэрт сууна гэхийг сонсоод ээжийгээ гүйцэж түрүүлэх нь ээ гээд бөөн инээдэм болж байх вэ” гээд энэ ээж сэтгэл хангалуунаар амьдралынхаа тухай өгүүлж, инээд цацрааж суух.
 
Анх МХЗЭ-ийн Илгээлтийн  эзнээр хөдөө гарч, төллөх мал хариулж ажил амьдралын гараагаа эхэлж байсан тэрбээр нөхөр С.Занабаатартай гэр бүл болж, улмаар Төв аймгийн нэгдэл дундын Баянтуул хоршоололд малчин, саальчнаар ажиллахдаа аймгийн Засаг даргын тамгын газарт гадаад харилцааны шугамаар ирсэн олон орны зочид төлөөлөгчдийг гэртээ хүлээн авч эхэлсэн гэдэг.
 
Өрхийн тэргүүний уяж хурдлуулсан аргамаг хүлгүүд уяан дээр нь дүүхэлзэж, авсан шагнал медалиуд нь хойморт ирийж, гялалзах энэ айлын эзэгтэй босон суун өрхийн ажлаа цэгцэлж, өрөм тараг, цагаан идээгээ боловсруулж, ажилтай, анхиатайгаараа нутаг усандаа үлгэрлэдэг тэднийхийг зорин очигсод олон. Тэдний хүүхдүүд ч бага наснаасаа мал маллаж, унага, даага, эмнэг сургаж, хурга ишиг хариулж, хурдан морь унаж, гүү сааж, цагаан идээ боловсруулж бэлтгэх арга ухаанд аав ээжээрээ дамжуулан суралцсан нь гадаадын зочид төлөөлөгчдөд монгол мал ахуй, нүүдэлчдийн соёл, ардын өв уламжлалыг таниулахад ихээхэн дөхөм болжээ. 
 
АНУ-ын Элчин сайд Жонсон гэхэд л тэднийхээр хүссэн үедээ зочилдог,  энгүйхэн сайхан амраад явдаг байсан гэдэг. Долоон орны хэл мэддэг, уйгуржин монгол бичиг, кириллээр сайн бичдэг, монголоор сайхан ярилцдаг, маш энгийн харилцаатай нэгэн байж. Улмаар 1995 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхдээ тэднийхээр буудаллаад мордсон нь амьдралынх нь нэгэн чухал дурсамж болон үлджээ. Элчин сайдын хэлсэн гэнэтийн тэр мэдээ түүний хувьд “Тэнгэрээс од буугаад ирэх гэж байгаа юм шиг л санагдсан” гэсэн. Баяртай, хүндэтгэлтэй санагдлаа ч Монголынхоо нэрийг гаргана гэж бодохоор сүрдэж байсан тэд хориодхон цагийн дотор эрвийх дэрвийхээрээ хөдөлж, гэр ахуй, мал хуй, идээ цагаа, тавгийн боов, гарын бэлэг гээд өчүүхнийг ч үл гээн бэлтгэлээ базааж, эрхэм зочныг хүлээн авсан гэдэг. Ийнхүү Монгол, Америкийн тэргүүн хатагтай нарын тэргүүтэй хүндэт зочид, тусгай хамгаалалтынхан, гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэн гээд жар гаруй машин бүхий гэнэтийн зочдыг хүлээн авч, айраг цагаа, идээ будаагаараа дайлаад гаргасан монгол эзэгтэй гэж бодоход үнэхээр бахархам байгаа биз.   
 
Түүнээс хойш ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Койчиро Мацура, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо нарын олон гаднын зочид төлөөлөгчдөөс гадна Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн халуун ам бүлд багтах болсноор тэднийд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад дотоодын удирдлагууд, цэрэг армийн хүндэт төлөөлөгчид, цэргийн алба хаагч зочдын нэгэн хүрээлэл нэмэгджээ. Гадна дотнын зочид төлөөлөгчид түүний хоол шиг шимтэй, амттай цайных нь амтыг шагшин, хэзээ хойно ч зориуд захиалан авах нь ч элбэг. Монгол хоол цай, цагаан идээ, айраг цагаагаар зочдоо дайлахаас гадна тэрбээр монгол үндэстний онцлогийг харуулсан дээл хувцас, малгай хэрэглэлээ ч өөрөө оёж өмсөхөөс гадна хүүхдүүдээ ч үндэсний хувцсаараа гоёдог байлаа. 
 
Түүнчлэн Зэвсэгт хүчний анги байгууллагуудын дунд урлаг соёл, спортоороо зэгсэн үнэлэгддэг төрөлх ангийнхаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүсгүйчүүдтэйгээ хамт найрал дууны хамтлагийн цэнхэр дээл, өдөн цагаан малгай оёж, урлагийн хувцасны фондын эх суурийг тавьж байсан түүхтэй. Зэвсэгт хүчний урлагийн марш гэгддэг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд ангийнхаа багт орж, товч шилбэ зангидах, хадах, дэмбээдэх зэрэг монгол ахуй, үндэсний уламжлалт төрлүүдийг өөрийн чадлаараа авч гардаг байсан гэдэг. 
 
Багадаа “Бүлгэм дуулж бай. Ноомхон” гээд л илэрхийлэлт өгдөг, дүрэмт хувцсаар жигдэрч, бөмбөр нижигнүүлж, дуулж жагссан нөхдөө удирддаг эрээн галстук зүүсэн Бүлгэмийн зөвлөлийн дарга, нийгмийн идэвхтэй охин байжээ, тэр. Хөтлөгч хийдэг, уран уншдаг чадвар нь амьдралынх нь явцад мөн ч их хэрэг болжээ.  “Хөдөлмөрийн баатар Ажвай гэж номхон цагаан хонины эзэн намхан бор хүн бий” гэхийг “намхан цагаан хонины эзэн номхон бор хүн бий” гэж зөрүүлж уншаад захирал багшдаа зэмлүүлж явсан нь ч бий. Олон ч шүлэг цээжиндээ баринтаглаж, унших дуртай байлаа. Харин сүүлийн үед дараах дөрвөн мөрт сэтгэлд нь ойрхон явах болжээ. Төрсөн өдрөөрөө цэцгийн баглаатай зорин ирээд уншиж өгсөн дунд хүүгийнхээ 
 
“Зүүний сүвэгчээр багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн үрсдээ урт насалж хайрла” гэсэн тэдгээр мөртүүдийг сэтгэлдээ оршоож, “энэ даалгаврыг нь биелүүлэх гэж хичээж л явна даа” гэж хуучилсан юм. Тэгснээ араас нь “Ажлаа хийгээд гүйж явахад юун тэтгэвэр бодохтой манатай байлаа. Тэгтэл нэг л мэдэхэд тэтгэвэрт гарах нас маань хэдий нь өнгөрчихсөн байсан. Гавьяаныхаа амралтыг эдэлж эхлээд ажлаа их үгүйлдэг юм байна, хамт олноо их санадаг юм байна. Ялангуяа даваа гаригийн өглөөний нэгдэлт, бүрээн дуугаа их үгүйлнэ ээ.
 
Манай Тавантолгой шиг сайхан газар хаана байна?! Манай Сургалтын нэгдсэн төв олон мянган цэргийн алба хаагчдын амьдралын их сургууль, “Сургалтын академи” гэж болохуйц төв төдийгүй гадна дотнын зочид төлөөлөгчдийн сэтгэлд үлдсэн сайхан газар шүү дээ” гэж бахархангуй хэлээд шүүрс алдсан нь ангиа, хамт олноо ихээхэн санаж буй шинжтэй.
 
Хариуцсан ажил албандаа сэтгэл дүүрэн хандвал амжилт бүтээл, алдар нэр, амьдралын сайн сайхан бүхэн дагаад аяндаа цогцолдог юм шүү. Бүхэнд болно доо, болно гэсэн өөдрөг сайхан сэтгэлээр хандахыг залуус дүү нартаа аминчлан захья даа гэснээр Зэвсэгт хүчний Хатан ижий, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахмад алба хаагч Намсрайн Халиун эгчтэй хийсэн уулзалт маань өндөрлөлөө. “Халиун гэж намайг хүн таних биш бидний харилцаа хандлага, үйлчилгээний соёлоос ангийн минь нэр хүнд, Монгол орны минь алдар дуурьсагдана шүү дээ” гэж хичээн ажилладаг байсан эгэл жирийн энэ ээж, ангийн нэг эс ширхэг болсон алба хаагчийн хичээл зүтгэл, сэтгэлийн мөн чанар өнөө ажиллаж буй, ирээдүйд ирэх хэн нэгний сэтгэлийн утсыг хөндөх нь дамжиггүй ээ.   
 
 
Д.Гүнжилмаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин