sonin.mn
“Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх” номын шинэ хэвлэл саяхан уншигчдын хүртээл боллоо. Үүнтэй холбогдуулан  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D), дэд профессор Д.Болормаатай ярилцлаа.
 
-Таны хамтран хэвлүүлсэн гурван боть “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх” ном  “Монголын нууц товчоон”-ыг монгол бичгээр сэргээсэн анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой юм байна. Энэ нь ихээхэн сонирхол татлаа?
 
-“Монголын нууц товчоон” анх зохиогдсон эх нутагтаа Цэнд гүнгийн орчуулгын гар бичмэл байдлаар 700 зуугаад жилийн дараа монгол үсгээр эргэн сэргээгдсэн анхны тохиолдол гэдгээрээ гайхамшигтай. “Монголын нууц товчоон”-ы орчуулгыг Цэнд гүн Буриадын эрдэмтэн Жамсраны Цэвээний захиалгаар хагас жилийн дотор хийж гүйцэтгээд 2017 онд Ж.Цэвээнд хүлээлгэн өгчээ.
 
Ж.Цэвээн ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины хүрээлэнд ажиллаж байхдаа уг гар бичмэлийг тус хүрээлэнгийн номын санд хадгалуулсан байдаг.Цэнд гүнгийн сийрүүлэл орчуулгын гар бичмэлийг ерөнхий танилцуулбал, хятад үсгээр галигласан монгол үг бүхий «Монголын нууц товчоон»-ы гол зохиолын хэсэг нь 282 зүйлд хуваагдаж, зүйл нэг бүрийн ард хавсаргасан түүний агуулгыг хураангуйлан товчилсон хятад орчуулга бий.
 
Үүнийг бас “ерөнхий орчуулга” гэж ч хэлдэг. Цэнд гүнгийн хөрвүүлсэн “Монголын нууц товчоон” гол зохиолыг үг дараалан тэр хэвээр сийрүүлэн буулгасны тул “Монголын нууц товчоон”-ы жинхэнэ өнгө зүсийг тодорхой олж үзэж болох юм. Ямар ч уран зохиолын найруулга хийгээгүй. Цэнд гүнгийн “Монголын нууц товчоон”-ы сийрүүлэл орчуулгын үнэ цэнэ нь чухам үүнд оршиж байгаа юм. Энэ удаагийн шинэ хэвлэлийн хувьд “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх” гурван боть номыг Нууц товчоо судлаач, Хэл бичгийн ухааны доктор, профессор Гаадамбын Билгүүдэйн хамт дөрвөн жил орчмын хугацаанд хийж хэвлүүлээд байна. Бид Цэнд гүний охин Хандсүрэн гуайн Улаанбаатар хотод 1997 онд фото зургийн аргаар хэвлүүлсэн “Цэнд гүн ба Монголын нууц товчоо” номын эхийг барьж ажлыг хийсэн.
 
Энэ хөрвүүлэг Хандсүрэн гуайн 2002 оны “Цэнд гүн ба Монголын нууц товчоо-2” номоос зарчмын ялгаатай. Учир нь кирилл шинэ үсгээр буулгахдаа 100 жилийн өмнөх Цэнд гүнгийн орчуулгын үг үсгийг тэр хэвээр нь, орчин цагийн монгол хэл, кирилл үсэгт буулгахдаа монгол бичгээр эргэн хөрвүүлэхэд уг эхтэйгээ зөрөхгүй байх, мөн тухайн үед бичсэн зохиогчийн зохиолын хэл найруулгыг эвдэхгүйн үүднээс уг эхийн нэг ч үг үсэг өөрчлөлгүйгээр буулгах зарчим барьсан.
 
-“Монголын нууц товчоон”-ы монгол бичгээр хөрвүүлсэн үндсэн эх нь ОХУ-д хадгалагдаж байгаа юу?
 
-Тийм.Одоо энэ гар бичмэл ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахиныг судлах хүрээлэнгийн номын санд (хуучин нэрээр бол Зөвлөлт Холбоот Улсын Дорно дахины судлалын институтийн Ленинград дахь салбарын номын сангийн гар бичмэл ангийн G79 гэсэн дугаарт) хадгалагдаж байна.
 
-Эрдэм шинжилгээний тайлбар хийснээр нэг номыг гурван боть болгон хэвлүүлсэн байна. Тайлбарыг ямар байдлаар хийсэн бэ?
 
-“Монголын нууц товчоон”-ы эх орчин цагийн монгол хэлнээ орчуулагдсанаас хойш өнгөрсөн 100 гаруй жилийн судалгааны ажлын ололт туршлагыг тусгасан шинжлэх ухааны зүүлт тайлбарыг өргөн дэлгэр хийхийг хичээж, зорьсон. Тайлбарт эх номд давхардсан тоогоор 8700 гаруй үгийн тайлбар хийлээ. Тодруулж хэлбэл тайлбарлах үгсийг налуу үсгээр, хуучин монгол бичгээр бичсэн үгийг шинэ үсгээр галиглан бичиж ялгахын зэрэгцээ үгийн утгыг тайлах, зарим нэг буруу бичсэн үгийг зөв болгон засах зэргээр дэлгэрэнгүй ба хураангуй хоёр төрлийн тайлбарыг хадаж оруулсан.
 
Цэнд гүнгийн орчуулгадаа “хөвүүн, хөвгүүн” гэх үгийг ямагт “көбүн”, “хэмээн” гэх үгийг ямагт “кэйэн” гэж сийрүүлэн буулгасныг учрыг тайлсан зүүлт тайлбар хийсэн. Энэ мэт монгол хэлний зарим үгсийн эрт болон дундад үеийн монгол хэлний онцлогийг гаргах үүднээс ийм үгсийн дагавар нөхцөлийг байгаа чигээр нь буулгасан. 
 
Мөн Цэнд гүний гар бичмэл эх дээр бичсэн баллах, балласны өмнүүр зарим нэг нөхөн оруулах үгсээ арай жижгээр ялган бичсэнийг тэр хэвээр үзүүлэх, зарим нэг үгсийн өмнө өөр бичгийн хэрэгсэл, өөр бичлэгийн тигээр нэр үл мэдэгдэх хүний хийсэн засвар оруулбарыг үндсэн эхийн үг үсгээс өөр хөх өнгөөр ялган дөрвөлжин хаалтад бичиж оруулах зэргээр нэлээд бүтээлчээр ажилласан. Ер нь Цэнд гүнгийн орчуулгын өнгө аясыг бүрэн хэмжээгээр үзүүлэх зорилгоор 100 гаруй жилийн өмнө бичсэн эхийн зарим үгсийн өвөрмөц бичлэгтэй үгс болгоныг зүүлт тайлбар хийж оруулсан байгаа.
 
-“Монголын нууц товчоон”-ы үндсэн эхээс орхигдсон зүйл Цэнд Гүнгийн орчуулгад байсан уу?
 
-“Монголын нууц товчоон” олон бүтээлтэй харгуулж тулгасан. Монгол бичгээс  буулгах явцад “Монголын нууц товчоон”-ы эхээс орхигдсон есдүгээр зүйлийн төгсгөлийн хэсэг, мөн энэ зүйлийн хятад хэлээрх ерөнхий товч орчуулга гээгдсэнийг нөхөн сэргээв. Мөн “Нууц товчоон”-ы 61, 62, 63 дугаар зүйлээс орхигдсон хэсэгт Дэй цэцний зүүдэнд үзэгдсэн шонхор шувууны тухай өгүүлэл мөн дээрх хоёрын адилаар 265 дугаар зүйлээс Тангуд иргэнтэй Чингис хааны бие хэдий өвчтэй ч дайнаа үргэлжлүүлэх хийх тухай хэлэлцсэн хэсэг орхигдсоныг мөн бүхлээр нь нөхөн оруулсан.
 
-Та бүхний бүтээл “Монголын нууц товчоон”-ы өмнөх хэвлэлүүдээс юугаараа шинэлэг, онцлог вэ?
 
“Монголын нууц товчоо” анх зохиогдсон 1228 оноос хойш 156 жилийн дараа Хятадын Мин улсын хааны зарлигийн бичиг дотор монгол хэлний үгийг үе таслаад хятад ханз үсгээр галигласан байдлаар бичсэн ном болоод “Юань улсын нууц түүх” гэсэн нэрээр Хятад газар дэлгэрсэн байдаг. Монгол Улсад анхны хэвлэлийг Цэнд гүнгийн төрсөн охин Хандсүрэн 1997 онд хэвлүүлсэн. Тэрбээр 1970-аад оны үед ОХУ-ын Санкт-Петербургийн Дорно дахины хүрээлэнд ажиллаж байхдаа аавынхаа гар бичмэлийг олж үзэж маш их баярлаж, хожим нь гар бичмэлийг фото зургаар буулгаж авснаа “Цэнд гүн ба Монголын нууц товчоон” нэрээр гар бичмэл орчуулгын эхийг фото зургийн аргаар хэвлүүлсэн.
 
Гар бичмэл эх 1917 оны намраас хойш яг 80 жил болоод олны хүртээл болсон нь энэ. Үүний дараа 2002 онд Хандсүрэн гуай “Цэнд гүн ба Монголын нууц товчоо-2” номыг кирилл үсгээр хэвлүүлсэн. Цэнд гүнгийн орчуулга гарсны 100 жилийн ойг тохиолдуулан “Цэнд гүнгийн хөрвүүлсэн Монголын нууц товчоон” номыг Хандсүрэн гуайн хүү Д.Начин Цэнд гүнгийн “Юань улсын нууц түүх” гэж гарчиглан орчуулсан 1917 оны гар бичмэлийг мөн л фото зургийн аргаар хэвлэж олон нийтэд хүргэсэн.
 
Бидний хэвлүүлсэн “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх” гурван боть шинэ хэвлэл нь Цэнд гүнгийн “Монголын нууц товчоон”-ы эхийг монгол бичгээр сийрүүлэн орчуулсныг эрдэм шинжилгээний тайлбар зүүлтээр хангаж, уг зохиолыг Монголын орчин үеийн уншигчдад хүргэж, хүртээмжийг нэмэгдүүлэх оролдлого мөний хувьд эрдэм шинжилгээний асар их үнэ цэнтэй төдийгүй энэ бүтээлийг шинэ үсгээр буулгах нь унших, танин мэдэх, түүнийг судлах, ерөөс Монголын түүхийн талаар үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй болоход үнэлж баршгүй их боломжийг олгох учиртай бүтээл болсон гэж үзэж байна.
 
-Ингэхэд Цэнд гүнгийн талаар та бүхэн хэр их судалгаа хийсэн бэ? “Бодлогот баатар гүн” хэмээн алдаршсан юм билээ?
 
-Бавуудайн Цэнд Өмнөд Монголын Хөлөнбуйр аймагт 1875 онд төрсөн. Багаас гэрийн багшаар заалган бас бие даан хятад, монгол, манж бичгийг сайн эзэмшсэн тул Хөлөнбуйрын яамнаа бичээч, зүүн тэнхимийн даргаар ажиллаж байхад нь зарлигаар дуудан 1912 онд Нийслэл хүрээнд ирүүлж, Богд хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчийн алба хашиж байв. Долнуурын цэргийн хуаранд томилогдон ажиллаж байх үедээ Манлай ван Дамдинсүрэнгийн хамт Долнуурын байлдаанд оролцож гамин цэргийг цохиход идэвх зүтгэл гаргасан учир Богд хаан “Бодлогот баатар” хэмээх цол хэргэмээр шагнасан байдаг. Ном зохиол уншиж судалдаг, хэд хэдэн хэлийг сайтар эзэмшсэн, бичгийн өндөр соёлтой хүн байсан тул төрийн их албанд зүтгэхийн зэрэгцээ “Монголын нууц товчоон”-ы иж бүрэн 12 дэвтрийг Е Дэхуйн бар хэвлэлээс монгол бичгээр хөрвүүлэн сэргээн буулгах, орчуулах нөр их ажлыг 1917 онд дуусгасан гавьяатай хүн.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин