sonin.mn
Монгол Улсын түүхэнд өөрийн нэрээ мөнхөлж алдраа дурсгаж гаргасан амжилт, хийсэн бүтээсэн бүхнээрээ бахархал дүүрэн яваа хүний нэг нь Үйлчилгээний гавьяат ажилтан, чөлөөнд байгаа хурандаа Санжаадамбын Сайнцог юм.
 
Эрхэм хурандаагийн амрыг эрье. Таны хувьд ямархан хувь тохиолоор цэрэг армитай холбогдсон түүхээсээ бидэнтэй  хуваалцана уу?
 
- 1966 оны өвөл зохион байгуулагдсан математикийн улсын аварга шалгаруулах олимпиадад Дорнод аймгаас шалгарч, сургуулиа онц дүнтэй төгссөн бөгөөд өөрийн хүссэн сургуулиа сонгох эрхээр шагнуулсан юм. Сансрын анхны нисгэгч Ю.А.Гагаринаас хойш цэнхэр дэлхийн олон мянган хүүхэд, залуус нисэхийг, тэр дундаа сансрын уудамд цойлон нисэхийг мөрөөдөж байсан үе. Би ч бас энэ талаар бодож, мөрөөдөж байсан тул нисгэгч болохын тулд пуужингийн чиглэлийн сургуульд явах бодолтой байлаа. Элсэлтийн шалгалтын үеэр БХЯ-ны Боловсон хүчний асуудал хариуцсан хурандаа Д.Бээжин, хошууч Н.Загдсүрэн нар сургуулиа онц төгссөн, олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдтэй уулзах үедээ чам шиг математикт сайн, олимпиадад амжилттай  оролцсон  хүүхдийг шууд академид явуулна гэж билээ. Ингээд жанжин Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 1966 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бага дэслэгч цол хүртэж, хуучнаар ЗХУ-д Цэргийн инженерийн академид суралцахаар болж, Ардын Арми болон инженерийн цэрэг хэмээх их айлтай амьдралаа холбосон түүхтэй.
 
 
Таны цэргийн хүн болох сонголт хийж суралцаж эхэлсэн үе бол Ардын Армийг өргөтгөн зохион байгуулж байсан үе шүү дээ? 
 
-Дэлхий ертөнц хоёр туйлд хуваагдан цэрэг, зэвсгээр хөөцөлдөж эхэлсэн хүйтэн дайны үе юм. Дэлхий дахинд төдийгүй бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал хурцадсан, тухайн цаг үеийн шаардлагаар Ардын Армийг шинэ залуу боловсон хүчнээр хангахын тулд дотоод, гадаадын бүх шатны сургууль, академид сургаж бэлтгэх, орчин үеийн зэвсэглэл, техникээр нөхөн хангаж, шинэчлэх их ажил эхэлж байсан үе. Энэ их ажлын хүрээнд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Зэвсэгт хүчинд ашиглаж эхлээд байсан орчин үеийн өндөр хүчин чадалтай зэвсэг, техникүүдийг хүлээн авах, бага мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулах, нэгтгэл, анги, салбаруудын үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зэрэг шил дарсан ажлууд бүх шатны цэргийн сургуулиудад суралцаж төгссөн нэгэн үеийнхний нуруун дээр тогтож байлаа.
 
Тухайн үеийн Ардын Армийн бие бүрэлдэхүүн дан ганц эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээсээ гадна энх цагийн бүтээн байгуулалтад ч манлайлан оролцож байсан дурсамж ?
 
-Тэр үеийн улс ардын аж ахуйд ашиглаж байсан машин, техникийн хүчин чадал, хүрэлцээ, нөөц боломж ч хангалтгүй байсан байх. Тэгэхээр Ардын Арми тэр дундаа Инженерийн цэргийн хүн хүч, техник хэрэгслийг ашиглан үер усны аюулаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, уул хаданд тэсэлгээ хийж зам, даваа гүвээ засах, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутагт ургац тээврийн зам засах, хөвөгч гүүр тавих гэх зэргээр улс орны бүтээн байгуулалтын олон чухал ажилд оролцож байсан юм. Өнөөдөр ч манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тэр дундаа инженерийн цэргийн чадварлаг хамт олон Нефть боловсруулах үйлдвэрийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд гар бие оролцож, төр, засгаас  хүлээлгэсэн өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр байна. Ингээд бодохоор инженерийн цэрэг бол дайны ч цэрэг, энхийн ч цэрэг юм.
 
Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг гэж цэргийн насны залууст цэрэг, эх оронч хүмүүжил олгож, сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд төлөвшсөн залуусыг цэргийн албанд бэлтгэдэг бие даасан тогтолцоо бүхий сургалтын байгууллагыг нэгэн үе та удирдаж байсан. Энэ талаар тодруулбал?
 
-Цагтаа энэ нийгэмлэгийн төв байр ёстой л түм түжигнэж, бум бужигнасан, тодруулах аваас аймаг бүрд салбар зөвлөлтэй, хүүхэд, залуусыг цэргийн албанд ирэхээс нь өмнө эх оронч, хүмүүжил боловсролыг олгох, бие бялдрыг нь хөгжүүлж, шүхэр, радио техник, буудлага, авто болон мото спорт гэх зэрэг олон спортод дөртэй болгон төлөвшүүлдэг өвөрмөц тогтолцоо байсан юм.
 
Харамсалтай нь өнөөдөр зөвхөн нэр нь л үлдэж дээ. Гэхдээ аль ч цаг үед Зэвсэгт хүчний гүйцэтгэж буй чухал үүргийн нэг нь цэргийн бага мэргэжилтнийг бэлтгэхээс гадна тэднийг амьдралд сургаж, төлөвшүүлэх явдал байсан бөгөөд энэхүү үүргийг амжилттай гүйцэтгэсээр ирсэн, цаашид ч гүйцэтгэсээр байх болно.
 
 
Цэргийн тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон нь багтдаг шүү дээ. Энэ тухайд ...? 
 
-Эх орныхоо төлөө цэргийн алба хаагч нь насан туршид ганцхан удаа цэргийн тангараг өргөдөг. Тэр тусмаа хамгийн хатуу тангараг өргөдөг. Цэргийн албанд татагдан ирсэн залуустаа хандаж, эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа насан туршдаа үнэнч байж, эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй гэж захья. Миний хувьд 2006 онд Монгол Улсын төрийн тэргүүнээсээ Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдэг гардаж авахдаа “Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч явсны минь төлөө өгсөн шагналд баярлалаа!  Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлсэн. 
Тиймээс би сурагчийн ширээний араас босохдоо л эх орондоо өргөсөн тангарагтаа насан туршдаа үнэнч зүтгэн төр, засаг, Армийн командлалаас өгсөн үүрэг, даалгаврыг хоёргүй сэтгэлээр биелүүлсээр ирсэн, цаашид ч зүтгэнэ. 
                                                           
 
Ахлах дэслэгч Г.ТҮМЭНБАЯР