sonin.mn
Олон нийтийн санаа бодолд нөлөөлөх ажиллагаа нь Москвагийн ашиг сонирхлыг дэмжсэн барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэн сэтгэгдлүүдэд чиглэжээ. Кардиффын их сургуулийн Гэмт хэрэг, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгээс “Mail Online”, “Экспресс”, “Таймс” зэрэг 16 орны 32 хэвлэл мэдээллийн вэбсайтууд зорилтот байсныг тогтоолоо.
 
Энэхүү тактикийн ажиллагаа 2018 оноос үргэлжилж сүүлийн үед Афганистанаас барууны орнуудыг гаргахад чиглэсэн бололтой. Судлаачдын онцолсон жишээгээр талибууд Афганистанд ялалт байгуулсан 2500 сэтгэгдэл оруулжээ. Их Британи, АНУ-д уншигчдын сэтгэгдлийг ашиглаж Кабулын уналтын тухай либерал ардчилал дууссан, НАТО-гийн бүтэлгүйтлийн тухай ОХУ-ыг дэмжсэн мэдээлэл түгээжээ. Профессор Мартин Иннес “Оросыг дэмжсэн эсвэл барууны эсрэг өдөөн хатгасан 242 нийтлэл илрүүлсэн. Уншигчдын сэтгэгдэлд дүн шинжилгээ хийхдээ загвар таних аргыг ашигласан бөгөөд зарим данс буюу троллууд Кремлийг дэмжсэн контентийг зохион байгуулалттайгаар байршуулсан.
 
 
 
“Боловсронгуй” кампанит ажил нь барууны иргэдэд ОХУ эсвэл Ерөнхийлөгч В.Путиний тодорхой бодлогыг ухуулах зорилготой. Өнгөрсөн зургадугаар сард нээсэн дансны байршил 69 удаа өөрчлөгдөж, 549 удаа нэрээ сольсныг тогтоосон.
 
 
 
Нөлөөллийн үйл ажиллагааг зөвхөн твиттер, фэйсбүүкийн хуурамч аккаунтаар хязгаарладаггүй. Судалгааны зорилго бол хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн яаж удирдаж, ашиглаж байгааг харуулах явдал юм. АНУ-ын “Fox News”, Францын "Le Figaro”, Германы “Der Spiegel”, “Die Welt”, Италийн “La Stampa” зэрэг хэвлэл мэдээллийн сайт хүмүүсийг сэтгэгдлээр нь санал өгөх боломжийг олгодог бөгөөд Кремлийг дэмжсэн сэтгэгдлүүд ер бусын өндөр санал авдаг” гэв. Кардиффын хүрээлэнгийн судалгааг Нээлттэй эх сурвалжтай харилцах аналитик судалгааны хөтөлбөр, Их Британийн гадаад, хамтын нөхөрлөл, хөгжлийн газраас санхүүжүүлжээ. Москва суртал ухуулга, ташаа мэдээллийн ажиллагаанд оролцсон гэх мэдээллийг няцаадаг.
 
 
“ХАРГИС ХҮЧ”
 
АНУ, Их Британийн тагнуулууд Оросын цэргийн хакеруудыг цахим шуудан болон бусад мэдээллийг хулгайлах кампанит ажилд буруутгаж ирсэн. Хакерууд голчлон АНУ, Европын улс төрийн намууд зэрэг зорилтот бүлгийг чиглэдэг. Ингэхдээ 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намын имэйлийг хулгайлсан, задруулсныг эш татах нь элбэг. АНУ энэ бүлгийг ОХУ-ын Жанжин штабын ерөнхий газрын 85 дугаар тусгай салаанд харьяалагддаг гэж үздэг. Заримдаа “Fancy Bear”, “АРТ28” эсвэл “Strontium” гэж нэрлэнэ.
 
Тэдний сүүлд гүйцэтгэсэн томоохон ажиллагаа бол 2020 оны Норвегийн парламент байв. Кампанит ажил 2019 оны дунд үеэс эхэлсэн. Тэд ихэвчлэн ‘Microsoft Office 365” үүлэн системийг ашигладаг байна.
 
Үндэсний Аюулгүй байдлын агентлаг, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын газар, Холбооны мөрдөх товчоо, Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төв хамтарсан зөвлөмж гаргасан. Үүнд ОХУ-ын Жанжин штабын ерөнхий газрыг өгөгдөл цуглуулах, шүүлт хийх, итгэмжлэлд нэвтэрсэн “Харгис хүч” гэжээ. Системд нэвтрэхийн тулд нууц үгийг олон удаа ашигладаг байв. Харин одоо хакерууд тусгай програм ашиглаж, нэрээ нууцлах систем болох “Virtual Private Networks” болон “Тог”-ийг ашиглан үйлдлээ нууцлах болжээ. Оросын хакерууд илүү гүнзгий нэвтэрч орохын тулд имэйл, өгөгдлийг хулгайлдаг. “Майкрософт”-ын инженерийн хэлснээр зорилтот байгууллагуудын системд нэвтрэх гэсэн оролдлого өдөрт хэдэн зуугаар бүртгэгддэг байна. Оросын кибер халдлагын өөр нэг давалгаа хүний эрхийн байгууллагуудыг чиглэдэг. 150 гаруй байгууллагын 3000 орчим имэйл хаяг халдлагад өртсөн юм. ОХУ үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ “Майкрософт" компанийн мэдээлснээр Оросоос гаралтай “Nobelium” бүлэг АНУ-ын холбооны Засгийн газрын тусламжийн агентлаг USAID-ийн имэйл маркетингийн дансанд нэвтэрчээ. Хакерууд жинхэнэ мэт харагдах имэйлээр дамжуулан өгөгдөл хулгайлах, сүлжээнд байгаа бусад компьютерт халдварлах вирус илгээжээ. АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн (Cisa) хэвлэлийн төлөөлөгч “Эрх баригчид халдлагын талаар мэдэж байсан. Болзошгүй хохирогчдод туслахыг хичээж байна" гэв.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин