sonin.mn
Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав гэдэг зураач зурсан гэдэг ойлголт нэвт явчихсан, бүгд итгэчихсэн. Тэгэлгүй ч яахав, угаасаа эхнээс нь тэгээд ойлгуулчихсан юм чинь. “Монголын нэг өдөр” алдарт уран зургийг Шарав зурсан, Монголын анхны маркийг Шарав зурсан, анхны мөнгөн тэмдэгтийг бас Шарав зурсан. Богд Хаан, Ленин багшийн хөргийг тэр бас зурсан. Сонин сэтгүүл, ном судар, хувьсгалын ухуулах хуудасууд…ер нь тэр үеийн бүх зургуудыг тэр л зурсан! Бүтэн 100 жил завсар зайгүй ингэж ухуулсаар зуугаад жилийн өмнө түүнээс өөр зураач Монголд байгаагүй ч юм шиг ойлголт ард түмэнд өгчихсөн юм биш үү? Дүрслэх урлагаас хол хөндий хүмүүсээс асуугаад үзээрэй, түүнийг л нэрлэх вий!Уг нь тэр үед монголд нэр алдартай олон зураач байсан юмсан... 
 
Би 1983 онд маркийн зураач болон болтолоо манай анхны маркуудыг мань эр зурсан гэдэг ерөнхийдөө нэг тиймэрхүү л ойлголттой тууж явсан. За тэгээд маркийн зураач болоод л тэр маркуудыг анхааралтай харж эхэлсэн дээ. Надад төрсөн хамгийн анхны эргэлзээ бол Шаравын зурсан гэх 1924 онд хэвлэгдсэн монголын анхны марк болох “Очирт”-ын дизайн 1926 онд гарсан манай 2 дахь марк “Соёомбот“-оос илт өөр байсан явдал юм. Ганц хоёрхон жилийн зөрөөтөй нэг хүн зурсан гээд байдаг. Гэтэл тэр хоёр маркуудыг харьцуулаад харахад хоёр өөр хүн зурсан гэдэг нь илэрхий харагдаад байх! Үүнийг олж харахын тулд заавал зураач байх ч албагүй, Уншигч та өөрөө харьцуулаад хараарай ! 
 
 
Тэгвэл анхны маркийг хэн, хоёр дахь маркийг нь хэн зурсан болж таарч байна гэсэн асуулт тархи толгойноос салахгүй. Гэсэн мөртөө түүнийгээ цааш нь ухаж түнхэе ч гэж бодож байсангүй. Мөн ч тэнэг байж дээ! Тэр үед уг нь нөгөө гайхамшигт алтан үеийн урлагийн ахмад мастерууд алдарт зураач, зохиолч, жүжигчин, найруулагчид бараг бүгд л амьд сэрүүн байсансан. Асуугаад тэмдэглээд авах минь ч яав даа гээд одоо хар толгойгоо шааж сууна. Цааш нь ухаад бодохоор хэрэв Шарав зураач урлаг уран сайханы маш өндөр төвшинд бүтээсэн өнөөх алдарт “Монголын нэг өдөр”-ийг зурсан нь үнэн юм бол, хувьсгалын гэдэг нэрээр алдаршсан тэр аймаар ухуулах хуудасууд, ном сэтгүүлийн зургуудыг хэн зурсан байхав? Аймаар гэдэг нь зурагуудын ур чадварыг хэлж байна. Маш тааруухан зураачид ур чадвар дорой зурсан байдаг! Гэтэл ийм ур чадварын хувьд илэрхий зөрөөтөй зургуудыг Шарав гэдэг нэг л хүн зурсан гээд овоолоод байдаг. Эндээс улбаалаад надад юу бодогддог гэхээр, манай улаан хувьсгалчид Зөвлөлт Орос, Коментерний заавараар ядуу малчин ард гаралтай, ойр зуурын гарын дүйтэй, доорд зиндааны лам байгаад ардын хувьсгалын үзэл санааг талархан дэмжсэн зураг зурдаг нэгэн товарищыг гайхамшигт дүрээр тодруулчихсан юм биш биз дээ гэх эргэлзээ төрдөг! Тэрнийг нь “Тэмцэл” кинон дээр гайхамшигтай харуулж чадсан!
 
Үнэхээр Шарав гэдэг ядуу лам зураач Ленин багшийн хөргийг Сүхбаатар жанжины хүсэлтээр зурж өгсөн гоё дүр монголчууд бидний ой санамжид бат суусан, маш үнэмшилтэй. Тэд ийм хиймэл товарищ-баатарууд тодруулахдаа гарамгай! (Энд би кино бүтээгчидийг муулах гээгүй. Харин ч магтмаар). Пионер Павел Морозов, цэрэг Александр Матрасов, уурхайчин Стаханов… гээд явж өгнө. Коммунистууд аллага хядлагын мастер Ленин, Сталиныг ариун явдалт их багш болгож хувиргаж чаддаг хүмүүс шүү дээ! Тиймдээ ч коммунистууд бол гарамгай химичид. Тэд алтыг баас болгож чадна, баасыг ч алт болгож чадна гэсэн онигоо бий!  Тэгэхээр коммунистууд, гарын дүйтэй ядуу лам Шарав гэдэг хүнийг ардын хувьсгалын ачаар  шашны мунхралаас ангижирч хувьсгалч зураач болон төлөвшиж тухайн цагийн шинэ хувьсгалт Монголын урлаг соёлын үндэс суурийг тавигчидын нэгний дүрд тоглуулж байдаг бүгийг нь сайнтай муутай нь хамаад мань эр дээр овоолчихсон  юм биш биз! Хэрэв тийм бол алдарт “Монголын нэг өдөр” зургийг хэн зурсан юм бол? Эх зураг  дээр түүний гарын үсэг байхгүй шиг санах юм. Зураачид, урлаг судлаачид, дүрслэх урлагт ойр болон тэнд ажиллаж байсан зарим хүмүүсээс асуухад бас олж хараагүй байдаг.  Шашины гүн сүсэг бишрэлтэй бурхан бүтээдэг зураачид нүгэл хэмээн цээрлэж зурган дээрээ нэрээ бичдэггүй хатуу дэгтэй байсан, Ганц манай монголд биш, европ дахинд ч ийм байсан. Сэргэн мандалын үеэс хойш буюу ХҮI-ХҮII зууны үеэс шашны мухар сүсгээс ангижирсан “эсэргүү” зураачид бүтээл дээрээ нэрээ ил тод бичиж эхэлжээ. Гэхдээ манай монголд энэ ёсыг зураачид нь ХХ зууны эхэн үед ч үнэнчээр сахиж байсан бололтой. За яахав, хэдийгээр ийм тодорхойгүй байдал бий боловч манай Ардын зураач, Төрийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм гуай болон Оросын эрдэмтэн доктор Ломакина зэрэг эрхэмлэн хүндэтгэж явдаг хүмүүс 1970-аад онд “Искусство Монголий“ бил үү дээ, нэг ном гаргасан. (Гэхдээ тэд яг үнэнээр нь хүлээн зөвшөөрсөн үү, үзэл сурталын хатуу харгис дарамтан дор тэр номыг бичсэн үү гэдэг бас нэг асуудал бий!)  Тэрнийг нь ч бас айхтар анхаарч харж байсангүй дээ, би гэдэг тэнэг. Тэр ном надад уг нь байсан, элдэв нүүдэл суудал дунд үрэгдээд алга болчихсон. Одоо маш ховор. Тэр номон дээр Шарав нэрний хойно асуултын тэмдэгтэй байдаг гэж Чимэдийн Энхээ хэлсэн санагдана.
 
 
 
Бурханч зураачид бүтээлийнхээ ард тамгаа дардаг нэг ёс бий. Тийм тамга байдаг болов уу, үзсэн сонссон хүн байвал хэлж туслана уу. Хэрэв тэр аймаар гээд байгаа хувьсгалын ухуулах хуудаснуудыг зурсан зураач нь Шарав мөн юм бол ур чадвар тун тааруухан зураач байж. Эсрэгээрээ, хэрэв алдарт “Монголын нэг өдөр“-ийг зурсан бол тэр ёстой тасархай зураач байж! Одоо хүртэл нийгмийн болон хувь хүмүүсийн ой санамжинд амь бөхтөй байсаар байгаа “марзан хэмээх Шарав” гэдэг зураачийн ийм хоёрдмол дүр миний хувьд тодроод байна л даа.      
 
 
 
Ирэх 2024 онд Монгол маркийн 100 жилийн ой болно! Гэтэл ХХI зууны бидний монголчууд нөгөө л нүүдэлчний хэнэггүй зан, сэтгэлгээгээрээ анхныхаа маркуудыг зурсан зураачаа яг албан ёсоор тодруулаагүй явж байдаг, аан! Тэр ч байтугай харьцангуй ойрхон 1960-аад оны маркуудаа ч хэн зурсан эсэхийг яг олж тогтоогоогүй л тууж явна даа. Саяхан миний найз манай нэрт нийтлэлч, дипломатч Дашдоржийн Баярхүү анд ХХI зууны монгол хүний дотор ХIII зууны “монгол хүн бас байна” гэсэн утгатай нийтлэл бичсэн байсан. Бодууштай! Заавал тийм үг сонсож байж дуугардаг би ч гэж би! Нөгөө л ам дамжсан яриагаараа яваастай!  Холдож ойртоод 20 жил хоолыг хороож нэр холбогдож явсан болохоор би Монгол Марктаа хайртай байдаг юмаа. 
За тэр түүх бичлэгийн тал дээр,  жишээ нь амьдран сууж буй Англи орноороо жишээлэхэд анхны маркаа зурсан хүн байтугай, анхны марканд юу дүрслэн зурахыг санал болгосон хүнээ ч тэмдэглэн үлдээсэн байх юм. Манайхан бол шал тоохгүй ш дээ, аан нэг юм хэлж л байсан гэх маягтай үл тоомсорлон өнгөрөөнө. Бүр түүнээс ч жижиг зүйлийг ч тэмдэглээд үлдээчихсэн байдаг юм билээ. Төгсгөлд нь тэмдэглэхэд энэ тааруухан бичвэртээ өчүүхэн би Шарав гэдэг зураач анхны маркыг зураагүй гэж хэлээгүй! “Монголын нэг өдөр“-ийг ч зураагүй гэж хэлээгүй!  Магадгүй тэр аль нэгнийг нь зурсан байх. Тэгвэл түүнийг зурсан гэх баталгаа байгаа эсэхэд л эргэлзээд байгаа юм! Марк ч тэр, “Монголын нэг өдөр“ч тэр!  Архив ухаж түнхдэг, түүх шашдир уншдаг судалдаг хүмүүс миний энэ бичвэрийг уншаад мэдсэн сонссон уншсан юм байвал надтай холбогдож санал бодлоо солилцвол би их баяртай байх болно! Энэ хүртэл залхалгүй уншсан Танд баярлалаа! 
 
Монгол Маркийн зураач асан Тодын Отгонбаяр 
 
Лондон хот,
 
2021.06.13