sonin.mn

Эх орныхоо  тусгаар тогтнол,  хил хязгаарын халдашгүй дархан байдлын төлөө өдөр шөнөгүй, нүд цавчилгүй, чин шударгаар сахин хамгаалж явахдаа баруун хил Байтаг богдоор удаа дараалан цөмөрч манай эрэлхэг хилчидтэй байлдсан хятадын харгис Гоминдан дэслэгч генерал Ма Вин Жингээр удирдуулсан бүрэн зэвсэгтэй, 4 машинтай, 120  хүнийг хил зөрчин орж ирэхэд, баривчлах, буулган авахад гол үүргийг гүйцэтгэсэн  ахмад хилчин, Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат Бүрэнжаргалын Бунъяатай хөөрөлдөж түүхэн баримт материалд тулгуурлан энэхүү нийтлэлийг бичлээ. Уншигч та таалан болгооно уу.

- Болсон түүхэн үйл явдлыг уншигчиддаа сонирхуулахыг зорьж явна. Таны цэргийн алба хаасан тухайгаас яриагаа эхлэе?

- Би 20 настайдаа эр цэргийн албанд дайчлагдан  Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь “Говь сангийн далай” отрядад 1946 оны 05 дугаар сарын 10-нд ирж, карентынд 2 сар суралцаад хилд хувиарлагдан “Хөндөс цагаан уул”-ын заставт нэг жил хилийн манаанд явж,  тэр заставаасаа 1948 оны эхээр шилжин Монгол Улсын өмнөд цэг “Гурван бичигт”-ийн заставт ирэхэд  газар ухаад нуувчинд барьсан 5 гэр, заставын дарга, ахлах дэслэгч Намсрай  / Хөвсгөл аймгийн харъяат/, Улс төрийн орлогч, бага дэслэгч  Г.Гүрсэд    /Архангай аймгийн харъяат/, заставын туслах бага дэслэгч Зэвэгийн Жигжидсүрэн /Хөвсгөл аймгийн Тариалан сум/  нарын 3 даргатай онцгой участоктой  нэгдүгээр зэргийн хүч нэмэгдүүлсэн заставт би шилжиж ирсэн юм.

Намайг 1946 оноос 1950 оны 06 дугаар сарын 10 хүртэл бүтэн 4 жил цэргийн алба хааж хилийн манаа, харуулд явахад хил хязгаар нэн түгшүүртэй, гаднаас хөдөлгөөн ажиллагаа ихтэй, хилийн зөрчил тасардаггүй  үе байлаа.

Гадаадаас тагнуул хийх зорилгоор эмэгтэй  хүн хил зөрчин орж  ирэхэд хилийн манаа барих гэхэд  тэр хил зөрчигч унаж явсан тохоштой тэмээгээ орхиод Баянголын их зэгсэнд орж нуугдаад гарч ирэхгүй, олдохгүй болохоор арга буюу зэгсийг шатаахад гарахгүйгээр нуугдсан байсныг эрж олж баривчилсан  тухай ярицгаадаг.

Манай “Гурван бичигт”-ийн застав улсын хилийн шугамын 90 гаруй км хэсгийг хариуцан хамгаалж Онч хайрханаас Зүсийн гүний овоо хүртэл 1-2 хоногоор  нойргүй, хоолгүй явж  цэрэг бүр 120 сумтай  винтов буу , хоёр гранат зэвсэгтэй, жижиг дашмаг устай, хайрсан гурилан гамбиртайгаар явж хилээ хамгаалдаг байлаа.

Тухайн үед ган, зудтай байсан учир  тэмээ эцэнхий учир голдуу  явган явж  өдрийн цагаар өндөрлөг газраас хяналт зохиож, мөр улын шалгалт хийж манаанд явна. Баруун хил Байтаг богдод 1948 оны 7 дугаар сарын 8-нд болсон зэвсэгт тулгаралтад  Л.Даваадорж,  Б.Тэгшээ, Б.Гиваан нарын хилчид өөрсдөөсөө хэдэн арав дахин давуу дайсны хүчтэй тулгарч эрэлхэг зоригтой байлдсан явдал бид нарт жинхэнэ үлгэр дууриал болсон.

Би заставтаа  хамгийн өндөр, биерхүү, бичиг үсэгтэй, барилдсан ч уралдсан ч түрүүлдэг цэрэг байсан.  Дарга нарынхаа итгэлийг хүлээсэн сайн цэргүүдийн нэг байсан учир намайг хамгийн түрүүнд томилж явуулна. Би застав дээр олон хонож байгаагүй. Хилийн манаанд голдуу явна.

Хомтой тэмээнүүд хөтлөөд отрядын төв Говь сангийн далай орж цэргийн хүнс, хуурай хэрэглэл татах ажилд гурван удаа явж билээ. Застав шилжин байрлах тэр үед байшин барилгагүй учир хэдэн гэрээ нүүлгээд хялбархан нүүчихнэ. Застав хилийн шугаман дээр байрлаж хилийн манаа хилийн торгон шугамаараа явж газар нутгаа хамгаалдаг байлаа.   

- Хилийн цэргийн түүхэнд  бүрэн зэвсэгтэй  хамгийн олон цэргийн хүмүүсийг та барилцсан гэдэг?

- 1945 оны цэрэг халагдчихсан, 1949 оны  шинэ цэрэг заставт арай ирээгүй, заставын дарга, улс төрийн орлогч нар  отрядын төвд цугларалт семинарт явчихсан үеэр заставын туслах бага дэслэгч Зэвэгийн Жигжидсүрэн застав хариуцан бидний хэдэн цэрэг хилээ хамгаалж үлдсэн юм.

Тэгтэл 1949 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад цагийн манаа заставын  баруун талд  машины дуу гарлаа гэсний дагуу застав  түргэн жагсаал авч, агт бэлчээрт гарчихсан учир гадаа байсан усны ганц тэмээндээ заставын туслах бага дэслэгч З.Жигжидсүрэн, эвлэлийн үүрийн дарга, түрүүч Ш.Гэндэнсүрэнтэй сундлаад хилийн шугам дагуу явж байгаа  машиныг амдаад явсан боловч гүйцэж чадаагүй.

Бензин хуурай хэрэгсэл ачсан  ачааны тэр машин шулуун яваад хил давчихсан юм.  Манай хоёрыг тэр машины мөр дээр очоод  тэмдэг тавьж байтал  араас нь 4 машин гарч ирсэнийг саатуулахад нь  застав дээрээс  байрны манаа, жижүүр хоёроо үлдээгээд  бидний хэдэн цэрэг  явган маршаар очиж  хил талаа хааж бүслэж  хориглосон юм.

Жигжидсүрэн дарга дайсны өөдөөс очоод  “Би улсаа хамгаалсан Монгол цэргийн дарга байна. Та нар юун хүмүүс вэ?” гэж өндөр дуугаар асуухад  тэд ойлгож байгаа үгүй нь мэдэгдэхгүй  шуугилдана. Та нар манай улсын хилийг зөрчиж орж ирсэн, бууж өг хэмээн удаа дараалан шаардаж газар дээр зурж үзүүлэн ойлгуулахад Орос хэлээр муухан ярьдаг  нэг хятадаараа дамжуулан  “Бид танай улсын хилийг зөрчөөгүй, бид өөрийнхөө газар нутгаар явж  байна биднийг явуул” гэх зэргээр нэлээд удаан эсэргүүцэж маргалдсан.       

Энэ хугацаанд бид бүслэлтээ улам дотогшлуулан ашигтай байрлалыг эзлэн  гал нээхэд улам бэлэн болов.  Бүрэн зэвсэгтэй, байлдах төгс чадвартай гоминдан цэргийн  120 хятадтай нүүр тулан уулзаж  арга эвээр хилээс холдуулан  заставын өмнөх элстэй хонхорт  аваачан Жигжидсүрэн даргын тушаалаар  миний бие бас нэг цэргийн хамтаар  тэдгээр хүмүүсийн биенд үзлэг хийхэд  дарга нар нь бүгд гар буутай, цэргүүд нь япон, герман, винтовтой, сум хэмжээгүй их байсныг 8 ширхэг пулемёт, гранит, холбооны хэрэгслийн хамт хураан авсан юм.

Миний хувьд ер айж сандраагүй. Хил дээр  бүтэн 3 жил  алба хааж халагдах дөхсөн намайг хамгаалж дэргэдэх жижиг толгой дээр  хөнгөн пулемёт, наудчик цэрэг Шарав туслахтайгаа  хориглоно. Нөгөө талд нь  Охины Цэнд бид хоёр  байсан.  Тэр 120 хүний буу зэвсгийг хурааж аваад  4 талд нь манаа гаргаж  өдөрт 3 удаа хооллож  Цагаан  толгойн нэгдүгээр суманд холбоо барьж   сумангаас  морзоор отрядын төвд мэдэгдсэн юм.         

1949 оны намар Хятад улсад хувьсгал ялж  Чан-кай шигийн Засгийн газар унаад Шиньзянд үүрлэж  манай улс руу удаа дараалан довтлож, газар нутаг таслан авч чадалгүй арга буюу  Япон улс руу гарахаар явж байхдаа Онч хайрханаас Орвог гашууныг дуустал  урагшаа хошуурсан хилийн шугамыг товлож  манай нутагт 7 км-ын  гүнд орж, бид  нарт баригдсан нь тэр.   Бид хэдүүлхэн байсан боловч нэг зорилго, нэгдсэн арга ажиллагаагаараа цэргийн 120 хүнийг баривчлан буулган авч чадсан юм даа.



- Хилийн цэргийн түүхэнд  энэхүү үйл явдлын оныг буруу бичсэн, мөн таны нэрийг “Буниа”  гэж ташаа бичсэн байдаг гэсэн?

- Тиймээ, хилийн цэргийн түүхэн баримт бичигт нэг машин эргэж зугтаасан, заставаас Ш.Гэндэнсүрэн бид хоёрыг тэр 120 хүнийг отрядын төвд хүргэж өгсөн. З.Жигжидсүрэн бага дэслэгчийг ганцаараа  байсан зэргээр буруу ташаа бичсэн байдаг юм билээ.  

Би энэ биеэрээ бүрэн оролцсоны хувьд түүхэн үйл явдлыг бодит үнэнээр нь түүхэнд үлдээх юм сан гэж бодддог. Түүх үнэн зөвөөрөө байх ёстой. Хэнч өөрчлөх эрхгүй. Бинзен тос ачсан ачааны машин нь толгойлж, сэргийлэх маягаар нэлээд түрүүнд зам гаргаж явсан ч бид ганц тэмээтэй учир гүйцэж чадаагүй.

Монгол Улсын өмнөд цэгийн урагшаа хошуурсан хэсгээр шулуун яваад манай нутгаас гарчихсан болохоос биш эргэж зугтаасан зүйл огт болоогүй. Дараа нь гарч ирсэн 4 машинтай хүмүүсийг баривчилж буулгаж авч чадсан.  Дөрвөн машинтай цэргийн 120 хүнийг отрядын төвд заставын явган бид хуяглан хүргэж өгөх ямар ч арга байгаагүй.

Хэд хоногийн дараа отрядын төвөөс өөрсдөө ирж авсан.  Би халагдах хуучин цэрэг учир хилийн манаагаа ахлаад хилд нэг явж байгаад ирэхэд тэр хүмүүсийг аваад явчихсан байсан.    

Тэр хүмүүсийг манаж хамгаалж байсан Охины Цэнд  /1946 оны цэрэг, Хүрмэн сумын төвд амьдарч байгаа/, Шарав 1947 оны цэрэг /Завхан аймаг/ нар сайн мэднэ. Би тэр үед хилийн манаандаа хүн хүч хүрэлцэхгүй сандардаг байсан.

Би бүрэн зэвсэглэсэн 120 хүнийг баривчлан  үзлэг, нэгжлэг хийж зэвсгийг хураан буулгаж авсан нь  үнэн болохоос отрядад хүргэж өгөөгүй  З.Жигжидсүрэн дарга ганцаараа тэр 120 хүнийг бариагүй, харин  4 машинтай зэвсэглэсэн 120 хүний өөдөөс ганцаараа очиж, бууж  өгөх шаардлага тавьж  дохио зангаагаар ойлгуулсан нь үнэн. Тэгэхэд манай цэргүүд   хил талаа хааж бүслэн  хориглож байсан.

З.Жигжидсүрэн даргатай бидний хэдэн цэргүүд эх орноо хамгаалж  эр цэргийн үүргээ эрэлхэг зоригтойгоор  биелүүлж Гоминдан цэргийн зэвсэглэсэн 120 хүнийг баривчлах, буу зэвсгийг хураан авч  байрлуулахад  алдаа мадаг гаргаагүй.

Харин хураан авсан буу зэвсэг сум, эд зүйлсийг хадгалах,  бүртгэхдээ дарга нар  өөрсдөө л алдаа дутагдал гаргаж  тэр үеийн ДЯЯ-ны  хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын  дарга удирдлага хатуу чанга дүгнэсэн гэдэг.   Хамгийн том дутагдал нь  хилийн цэргийн түүхэнд тодорхой бичиж үлдээгээгүй, бүрхэгдүүлж буруу зөрүү бичсэнд  байгаа юм.

З.Жигжидсүрэн дарга  эх орныхоо төлөө том гавъяа байгуулсан хэр нь хэлмэгдсэн хүн. Үүнийг одоо үнэн зөвөөр үнэлж  алдаршуулах хэрэгтэй. Тэр үед хилийн цэрэг байгуулагдаад 10 гаруй жил болж  сайн бэхжиж чадаагүй,  цаг үе ч  хэцүү хүнд байсан үе. Тэр үед хилийн багана, тэмдэгт гэж байгаагүй.

Газрын зураг ховор байсан боловч хилчин бид өвлийн хүйтэн, зуны халуунд өдөр шөнийг ялгалгүй явж, газар нутагтаа үзлэг, хяналт хийдэг байлаа.  Овоон ингэний ус, Онч хайрхан, Мандал толгой, Орвог гашууны бор толгод, Монгол толгой, Зүсийн гүний овоо, Баянгол гэх мэт хилийн газар нутаг үргэлж нүдэнд харагдаж, сэтгэлд минь бодогдож байх юм даа.

Тэр үеийн хүмүүсийн бичиг үсгийн  чадвар муу байсан.  Манай отрядад надтай адил Буниа нэртэй хүн байгаагүй. Би эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч явж  Улсын хилийн хамгаалалт, улс төр байлдааны бэлтгэл, хичээл сургуульдаа сайн суралцаж жил улирал болон  даргын нэрэмжит шалгалтад  сайнаас онц дүнтэй шалгагдан  сайшаагдан шагнагдаж явснаас биш нэг ч удаа арга хэмжээ авахуулж байгаагүй.

Дотоод  Явдлын Яамны Сайдын  1948 онд намайг шагнасан  алтан үсэгтэй үнэмлэхийг хадгалж байдаг. Харин цэрэг ногоон өмд цамцаар шагнагдаж байсан, өмсөөд урагдаад дууссан.  Хятад улсад хувьсгал ялаад удаагүй байсан учир, Ма –вин жингээр  толгойлуулсан 120 хүнийг авахгүй их удсан юм билээ.

1950 оны 6 дугаар сарын 10-нд цэргээс халагдахад  Отрядын төв дээр байж л байсан. Баруун хил Байтаг богд, Мэргэн уул зэрэг газруудаар удаа дараалан цөмрөн орж манай эрэлхэг хилчдийн амь насыг бүрэлгэж, дайн байлдаан үүсгээд байсан  харгис хэрцгий хүмүүс байсан юм билээ.

- Дөрвөн жил цэргийн алба хааж ирээд ямар ажил хийж, ямар шагнал авч байв?

- 1950 оны дундуур  цэргээс хугацаа дуусган халагдаж орон нутагтаа ирээд багийн ахлах ухуулагч, багийн дарга, ХАА-н нэгдэл анх байгуулагдахад  мал хөрөнгөө нийгэмчилж, бригадын тоо бүртгэгч, Нэгдлийн Ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, нэгдлийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга,  нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын дарга,  хянан байцаах комиссын дарга, намын хэсгийн зохион байгуулагч, нярав зэрэг ажлуудыг тасралтгүй  40-өөд жил хийж  байгаад өндөр настны тэтгэвэртээ гараад төрөлх  сумандаа үр хүүхдийн хамт амьдарч байна.  

Төр засаг миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Байлдааны гавъяаны одон,  Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиудаар шагнасан.  Мөн онц хилчин,  Ахмад хилчин гавъяа шагналтай. Говь нутгийнхаа хөгжилд тогтвортой ажиллаж  амжилт гаргасан гэж  “Ижий говь” алтан медалиар шагнасан.  Мөн сум, аймгийн депутатаар сонгогдон ажиллаж байлаа.

- Танд эрүүл энхийг хүсье.

Түүхэн баримт бичигт тулгуурлан  бичсэн  ахмад хилчин Цэрэндашийн Чулуунбаатар

Эх сурвалж: "Монгол говь" сонин