sonin.mn
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш-шалгагч нисгэгч, хурандаа Н.Баясгалан “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат нисгэгч хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан билээ. Шинэхэн гавьяат, эрхэм хурандааг энэ удаагийнхаа дугаарт урилаа. 
 
 Юуны өмнө Танд Монгол Улсын гавьяат нисгэгч хэмээх хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе ...
 
-Баярлалаа, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчнийхээ 101 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат нисгэгч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Сонгосон мэргэжил, зааж сургасан эрхэм багш нар, хамт олон, тэнгэрийн уудамд нисэж явсан онгоцнуудын минь буян юм даа. Түүнчлэн ажлыг минь ойлгож дэмждэг шат шатны мундаг дарга нарын маань итгэл, сэтгэлийн их илэрхийлэл гэж би ойлгож байна. 
 
Энэхүү баярт мэдээг хэзээ, хэрхэн дуулав?    
 
-Баярын өдрийн өмнөхөн нэг өглөө эрт ээ, долоон цаг өнгөрч байхад захирагчаас дуудлага орж ирлээ. Тэр өдөр манайх нислэгтэй байсан учир “За, нислэгт явах гэж байгаа хэд маань яасан юм бол, нэгийнх нь шинжилгээний хариу эерэг гарчихсан юм болов уу, яаралтай л хэрэг гарч дээ” гэх мэтээр нислэгээ бодоод л утсаа авав. Гэтэл гавьяат болж байгаа тухай баярт мэдээг дуулгасан. Итгэж ядаад л, баярлах эргэлзэх зэрэгцдэг юм билээ. Тэгээд байж байтал үдээс өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад “Баясгалан хурандаа юу, танд баяр хүргэе. Та Монгол Улсын гавьяат нисгэгч боллоо. 18-ны өглөө Төрийн ордонд бэлэн бай” гэв. Захирагчийн дуулгасан баярт мэдээ бүр ч баталгаажиж, сэтгэл огшин, хоолой зангираад л үгээр илэрхийлшгүй нэг тийм гэгээн мэдрэмжийг амталсан даа.
 
 
Төрийн тэргүүнээс шагналаа гардах тэр агшинд юу бодогдож байв? 
 
-Хамгийн түрүүнд муу ижий минь байсан бол хүүгээрээ ямар их бахархах байсан бол оо, аав минь байсан бол зөндөө их хөөрч, сагсуурах байсан даа гэж л бодсон. Харин дараа нь тайвширсан хойноо би энэ шагналыг хүртэх хэмжээнд юу хийлээ, ажил албаа яаж хашлаа, оногдсон үүргээ хэрхэн гүйцэтгэлээ гэж эрхгүй нэг тунгаасан. Үүний зэрэгцээ намайг ойлгож, миний ажлыг үргэлж дэмжиж, урам өгч явдаг салбарын сайд, ЗХЖШ, АЦК, ангийн удирдлага, хамт олондоо туйлын их баярласан. 
 
Цэрэг амьдралын гараа, тэр тусмаа цэргийн нисгэгч болох шангаа хэрхэн татаж байсан тухай түүхээр тань яриагаа үргэлжлүүлье ...
 
-Би 1980 онд Нийслэлийн арван жилийн 14 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн юм. Төгсөлтийн сүүлийн шалгалтаа өгчхөөд дүнгээ ч сонсох завдалгүй цэргийн албанд мордож байлаа. Тухайн үеийн Ардын Армийн 137 дугаар анги буюу одоогийн Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хуваарилагдан Миг-21 сөнөөгч онгоцны радио электрон тоногийн механикчаар гурван жил алба хаасан маань миний цэрэг амьдралын гараа, цэргийн нисгэгч болох эхлэл байв. 
 
Үе тэнгийнхэн тань их, дээд сургуульд элсэхээр шалгалт шүүлэгтээ бэлтгэж байхад та дүнгээ ч сонсолгүй шууд л цэрэгт явчихсан хэрэг үү? 
 
-Тийм ээ, ангийнхны маань сүүлч шалгалтаа ч өгч амжаагүй байхад би сурагчийн формоо аль хэзээний байлдагчийн дүрэмт хувцсаар сольчихсон сууж байж билээ. Энэ цаг мөч буюу 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдөр одоо ч надад өчигдөр мэт тод санагддаг юм. Тухайн үед төгсөлтийн сүүлийн шалгалтыг биднээс нэрсийн дарааллаар авсан учир миний хувьд нэлээд эхэнд шалгуулчихлаа. Тэгээд үдээс хойш 15 цагт ирж дүнгээ сонсож амжихгүй, цэрэгт явна гэдгээ ангийн багшдаа дуулгачхаад л гараад шидчихсэн. Тогтсон газар, заасан цаг хугацаанд бэлэн байх ёстой цэргийн зарлан дуудах хуудас халаасалчихсан хүн чинь үүргээ биелүүлнэ биз дээ. Багш маань албаа сайн хаагаарай гээд 10 төгрөг авч өгөөд л, уйлаад үлдэж билээ. Өөрөө олон хүүхдийн дүн гаргаад завгүй учир ангийнхныг маань араас явуулж, шаагилдсан олон охид, хөвгүүд цэрэг татлагын товчооноос намайг үдэж байлаа. Миний хамгийн сайхан гэгээн дурсамжуудын нэг энэ.
 
Таны энэ шийдвэрийг аав, ээж тань хэрхэн хүлээж авсан бэ? 
 
-Ээж минь намайг бага байхаас л эмч болгоно гэдэг байв. Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт насаараа сувилагч хийсэн хүн л дээ. Аав маань ч эмч мэргэжилтэй хүн байсан юм билээ. Харамсалтай нь, намайг нэг ой гаруйхантай байхад бурхан болсон учир би төрсөн аавыгаа огт мэдэхгүй. Харин хойд аав маань Чулуундорж гэж насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан, сайхан хүн байлаа. Би аавыгаа хэзээ ч хойд аав гэж бодож байгаагүй, ухаан орсон цагаасаа л аав аа гэж дуудан, хайр энхрийлэл, халамж түшиг, нөмөр нөөлөгт нь өсөж хүмүүжсэн. Миний өдий зэрэгтэй явж байгаа нь аавын минь буян гэж би боддог. Яах вэ, ээжийн маань хүсэл намайг эмч болгох байсан ч, аав минь жолооч хүний хувиар намайг техникт сонирхолтой болгож, энэ талын мэргэжил эзэмшүүлэх бодолтой байсан ч хоёулаа миний хүсэл сонирхлыг дэмжиж цэрэгт явуулсан. 
 
Онжавуудаасаа эр бие, эрдэм чадлаараа эрхгүй ялгарсан учир танд “хойшоо” сургуульд явах үүд хаалга нээгдсэн болов уу? 
 
-Хүний хувь тавилан, зураг төөрөг сонин юм даа гэж хааяа бодогддог. Яг үнэн чанартаа би нисгэгч болно гэж зүүдлээ ч үгүй. Нисгэгч гэдэг чинь миний хэр хэмжээнээс хэтийдсэн, төсөөлөлд ч байдаггүй тийм л мэргэжил байлаа. Би аав шигээ жолооч, эсвэл ээж шигээ эмч, эмнэлгийн мэргэжилтэн ч юм уу, ангийн багшийнхаа зааж чиглүүлснээр цэргийн албыг түр хойш тавьж аль нэгэн их, дээд сургуульд элсээд өөр мэргэжил эзэмшвэл болох л байсан. Гэтэл цэргийн албанд мордож, азаар нисэхийн ангид хуваарилагдан алба хааж тэндээсээ цэргийн нисгэгч болох шангаа татсан нь хувь зохиол юм даа. Багаасаа техникт сонирхолтой байсныг хэлэх үү, байлдагч болоод Миг-21 сөнөөгч онгоцны радио электрон тоногийн механикаар томилогдсоныг хэлэх үү албандаа ёстой л шунан дурласан, сайн ч суралцсан. Онгоцоо бэлдэлцэж, агаарт гаргачхаад бууж ирэхийг нь хүлээгээд сууж байхдаа эр хүн болсных, энд алба хааж байгаагийнх нисэж үзэх юм сан гэж бодно. Нисгэгч нараа хараад энэ хүн чадсан байхад би ч бас чадна шүү дээ гэж өөрийгөө ирлэнэ, яг л эдэн шиг хүн болох юм сан гэж мөрөөднө, мөрөөдлөөрөө учиргүй жигүүрлэнэ, янз бүр л болно шүү дээ. Нэг найздаа бүр “Би нисэж л үзмээр байна. Бууж ирэх, үгүй нь хамаагүй” гэж хүртэл ярьж билээ. Тэгтлээ дурласан хэрэг л дээ. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлж, өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө асар их хичээсэн. Үр дүн нь ч гарч 1983 онд ЗХУ-ын Фрунзе хотын Нисэх хүчний сургуульд элсэн суралцаж Ми-8 болон Ми-24 байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр төгсөж ирсэн. Тэр цагаас өнөөг хүртэл Ми-8, Ми-24, сүүлд 2008 онд манай Зэвсэгт хүчин Миг-171 нисдэг тэрэгтэй болоход мөн түүгээр нисэж, багш нисгэгчийн эрхийг авч, өөрөө нисэхийн зэрэгцээ өрөөл бусдыг сурган дадлагажуулж явна даа.  
 
Нисгэгч болох тухай зүүдлээ ч үгүй бор хүү сурагчийн ширээнээс байлдагчийн эгнээнд шилжиж, улмаар агаарын хөлөгт шунан дурлаж, өдгөө гавьяат нисгэгч болчихсон сууж байна гэдэг нээрээ л таны хэлсэнчлэн хувь зохиол юм даа ...   
 
-Тэгэлгүй яах вэ, байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдэг шиг миний хүсэл мөрөөдлийн үзүүрт гавьяат хэмээх алдар цол байжээ гэж бодогдож байна. Нисгэгч нараа янз бүрийн дадлагын нислэг буюу аэродромынхоо дээр эргэлдэх, маневрлах, дээш татах гэх мэт дадлага хийх тоолонд, хөөрсөн цагаас нь бууж ирэх хүртэл нь нүд салгахгүй харж зогсдог сон. Хурдан моринд хорхойссон хүн гарааны зурхайгаас бариа хүртэл морио яаж дагадаг билээ яг л түүн шиг. Мэргэжилдээ ингэж л зүрх сэтгэлээ зориулж, өдгөө ч дурласаар л явна. 
 
Ингэхэд байлдааны нисдэг тэрэгний нисгэгчдээс анхны гавьяат төрлөө гэж таныг онцолж байна лээ. Энэ тухай тодруулбал ...  
 
-Манай үе үеийн нисгэгч нар дунд гавьяат цолтон олон бий. Гэхдээ байлдааны нисдэг тэрэг жолооддог хүн байгаагүй. Бүгд л тээврийн онгоцон дээр нисэж байсан юм. Миний хувьд байлдааны болон тээврийн нисдэг тэрэгний аль алийг жолооддог, тэр тусмаа байлдааны нисдэг тэрэгнээс үүдэлтэй гэдэг утгаараа анхны гавьяат болж байна. 
 
Хариуцлага дагуулдаггүй ажил, мэргэжил гэж юу байх вэ. Гэлээ гэхдээ нисгэгч хэмээх мэргэжил бүр ч илүү хариуцлагатай юм шиг санагддаг. Тэр тусмаа нисдэг тэрэгний нисгэгч ... 
 
-Ер нь нисдэг тэрэгний нисгэгчийг онгоцны нисгэгчтэй харьцуулбал хамаагүй ялгаатай. Онгоцны нисгэгчийн хувьд буух, суух газар нь илүү тодорхой. Өөрөөр хэлбэл, А цэгээс Б цэг рүү нислэг үйлдэнэ, тухайн цэгүүд дээр нислэгийн удирдагч, цаг уурын инженер, мэдээллийн ажилтан гээд бүхий л талыг нь хариуцсан мэргэжлийн хүмүүс байж, буух бэлтгэлийг нь бүрэн хангаад өгчихдөг. Харин  нисдэг тэрэг бол өөр. Буух талбай тодорхойгүй, нисгэгчид талбайгаа өөрөө сонгож буух тохиолдол маш олон. Буухын тулд тухайн нисгэгч цаг агаар, салхины хурд хүч, буух газар орны байршил гээд бүхий л талаар маш сайн тооцоолох шаардлага гардаг. Тийм ч учраас дээд зэргээр хариуцлагатай байх ёстой. Дээр нь цэргийн нисгэгч бид ямагт бэлэн байдгаараа онцлогтой. Магадгүй улс оронд зуд турхан, түймрээс авхуулаад аливаа гамшиг осол тохиолдлоо гэхэд цаг алдахгүй үйлчлэх дээд зэргийн бэлэн байдалд байх ёстой. Үүгээрээ бас онцлог. 
 
Шунан дурласан мэргэжлээ эзэмшчихээд, анхныхаа нислэгийг үйлдсэн, багшлах эрхээ авсан тэр агшнуудын дурсамжаа эргээд нэг сөхөөч. Таны зүрх сэтгэлд яах аргагүй л хадаатай байдаг байх ...  
 
-Тэгэлгүй яах юм бэ, би их азтай хүн. Сургууль төгсөж ирээд дөрөвхөн жил нисээд л багш нисгэгч болсон. Биднийг төгсөж ирэхэд манайх гурван орос зөвлөхтэй байлаа. Тэдний бэлтгэж сурган дадлагажуулсан цөөн багш нисгэгчийн нэг нь би юм л даа. Тухайн үед буюу 1986 онд манай улс цоо шинэ Ми-24 нисдэг тэрэг 12 нэгжийг одоогийн 119 дүгээр ангийн суурин дээр хүлээн авсан юм. Тэднээс хоёр нисдэг тэргийг нь Буянт-Ухаагийн аэродром дээр байрлаж байсан оросын нисэхийн эскадрильд авчраад бид нараар бие даасан анхны нислэгийг хийлгэв. Тэр үед нислэг эрхэлсэн орлогчоор Лувсандорж дарга, тактик галын бэлтгэлийн даргаар Жавчив-Ёндон, хэсгийн захирагчаар Г.Ганболд нар үүрэг гүйцэтгэсэн бол миний бие Ж.Батбаяр гэх залуугийн хамтаар II нисгэгчээр анхны нислэгээ хийж, багшлах эрхээ авч байлаа. Ингээд л Алтанбулагийн аэродром дээрээ буцаж очоод нисгэгч нараа нислэгт хамруулан, багшлах гараагаа эхэлсэн. Одоо бодоход тэр дурсамж минь саяхан л юм шиг санагдаж байна.
 
Таны агаарын уудам орон зайд өнгөрүүлсэн цаг хугацаа гэхээр бас л овоо тоо гарах байх даа ... 
 
-Нисгэгч хэмээх сайхан мэргэжлийг эзэмшиж, анхны нислэгээ хийсэн тэртээх 1985 оноос өнөөдрийг хүртэлх 37 жилийн хугацаанд 4600 гаруй цагийг эх орныхоо хөх мөнх тэнгэрийн өргөн уудам орон зайд өнгөрүүлжээ. Ер нь иргэний нисэх, цэргийн нисэхийг харьцуулахаар нислэгийн цаг ялгаатай байдаг. Тодруулбал, иргэний нисэхийнхний гол үзүүлэлт цагаар хэмжигддэг бол цэргийн нислэг, тэр тусмаа байлдааны нислэг цаг гэхээсээ илүү тухайн нисгэгчийн гүйцэтгэсэн үүрэг чухал. Өөрөөр хэлбэл, нислэгийн дасгалууд буюу бөмбөг, аркит хаясан эсэх, шүхэр десант авсан, хээрийн сургууль дадлагад оролцсон байдал зэрэг нь гол үзүүлэлт болдог юм. 
 
Хөнгөн цагаан хөлгөө бариад дуулж, дүүлж нисэх бас л жаргал биз?  
 
-Морин дэл дээр дэрвэж, салхи татуулан исгэрүүлж явах нь монгол эр хүний жаргал гэдэг дээ. Миний хувьд хотод төрж өссөн учраас тэр мэдрэмжийг нэг их сайн мэдэхгүй. Тэгээд морь уначхаад салхи татуулан исгэрч яваа хүмүүсийг харахаар яг л миний онгоцоо жолоодоод явах агшны мэдрэмж эдэнд төрдөг байх даа гэж боддог. Би чинь онгоцныхоо кабинд орохоороо өөрийгөө хэдэн настайгаа умартаж, хөөрч сагсуурч, онгирч омогшиж явдаг хүн. Ялангуяа байлдааны нисдэг тэргэн дээр олон жил ниссэн болоод ч тэр үү, олон улстай хамтарсан хээрийн сургуульд оролцож үүрэг гүйцэтгэхэд эрхгүй огшдог юм. Оногдсон үүргээ амжилттай гүйцэтгэчхээд буцаж явахад “Ямар хүү төрүүлснээ ээж минь та хараарай, ямар хүнээр мануулснаа эх орон минь та үзээрэй” гэдэг дууг яг л надад зориулсан юм шиг санагдаж бардамнах сэтгэл төрдөг сөн. Онгоцны минь жижиг кабинд хэмжээлшгүй эрх чөлөө, аз жаргал оршдог учир онгирч сагсуурахаас яах вэ. 
 
Шавь нарын тухайд тодруулбал ... 
 
-Гучаад жил багшлахдаа 30 гаруй шавийг бэлтгэж байна.  Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ. Намайг тэтгэвэрт гарахад хэдэн нисдэг тэрэг минь үлдэнэ, эзэнтэй хоцрох ёстой. Тэр эзэд нь ямар ч нөхцөлд, ямар ч үүрэг даалгаврыг чадварлаг гүйцэтгэдэг мундаг нисгэгчид байх учиртай. Тэднийг бэлтгэхийн тулд би өөрт байгаа бүхнээ зориулах үүрэгтэй. Төдийгөөс өдийг хүртэл Зэвсэгт хүчнээр хүмүүжиж, тэжээлгэсэн хүн, би. Зэвсэгт хүчний буянд өнөөдөр гавьяат нисгэгч гэдэг алдар хүндийг хүртчихээд сууж байна. Энэ бүхний хариуд баярлалаа гэж хэлэхээс илүү бэлтгэсэн шавь нараараа, тэднийхээ ур чадвараар бэлэг барихыг хичээдэг. Энэ нь Зэвсэгт хүчнийхээ ач тусыг жаахан ч гэсэн хариулж, багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа хэлбэр гэж боддог.   
 
Нисгэгч хүний бахархал юунд оршдог юм бэ?     
 
-Эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг. Хүмүүс жолооны үнэмлэхгүй ч машиныг жолооддог. Тэгвэл онгоцыг хүссэн хүн жолооддоггүй. Өнөө цагт хүмүүс мэргэжилтэй, үгүй нь, чадах, чадахгүй нь хамаагүй арын хаалгаар өндөр албан тушаалд тавигддаг. Гэтэл нисгэгчийн мэргэжил л эзэмшээгүй бол хэн ч арын хаалгаар нисгэгч хийдэггүй. Энэ нь миний мэргэжлийн онцлог хийгээд бахархал юм даа. Энэ сайхан мэргэжлийн буянаар маш олон удаа төрийн албыг залгуулж, төрийн өндөрлөгүүд, түүнтэй дүйцэхүйц гадаад дотоодын төлөөлөгчдөд үйлчилж, тусгай үүргийн нислэг үйлдэж, осол гамшиг, түймэр, зуд турхан гээд маш олон хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэжээ. Мөн байлдааны онгоцоороо олон улсын хамтарсан цөөнгүй сургалт дадлагад Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж оролцсон маань бас бахархал юм даа. Энэ бүхнийг гүйцэтгэхэд би ганцаараа байсангүй ээ. Хамт олны минь хүч хөдөлмөр, тус дэм, сэтгэл зүтгэл хэмжээлшгүй юм. Энэ олон хүний хөдөлмөр нисгэгч нарын үүрэг гүйцэтгэлтээр дүгнэгдэж байдаг. Магадгүй би өчнөөн хүнээр нислэгт бэлдүүлчхээд тухайн үүргээ чинээнд нь тултал гүйцэтгэж чадахгүй бол Баясгалан биш, анги бүхэлдээ муу дүгнэгдэнэ шүү дээ. Тэгэхээр алдах эрхгүй ажил мэргэжил.  
 
Ярианыхаа төгсгөлд та юуг онцлон хэлэх вэ?  
 
-Товчхон хэлэхэд залуусын маань албандаа хандах хандлага, амин хувийн ажилдаа хандах хандлага өөр байгаад жаахан харамсдаг. Тийм учраас хэн ч бай сонгосон мэргэжилдээ үнэнч тууштай байгаарай, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаарай гэж ахын ёсоор зөвлөе. 
 
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ, АЦК, ангийн удирдлага, хамт олондоо намайг гавьяат болтол дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.  
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хөөрөлт, буултын тань тоо үргэлж тэнцүү байх болтугай.  
 
 
Хошууч Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо сонин"