sonin.mn
Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сарын баярын өдрүүдэд гэртээ хоригдож байгаа та бүхэндээ уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Баабар ёслов.
 
 
В. ШУКШИН
 
ШААМПАР
 
Санька маш хачирхалтай юм ярих боллоо. Хот ороод (мотоцикол худалдаж авах гэж явсан юм) хоол идэх гэж ресторанд орсон юм байх. Хувцсаа тайлж өлгүүрт өгчихөөд танхим руу алхажээ. Заалыг тусгааралсан хана нь шилэн байсан юмсанж… мань хүн шилэн хана очоод мөргөчихгүй юу. Бутраад л унаж. Бөөн шил л Санькагийн өмнө будаа болоод үйрэх нь тэр. Дальдичаад л явчихгүй хаачив гэж. Санька цоо эрүүл байсан болохоор цагдаа дуудсангүй, хоёр давхарт суудаг рестораны дарга руу мань эрийг дагуулаад шатаар өгсөв. Дагуулж яваа эр шатаар өгсөнгөө:
 
- Хоёр нугалж төлнө дөө. Гурав ч юмуу.
 
- Би албаар хагалаагүйшдээ.
 
- Тэр ямар хамаа байна.
 
Даргын хонтоор руу орлоо… За ингээд л өнөө хачирхалтай түүх эхлэж байгаам даа. Тосгоныхон сонсоод хэн нь ч итгэсэнгүй. Санька ингэж ярьсан юм:
 
-Орвоо. Залуухан хүүхэн сууж байна. Хөөрхөн, тормолзсон нүд, помбогор уруул… бас алтан цагтай. “За юу болов?”. Дагуулж орж ирсэн гар илтгэж гарлаа, ханын шил хагалчихсан энэ тэр гээд л… Харин хүүхэн над руу ширтээд л – Хүүхэн өөр рүү нь яаж харсныг Санька биеэр үзүүлэх гэж чармайв: хошуугаа цорвойлгож нүдээ бүлтийлгэж байгаад бүх хүн рүү тойруулж харуулав. Хүмүүс итгэсэнгүйхөхрөлдөцгөөнө.
 
- За тэгээд?
 
- Хүүхэн нөгөө нөхөр рүү хандаж “За за чи явж болно, би энүүгээрээ шийдэе”. Хонтоор нь ямар байсан гээч! Оо ёо ёоё, сайдын өргөө л тийм байдаг байх: Тойроод л зөөлөн буйдан, жавдан. сандал, хананд нь зураг… “Та хаанаас ирсэн?” гэж асуужийнэ. Би ч яахав хариуллаа. “Аа мөн, за за, та яагаад ингэчихэв” гээд л. Тэгсэн мөртөө намайг ширтээд л, хараад… Бү-үүр удаан гэгч нь цоо ширтээд л.
 
Хотын гоё хүүхэн Санькаг ширтээд л, өөрийнх нь ярьж байгаагаар бас тэгээд удаан гэгч нь гээд байгаамаа. Тосгоныхон үүнд яаж итгэх билээ дээ. Санькад ширтээд байх юу байгаам? Шөвх хамар, нүүр нь цагаасаа эрт хөгширсөн бөөн үрчлээ. Тосгоныхоо хэдэн хүүхний хорыг маажих гэж Санька ийм түүх зохиож гэж тааварлацгаав.
 
-За Санька цааш нь тэгээд яасан бэ, яриач?
 
Санька уртаар амьсгаа авав. Яриа цаашаа рестораны мөнөөх шилэн хана аятай толийж гарав.
 
- Цаашаа юу? Бид хоёр тэрний гурван өрөө байранд очоод л бамбирдаж өгөхгүй юу. Гурав хоног! Би өглөө сэрүүтээ л орны захаас тэмтэрч байгаад шил шампаанск олж атгаад л гуд гуд!... Хүүхэн надад хэлж байнаа “Чи ядахнаа хундгаар уугаач дээ. Энүүгээр нэг хундага сав байхад чинь”. Тэгэхээр нь “Тэр хундаганууд чинь нүдэнд өртсөнгүй”. Гурван шөнө, гурван өдөр бамбирдлаашдээ! Яг л зүүдэнд умбаж байгаамшиг. Хүүхэн оройд ажлаасаа тараад ирнэ. Тэр хооронд би гэрт нь ганцаараа. Баананд хэвтээд л, шаазан жорлон дээр суугаад л… Баана нь цэнхэр, суултуур нь шар өнгөтэй. Бүх юм нь гял цал, мээбэл нь нуль лаак. Би ч эхэндээ санаа зовоод их болгоомжтой хөдөлдөг байлаа. Гэтэл өнөө хүүхэн ажиглачихаад инээд алдан “Больж үз Санька минь. Эд юмс чамд үйлчилдэг болохоос чи эд юмсад үйлчлэх ёсгүй”. Хөшиг нь ногоон, навчин хээтэй. Хөшиг татчихаар өрөөнд зөөлөн туяа тусаад л. Та нарын дотор царсан орон дээр унтаж үзсэн хүн байна уу? Бид ч дээ, юм үзээгүй хөөрхий амьтад. Ган пүршин дээр унтаж үзнэ гэдэг бидэндээ насны мөрөөдөл. Би жишээ нь өөртөө ердийн банзаар ор хийчихлээ гэхэд тосгоноор нэг модон орны тухай яриа, аан? Өдөр жин бөөн бухимдал болсон бол тэр орон дээр ногоортлоо унтаж л таараа. 
 
- За за тэр яахав, Санька. Тэгээд?
 
- Ингэж л гурав хоног өнгөрөөлөө дөө. Хүүхэн оройдоо тахианы мах, янз бүрийн хачир авчруулна. Тэд нарыг гадаа чагнаалдахад би зөөврийн жижиг хөргөгч авч буугаад л тосож авна… Тэгээд л бид хоёр дахиад бамбирдаж өгнө дөө. Араажаваа нам дуун дээр тавьчихаад шампанск шимсэн шигээ… Юу хүссэнээ хуруугаараа дохиход л тэр дороо хүрээд ирнэ. Би нэг удаа хэллээ: “Би уг нь киноноос харсан юмаа: нэг хүн стаканд жаахан виски хийчихээд дээр нь савнаас шингэн гоожуулаад… Чи тэгэж чадах уу?”. “Аан, тэрийг чинь соодтой виски гэдэг юм. Савыг нь сифон. Надад сифон бий, харин виски захичихъя, одоохон аваад ирнэ”. Ердөө арван таван минутын дотор виски хүрээд ирж байгаа юм чинь! Тэд нар огт ажиглагдалгүй л авчирч өгсөн. Би бас соодтой архи уусан. Сифоны таган дээр зөөлөн дарахад л стакан руу гоожоод л… Бөөн таашаал.
 
- Нөгөө шил яасан бэ?
 
- Юун шил?
 
- Чи хагалсан гээ биз дээ?
 
- Аан тэр үү, яагаачгүй. Сүүлд нь хүүхэн надаас гайхаж асуусан “Чи тэгээд шилэнд зүсэгдээгүй юу?”. Моцийнкол гэвэл би мөнгөө хүүхэнд өгөөд захисан чинь тэр дороо гадаа авчираад тавьчихсан…
 
За нэг ийм явдал л Санькад тохиолдсон гэнэ дээ. Энэ бүх ярианаас эргэлзэхийн аргагүй хэдэн үнэн юм бол бий. Тэр үнэхээр хот явсан, гурав хоног үзэгдээгүй, өөрт нь байгаа мөнгөндөө таарсан авъя гэсэн мотоциклтойгоо ирсэн, илүү мөнгө түүнд байгаагүй. Энэ бол гарцаагүй үнэн. Харин үүнээс цааших ярианд нь тосгоныхон огт үнэмшсэнгүй. Санька бухимдаж боож үхэх дөхөв… Ийм нарийн тодорхой юмыг хүн яаж зохиож ярьж чадах юм гэж эсэргүүцээд ч нэмэргүй. Гэтэл цаадуул нь Санька хаа нэгтэйгээс ийм юм олж сонсож гэх нь тэр.
 
- Цусаараа тээгэл гэж, тэгээд би гурав хоног хаана байсан болж байна? Хаана, айн хаана?
 
-Эрүүлжүүлэхэд л биз.
 
- Би яаж эрүүлжүүлэхэд хоносон байх гэж? Надад илүү мөнгө байгаагүй шүү дээ.
 
- Гахай шавхайгаа хаанаас ч олно.
 
- Чи тэгвэл яваад тэр шавхайгаа олооч дээ. Чам шиг юм задгай зоос ч олж чадахгүй, мэдүү. Гурав хоног би юугаар амьдарсан болж байна?
 
Энийг харин хэн ч тааж чадсангүй. Тэгсэн ч гэсэн рестораны дарга хөөрхөн хүүхэнтэй гурван өрөө байранд гэдгийг нь огт үнэмшсэнгүй. Ёстой бүү мэд, лав л ийм тэнэг хүүхэн гэж хорвоод үгүй
 
-Муусайн гурианхайчууд – хэмээн Санька бүгд рүү хашгичиж – Бууцны өт. Та нар ер нь юу ойлгодгийм? Орчин үеийн талаар та нарт мэдэх юм байна уу?
 
Сангийн аж ахуйд жолооч хийдэг баргар царайлсан Егорь түүний энэ хараалыг чагнаж зогсож байжээ. Дуустал нь сонсчихоод хоржоонтой инээвхийлэв. Бүгд түүн рүү эргэж харцгаав. Учир нь яагаад ч юм түүнийг бүгдээрээ хүндэлдэг. Ер нь бол тэнэг биш залуу л даа.
 
-Егорь, чи юу гэмээр байна?
 
-Шаампар – хэмээн Егорь товчхон хариулав.
 
-Яагаад шаампар гэж? – хэмээн Санька гайхан асуув.
 
-Юунд чи ингэж тэнэгтэж байдгийн? – хэмээн урдаас нь асуугаад – Хүмүүсийг мангартуулах гээд л…
 
Санькагийн царай зэвхийгээд ирлээ… Тэр хоёрыг одоохон барилцаж авна гэж харцгаана. Санька зэвүүцлээ шүдээ зуун хавирч илэрхийлэв. 
 
-Тэрэг чинь явж байгаа юу? – гэж тулгаж асуулаа.
 
-Яах гэж?
 
-Чамаас би машин чинь явж байгаа биз дээ гэж асууж байна – гэчихээд Санька сүрдүүлэх маягтай Егорь руу ойртоод – Аан?
 
-Явж байгаа.
 
-Тэгвэл явцгаая – хэмээн Санька тушаах маягийн хоолойгоор ширүүн хэлээд – Намайг бүр шараа болгож дууслаа. Хүн сайн санаад юм ярихаар шаарнууд чинь урдаас доог тохуу болгож гэнэ. Хамт тэр хүүхнийд очъё, хорьдугаар зуунд хүмүүс яаж амьдардагийг чамд үзүүлье. Урьдчилаад хэлэхэд, миний зөвшөөрөлгүйгээр юунд ч савраа хүргэж болохгүй, үнэтэй дарснаас нь стаканаар нь гудрахгүй шүү. Тэднийд очиход хүнтэй байж магадгүй, найз хүүхнүүд нь хүрч ирэх ч юм билүү. Өөр хэн бидэнтэй явмаар байна, новшнууд аа?
 
Санька яг л жүжигчин шиг аашлана. Тэрээр заримдаа олны өмнө “тайзан дээр гарах” дуртай. Юутай ч гэсэн тэрээр үнэн ярьж уу, худлаа залж уу гэдгээ шалгуулах гэж байна. Энэ ч тоглоом биш дэгээ.
 
Егорь удаан бодсонгүй
 
-Явцгаая.
 
-Өөр хэн явмаар байна? – хэмээн Санька дахин асуулаа. 
 
Тэр хоёртой хамт хот орох хүн өөр олдсонгүй. Санькаг ийн ярьсан зүйл тун эргэлзээтэй, тэгээд ч хоёрын хоёр хүн тийш явж байхад… Тун удахгүй илэрхий болохоос хойш. Ингээд Санька, Егорь хоёр замд гарлаа. 
 
Замдаа мань хоёр бас л толхилцлоо. Санька дахиад л Егорийг сургамжлан, элдэв юманд нь наад балиар савраа хүргэж болохгүй, үнэтэй дарснаас стаканаар нь гудраад унавзай гэх мэт
 
-Би та нарыг сайн мэднээ...
 
- За чи битгий хуцаад бай – гэж Егорь өрвөлзөн – Би өөрийгөө мэднэ. “Та нарыг” гэж ирээд л. “Та нарыг” гэж хэнийг хэлээд байгаам? Чи өөрөө хэн юм?
 
- Шинэ үеийн байдлын тухай зөв ойлголттой болгох гэж би чамд зааж сургаж байгаам, ойлгов уу?
 
- Солиоролгүй өөрийгөө л хичээ. Болгоомжтой бай. Битгий худлаа шааж бай. Шоглоом биш шүү… Хүрээд очсон чинь ямар ч гурван өрөө ор тас байхгүй бол, - Егорь хуруугаараа жолоогоо тогшин – явган буцаарай, мэдүү.
 
- За тэгье. Харин миний ярьсан бүгд үнэн бол чи клубын тайзан дээр гараад цугласан олонд хандан “Нөхөд минь бид шал дэмий Санькад итгээгүй юм байна. Тэр худлаа туугаагүй байна” гэж хэлнэ. Болж байна уу?
 
-Болж байна- хэмээн Егорь бувтналаа.
 
-Өөдгүй шаарнууд – хэмээн Санька өөр зуураа хэлээд – Өөрснөө хаан шиг амьдрах мөртөө тэндээ бусдыг ойртуулдаггүй.
 
Хотод ороод ирлээ.
 
“Баруун тийшээ”,”Зүүн тийшээ”, “Чигээрээ” хэмээн Санька хамаандлана. Нүд нь итгэлтэй гялалзах авч бага зэрэг түгшүүртэй. Егорь түүнийг нүдний булангаараа хялалзан “баруун тийш, “зүүнтийшээ”-г дуулгавартай биелүүлэн жолоогоо мушгина. Санька үл мэдэг бөнжигнөнө, гэхдээ чимээгүй. Сэтгэлийнх нь гүнд базаахгүй мэдрэмж.
 
-Уг нь би “Тариан түрүү” рестраныг хараад танина л даа – хэмээн бахдангуй хэлээд – Миний санахад дахиад зүүн тийшээ эргэнэ. Яг тийм, зүүн тийшээ эргэ.
 
-Хаягийг нь мэддэггүй юм уу?
 
-Би хаяг тогтоодоггүй юмаа. Нүдэндээ итгэсэн нь хамаагүй дээр.
 
Шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин өндөр байшингуудын дунд ороод ирлээ. Тэднээс нэгнийх нь дэргэд очоод зогсов.
 
-За тэр орц байна – гэж Санька намуухан өгүүлээд – Цэнхэр өнгөтэй нь. 
 
Хоёул хэсэг зуур бүхээгтээ чимээгүй сууцгаалаа. 
 
-Алив, яахуу?
 
-Одоохон… Тэр ажил дээрээ байгаа байх – хэмээн итгэл муутай хэлээд – Цаг хэд болж байна?
 
-Есд хорь дутуу байна.
 
-Ид ажлын цаг нь л даа.
 
-Эхэллээ шүү… оноо тоолоод 
 
-Алив бууя – гэж Санька тушаагаад – Хэрвээ гэртээ байхгүй бол ресторан руу явцгаая.
 
Хоёул дөрвөн давхар хүртэл мацлаа. 
 
-За энэ – гэлээ Санька. Их л догдолж байх шиг – Миний араас дага. Ямарчиг байсан миний араас даруухан байгаарай. Чи миний хөөрхий ядуу хамаатан шүү… Пөөх! Сандраад байна шүү, золиг гэж. Яагаад би сандраад байнаа? За урагшаа! – Тэрээр хонхны бяцхан цагаан товчийг дарлаа.
 
Хаалганы цаанах нам гүм дунд гутлын өсгий товших хатуу чимээ сонсдов.
 
-Паркэтэн шал, мэдэж байна уу? – гэж Санька амжиж шивнэв.
 
Түлхүүр мушгих чимээ гараад л гараад л… нэг биш цоожтой байхаа?
 
Санька Егорь руу мэгдэнгүй нүдээ анивчив.
 
Арай гэж нэг юм хаалга онгойлоо… Санька инээмсгэлэхээр бэлдэн ам нь нээгдлээ. Тэгээд хаалга эргэж хаагдахаас өмнө амжих гэж түлхтэл гинжин бэхэлгээтэй юм байна.
 
-Хэн бэ? – хэмээн хаалганы цаанаас түгшсэн дургүйцсан дуу гарав. Эмэгтэй хүний дуу.
 
-Ира, би байна!- гэж Санька өөрийн биш дуугаар өгүүлэв. Инээмсгэлсэн уруул нь улам тэлжээ. Яг энэ үед түүний нүүрэнд ердөө хамар, инээмсгэлсэн уруул, бусад нь нуль үрчлээс харагдана.
 
-Еэ бурхан минь! – хэмээсэн дургүйцэж зэвүүцсэн дуу хаалганы цаанаас сонстох нь тэр. (Егорь Санькагийн ард байсан болохоор хүүхний царайг харж чадсангүй), Хаалга тас хийн хаагдав.
 
Санька хачин болоод явчив. Егорь руу арга барагдсан байдалтай хараад
 
-Ёо ёоё, энэ хүүхэн чинь галзуурчихаа юу?
 
-Таниагүй юм болов уу – хэмээн Егорь огт цаашлуулсан шинжгүй асуув.
 
Санька цагаан товчийг дахиад дарлаа. Хаалганы цаана огт аниргүй. Санька хонхны товчийг дараад л дараад л байлаа. Эрэгтэй хүний бололтой хөлийн хүнд чимээ гарч байна. Хаалга дахин онгойсон боловч мөнөөх гинж бас л тээг болох нь тэр. Эр хүний улаан царай цухуйж байна. Тэр эр Санькаг ширүүн харцаар ширтэнэ. Дараа нь нүд нь Егорийн баргар царай руу шилжив. Тэгснээ цаана нь өөр хүн байгаа эсэхийг шалган нүдээ гялс эргэлдүүлэв. Их л ширүүн аймшигтай дүр нүүрэндээ зориуд тодруулаад асуусан нь
 
-Яах гэсэн юм?
 
-Иринаг дуудчих – гэж Санька шаардлаа.
 
Мань эр яахыгаа дороо шийдэв бололтой… Байрны дотроос хэн нэг нь түүнд үг хэлж байна. Тэгэнгүүт мань хүн хаалгаа гэнэт цочмог хаагаад авах нь тэр. Санька хонхны товчийг хуруугаараа дарчихаад эргэж тавьсангүй. Хаалга дахин онгойв.
 
-Гөвшүүлмээр байна уу, чи? – хэмээх цаадах эр сүрхий ууртай асууж байна.
 
Санька цаад эрийг хаалгаа хааж амжихаас нь өмнө хөлөө хавчуулж амжив.
 
-Түр гараад ирээч. Би юм асууя.
 
Цаад эр хаалгаа налан байдаг хүчээрээ түлхлээ. Санька амьсгаадна. Егорь хаалганы эсрэг талаас мөрөөрөө түлхэж гарав. Санька ч гэсэн хөлөө сугалж аваад мөрлөн түлхэнэ. 
 
-Семён оо! – хэмээн цаад эр байдгаараа хашгирлаа.
 
Семён найзынхаа дуудлагаар таавчиг дугарган дөхөх хооронд хөдөөний бяралхаг хоёр залуу хаалгыг улам хүчтэй мөрлөхөд… гинж мулт үсэрлээ. 
 
-Гараа өргө! – гэж Санька хашгирав.
 
Улаан царайт арагш ухарлаа… Таавчигтай эр ч ялгаагүй. Гэтэл гэнэт тэдний урдуур нэгэн богинохон хөлтэй хүүхэн гарч ирээд захирангуй дуугаар
 
-Зайлцгаа! – Ийм махлаг пандгар мөртөө энэ хүүхэн ямар их хөнгөн шингэн хөдөлж байгаа нь гайхмаар. Ямар аймаар хахир хоолойгоор орилдог юм бэ? – Одоохон эндээс зайлцгаа муусайн шааруудаа! Цагдаа дуудаарай! Би өөрөө цагдаа дуудачихъя! – Хүүхэн утасдахаар дэгдлээ.
 
-Санька, явцгаая- гэж Егорь хэлэв.
 
-Үгүй шүү, явцгаая гэж ярихгүй ээ- хэмээн улаан царайт хэлээд Санька руу дөхөв. – Явцгаая гэнэ шүү. Тийм амар юм хаа байна?Семён чи нөгөө талаас нь оч. Энэ муусайн хулигаануудыг бүслээд авъя.
 
Таавчигтай эр бүслэхээр дөхлөө. Тэрээр Егорийг хаалганаас холдуулах гэж…
 
… Манай баатрууд бүслэлтээс гарч дөнгөсөн л дөө, гэхдээ 15 хоногийн баривчилгаа. Дээр нь зөвшөөрөлгүй дураараа хот орсон гэж Егорийн жолооний үнэмлэхийг хагас жилээр хүчингүй болгосон. Ийм явдал болсон ч гэсэн юутай ч Санькагийн ярианд тосгоныхон бүгд үнэмшицгээсэн. Түүнийг хотод гурван өдөр шөнө хэрхэн бамбирдсаныг яриулахаар гуйцгээнэ, тэгээд элгээ хөштөл хөхрөлдөнө. 
 
Ганцхан Егорь л сонсоод инээдэггүй, жолоо барихаа больсноор цалин нь хорогджээ.
 
-Хөөрүү мангуу – хэмээн Егорь бувтнаад – Ингэж цусаа хийнээ?
 
-Егорь оо, тэр хүүхэн аймаар хөөрхөн гэж үнэн үү?
 
-Би харж амжаагүй ээ. 
 
-Байр нь аягүй гоё гэдэг нь үнэн үү?
 
-Байр нь гоё гоё. Байрыг нь харин амжаад харсан шүү. Гоё байр.
 
Үүнээс хойш Санька удтал тосгон дундуураа баатарлагаар алхах болсон.
 
1973