sonin.mn

КЁННАМ. /Мworker/. Болд хүү Монголд хамт амьдарч байсан эмээ нь нас барсны дараа асран халамжлах хүнгүй болсон тул 2009 оны есдүгээр сард Солонгост байдаг ээж дээрээ иржээ.

Болдын ээж анх 2001 онд Солонгост аяллын визтэй орж ирсэн бөгөөд үүнээс хойш визийн ангиллаа хэд хэдэн удаа солиулж байгаад хамгийн сүүлд 2009 онд визийн C-3 ангиллаа D-9 (хөрөнгө оруулагчийн виз) болгон өөрчлүүлж, Солонгост амьдарч байгаа юм. Болд хүү Солонгосын иргэн болохын тулд ээжийнхээ хамт өргөдөл гаргах боломжтой гэж БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газраас тайлбар өгчээ. Болд анх 2009 онд Солонгост ирэхэд гадаадын иргэн гэдэг шалтгаанаар бага сургуульд орох боломжгүй байлаа. Гэвч олон хүнээс асууж судалсны эцэст спортын сургуульд орох боломжтой болохыг олж мэдсэнээр Чанвон хотын нэгэн бага сургуулийн сагсан бөмбөгийн ангид элсэн орсон байна. Бага сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн дунд сургуульд орж, сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт гол тоглогч нь болжээ.

Дунд сургуулиа удахгүй төгсөх Болдыг одоо сургууль болон дүүргийн хэмжээнд сайн сагсчин гэдгийг нь мэдэх болжээ. Гадаадын иргэн гэдэг шалтгаанаар өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон тэмцээн уралдаанд оролцож чадаагүй ч оролцсон тэмцээндээ гарамгай амжилт гаргаж чадсанаар ахлах сургуулиуд түүнийг авах хүсэлтээ хүртэл илэрхийлж байжээ.

Монголд байхдаа сагсан бөмбөгийг зөвхөн сонирхох хэмжээнд тоглодог байсан Болд Солонгост ирээд зорилготойгоор сагсан бөмбөгөөр хичээллэх болж, улмаар өөрийнхөө ирээдүйг сагсан бөмбөггүйгээр төсөөлөхөө байтлаа уг спортод дурлажээ. Мөн Солонгосын шигшээ багийн тамирчин болох хүсэлдээ автах болсон байна. Гэвч Солонгосын иргэн биш бол улсын шигшээ багт багтах боломжгүй учир Болдын хувьд энэ нь хоосон мөрөөдөл байж ч болох юм.

Зарим хүн заавал Солонгосын иргэн болж байж сагс тоглодог юм биш гэж хэлж байна. Ээжтэйгээ хамт Монголдоо буцаж очоод сагсан бөмбөгөөрөө хичээллэвэл болох биш үү гэж хэлэх хүмүүс ч тааралдана. Гэтэл Болд Солонгост өсвөр насны дийлэнх хугацаагаа өнгөрөөж, энэ улсын нийгэмд дасах гэж зарцуулсан зүтгэл чармайлтыг нь бодож үзвэл түүнийг зүгээр л эх нутагтаа буц гэж хэлэхэд бэрх юм.

 

Хүү Солонгост анх ирээд шинэ бүхэнд дасах гэж олон саад бэрхшээлийг давсан байж таарна. Сургуульд сурч, сагсан бөмбөгөөр хичээллэнгээ танилцаж нөхөрлөсөн найз нөхөд ч олон. Хэрэв Болд эргээд Монгол руу буцвал түүнд спортын амьдралаар зогсохгүй хувь хүний хувьд асар их асуудал тулгарах болно. Одоо бол Монголын нийгэм түүний хувьд цоо шинэ зүйлээс ялгаагүй болсон учир ахиад л шинэ зүйлсэд дасан зохицох шаардлага гарна. Хүн болж төлөвшихөд өсвөр насны төлөвшилт, хүмүүжил чухал үүрэгтэй байдгийг бид сайн мэднэ. Мөн Монголд сагсан бөмбөгөөр хичээллэх орчин нөхцөл мэдээж хэрэг Солонгосын хэмжээнд хүрэхгүй. Тиймээс манай төв (Кённамын гадаад иргэдийн нийгмийн халамжийн төв) Болд хүүд Солонгосын иргэн болоход туслах зорилгоор төвийн удирдах зөвлөлийн дарга нар болон Болдын сургуулийн багш нараас шаардлагатай бичиг баримт бүрдүүлэн холбогдох байгууллагад хандах гэж байна. Гэхдээ хараахан Гадаадын иргэн харьяатын газарт хүсэлт гаргаагүй байгаа. Болд хүүг Солонгосын иргэн болоход түүний ээж, нагац эгч болон манай төвийн ажилтнууд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

А.Цацралт

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг