сонин mn

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын харү башё өнгөрсөн ням гарагт өндөрлөсөн билээ. Нийт таван зиндаанд Монголын 17 бөх зодоглосноос тав нь 50-аас доош хувийн амжилт үзүүлсэн бол үлдсэн нь качигоши хийж ирэх хаврын тэмцээнд чансаа ахихаар болов. Тэдгээрээс макүшитагийн 19-өөс барилдсан Сагикагэ Я.Баттүшиг түрүүлсэн билээ. Даваа нь тэнцсэн есөн бөхийн хооронд нэмэлт барилдаан хийлгэж ялагчийг тодруулсан бөгөөд манай сүмоч дөрөв ялснаар карьерынхаа анхны түрүүг хүртсэн юм. Тэрбээр 2003 оны зуны тэмцээнд барилдаж эхэлснээс хойш 18 дахь жилийнхээ ой дээр анх удаа түрүүлэв. “Шибатаяма” дэвжээнд харьяалалтай тэрбээр өнөөдрийг хүртэл 105 башёд зодогложээ. Үүнийг нь задалбал жюүрёод зургаа, макүшитад 59, санданмэд 29, жониданд 10, жонокүчид нэг башё барилдсан байна. Сагикагэ Я.Баттүшигийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь жюүрёогийн 10 дугаарт эрэмбэлэгдсэн нь байлаа. Макүшита зиндаанд 30-аас дээш насандаа түрүүлсэн таван бөхийн нэгээр тодорсон түүнээс башёгийн дараа сэтгүүлчид “Башёд анх удаа түрүүллээ. Сэтгэгдэл ямар байна вэ” хэмээн асуухад “Олон жил барилдсан тул сандарч тэвдсэнгүй, сэтгэл амар барилдаж чадлаа. Цаашдаа улам хичээх болно. Жюүрёод дахин барилдах нь миний гол зорилго. Цаашид бэлтгэлээ улам чамбай хийнэ. Өөрийнхөө барилдааны агуулгад дүгнэлт хийж, өөрчлөлт хийсэн нь үр дүнд хүрлээ” гэжээ.

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин