sonin.mn
 
 
Иргэн Ч.Мөнхбаяр, Х.Оюунцэцэг, О.Бум-Ялагч нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Монгол улс байнга төвийг сахих" санаачлагыг дэмжин уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Монгол Улс байнга төвийг сахихыг дэмжицгээе!
 
Мэдэгдэл 
 
Монгол Улс байнга төвийг сахих хэтийн төлвийг бид дэмжиж байна. Цаашид зохион байгуулалтад орох, ТББ байгуулах, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байх санаатай байна.
 
Төвийг сахисан орон болбол Монгол улсын хувьд тал бүрийн эерэг ач холбогдолтой. Монгол үндэстний сод хүү, эх оронч, эрдэмтэн Ж.Цэвээн “Монгол улс нь Швейцарь лүгээ адил төвийг сахисан орон байваас зохилтой” гэж, журмын нөхдийнхөө хүсэл эрмэлзлийг илэрхийлэн бичиж, Үндсэн хуульд үүнийг тусгуулахыг хичээн зүтгэж байсан. Энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах, хэрэгжүүлэхийн тулд Швейцарь улстай холбоо тогтоон ажиллах оролдлого хийж байсан болохыг Швейцариас Монголд суух элчин Жан-Жак Де Дардель дурдаж байсан. Даанч, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан язгуурын эх орончдын маань энэ үзэл санаа хэрэгжээгүй юм. 
 
Гэтэл сүүлийн үед төвийг сахих нь туйлын буруу юм гэсэн суртал ухуулгыг зарим хувь хүн, ТББ идэвхийлэн өрнүүлэх боллоо. Глобал сөргөлдөөнд Монгол улс оролцох явдлыг энэ нь хаана гэж зарим нь улайм цайм хэлж байна. Тийм сөргөлдөөнд автан туйлшрах цаг өнөөдөр биш ээ. Зарим хүн төвийг сахивал батлан хамгаалах чадваргүй болно гэж болгоомжилдог юм шиг байна. Төвийг сахих нь батлан хамгаалах үйлсийг юугаар ч хязгаарладаггүй, харин дэвжээдэг. Төвийг нь сахина гэдэг нь гол нь аль нэг улсын эсрэг ямар нэг улсын талд орохгүй гэсэн үг. Бие даасан байдал нэмэгдэж, энхийг сахиулах үйлсэд чөлөөтэй оролцож, энх тайванч идэвхтэй бодлого явуулах боломжийг олгодог. Мөн манай улс руу ямарваа нэг улс халдан довтлохгүй баталгаатай болно гэсэн үг. Төвийг сахиснаар банк санхүү, бизнесийн байгууллагууд бултаар анхаарлаа хандуулан төвлөрч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хурал чуулган зохион байгуулагдах нь эрс өсч, аялал жуулчлал өргөжин нэмэгдэж, хөгжил дэвшилд туйлын таатай уур амьсгал бүрддэг.
 
Төвийг сахина гэдэг нь дайнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвслүүдийн үйл ажиллагаанд оролцохгүй, байлдаж байгаа талуудад зэвсэг, хүч, нутгаа ашиглуулахгүй, байлдаж буй талуудад цэргийн хэрэгсэл нийлүүлэхгүй, нийлүүлбэл аль нэг талыг нь ялгаварлан гадуурхахгүй зэрэг гол зүйлүүдийг баримтлан сахина гэсэн үг. Гэтэл манай орон НАТО, ШХАБ, НҮБ, АНУ, Европын улсуудын зохион байгуулсан энхийг сахиулах, цэргийн үйл ажиллагаануудад оролцоод л өөд өөдөөсөө буу шагайж, хоорондоо байлдах нь халаг явах юм. 
 
Монгол улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ, Non-Aligned Movement) идэвхтэй оролцогч байж ирсэн. Ингэснээр ЭҮНХ-ий бүрэн итгэлийг даасан жишиг улс болон, улс орныхоо эрх ашгийг ханган хамгаалах боломж нээгдсэн билээ. Эвсэлд үл нэгдэх, төвийг сахих хоёр нь агаар нэгэн болой. Иймийн учир олон арван жилийн төрийн замнал, уламжлалаа бодоод ч тэр төвийг сахих замыг сонгох нь зөвдөнө. Агуулгын хувьд идэвхтэй, хэлбэрийн хувьд хэрэгжээгүй энэ асуудлыг зөвхөн хэлбэржүүлэн баталгаажуулах үлджээ. Үүний тулд ард түмний өргөн дэмжлэг хэрэгтэй.
 
Ямар нэг цэргийн эвслийн гишүүн болсноор олон эрсдэл ирж болно. Терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг гэх олон улсын янз бүрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсоноор дээрх гурван аюулыг холдуулан хамгаалагдах бус, дөтлүүлэн хохирч мэдэх юм. Цөөхөн монголчууд бид элдэв зэвсэгт мөргөлдөөнд оролцон, улам цөөрч мэднэ. Харийн нөлөө ихэснэ. Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс бусад улсууд өөрсдийн үзэмжээр оролцон үймүүлэх үүд хаалга нээгдэнэ. Дэлхий дахинтай сөргөлдөн тусгаарлагдах, зожигрон хаалттай болохыг үгүйсгэхгүй. Глобал гаж туйлшралд татагдан сүйрч ч магадгүй. Урьдын гашуун туршлагаасаа сургамж авалгүй шинэ хүйтэн дайнд хөөрөөд байж боломгүй байна. Яаравчлан төвийг сахих алхмыг хийх хэрэгтэй болжээ. Тэгж байж л ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, ҮАБ, бие даасан хөгжил дэвшил, тогтвортой байдал Монгол улсад цогцолно… 
 
Өнөөдөр Монголын олон ард иргэд төвийг сахих бодлогыг дэмжиж байна. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг ард нийтээрээ дэмжицгээе!