sonin.mn
Сүүлийн үед интернетээр “системийн анализ шиг амархан юм байхгүй” гэж нусгай пацаанууд сүрэглэн дайрч байгаа. Энэ нь өнөөгийн “цаг төрийн үймээн”-ий” үеэр Монголын ард түмнээс үнэнийг нууж, үүнийг хэлэх гэсэн над мэтэд саад хийх гэсэн арчаагүй оролдлого төдий юм. Харин энэ цаг үед манай ард түмэнд үнэн бодит байдлыг өгүүлсэн системийн анализ ус агаар шиг хэрэгтэй гэж би бодож байна. Ингээд өнөөгийн байдлыг шинжилсэн шинэ аналитик өгүүллээ толилуулж байна.
 
6 сарын 22
 
 
МАН-ыг Засгийн Газраас хөөх шийдвэр гаргасан АН-ын шийдвэрийг манайхан гэнэт “машин онхолдсон” мэт санацгааж байна. Гэтэл энэ бол сайтар бодож хоног хугацааг нь яв цав тааруулсан жүжиг юм.
 
…”МАН-тай Засгийн газарт хамтрахад байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ий талаар гишүүд санал бодлоо солилцлоо. Намын дарга орон нутагт ажиллаж байгаа учраас дараа хэлэлцэхээр болсон…” Энэ үг 6 дугаар сарын 22-нд дуурссан юм. Дэлхийн II дайн эхэлсэн өдөр л дөө. Үүнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар Хэвлэлийн бага хурал дээр “өөрсдийн амаар” хэлсэн бөлгөө. Ямар хааных нь бунханыг нээчихсэн юм бүү мэд…
Үүнийг хэнэггүй монголчууд даан ч нэг анхаараагүй юм. Ингэхлээр МАН-ыг хөөсөн нь санамсаргүй, гэв гэнэт уур нь хүрээд хийчихсэн юм биш, олон сарын урьдаас бодож төлөвлөөд яг наадмаар тохируулан хийж буй ноцтой улс төрийн акц болох нь тодорхой.
 
Манайхан дээр дурдсан үйл явцын зөвхөн үзэгдлийн талыг харж байгаа нь дэндүү харамсалтай. Энэ нь энэ удаад ч болж байгаа юм биш, түүх давтагдаг гэхдээ эхнийх нь инээдэм удаахь нь эмгэнэл гэдэг бөлгөө. АН Засгийн Газраас МАН-ыг хөөсөн нь “зөв, буруу”, МАН Засгийн Газраас гарах нь “зөв, буруу”, хэн нь хөөсөн хийгээд хөөгдсөн, хэн нь хамгийн их зөв хийгээд буруу гэх мэтчилэн бодох бол дэндүү гэнэн хийгээд үлэмж тэнэг яриа мөн.
 
Одоо бол монголын олигархуудын зөрчил дээр цэгтээ тулж, монголын улс төрийн институт учир утгагүй болж, төр засаг хууль ёсны болон легитим шинжээ бүрэн алдав. Хэсэг бусаг явцуу бүлэг нам, төр гэсэн нэр зүүж, хууль ёсны төр засаг гэсэн ойлголтоор тоглох гэж оролдож байгаагаас өөр юу ч алга.
 
Мордохын хазгай буюу Тожмой луудын тулаан
 
МАН-ыг Засгийн Газраас хөөх шийдвэр гаргаснаар монголын улс төр бүрэн шалдрав. Хуучин “хаан шалдан байна” гэж Баабар л ганцаараа хашгирдаг байсан бол одоо монголчууд “улс төрчид галзуураад шалдан нүцгэн зодолдож байна” гэх болов.
 
Энэ талаарх учир шалтгааныг “Хямралын гурван шалтгаан”, “Хямралын гурав дахь шалтгаан”, “Чөтгөрийн тойргийн учир”, “С.Баярын түүхий хоол”, “Монгол дахь америкийн “зөөлөн хүч”, “Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа хөө”, “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай” болон бусад аналитик өгүүллүүдэд тодорхой бичсэн. Гэтэл шинжлэх ухааны эрүүл саруул системийн анализыг сүргээрээ эсэргүүцэх “нет”-ийн (оросоор үгүй гэхийг бас “нет” гэдэг юм) хөдөлгөөн өрнүүлж, сөрөг манипуляци (төөрөгдүүлэл) явуулж, монголын олон нийтэд хүргэхгүй байх бүх талын арга хэмжээ авав. Ингэлээ ч гэсэн “чөтгөрийн тойргийн” хүрээ улам хумигдаж, олон зөрчилт асуудал үүсэв. Энэ тухай ярих гэсэн юм.
 
АН-ынхан Н.Алтанхуягийг “алах” гэж хичээхдээ дараагийн Засгийг сайн бодож чадаагүй, “дэвхрэг дэвхрээд буух газраа мэддэггүй” гэгчээр огцруулаад хаячихсан чинь Засаггүй болохдоо тулав. АН-ын жижиг “Алтан гадас”-аас бусад фракцуудын Н.Алтанхуягийг унагах цаад гол шалтгаан нь “хэтэрхий хүчжиж, дийлдэхээ болих нь” гэх атгаг санаанд байсан. Энэ нь үнэндээ Н.Алтанхуяг будилсан ч зөв замаа олж амжилт олох нөхцөлтэй болсныг харуулна. Үүнд хэн хамгийн их дургүйцэх вэ ? гэвэл мэдээж МАН. Хувь хүн талаасаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр нар. Тэд дараа үеийнхэндээ амархан түлхүүлчихгүйг хичээсэн.
 
“Шонхор”-ынхон З.Энхболд даргыгаа Ерөнхий сайд болох болов уу гэж бодтол өнөөх нь зүүн хязгаарт холхон очоод “болохгүй” гэж авдаг юм. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр парламентынхан “дөрвөн аргын тоо мэддэгээр нь” Р.Амаржаргалыгаа Ерөнхий сайд болгох гэтэл намын ҮЗХ нь “Сүүлийн үед хэтэрхий шударга загнаад байна, фракцгүй хүнээр Засаг толгойлуулахгүй” гээд залсан Ерөнхий сайд нь комсомолч Ч.Сайханбилэг.
 
Түүнийг азын тэнгэр ивээх учир нь нэгд Ц.Элбэгдорж Н.Алтанхуяг ба З.Энхболдын үеийг алгасуулж дараа үеийнхнээр ар талаа бэхэлсэн тоглоомын засаг байгуулав, өөрөөр хэлбэл тойрч бүслээд дарсан, хоёрт Н.Алтанхуяг араасаа хутгалуулахаас айсандаа ХЭГ-ын даргаа “хаалтанд” үлдээхийг хүссэн, гуравт тэр хоёр нийлээд З.Энхболдыг (Шонхор фракц) шахаж УИХ-ын даргын суудалд хадсанд байгаа юм. Шонхорынхон сөрөг дайралт хийж “намаа албан бусаар” авч “38 дугаар өргөрөг” тогтов.
 
Энэ нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид давхар ашигтай байв. Тэр өөрөөсөө хойш намдаа хэзээ ч албан ёсны даргатай байх хувь зохиол хүртээгээгүй юм. З.Энхболд Ц.Элбэгдоржийн гараас гарахын тулд заавал намын их хурал хуралдуулж, их хурлаас намын дарга “цол” авах ёстой, ингэвэл тэр АН-ын жинхэнэ лидер болж чадна. Ингэхгүй бол түдгэлзсэн Ерөнхийлөгч ҮЗХ-г бол ядаж одон медалийн оосроор хүлээд байхтайгаа. Ийнхүү “тожмой луудын тулаанд” нэг гонзгой хожиж түр тэнцвэр тогтов. Гэхдээ зөвхөн өнгөц талдаа. Учир нь энэ тэнцвэр АН-ын жинлүүрт удаан тогтохгүй учраас МАН-аас “цэрэг оруулахыг” хүссэн.
 
АН-ын эдийн засгийн ухаан юу гэж тооцсон гэхээр зүгээр л “Гурван томыг” зарчихаад дараа нь юу л болбол болог гэж бодсон хэрэг. Гурван том гэдэг нь “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Гачуурт” гурав юм. “Гурван томыг” зарчихвал нам мөнгөтэй болох ба 2016 оны сонгуульд улс төрийн хожоо гаргаж чадах юм. Зарахад “экономист байх комсомолч” байх ямар ч ялгаагүй. Харин хэл ам гарвал “вандан пад” гэж хэлэх ба буруутай этгээд буюу Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын “хосуудыг” зольж гадаадад гаргах тохиролцоо байсан байна. Энэ талаар гадаадын хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр С.Баярцогт үг алдсан ба тэр нь олон нийтэд тархсан юм.
 
Энэ нь саяхан гаргасан “Таван Толгойн” ажлын хэсгийн дүгнэлтээр бүрэн батлагдаж байна. “Оюу Толгойг” бол бүр ярилтгүй. Ч.Сайханбилэг гадаадад очиж “Оюуг Толгойг удаасныхаа төлөө уучлал гуйсан” гэж байгаа. Энэ талаар Монголд мэдээлээгүй байхад “Блүүмбэрг” мэдээлж байх жишээний. Новш гэж үүнийг л хэлдэг юм.
 
Ингээд бүр санаатайгаар гурван жижгийн хэрүүл гурван томын гэрээг Монголд хохиролтойгоор хийх зам руу оруулсан ба далд тооцоо нь “Бүгдийг нь зэрэг зүтгүүлээд байхад аль нэгийг нь заавал авч л таараа. Муусайн монголчууд өөр яахийм” гэсэн энэрэлгүй, балиар, адгийн үндэслэл байсан юм. Ингээд зүтгүүлтэл өнөө гурвын зөрчил нэг нэгийгээ барьцаалж, шалдан бөгсөөрөө шаварт суучих нь тэр.
 
ЕС, ЕР хоёр “Оюу толгойг” дааж авсан ч парламент гацаав, үнэндээ Н.Алтанхуяг үүний ард идэвхтэй тэмцсэн. Харин МАНАН (энэ бол MCS-ээр холбогдсон бүлэглэл, тэднээс уран зураг авдгаараа ЕР ч холбоотой) Таван толгойг М.Энхсайханы гараар могой бариулаад зүтгүүлэх гэсэн ч З.Энхболд, Х.Баттулга нар хориглов. Үнэндээ тэдэнд тээврийн гэрээг нь авах л сонирхол байсныг нөгөөдүүл нь өсөрхөлдөө болоод уншиж чадаагүй. Ингэж бантан болсон амьтад Гацууртыг хэлэлцэхэд аль аль тал нь нэгнээ чадаж байгаа нь энэ гээд хавсарч унагаад “даший шоо” болгов. Арай сийрэг ухаантайгаараа З.Энхболд нөгөө ёжтой инээдгээрээ инээж “ЗГ сайдуудаа оруулж ирж Гацууртаа аварч чадаагүй хохь нь” гэж тавлаад бүх юм дууссан.
 
Тэр цагаас л нэгнээ буруутгаж, хөөж тууж эхэллээ. Харин Ч.Сайханбилэгийн турхирсан “Том төслөө явуулъя (хаашаа?)” хаягтай хэдэн эргүү малнууд гурван томын сүйрлийг харан ульж, одоо болтол мессежээ солилгүй “популистуудаас болсон” гэж дуу нь суларч, татганан үхэж байна. Тэр популист нь З.Энхболд уу, Х.Баттулга уу ? Эсвэл хамтарч ажилласан үүргээ биелүүлээгүй гэж хөөгдөхдөө тулсан МАН уу ? Эсвэл ажиллаж чадаагүй АН уу ? Тэднээс эрүүл ухаантай хэд нь бүх гацаа нөгөө муулах үүрэгтэй популистуудаас нь биш, харин захиалагч эздээс нь болсныг ухаж мэдээд ичиж өөрийгөө сугалаад явчихаж байна.
 
Үнэндээ Г.Уянга, С.Ганбаатар нар бол 76-аас хоёр нь. Дээр нь үсрээд л бие даагч хоёр нэмэгдэнэ. Г.Уянга нар л мега төслүүдээс маань нэгийг ч явуулалгүй гацаачихлаа гэж уйлагнах юм бол Монголын төрийн системийг мэддэггүй гадныхан: тэд чинь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар уу ? гэж асуухаас өөр аргагүй болж таарч байна.
Яавал ч яаж ч машиндаад шийдчихээр 72 гишүүн нөгөө талд байна. Бүр чуулган дээр биш юм гэхэд байнгын хороонд ч тэд бүгдээрээ суугаад цөөнх шүү дээ. Тэр ч байтугай Ч.Сайханбилэг Харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулаад тэдний талаар мэдээлэхийг телевиз сайтуудаар бүрэн хориглочихоод байгаа нөхцөлд шүү ! Харин одоо нөгөө олонхийн хэд нь яаж эд нар ийм нөлөөтэй байж чадаж байна гэж судалж эхлэх ёстой л доо.
 
Мөнгөний эрэл ба үр дүн
 
Уг нь энэ дэлхийн аль ч засгийн ажил нь улс орныхоо эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг удирдах явдал байдаг. Гэтэл Монголын Засгийн газрын цорын ганц ажил нь хар захын наймаа болов. Яг үнэндээ бол “эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж орилж байгаа болохоос юу ч хийсэнгүй.
 
Учир нь монголын Засгийн газар эдийн засаг гэдгийг яг өөрсдийн богино ухаанаар амар хялбар аргаар (улсад, түүгээр дамжуулж хувьдаа) мөнгө олох гэсэн ганцхан утгаар ойлгох бөлгөө. Ийм болохоороо Монголын Ерөнхий сайд ажлаа дотоодод биш, гадаадад хийх болов. “Монголд хийх юм юу ч байхгүй” учраас олон улсын наймаа панз үсэргэж Монголоо зарах ганц л асуудал ярина. Ингээд 2015 оны 2 дугаар сараас эхэлж Япон, Орос, АНУ, Их Британи зэрэг улсуудаар дараалан доншуучлав. Юу олж ирсэн бэ ?
 
Японы Ерөнхий сайд Ш.Абэ Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.85 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгох болсноо танилцуулав. Уг нь онгоцны буудлын мөнгө нь байсан, Японы санхүүжилттэй төслийг Солонгосчуудаар хийлгэхээр ингэж гацдаг юм. Нөгөөдүүл нь мөнгийг нь банкинд хадгалуулчихаад долларын ханшны зөрүүгээс гарсан хэдэн төгрөгөөр шороо овоолж тоглосон. Гэтэл эцэстээ нөгөө банкууд нь хадгалуулсан мөнгийг нь байтугай хүүг нь хүчрэхээ больсноос “буудлын өртөг” аймшигтай өсөж байна.
 
Оросын Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэхээ Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Питербургийн ОУ-ын эдийн засгийн форумд Ерөнхий сайдын хэмжээнд оролцож, хань болж байгаад хоригт орсон Оросууд ямар нэг хэмжээгээр талархах ёстой, тэр талархал нь энэ. Уг нь энэ зальжин нүүдлийг Н.Алтанхуяг эхлүүлсэн билээ. Ядаж л Шадар сайдын хэмжээнд оролцуулаач гэж И.Моргулов хүссэнд Ерөнхий сайд өөрөө очсонд Оросууд ихэд баярласан гэдэг. Ер нь ПМЭФ-д Оросын Ерөнхий сайд оролцдоггүй учраас энэ бол их л алсын хэрэгжилттэй амлалт юм.
 
АНУ-д Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Индравати төсвийн алдагдлыг нөхөхөд 100 сая долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаснаа нотлов. Мөн “Тавантолгой” ордыг ашиглахтай холбоотойгоор Гашуунсухайтын төмөр замын Монголын төр эзэмших 51 хувь дээр Монголын Засгийн газрын өмнөөс Mega-д баталгаа гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг нааштай шийдэв.
 
Их Британийн Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. “Unic Credit” хөрөнгө оруулалтын компани “Монголд бид лимит тавихгүй, танай үйлдвэрүүд (тийм олон үйлдвэрүүд Монголд байхгүй л дээ-Х.Д.Г.) Европын холбооны аль нэгэн улстай хамтарч ажиллахад санхүүжүүлэхэд бэлэн байна” гэв. Эндээс үзэхэд гадныхан манайд мөнгө өгөөгүй, харин зүгээр л амласан нь тодорхой байна.
 
Үүнийг монгол хэлээр “орчуулбал”, “Өөрөө л мэд. Хэрэв гурван томоо заръя гэвэл бид мөнгө өглөө. Зарахгүй бол бид юу боллоо гэж зүгээр мөнгө өгөхөв. Харин зарах эсэх чинь, мөн хэн зарах нь монголын “дотоод асуудал”, та нарын мэдлийн хэрэг” гэж шууд хэлж байна. Дээрээс нь: “Сайханбилэг чи, амжиж бидэнд зарвал аз чинь, чадахгүй бол бид сонгууль дуустал ч хүлээж чадна. Тэр үед бид өөр хүмүүстэй ярьсан ч болно…”
 
БНХАУ-ын тухайд амласан тэрбум ам.долларыг 2016 оны дараа өгөх нь тодорхой болсон байна. “Одоо өгөхөөс бид айж байна…” гэсэн хариултыг өгсөн. Учир нь тусламжийг нь улстөрийн зорилгоор үрэн таран хийчихээд бурууг нь хятад руу чихэхээс сийхгүйг цаадуул нь маш сайн ойлгодог болсон хэрэг. Нөгөө талаас өмнөд хөршийнхөн дараагийн сонгуульд МАН эрх барихгүй ч олонх болно гэж харж байгаа бололтой.
 
Гадаадаас уучлал гуйх, гадаад айлын хүүхдийн гэрийн даалгавар хийх зэргээр үйлээ үзэж үзэж “явуулна” гэсэн “гурван том” нь явахгүй суучихаар Ч.Сайханбилэг бараг галзуурах нь тодорхой юм.
 
Хамтарсан Засгийн ялзарсан тулгуур
 
Н.Алтанхуягийн Засгийн Газрыг унагасан нь АН, МАН дамнасан том “Алтан гадас”-ыг шинэ маягаар сэргээн босгож, улс төрийн давуу байдал олж авах гэсэн стратеги сонирхлоос шалтгаацан үүдэн гарсан юм. Түүнийг АН талаас Ц.Элбэгдорж, МАН талаас С.Баяр хоёр удирдан зохион байгуулж байсныг энд хэддэхээ ч юм тэмдэглэе. Улс төрийн амжилтыг эдийн засгаар хангах ёстой байсан бөгөөд энэ нь “гурван томыг” зарж мөнгөтэй болох явдал байв. Үүнийгээ сонгуулиас өмнө амжуулах ёстой байв. Ингээд Монгол Улсыг сонгуулиас өмнө амжиж зарах гэсэн улаан цаймдаа гарсан их дайралт эхэлсэн юм. Ямар их яарч, ямар их улайрч зүтгэсэн хийгээд зүтгүүлснийг бүгдээрээ мэдэх хойно дэлгэрүүлж ярихгүй.
 
Гэвч хэт яарч, хэт улайрснаас стратегийн болон тактикийн олон алдаа гаргажээ.
 
Нэг. Ц.Элбэгдоржийн нэр хүнд навс унав. Тэр “Рио Тинто”-гоос хувьдаа байр хүртэл авсан хөгийн амьтан аж. Энэ талаарх нэн тодорхой баримтыг тэр таг дуугай өнгөрөөв. Ер нь бол яс баримтын эсрэг дайрах нь улстөрчийг өөрийг унагадаг учраас ингэхээс аргагүй. Тэр ч байтугай АНУ-ын ТТГ-ын ассет ажилтан Пейнтертэй тогтоосон олон жил үргэлжилсэн холбоо сүлбээ хийгээд сүлжээ нь Жастин Каплаг уучилснаас болоод илрэв.
 
Тэр Монгол Улсын Ерөнхийлөгч гэхээсээ гадаадад үйлчлэх сүлжээний толгойлогч шахуу этгээд аж. Түүнээс гадна өмнө хэлсэн ярьсан, ам халсандаа, сонгуульд ялахын тулд улайрсандаа алдсан үгэндээ орооцолдож эхлэв. Шоу хийчихээд мартаад давхиад байсан нь түүнд гай болов.
 
Ингээд ноён Ц.Элбэгдорж гадаадын эрх ашгийг хамгаалсан сүлжээгээ ил тод удирдах боломжгүй болов. Г.Уянгын шаардсаны дагуу парламентад анх удаа тайлан тавьсан нь өөрийгөө хамгаалж үлдэх том бололцоог түүнд олгосон юм. Гэхдээ одоо болтол түүнийг огцруулах асуудал нээлттэй хэвээр байгаа.
 
Хоёр. МАН-ын сүлжээг стратегийн хувьд удирдаж, АН, МАН хоёрыг холбон тоглогч С.Баяр гадаадад авсан олон байрнаасаа болж балрав. “Намайг цохиж зодох хүн Монголд байхгүй” гэж бодож байсан “40 мянгатын хулигааныг” Г.Уянга гэдэг жижигхэн хүүхэн ганцхан цохилтоор тэрий буулгав. Хэрэв тэр Г.Уянгатай “зодолдох” гэвэл нэмж алуулах нь дэндүү тодорхой юм. С.Баяр бол “дугаар хорооны иргэн” бөгөөд түүний улстөрийн имиж, сүр хүч “цаасан бар” байсан нь МАН-ынханд ойлгогдов.
 
Гурав. Голлох үзэл сурталч, үндсэн пиарч Баабар бас л “Рио Тинто”-гоос мөнгө авсан, бас төрөөс мөнгө авч “суртал нэвтрүүлэг” хийдэг байсан нь “Хөгжлийн банкинд хийсэн” шалгалтаар баригдав. Үүний хамт нетэд зохион байгуулж байсан томоохон сүлжээ нурав. Ингээд мэдээллийн холион бантан эхлэх нь тэр.Ийнхүү МАНАН-гийн том сүлжээ эвдрэлд орсны улмаас Монгол дахь улс төрийн хүчний харьцаа хийгээд 2016 оны “байлдааны журамд” ихээхэн өөрчлөлт гарах нь мэдээж хэрэг болов.
 
Хамтарсан Засгийн тухайд хоёр тулгуур нь ихээхэн суларсан учраас тун эвгүй байдалд ороод байна. Одоо Ерөнхий сайд нэг талаас АН хийгээд МАН гэсэн хоёр тулгуураа бэхлэх, нөгөө талаас АН болон МАН-тай зэрэг байлдаан хийх шаардлага үүсэв. Энд ямар нэг учир утга байхгүй ч гэсэн Ч.Сайханбилэг “салах салахгүйгээ” буюу “эр эмээ” тодорхойлох гэж ядаж байна. Энэ нь үе солигдох, лидер солигдох үед болж байгаа учраас хуучнаасаа нэн өөр, тун өвөрмөц, маш хатуу ширүүн нөхцөлд болж байгаагаараа онцлог юм.
 
Хэн хэзээ зарах вэ?
 
Одоо улс төрчид болон улс төр сонирхогчид сонгууль, нам гэхчлэн маш олон зүйл ярьж байгаа боловч асуудлын гол нь огт өөр зүйлд байгаа юм. Яг үнэндээ бол Монголын улс төрчдийн сонирхлыг энэ асуудлууд огт татахгүй байгаа.
 
Эдүгээ Монголын улс төрд “Гурван том”-ыг хэн хэзээ зарах вэ?” гэдэг зарчмын том асуудал үүсч байгаа ба энэ нь манай улс төрийн гол том бүлэглэлүүдийн өнөөгийн зөрчил тэмцлийг бүхэлд нь тодорхойлж байна. Хэрэв Ч.Сайханбилэг ядахдаа аль нэгийг нь “амжилттай” зарчихвал хамгийн эхлээд тэр АН-ын лидер болох нь гарцаагүй. Энэ нь АН-ын дарга болно гэсэн үг шүү дээ. Үүнийг “комсомолын мангар бацаанд” зөвшөөрч байдаг тэнэг гэж байдаг юм уу ?!
 
Цаашилбал тэр АН-ын “мөнхийн ялалтыг” хангана. Үүнийг зөвшөөрч байдаг МАН гэж байдаг юм уу ?! Ингээд л Баабарын хэлдгээр “орондоо орох завгүй” болж байгаа юм. Орчин үед энэ бол “Нууц Товчооны” шүлэг биш, Баабарын хамгийн дуртай ишлэл болсныг санаж явууштай. Энэ тэмцэл бол Монголыг хэн, хэзээ зарах вэ? гэдэгт л оршино.
 
Энд гадаадын хүчин зүйл бараг байхгүй болж байна. Тэд “гурван томыгоо” зарвал сайн байна гэсэн. Хэрэв зарвал их мөнгө (?!) өгнө гэсэн. Тэд өөр юу ч хэлээгүй. Ямар ч улс, компани, хүн тэгнэ биз дээ… Гадаадынханд 2016 оны сонгуулиас өмнө, хойно хийгээд Монголын хэн гэгчээс авах нь ямар ч ялгаагүй юм. Харин хэн, хэзээ зарах нь монголын улс төрчдийн хувьд бол амин чухал асуудал юм.
 
Одоо бол энэ ерөнхий дүгнэлтийг хийсний дараа нам намаар нь, бүлэг бүлгээр нь задлан үзэхэд хамаагүй амархан болно. Энэ бол системийн анализын гайхамшиг юм.
 
АН-ын өрсөлдөөн
 
Ц.Элбэгдорж үхэн хатан зууралдаж байгаа боловч Ардчиллын анхдагч нарын үе бүрэн дуусч байна. Ц.Элбэгдорж байгуулсан хөгийн системээ хадгалан үлдэх гэж “31 хүнтэй нам” хүртэл есөн жорын хөгийн юм санаачилж байна. Үнэндээ бол “системээ хадгалан үлдэх” гэсэн утга дэндүү зөөлдөж байгаа юм. Шууд монголоор хэлбэл Ц.Элбэгдорж өрөөл дутуу, гажигтай системд ардчиллын жилүүдэд оруулсан “бөөс хуурснуудаа” хэвээр нь үлдээх гэж оролдож байна.
 
Одоо бол АН-д Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Д.Дорлигжав нар шиг хэрэггүй, лай болсон амьтад огт алга. Тэд аль хэдийн музейн үзмэр болох ёстой атал гоцлон дуулаач хийх гэж дайрах нь дэндүү өрөвдөлтэй. Гэхдээ тэд намаа, төрөө хорлож хорлочихоод одоо л дөнгөж үе залгамжлалаа бодож эхэлж байна. Даанч дэндүү оройтсон байна. Одоо тэдний хийж буй болон хийх ямар ч үйлдэл хэрүүл хэл ам, зөрчил будлиан тарихаас өөр ямар ч үр дүнгүй юм.
 
Эдүгээ АН-д З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг гэсэн гурван лидер байна. Н.Алтанхуягийг олон хүн “үхчихсэн” гэж бодож байгаа бол хараахан тийм биш. Тэр үгүй ядаж л аль нэг талд нь ороход л жингийн тавгийг хүчтэй савлуулахтайгаа байгаа. Хар л даа, Н.Алтанхуяг АН дахь жижиг “Алтан гадас” фракцаа дагуулаад МҮДН-тэй нийлж байна. Энэ нь З.Энхболдын Ерөнхийлөгчийн хяналтаас сугарах, Н.Алтанхуягийн хариу авах тактикийн үр дүн.
 
Өөрөөр хэлбэл АН-д Н.Алтанхуяг нэгдэн орсон “Ажнай” Б.Бат-Эрдэнийн санхүүжилттэй том фракц үүсч байна. Тэд З.Энхболдын толгойлж С.Эрдэнийн зохион байгуулдаг “Шонхор” фракц ба Х.Баттулгын “Ардчилсан холбоо” фракцтай эвсэж байна.
 
АН-ын энэ дөрвөн том фракцын эсрэг намаасаа түдгэлзсэн Ц.Элбэгдорж, түүнийг дагадаг М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, М.Зоригт нарын сул хүч дээр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын байгуулах гэж оролдсон “нэргүй” фракц сөрж байна. Нийтдээ УИХ-д зургаан хүнтэй ч нам, ҮЗХ-д нөлөөгүй тэд юу ч болохгүй.
 
Н.Алтанхуягийг огцрохтой зэрэгцэн суудлаа алдсан Х.Тэмүжин, Лу.Болд, Н.Батбаяр нар Ерөнхийлөгчийн эсрэг халз дайралтад ороход бэлэн байна. Х.Тэмүжин том улстөр боддоггүй юм гэхэд Д.Дорлигжавыг унагахын тулд яасан ч бэлэн, Лу.Болд “Голомт”-ын задралтай уялдсан хонзонгоо мартаагүй ба “Фортуна” бол ойлгомжтой. МАН л түүнийг унагах гэж Ц.Элбэгдоржтой элбэж яаж байлаа?
 
Одоо стратегийн 3 том хувилбар үүснэ.
Нэг. З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр нийлж аваад АН-аа нэгтгэн нэг цул болгоод МАН-ыг нэгмөсөн “алж хаяад” санаачлагыг бүр мөсөн авах.
 
Хоёр. З.Энхболд (түүнтэй Х.Баттулга хамт байгааг мартаж болохгүй) ганцаараа ялж аваад АН-аа дангаар нь аваад явах. МАН-ын М.Энхболд үүнийг дэмжиж байгаа.
 
Гурав. Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар ялаад АН-аа аваад явах. МАН-ын У.Хүрэлсүх үүнийг дэмжиж байгаа.
 
Ингээд хэлээд өгөхөөр манайхан цааш нь “үй түмэн” хувилбараар бодож чадах нь эргэлзээгүй. Гэхдээ “тэнгэрт хоёр наран үгүй, намд хоёр лидер үгүй” гэсэн “монгол нөхцөл” байдгийг мартаж болохгүй л дээ…
 
МАН-ын зовлон
 
Насаараа дарга хийсэн МАН ерөөсөө “ажилчин” байж чадахгүй аж. АН-ын урилгыг авсан МАН хоёр тал болж зодоон хийх шахсан юм. Олон хүн “Даргын суудал горьдсон шуналын туламнууд Засгийн Газарт орсон” гэж дүгнэсэн нь дэндүү өнгөц юм. Нарийндаа бол АН-тай стратегийн салшгүй холбоо сүлбээтэй, цэвэр МАНАН, цэвэр “том “Алтангадас”-ын сонгодог төлөөлөгчид Хамтарсан Засгийн Газрыг байгуулахад АН-аас илүүтэй хүчин зүтгэсэн юм.
 
“Гурван том”-ыг нийлж байгаад бушуухан зарах нь тэдний төлөөлж буй олигархи цөөнхийн эрх ашгийг яв цав хангах байсан агаад дараагийн улс төр бол хоёрдугаар зэргийн асуудал юм.  Гэвч дутуу бодсоны зовлон гараад ирэв. Хэрэв “монголыг зарж мөнгө олсон гавъяа” АН-д дангаар ногдвол МАН-д үлэмж аюул болох юм. Ингээд МАН “эх орны тухай, шударга ёсны тухай” гунигт дуу гингэнэж эхлэв.
 
АН зарвал ганцаараа зарсан шиг зарах, чадахгүй бол “МАН-ыг тэврээд үхэхээр” шийдэв. Ингээд МАН-ыг хөөв. МАН хөөгөөд байхад гарахгүй гэж гүрийн зүтгэж байгаа нь тэдний эдийн засгийн сонирхол ямар их байгааг тодорхой харуулна. Гэтэл МАН-ын хөгшний зовлон гараад ирэв. Тэд хулгай дээрэм хийсээр байгаад хойч үе, залгамж халаагаа огт бодож байгаагүй юм. Гэтэл залгамж халаа НАМЗХ-нд хэрүүл зодоон гарав.
 
С.Баяр “бид хойч үедээ халаагаа өгөх ёстой” гэдэг уриа лоозон дэвшүүлж, залуучуудаа нэгтгэх оролдлого хийж байсан юм. Энэ нь намын эрх мэдлийг өөрийн залуучуудад аажмаар шилжүүлэх оролдлого байлаа. Гэтэл үнэндээ бол МАН-д болон НАМЗХ-д дунд буюу ядуу давхаргын залуу хүн нэг ширхэг ч байхгүй бөгөөд НАМЗХ-ны нийгмийн бүрэлдэхүүн зөвхөн чинээлэг, дээд ангийн, тодруулбал зөвхөн олигархи давхрааг л төлөөлдөг юм.
 
Гэтэл “байрны асуудлаас” болоод С.Баярын “нэгтгэн зохицуулах” чадвар үлэмж буурав. 
 
Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нам доторх гол өрсөлдөгч болж магадгүй С.Баярыг “намнах”-аар зогсолтгүй ажиллаж эхлэсэн ба энэ зөрчил нь М.Энхболд, С.Баярын утсан хүүхэлдэй У.Хүрэлсүхийн хоорондын зөрчил болов. Тэр нь Залуучуудын байгууллагад халдаж У.Хүрэлсүхийн “хүүхдүүдийг” Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нараар арчуулсан М.Энхболд үнэмлэхүй ялав. Гэвч шаралхсан наадмын төв комиссын дарга У.Хүрэлсүх зөрчилд биечлэн оролцсоноор М.Энхболдын тэргүүлдэг уяачдын холбоонд хүрч, эрлийзийн асуудал болон (хүн талаасаа ч, морь талаасаа ч) даамжирч байгаа юм.
 
Засгийн газрын МАН дахь тулгуурыг нугалж У.Хүрэлсүхийг гудамжинд гаргаснаар М.Энхболд намдаа хязгааргүй ноёрхохыг хичээж байна. Тэр нэгэн цагт М.Энхболд Ц.Элбэгдоржтой тохиролцон АТГ-ын толгойд өөрийн хүн Н.Ганболдыг тавьсан ба Ц.Элбэгдорж дэд дарга Б.Хурцыг ТЕГ-ын даргаар томилсноор АТГ дахь хяналтаа бэхжүүлсэн байна. АТГ-т “4 үсэгтэй” хүний нөлөө бий ч энэ дам холбоо Засгийн газрыг унаснаар тасрах болно. Илүү найдвартай суудалд байгаа Н.Ганболд М.Энхболдын хүсэлтээр С.Баярын “оймсыг гозойлгож” ачийг нь хариулах үүрэгтэй болов.
 
Ингэснээр нам дахь С.Баярын удирдлагатай У.Хүрэлсүхийн бүлэглэл хүч чадлаа алдан сарнина. У.Хүрэлсүх Засгийн газарт ормогцоо мэдэл хүчиндээ эрдэж намын гишүүдийг биш “өөрсдийн хүмүүсийг” намаас гадуур томилсон аархалдаа баригдан унаж байна. Засгийн ажилд орсон 600 гаруй хүний тэн хагас нь намын шалгуураас гадуур У.Хүрэлсүх, С.Баярын холбоогоор дамжсан, бас Д.Оюунхорол нарын “хувийн” хүмүүс байв.
 
Түүгээр ч үл барам олигархи давхрааныхан бүтэл нь хазайсан МАН-аас нүүр буруулах нэн аюулт хандлага бий болов. МАН дөнгөж саяхан дангаар захирч хөөдөг байсан бол яваандаа хаягддаг болж, сүүлдээ бүр хөөгддөг болов. Хөөлгөх сонирхол намд нь байгаад хамаг учир нь байна.
 
МАН (У.Хүрэлсүхийнхэн) Засгийн Газрын босгыг тэврээд уйлан хайлан явахгүй гэж орилов. Харин МАН (М.Энхболдынхон) зуурсан гарыг нь тавиулах гэж ноцолдоно. АН “Гарын таван хурууны” Шагдар шиг сүхээ чулуудаж “барууны хүүхэн” рүү явахаар эргэлт буцалтгүй шийдэв. Харин Ч.Сайханбилэг Англиас ирээд учраа олохгүй мунгинасаар. Ийм л хөгийн юм болоод байгаа шүү дээ.
 
Ц.Элбэгдорж Засгийн газрыг авч үлдэхийг хэчнээн чармайвч нэмэр тус алга. Хүмүүс нь нөлөөгүй, учир нь Ц.Элбэгдорж хамт яваа хүмүүсээ өөд нь гаргадаггүй сул хүмүүсийг цуглуулдаг муу зантай учраас ганцаардсан байна.
 
Яаж ч байсан “мад”
 
Одоо би Та нарт аль аль тал нь нөөцөндөө байлгаад байгаа тун гоё тоглолтын хувилбар таалгая. Өнөөг хүртэл бүх хэвлэлийнхэн, улстөрийн ажиглагчид нэг зүйлийг анзаарахгүй давхиад байна. “Хямралын гурван шалтгаан” өгүүлэлдээ яг ийм хүчин зүйлийг тооцохыг Н.Алтанхуягт ойлгуулах гээд бараагүй, тийм учраас унасан. Өөрөөр хэлбэл Н.Алтанхуягийг эхний удаад Г.Уянга картаар аварч үлдсэн шиг үлдэж болох мессежийг өөрөө анзаараагүй учраас ердөө гурван саналаар “гозойчихсон” юм.
 
С.Дэмбэрэл дүү “хамар” Ганболдыг нь баривчилна гэж айлгаснаас Н.Алтанхуягийг дэмжиж чадахгүй өрөөндөө ороод түгжчихсэн. Хэрэв Г.Уянга тэр хоёр эргэсэн бол яг өмнө нь Г.Уянга авч үлдсэн нөхцлөөр буюу нэг саналаар Н.Алтанхуягийн ЗГ тогтож болох л байсан. А.Баатархуяг шаралхсандаа “Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь мэднэ дээ” гэж АН-ынхныг тавлаад өнгөрсөн.
 
Г.Уянгад МАН-ынхан “Эрдэнэс Таван толгой”-гоос 93 тэрбумыг луйвардсан тухай баримтыг үзүүлсэнд өнөөх чинь “Нүүргүй загнах нь шударгын шинж” гээд огцруулах кноп дарсан, харин “Эрдэнэс Таван толгойн асуудал” эрчээ авалгүй хамтарсан ЗГ-ын тохиролцоон дунд “мега төслийн маргаан дунд” саармагжаад удлаа. Гэвч хүргэн Дэнзэнгийн асуудал дуусаагүйг энд дурдах ёстой. Өөрөөр хэлбэл МАН хутгаа хуйндаа хийгээгүй.
 
Энэ удаад ч одоо бүрдээд байгаа тоглолтын дараахь хувилбар асуудлыг яаж ч эргүүлж болно. АН тун сүрхий уран тоглож МАН-ыг гэнэт хөөх шийдвэр гаргаснаар шоконд оруулж, нэр хүндийг нь баллаж чадлаа. МАН-ын дотоод идээ бээр цувирч гарав. МАН “хөөгдөөд гарах ичгэвтэр, гарахгүй гээд суух бүр ичгэвтэр” болоод байгаа ба У.Хүрэлсүх, М.Энхболд нарын аль аль нь хөгийн байдалд орчихсон учраас асуудал шийдэл байхгүй удаад байна. Хэн түрүүлж шийдвэр гаргасан нь Засгаас гарсны дараах намын дотоод улстөрийн байлдаанд муу байршилтай болох тул “түүхий сүүний бяслаг идчихсэн мэт дүлэгнээд” байгаа юм л даа.
 
Яг энэ үед Г.Уянгын гарт “цөмийн цэнэгт хошуу” байгааг аль аль тал нь анзаараагүй гэж та нар бодож байна уу ? Г.Уянгад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах 14 хүний гарын үсэгтэй бичиг хадгалагдаж байгаа. О.Баасанхүү ямар ч санаатай юм Засгийн газрыг унагах 17 гарын үсэг цугласан гэж нэг хэсэг давхисан. Гэтэл бичгийн эзэн Г.Уянга нэг ч үг дуугараагүй, гайхалтай нь манай хэвлэлийнхэн чанга дуутай хоосон торх хөөгөөд эцэст нь чимээгүй болсон. Уг нь ямар ч сурвалжлагч “17 гарын үсэг бий юу?” гэж Г.Уянгаас л асуух ёстой биз дээ? 
 
Хэрэв МАН-ыг АН Засгийн газраас хөөвөл МАН-ын 5-6 гишүүн Г.Уянга дээр гүйж очоод гарын үсэг зурчихвал МАН Засгийн газраас хөөгдөж биш унагаж гарах юм. Чухам ийм учраас Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг “оруулж ирэхээс” татгалзсан дүр үзүүлж байна. Нөгөө талаас АН Ч.Сайханбилэгт яг ийм өргөөр ац тавьчихаад байна. Хэрэв С.Сайханбилэг өөрийн “зургаан сайдаа” өргөн барихгүй бол АН-ын “зургаан шонхор” нисч очоод гарын үсэг зурчихвал бас л өнхрөөд өгнө. Хөөгдсөндөө тунирхсан МАН-ын гишүүд Засгийг унагаж л таарна. МАНАН алалцаж байна, аль ч талд нь Засгийг унагах ашигтай болчихож, харин Ерөнхий сайд тулгуургүй…
 
Хүчний тэнцвэр хэзээ алдагдсан бэ ? Тэр “гайт агшин” жам ёсоороо анзаарагдалгүй өнгөрсөн. С.Баярын байрны асуудлыг тавьсан тэр өдөр хүчний тэнцвэр алдагдсан шүү дээ, анзаарсан бол. Тэр цагаас тэр өдрөөс МАН-ын дотоодод зөрчил идэвхжсэн. МАН-ынхан С.Баяраас зайгаа барьсан. У.Хүрэлсүхэд санаачлагаа алдаад байсан М.Энхболд энэ зайгаар өрсөлдөгчдөө дарж авахаар хөдөлсөн. Нэгэнт У.Хүрэлсүх ялагдаад эхэлсэн бол ар талаас нь АН-ынхан жийх нь тодорхой. С.Баяр зохицуулах чадвараа алдаж АТГ яах бол гэх зуур Ц.Элбэгдорж нам дахь хяналтаа алдсан. Эцэстээ Н.Алтанхуяг завшааныг ашиглан Ц.Элбэгдоржоос хариугаа авахаар хөдөлсөн.
 
Ц.Элбэгдорж АТГ-г хөдөлгөх гэтэл Ч.Хурц ТЕГ-т очсоноос нөлөө нь хязгаарлагдсан ба М.Энхболд чагталсан тул Н.Алтанхуягийг ТЕГ-аар дарах гэж оролдсон. Гэтэл Н.Алтанхуяг АТГ-ыг хянах хуулийн төсөл өргөн барьж даапаалаад ТЕГ-ын шалгаж буй асуудлаар тайлбар өгөх нь хүн нь би биш Ч.Сайханбилэг гэж мурив. Энэ зуур З.Энхболд дээд шүүхэд өөрийгөө намын дарга болохыг баталгаажуулж авмагцаа МАН-ыг хөөв. Одоохондоо Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч З.Энхболдыг яах ч аргагүй болсон тул Н.Алтанхуяг фракцаа аван “шүхэр дор нь” нэгдсэн байна.
 
Одоо эцсийн арга хэмжээ нь Засгийн газрыг унагах ба Н.Алтанхуяг дараагийн ЗГ-т шадар сайдаар очвол “дархлагдаж” ТЕГ-ын шинэ дарга түүний асуудлыг “өөрчилнө”. Оронд нь Ч.Сайханбилэг ТЕГ-ын үүдийг сахих нь байна. Аль ч Ерөнхий сайд ТЕГ-аа гартаа аваагүй бол яг ийм хувь зохиолтой учирдаг юм. Сү.Батболд ТЕГ-аа С.Баярын найз Р.Болдод алдаад ингэж дууссан.
 
Г.Уянга “С.Баярын байрны баримтыг олон нийтийн хяналттайгаар АТГ-д хүлээлгэж өгсөн, үүгээр миний үүрэг дууссан, одоо АТГ-г давхар шалгая” гэж саяхан бас дахин мэдэгдсэн ба үнэндээ тэр асуудлын улстөрийн нөлөөлөл өнөөдөр үүргээ 100 хувь биелүүлчихээд байна. Яагаад МАН-ыг Засгаас хөөх үед АТГ С.Баярын асуудлаар мэдээлэл хийж сэдрээв гэж хэн ч бодоогүй нь лавтай. С.Баяр шоронд орох эсэхээс үл хамаарч буланд шахагдчихаад байна.
 
М.Энхболдтой учраа олох гэсэн түүний оролдлогууд, Ч.Сайханбилэгийн “Телевизүүдийн холбоо”-гоор дамжуулж аварч үлдэх гэсэн увайгүй тохиролцоонууд одоо сүйрч байна. Бүх бие даагчдыг, тэр байтугай МАН, АН-аас Ч.Сайханбилэгийг шүүмжилсэн, С.Баярыг “нэмж дэвссэн” хэнийг ч болов телевизийн эфирээр шагайлгахгүй байх үүргийг авсан телевизүүд Ерөнхий сайдыг огцорсны дараа өөрийн үүргээ ариун гэрээслэл гэж бодохгүй нь лавтай.
 
Одоо М.Энхболд бүлэгтээ биш юм гэхэд тоотой гишүүдэд үүрэг өгөөд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурууллаа л бол Засгийн газар тэр чигээрээ унана. Ингэснээр МАН засгаас хөөгдөж биш унагаж гарна. Дээр нь Г.Уянга нарын гишүүд Дубайн гэрээний асуудлаар ЗГ-т асуулга тавьчихаад байна, гэрээний улс оронд ашиггүй заалтуудаар хийсэн шинжилгээг бүх гишүүд гар дээрээ авчихаад байгаа билээ. Иймээс Н.Алтанхуягийг унагасан яг тэр барилаар Ч.Сайханбилэг унах нь тодорхой байна. Ганц ялгаа бий нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн үг л “Эрдэнэс Оюу толгой” гэж ганцхан үгээр солигдож байна.
 
Дээр нь Дубайн гэрээгээр С.Баярын урьдын булхайг далдлах оролдлого давхар сүйрч илчлэгдэнэ гэж найдаж байна. Ингэснээр МАНАН-гийн байгуулсан “Оюу толгойн гэрээ”-г МАНАН-гаар аварч үлдэх С.Баярын тоглолт ялагдлаар дууслаа. Яг үнэндээ энэ бол улстөрийн өрөг дээрх “шударга бөгөөд оюун ухаан сорьсон” тоглоом байсан юм шүү. Түүнээс хэн нэгний мууг үзэх, шорон тавлах асуудал байгаагүй, дээр нь буруу эхэлсэн юм хэзээ ч зөвтдөггүйг нотолж чадсан нь лавтай.
 
Одоо С.Баярын хувь заяаг Г.Уянга биш өөр хүмүүс шийднэ. Ер нь урьд өмнө нь Г.Уянгатай “Таван толгой”, “Оюу толгой” хийгээд бусад асуудлаар үзэлцэж байсан хүмүүс эцэстээ ялагдаж дууссан. Харин Г.Уянга эцэст нь дандаа хүн чанар гаргаж “өмөөрдөг”, харин ханьсаж явсан цөөврүүд нь зулгааж тарчлаадгийг сануулахад илүүдэхгүй. Гаалийн Х.Баатар, МАХН-ын Н.Энхбаяр, Лүймэдийн Гансүх гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ.
 
“Оюу толгой”-н гэрээг байгуулсан С.Баяр, Л.Гансүх, С.Баярцогт, Д.Зоригт нар бүгдээрээ Г.Уянгатай ямар нэг хэмжээгээр үзэлцсэн дээ. Үүнийг стратегийн гайхамшигтай тоглолт гэхээс өөр юу гэх билээ.  Хэрэв МАН хөөгдөөд Засгийн газрыг өршөөж үлдээвэл жирийн гишүүд нь тэднийг өршөөхгүй болчихоод байгаа ийм нөхцөлд шүү дээ. МАН АН-аас арай илүү байсан нэр хүндээ алдаж дууссан ба одоо “хамтдаа үхэх”-ийн тулд хамтарсан байх учиртай болчихоод байна. Засгийн газар огцорсны дараа харин ямар гээч улстөрийн жүжгүүд үргэлжлэхийг одоо хэлэхэд эрт байна. Үнэхээр сайн шинжээчтэй бол аль аль нам нь ирээдүйг таамагласан алхам хийх ёстой, гэвч ингэж бодох сөхөөгүй дараагийн хямралдаа автах магадлал өндөр.
 
Ийм нөхцөлд ахиад Г.Уянгад улстөрийн тоглолтын өргийг зохион байгуулах “эрх” олгогдож л таараа…
Үүнийг”популизм” гээд сурсан зангаараа нэрлэчихэж арай л болохгүй байх… 
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?