sonin.mn
БЕРЛИН. /DW/. Германы Канцлер Ангела Меркель Дэлхийн эдийн засгийн форумын цахим уулзалтад үг хэлэх үеэрээ “COVID-19” цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллахыг чинээлэг орнуудад уриалжээ.
А.Меркель чинээлэг орнууд вакцины төлөө өрсөлдөж байгааг эсэргүүцэхийг уриалаад, цар тахлаас ангижрах хамгийн сайн арга зам нь олон талт хүчин чармайлт болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Германы Канцлер ядуу буурай орнуудад вакцин авахад хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрийг дэмжих нь чухал байгааг “Davos Agenda” уулзалтад дүрс бичлэгээр дамжуулан мягмар гарагт үг хэлэхдээ онцолжээ.
"Өөрийгөө тусгаарлах хандлага нь олон улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй гэдэг нь улам тодорхой болж байна" гэж А.Меркель хэлжээ.
Энэ оны есдүгээр сард албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж буй тэрбээр Дэлхийн эдийн засгийн форумд Канцлерын хувиар сүүлийн удаа үг хэлсэн байх төлөвтэй байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг