sonin.mn


Анагаах ухааны их дээд сургууль, коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан эмч нар эмчилгээний ажил эрхлэх талаар Эрүүл мэндийн тухай хуулинд заасан байдаг. Гэтэл сүүлийн үед өөрийгөө бариач, илээч, бөө удган, зайран гэсэн янз бүрийн алдар гуншингаар цоллосон хүмүүс хөдөө орон нутгаар тэнүүчлэн, өвдөж зовсон хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглон, луйвар хийх явдал байнга гарсаар байна.

Тэд би ямар ч өвчнийг эмчилдэг, тэнд тийм хүнийг ингэж эмчилсэн, ийм тийм алдар гавьяатай гэх зэргээр олон нийтэд өөрийгөө сурталчлан тархийг нь угааж итгүүлдэг байна.

Саяхан гэр бүлээрээ явсан нэгэн бариач гэх хүн хатиг гарсан байсан иргэн Т гэгчийг эмчилж байна хэмээн барьж базан, цусанд нь бохир оруулснаар амь насыг нь бүрэлгэжээ. Тэд учрыг мэдээд ор сураггүй алга болсон байна. Иймэрхүү үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тэмцэх талаар холбогдох газрууд анхаарах цаг болжээ.

 


Ш.Цоодол

Эх сурвалж: "Монцамэ"