sonin.mn
Гүржавын Нямдорж  энэ сайхан зургийг Б.Цэнддоогийн эрхлэн гаргаж байсан хошин шогийн “Ардын бэрх” сэтгүүлд зориулан тэргүүн нүүрт зурж билээ. “Аль ч толгойтой  үздэг” энэ зургаа тайлбарлаагүй ээ.Угаас  шог зураачаас  тайлбарыг  сонирхсоноос “Тааламжтайгаар" ойлгох нь  хамаагүй  сэтгэл амар  биз.
Танилцсанаасаа  эхэлбэл Дундговийн  Адьяагийн Бат-Эрдэнэ,Сүхбаатарын  Моононгийн Чимэддорж ,Чоймболын Ганбаатар Пугжий  гээд  хэсэг нөхөд  “Соно” сэтгүүл  байгуулаад  байхад нь нэгдээд  шог зураач Хэнтийн Батширээтийн  Доржпаламын Дуламсүрэнтэй  хошин шогийн  “Билүү” сэтгүүл гаргаж  үзжээ.Тэр үед Хөвсгөлийн  Түнэл сумын Гүрж.Нямдоржтой дотно танилцаж сайн нөхөд болсон юм.
Тангадын Мандир гуайн  баг “Билүү” –ийг гаргасан анхны дугаарууд формат нь ч арай жижиг санагдаад өнгө зүс,  сэтгэлгээг  жаахан  чөлөөт  аяс оруулаад  томхон хэмжээтэй гаргахаар  шийдлээ .Нямка биднийг  хамгийн түрүүнд  дэмжсэн юм.
“Соно-Билүү”-гийн С.Болд, Д.Буян, Д.Цогт, Ч.Алтангэрэл зэрэг арван жилийн сурагчдаас гадна нэрт Сур.Чимэддорж, Ц.Намжилдорж, Д.Дуламсүрэн, А.Батэрдэнэ, С.Алтангэрэл, Ж.Нанзаддорж, Т.Мандуул нарын шилдэг зургуудаар сэтгүүлийн хэдэн дугаар бүтсэн.
Гүрж.Нямдоржийн “Азийн чоно”  найраглал, М.Дэмчиг, Ш.Галсанбаатар, Ч.Чулуунбаатарын  хошин бичлэгийг эс тооцвол  дэндүү  олон  тайлбаргүй  шог зураг байсан юм аа.
Гэхдээ 10 мянган хувиар гаргах зоригтой байж дээ.Зоригтой ч гэждээ тухайн үеийн хэвлэлийн комбинатын ерөнхий  эдийн засагч хэвлэлийн сургуулийн  дотно анд Сүхбаатарын Энхболдоор  “бярдуулсан”  хэрэг л дээ.
 
Хошин шогийн “Билүү” сэтгүүл. 1991 он
 
Зах зээлийн  хатуу хууль , бидний маркетингийн туршлага муугаас   амжилт  олоогүй ч “Үг” сонины  шог зургийн  уралдаанд байр эзэлсэн  хэсэг залуус  түр  “орогнож”  байсан МСДН-ын төв байранд “Билүү-Соно” багийхан  хэсэг хугацаанд тухласан юм.
Би ”Үг” сонины уран сайхны редактор болон ёстой “суурин Балдан” болчиховоо .Тус сонин тэр үедээ  хошин шогийг гол дэмжих талбар нь байсан юм шүү дээ.
                 
“Үг” сонин 1991 он
 
 
 
“Үг” сонин 1991 он
 
 
“Үг” сонин 1991 он
 
Эндээс Гүрж. Нямдоржтой бидний уран бүтээлийн жинхэнэ нөхөрлөл эхлэсэн байхаа. Тэр үеийн өндөрийн  хэвлэлийн боломж, шаардлагаас шалтгаалан зурагт ретушь  засвар хийх, дахин зурах  мэргэжлийн онцлог их байлаа даа. Уран сайхны редакторын хувиар Байды багшийнхаа зурагт ч гар хүрч явлаа.Харин Нямдоржийн зурагт засвар хийж болдоггүй давтагдашгүй зураастай учраас  шууд хасаад өөр зургийг нь тавьчихсан нь  дээр байдагсан.
Намайг “Үг” сонинд ажиллаж байхад Хөвсгөлөөс цүнх дүүрэн  зурагтай ирээд хамгийн түрүүнд зургаа үзүүлэнэ.Тийм их хөдөлмөрч хүн байсан даа. Зургийн сургуулийн просмотр шиг заримдаа Цэнддоотой нийлээд ялгаж өгнө . Дэндүү олон зургаас сайныг нь ялгах үнэндээ хэцүү юм билээ.Тэгээд “Улаанбаатар” болон  бусад сонинд үлдсэнийг нь өгнө гээд аваад явдагсан. Хожим өөр сонинд гарсан сайн зургийг нь хараад “Энэ зургийг нь аваад үлдэхгүй” гээд амаа барих тохиолдол олон байлаа.
Энэ үед “Тоншуул” сэтгүүл хэсэг хугацаанд  гардаггүй байсан юм.Ер нь Нямка уран бүтээлийн гараагаа 1970-аад оны сүүлээр Хөвсгөлийн Түнэл сумаас  бас л хэдэн цүнх дүүрэн зурагтай  тухайн үеийн хамгийн олон  уншигчтай “Тоншуул”,”Хөдөлмөр” сониноос эхэлсэн байдаг.Ц.Байды,Т.Мандир  нарыг  багшаа гэж хүндэлдэг байсан.
 
“Үг” сонин 1991 он Тус сонины шог зургийн уралдааны тэргүүн дэд байрын шагналт зураг
 
 
“Тоншуул” сэтгүүл. 1990 он
 
Хожим багш болоод оюутнууддаа шог зураачдийн ориг зургуудийг үзүүлж байтал нэг охин “Багшаа  хуанлийн  ард зурчихаж” гээд Гүрж.Нямдоржийн  зургуудыг хараад инээлээ. Тийм ээ.Үнэхээр бидний үед хуанлийн ард зурсан олон зураг бий.Учир нь шохойтой цаасан дээр зурахад хар тушь  хөнгөн гүйж цэвэр будагддаг, мөн хусалтын техник хийж  болдог ,зураг өнгөлөг гялгар харагддагийг Ц.Байды багш  бидэнд зааж өгсөн юм л даа. Шохойтой цаас үнэтэй тэр бүр олдохгүй болохоор миний оюутан цагийн тийм бүтээл  ч цөөнгүй бий.
 
“Үг” сонин 1992 он Одоогоос 24 жилийн өмнөх мичийн жилийн сануулга зургууд
 
 
Нямкаг ирэхээр нь би хэвлэх үйлдвэрт зориуд хэмжээгээр нь огтлуулсан зузаан шохойтой цаас зөндөө боолгоод өгнө.Нөгөө  л  календарийн ард зурсан зургуудаа хэдэн зуугаар нь зураад ирнэ.
Нэг удаа ирэхэд нь” Чи нөгөө юун  дээрээ...?” гэтэл “Цэвэрхэн гялгар гоё цаасан дээр гар хүрч ядаад зоригтой  хөдөлж чадахгүй  юм” гээд инээж билээ.Сонинд  тамхи ороодог аавдаа редактор хүү нь хэвлээгүй сонины  цаас хэрчээд аваад ирэхэд “Бичигтэй нь гоё байдаг юм” гэдэг  эртний яриа шиг сурсан сурсанаараа.
Зогсоо зайгүй зурж ,чөлөөтэй зураасаар тоглолт  хийдэг хүнд аргагүй л дээ....
Хэзээ ч билээ түүнд Ван Гогын  намтар бүтээлийг ярьж байгаад “Шургуу хөдөлмөрийн ачаар  гар мэдрэмжинд захирагддаг” гэсэн алдарт ишлэлийг нь хэлтэл дэвтэр гарган  дор нь надаар бичүүлж суусан.Тэр үг санаанд нь их нийцсэн болтой өөрт нь тохирмоор ч гэлтэй. Дараа нэг шүлэгтээ  иш татсан байдаг.
Хотод ирээд “Ил товчоо” сонинд хэсэг сурвалжлагчаар  ажиллаж тэндээ  бас хошин шогийн “Охор сүүл” гээд сэтгүүл гаргаад авсан шүү.
 
 
“Охор сүүл” хошин сэтгүүл  анхны дугаар . 1996 он
 
Нэг удаа ирэхэд том ундааны сав дүүрэн хар тушь барьчихсан  “Хүн бэлэглэсэн юм .Хагасыг нь аваад яваач “гэсэн юм.Надад ядаж пенцилиний шил ч байсангүй.Хэдхэн хоногийн дараа ирэхэд сав нь дундарчихсан байж  билээ.
“Ил товчоо” сонинд ороод анхны дугаарын жижүүр хийсэн өдөр нь таараад очлоо. Өглөөний сонины шуурхайн дараа дөлгөөн тайван Г.Аким гуай шилэн хашлагийн цаад өрөөндөө уурлаж гарлаа. Үнэ 20 төгрөг гэсний ард 000 байсныг анзаараагүй гэнээ.Нямка зайлуул айгаад чичирч байсныг би санаж байна. Хэн нэгэн дугаарын редакторын  нэрийг хэлтэл эрхлэгч шууд зөөлөрсөнөө түүн дээр ирж “Нээрэн 20 000 төгрөгийн сонин гэж хаана байхав дээ.Мраашка хэвлэлийн толбо гээд харвал харчих л юм байна.Дотроо алдаа гайгүй байнаа “гээд жуумалзаад гараад явчихаж билээ.
Тэгэхэд Аким гуайд их баярласан гэж дараа нь ярьж байсан юм.Гүрж.Нямдорж харахад ширүүн гэмээр төрхтэй хирнээ  их зөөлхөн, номхон бүрэг нэгэн байжээ.Бас энгүүн даруу гээч.
Гэр нь тэгэхэд зохиолчдын хорооны арын гудманд  хашаатай дан байшинд байсан юм.
”Тоншуул” сэтгүүлээс  авчирсан эртний том бичгийн ширээтэй.Тэрэн дээр хэн гэдэг яруу найрагч  сууж байсан гэдэг ч билээ.Их бахархана.Гэрэл нь патронгүй.Жижиг оврын Япон зурагт хүн өгтөл тэр үед ховор байсан харахад амар юм гээд “Арслантай авдар” гэгддэг том  хар,цагаан Орос зурагтаар сольчихсон суудагсан.
1998 он юм болуу АСХ-ны шинэ жилийн  баярт бид хамт оролцоод Сүхбаатарын талбайд зургаа татуулаад “Улаанбаатар” рестораны арын манай гэрт зочилсон  маань бидний хамгийн сүүлийн  тухтай уулзалт байлаа.Яагаад ч юм жаахан гутрангуй “Миний хүссэн ардчилал бишээ” гээд ардчилсан холбооны  батлах дээрээ гарын үсэг зурж надад дурсгаж билээ.одоо надад бий. Дахин шог зураг зурахгүйгээ ч хэлээд авсаан.
Түүний  өөрийх нь хэлсэнээр бол  шог зургаа үнэхээр орхисон бөгөөд сонин хэвлэлд урьд нь  өгсөн зургууд нь  тасралтгүй  хэвлэгдсээр  байсан болтой.
 
 
“Үг” сонин 1993 он
 
 
 
 
Ц.Байды “Монголын хошин шог зургийн дээж“ ном. 2005 он “Тоншуул” сэтгүүлийн архив
 
Одоо ч бидний үзээгүй хэдэн зуун зураг анд нөхдийн цомогт,сонины архивт  байсаар байгаа. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээгдсэн түүний бие даасан цорын ганц үзэсгэлэнгийн үзмэрүүд болох “Бундангийн ноён”  хошин хөзрийн цуврал томоохон хэмжээний бүтээлүүд нь гэхэд Ү.Хүрэлбаатар гуайд хадгалагдаж  байдаг гэж сонссон.
Үзэсгэлэн гаргасан  тэр жилээ  шог зураачдаа  тэргүүлээд  “Азтай бадарчин” улсын уралдаанд оролцсон юм.Угаасаа жүжигчин,зохиолч,зураач өөр  гурван мэргэжлийн хүнийг тайзан дээр зэрэг гаргаад нэг сэдэв өгөөд уралдуулах нь одоо бодоход хөл бөмбөгчин,бөх,гүйлтийн тамирчинг зэрэг уралдах шиг юмаа даа.
 
 
 
 
“Туйлшрал” гэдэг сэдэв таарчээ.Шог зураач Дууяа  бид хоёр танхимд дэмжээд өндөлзөж байв. Хавтас дүүрэн   үзэсгэлэнгийн  зураг дотор нь “дүүрэн туйлшрал” байгаа штээ. Тайз руу дөхөж очоод  хавтаснаасаа сугал гэж дохио зангаагаар  үзүүлтэл толгой дохилоо.Тэгсэн хирнээ  шинээр зурахаар  эсгий үзгээ бариад авлаа.М.Дэмчиг афоризмаа уншиж, Гүрж.Нямдорж зургаа дэлгэлээ.Тайз бол тайз хойно Б.Батзаяагийн жүжиглэлтийг  үзэгчид хөхүүлэн алга ташлаа.Ийм ялагдлын гэрч нь бид болсон юм.
 
 
 
Үнэндээ хавтсан дахь зуун зургаасаа арвыг нь тайзан дээр  үзүүлсэн ч үзэгчид ойшоохгүй л байсан юм билээ.Алдарт афоризм зохиосон ч сонсохгүй л байсан юм билээ.Ийм адармаатай жанр шүү дээ.Шог зураг гэдэг.Нөгөө талаасаа тэр  “туйлшрал” нь байж болох юм.
Энд би түүний  шилдэг тууж, шүлэг ,найраглал , сурвалжлагуудыг  эс тоосон бус зөвхөн дурдалгүй орхиж байгаа юм. Учир нь бид шог зургаараа дотно нөхөрлөсөн учраас тэр шүү дээ.
Жишээ нь  хотод орж ирэхээрээ “радиогийн” Мийгаа ахынд хамт очиж  оройжин шүлэг уншиж байсныг ч юмуу дурсвал  өөр урт түүх болох юм.
Бид хамгийн сүүлд түүнийг гэмтлийн эмнэлэгт байхад уулзжээ.”Алаг хорвоо” сонины П.Гантулга Вовка бид хоёр “ганц юм”,уут боов ,боорцог бариад очиж эргэсэн юм.
Тасагт нь гурван залуу хамт байлаа. Би тэнд байсан залуусыг бүгдийг шаржаар зураад “Энэ хүн бол Монголын нэрт шог зураач Гүрж.Нямдорж байгаа юм.Би шавь нь байна.Багш өөрөө та нарыг зурвал ёстой баллана даа” гэж ирээд томорлоо. Биднийг үдэж гаргахдаа тэрээр”Чи намайг ёстой аварлаа даа.Эд нар намайг тоохгүй байгаа юм” гээд эргэн уулзах  ерөөл тавин гар барин хоцорч билээ.
Гэвч эргэж уулзсангүй. 1999 оны хошин шогчдын баярын өдрүүдэд  миний уран бүтээлийн эрин үеийн анд  Монголын шог зургийн  содон үзэгдэл, өвөрмөц гэгээн  аялгуут  гэрэлтсэн од бөхжээ. Энэ гунигт мэдээг “Өдрийн сонины” өглөөний шуурхай дээр сонслоо.
Тэр өдрийн дугаарт нөхрийн дурсамж  бичих үүрэг надад сонины зөвлөлөөс  өгсөн ч талаар болсон. Үнэндээ тэгэхэд  би нэг ч үг эвлүүлж чадаагүй юм шүү...
 
 
Шог зураач Лумо-Л.МӨНХБАТ