sonin.mn
ТАНГАДЫН МАНДИР ГЭЖ ХЭН БЭ?
 
Хүний амьдралын түүх намтар өөр, өөрийн онцлогтой байдаг. Тийм бол нэртэй зураач, түүхч Тангадын Мандир гэдэг эрхмийн намтар угаас баян, сонсохнээ аргагүй л багаасаа содондуу билгэ авьяастай нэгэн байсныг мэдэж болом ажээ. Ер нь хэн нэгэнтэй ярьж байхад урьд нь уншиж мэдээгүй, уншаад ч ойлгоогүйгээ олж авдаг. Тэгвэл Т.Мандиртай хөөрөлдөх хооронд түүх гэдэг тэр дотор Монголын хаад, ноёдын тийм л аугаа сэтгэдэг, холч ухаантай бурханлиг дүр зургийг нь харахуйд биширмээр хүмүүс байж дээ гэдгийг улам мэдрэв.
 
Бас алив юмыг голд нь ортол таньж чадваас зохиол бүтээлч аяндаа төрдгийг түүний ярианаас ойлголоо. Хуучин танил энэ эрхмийн хөргийг үгээр зураадахъя гэж бодов. Тэгтэл мань хүн ухаалагдуу шогч байрын нүд нь “Тэгэх үү чи” гэсэн аястай эгцэлж хараад харин сарандуу хар сахлаа илмэр болсноо “Сайхан байж дээ. Хөдөлмөр сонинд байхад” гээд яриаг өөр зүгт хандуулчихдаг байгаа. Ингээд намтарт нь дөтлөв.
 
-Миний аав Тангад Ховдынх ижий Баянхонгорынх ч би Улаанбаатар хотын унаган хүүхэд гэж ярьдаг. Дунд голын ногоотой уралдаж өссөн дөө гэж яриагаа хачирлах. Бүр хоёрдугаар ангийн бацаан байхдаа ааваараа монгол бичиг заалгаж тэгснээрээ удалгүй ном сударт их ойр болсон болохоор түүнийгээ дагаад бичиг соёлын тэх тусмаа Инжинааш шиг хүн болно гэсэн мөрөөдлийг тээдэг болж. Тэр мөрөөдлөө цэргийн албанд байхдаа найз нөхөддөө нэг биш удаа хэлж байсан гэдэг. Тэгвэл өнөөдрийн Т.Мандир гэж хэн байнав гэвэл. Зохиолч, түүхч, зураач гээд хэд хэдэн эрдмийн цогцыг бүрдүүлсэн бүтээлч нэгэн. Юу хийсэн нөхөр вэ? гэвэл “Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөн бичиж бас “Хорин нэгэн зул” хөрөг бичиж зургийг зурсан. Тэр “Хорин нэгэн зул”-ын эхэнд байх Боорчи, Мухулай нарын хөргийг ашид тунгаан үзвэл зохиолч маань тэдэнтэй хамт байсан мэт сэтгэгдэл төрөх. Дараа нь  Монголын эрт үеийн хаадын зургийг бүтээсэн юм.
 
Мөн Чингис хааны амьдралыг харуулсан “Хосгүй жаран”, “Түгшүүрт аялал”, түүх адал явдлын “Саранзэв” туужуудыг бичиж номын далайд нэмэрлэсэн хүн. Ингээд л бүтээл бүхнийг нь тоочно гэвэл цаг, цаас их орох болно. Харин түүний тухай энд өгүүлж эхлэхдээ содондуу билгэ авьяастан гэж бараг хэлсэн дээ. Т.Мандир ярих нь “Чингисийн хүлэг баатруудын тухай уншихаар л зураг нь сэтгэлд бүр дээрээс буугаад ирж байгаа юм шиг л санагдаад байсан гэж байв.
 
Тиймээ тэр нь түүний уранбүтээл төрөх онгод юу нь тэнгэрээс ч юм уу хаанаас ч юм бууж ирж байсан байж таарах гээд байгаа юм. Тэгээд л энэ эрхмийн зохиол, зурган таталбар нь ур ухаанаас нь, ургуулж бодох авьяас билгээс нь ундарсан зүрхний бичлэг нь ажаамуу. Т.Мандирын “Өгүүлэх ину...” хэмээн эхэлсэн. Түгшүүртэй аялал туужийг уншихуйд эртний түүхийн сонгодог үгс, учрыг тунгаам утгас, эгзэгтэй үйл явдлын мөрөөр зорчих л гэж төрсөн хүн юм даа гэх бодол төрж билээ.
 
“Амьдралын тойрог”-ийн маань зочин тэрбээр эгэл борхон амьдралыг эрхэмлэдэг нэгэн. Нийслэлийн хөдөө гэхээр буйд гэр хороололд бараг л насаараа амьдарч байгаа юм. Тэднийхээр уранбүтээлийн найз нөхдийнх нь хөл хөөр тасардаггүй л гэх. Тэдний олонх нь эрдэмтэд, зохиолчдын төлөөлөл байдаг тухай эхнэр Сүнжидмаа нь ярьж байсан. Би Чингэлтэй хайрхандаа өвгө, дээдэстээ залбирч суудаг юм даа гэж Т.Мандир ярихдаа,
 
-Энэ Чингэлтэй хайрхан чинь номын их шүншигтэй уул юм шүү дээ гэж байна лээ. Өнөөдрийн Тангадын Мандир хэнсэн билээ гэдэгт ямар нэр алдартан юм бэ гэсэн асуултад хариулах хэрэг гарна бизээ. Тэгвэл Монголын нүүдлийн соёл иргэншлийн академийн “Мэргэн академич”, түүхийн ухааны магистр, Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө” шагналт гэх тодот­гол хөвөрнө. Яг өнөө бол Монгол Улсын “Соёлын гавьяат зүтгэлтэн” эрхэм алдрыг саяхан хүртсэнээр нь нэрлэж болох юм шүү.
 
“ДУНД ГОЛЫН НОГОО”
 
 
Аав, ээжийнхээ өвөр дээр сууж буй бяцхан Мандир.
 
Мандир гуайн зурах, бичих авьяас хаанаас, хэнээс эхтэй бол гэсэн сониуч бодолдоо хөт­лөгдөн, түүнтэй ярилцах  завсраа бяцхан эрэл хийсэн юм.  Аав нь хэлэхдээ “Би зурж чаддаггүй хүн дээ. Хаанаас гараад ирэв” гэж гайхдаг байж. Тэрээр сургуульд орохоосоо өмнө зураг зурж эхэлжээ. Тэр үеийн тамхины цаас гэж  гэрэлтдэг нимгэн цаас байх. Түүнийгээ ном дээр тавьж байгаад зургийг нь хуулж зурна. Тэгсээр гар нь зүгширсэн үү, сүүлдээ  зураг харалгүй өөрөө сэтгэж зурдаг болжээ. Хүүхэд байхад нь нэг өдөр аав, ээж нь зочин ирэх нь гээд хөл болж. Ямар хүн ирэх юм бэ гэхэд нь “Тогоо гэдэг хүн ирнэ” гэжээ. Хүүхдийн сэтгэхүйд Тогоо гэж ямар хүн байдаг юм бол гэж бодоод хажуу тийш харсан тогоо зураад хөл, гар гарган хүнчилж дүрслээд “Аав аа, ийм хүн ирэх юм уу” гэж асуугаад алгадуулсан гэж байгаа. Сургуульд ороод зурах хорхой нь хүрч, хичээл дээр зураг зураад багшаасаа байнга банга хүртэж явжээ.  Хөвгүүд л болсон хойно Оросын байлдаантай кино их үзнэ. Гэртээ ирээд гол баатруудад нь өөрсдийгөө орлуулан зураад тоглоно. Тэр үед кино нь ч тоотой, хүүхдүүд бүгд үзчихсэн байна.
 
Тэгэхээр нь кино зохиож ярина. Яриад байхад аяндаа ургаад байна. Буу, сэлэм барьсан байлдаантай кино ярихаар хүүхдүүд нэр, усыг нь ч сонирхохгүй. Харин ийм баатар, тийм баатар гээд шимтэх. Ярьсаар байгаад баатруудын дүр сэтгэлд нь ургаж, түүнээ зурах. Одоо тэр зургийн дэвтрүүд байсан бол тун сонин байхсан. Гэтэл нэг ч байхгүй гэнэ лээ. Зурах авьяасын хувьд “Ээжийн талд зураач, урлаач хүмүүс байсан л байх. Даанч эрт бурхан болсон болохоор хамаатан, саднуудаа судалж, олж чадаагүй” хэмээн тэрээр ярьж байсан. Зургийн тухайд ийм. Харин зохиол бичих авьяасын тухайд хүмүүс түүнд “Аав чинь зохиолч юм байна” гэж цөөнгүй удаа хэлж байжээ. Тэр нь юу вэ гэвэл, аав нь цэрэгт байхаасаа эхлэн ээжтэй нь танилцах хүртэл дурсамжаа бичиж  үлдээснийг кириллээр буулган ном болгож хэвлүүлэхээр бэлдэх явцад хүмүүст үзүүлснээр тийм дүгнэлт хэлжээ.  
 
Ер нь бол Т.Мандир зохиолчийн аавыг  Үйлдвэр комбинатын нэрийн хуудас болсон тэргүүний хүмүүсийн нэг байсныг хууччуул хэлдэг юм билээ. Тангад агсан аавынхаа төрсөн ахад өргүүлсэн айлын  өргөмөл хүү байж.  Өргөж авсан аав Баяндалай нь хүүгээ долоон настайд нутгийн ном эрдэмтэй занги Солгой Дамдинсүрэнд шавь оруулж, монгол бичиг, дөрвөн аргын тоо заалгаж, номын мөр хөөлгөсөн ч ээж нь бурхан болноор сургуулиа орхисон. Ингээд 1936 онд цэрэгт татагдаж, Дорнодын хязгаарт алба хаажээ. Бага дарга, Эвлэлийн товчооны дарга, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны Чоно голын отярдад Улс төрийн удирдагчаар ажил­лаж байгаад 1942 оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн үеэр “Улаан Од” сонин шатаа­сан гэх хэргээр ба­­ривч­­лагдаж, гурван жилийн ял  эдэлжээ. Тухайн үед хийсэн хэрэг байхгүй хэлмэгдэж баригдаж хоригддог явдал газар авч байсан бол бас ч гэж нэг сонин шатаасан, өөрөөр хэлбэл хийсэн хэрэгтэй хүн байж дээ. Ингээд  1945 онд суллагдаж, тухайн үед ажиллаж байсан Үйлдвэр комбинатдаа   үргэлж­лүүлэн ажилласнаар “Комбинат”-аар  овоглох болж.  1945-1948 онд ханьтайгаа танилцаж, гурван хүү төрүүлсний хоёр нь тогтолгүй  ганц хүүтэй үлдсэн  нь  манай “Амьдралын тойрог”-ийн зочин ажээ.
 
Ээж нь Пүрэвийн Бямбаа гэж Баянхонгор аймгийн Богд сумын хүн байгаад хүүгээ ес хүргээд   44 настайдаа бурхан болсноор аав, хүү хоёр амь зууж эхэлсэн нь Дунд голын орчим ажээ. Өдгөө Мандир зохиолч  ижий аавынхаа  гал голомтоо бадраасан, амьдралынх нь олон бас нандин  дурсамжийн  өөжин болсон  газрын нэрээр  дурсамжаа  “Дунд голын ногоо”  хэмээн гарчиглан  бичиж сууна.  Ман­дир зохиолчийн түүхийн жимээр шамдсан нь юутай холбоотойг сонирхоход бас л сонин зураг гарч байна. 1960 оны үерээр Дунд голоор нутаглаж байсан айлууд тал тал тийшээ бутран нүүж, бараг тал хувь нь Яармаг руу гарсан. Тэгвэл Мандир хүү аавтайгаа Таван буудлын айл болжээ. Таван буудалд Цэдэнбалжир гэж гавжийнхтай ха­мар хашаанд буусан нь хэл зохиолын хүрээ­лэнгийнхэн олноороо  ирж, очиж, судар ном орчуулдаг номын их хөлийн газар байж. Мандир зохиолчийн аав бурхны номд шимтэж, олон ном зохиол сийрүүлэх болсон байна.Цэдэнбалжир гавж монгол бичгийн машин олж өгснөөр ном хуулах шинэ ажилтай ч  болж 1984 онд насан өөд болтлоо бурхны номын үйлд шамджээ. Харин хүү нь тэр хооронд ном унших, бичих ажилд шамдсан байна.
 
 
Ардын уран зохиолч Тангадын Галсан ахын хувьд Тангадын Мандирт монголоороо хүндэтгэл үзүүлж буй үе.
 
 
АРМИАС АРАЙ ГЭЖ ХАЛАГДСАН БЭЛТГЭЛ ОФИЦЕР
 
 
Цэргийн болон уран бүтээлийн найз Н.Нагаанбуу, Л.Галмандах нар болон танилууд нь тэднийхээр ирээд л, зурагаа авахуулаад л...
 
 
Яриад байх нь ээ, зохиолчийн намтарт үер бас хувь нэмрээ оруулаад байсан шиг. 1960 оны үер тэднийхийг Таван буудлын айл болгосон. 1966 оны үерийн жил долдугаар ангиа төгсч, ТМС-д хуваарилагдсан ч аав нь барилгын техникумд оруулсан байна. Тэнд ороод нүд нээгдэх шиг болсон гэж  өөрөө дурсч сууна. Нянтай гэж хөдөөнөөс ирсэн хүү, Мандир зохиолч хоёр 15 настай, бусад нь  насанд хүрсэн залуус байж. Энд барилгын материалын техник, технологич мэргэжлээр дөрвөн жил сурч төгсчээ. Тэр үеийн багш нар заах аргын  өвөрмөц арга барилтай.
 
Ангийн багш нь сэргэлэн хүн таарсан тул хамт олноо соёлч нөхөрлөлийн анги болгох гээд соёл, урлагийн томчуудтай уулзалт хийдэг, тэр дотор “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга Ж.Дашдондогийг урьж авчирч, уулзалтын прото­кол хөтлөгч нь Мандир таарч, найман хуудас тэмдэглэл бичснийг багш нь үзээд “Чи юм бичих хүүхэд байна” гэж анхны урмыг өгчээ. Гэхдээ бас хөглөж явсан үе ч бий.
 
Нэг удаа арматурын дад­лагын  тайланг бичихдээ  “...тэрхүү төмөр утсыг  гаргаад чинагш яваад түү­нээсээ янагш ...” гэхчлэн бичснийг нь гадаад сургууль төгсөөд ирсэн залуухан багш эмэгтэй үзээд “Намайг шооллоо” хэмээн  уйлж, тэр асуудлаар аав нь сургууль дээр дуудагдаж очиж  байсан гэдэг. Техникумаас насан туршийн  сайн нөхрөө олж авсан нь Архангай аймгаас ирсэн Нянтай гэдэг хүүхэд байж. Сургуулиа төгсөөд хоёулаа төмөр бетон заводод хуваарилагдсан нь амьдралын бас л нэг том сургууль нь байж. Зунжин хамт ажиллаж, ажилдаа ч овоо дасч байтал найз Нянтай нь саналаараа их сургуульд эчнээ аваад явчихаж. Ингээд ганцаараа үлдсэн  Мандир ажилдаа дасч чаддаггүй,  ажлаа таслаад гурван сар  Төв номын санд сууж ном уншжээ.
 
Аав нь ч энэ үеэр байсангүй,хүүгээ  амьдралд хөл тавилаа гээд санаа амарч хөдөө явжээ. Ирэхэд нь хүү нь бүтэн сар ажлаа тасалчихаад байж байдаг. Тухайн үед гурав хоног ажил таслахад шүүхийн хаалга татдаг байсныг хэлэх үү. Ингээд аавтайгаа хамт Төмөр бетон заводын коллегийн хурлаар оржээ. Бүтэн сар ажил таслаад юу хийсэн, хулгай дээрэмд оролцсон уу гээд шалгахад Төв номын санд  суусан нь гарч ирж. Эцэст нь удирдлагууд залуу ажилтнаа хайх­раагүй, мэргэжлийн сур­гууль дүүргэсэн хүнийг зур­гаан сар нормчин хийл­гэсэн гэхчлэн алдаагаа хүлээн зөвшөөрч, эд шал­гаг­чаар томилсноор асуудал шийдвэрлэгджээ. Лабор­торийнх нь эрх­лэгч Батмөнх гэж сайхан дуулдаг шар залуу байж. Хожим мэдэхэд тэр нь Зууны манлай, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн аав байсан гэдэг. Энд Мандир зохиолчийн зургийн авьяас тодорч сүүлдээ лаораторийн өрөө нь уран сайхны клуб маягийн юм болсон түүхтэй.
 
Удалгүй 1971 оны цэрэг татлагаар Мандир цэрэгт мордож, Иргэний хамгаалалтын  батальонд  дөрвөн жил алба хаасан байна. Улс төрийн ажилтан гээд бага дэслэгч цолтой, үеийнхэн дотроо бол мундаг. Харин онжавууд нь цэргээс халагдахад сэтгэл өмөлзөж арай гэж ганц жил тэсээд цэргээс халагдахын түүс болж дээ. Дээр нь уран бүтээлийн төрөлхийн дуудлагатай, шүлэг зохиолоор нэвт өвчилсөн хүн тэнд тэсэхэд бэрх байсан биз. Гэтэл дарга нар нь намын орлогч гишүүн-улс төрийн ажилтан болгоно, академид явуулна гээд болдоггүй.  Энэ үед өөрөө эрс шийдвэр гаргаж, дарга нарын ятгалга, олон  хурал, комиссыг  давж байж арай гэж халагджээ. Эцэст нь армийн намын комиссоос  “Цэргийн сахилга бат алдсан тул армийн бэлтгэл офицероор халав” гэсэн бичигтэй харьжээ.
 
Сүүлд хүмүүс “Жаахан дэмий үг бичсэн байна даа, засуулж болдоггүй юм уу”  гэхэд нь тоогоогүй гэдэг. Цэргээс халагдахад түүний хамгийн том олз нь хэдэн сайхан найзтай болсон явдал. Нэг нь хөгжмийн нэрт зохиолч Л.Галмандах агсан, нөгөө нь түүхч, зохиолч Н.Нагаанбуу агсан, мөн Тогтохын Шонхоон гэж найз нь. Л.Галмандах, Н.Нагаанбуу хоёртойгоо үнэнч нөхөрлөлийн тангараг тавьж нөхөрлөсөн түүхтэй.
 
Бас залуу насны хөөрүү сэтгэлээр гурвуулаа юу болох вэ хэмээн асуугаад Н.Нагаанбуу нь Ц.Гайтавын орыг залгах  цогтой  яруу найрагч, Л.Галмандах нь Цогоо багшийгаа залгамжилж  хүүхдийн дууны хөгжмийн зохиолч, Мандир нь Ринчен, Инжинашийг залгаж, түүхч, зохиолч болно гэж  тангараг өргөж байсан гэдэг.  Тэгээд нөхөрлөлөө бататгахын тулд Лодойн “Хувьсгал” жүжгийг ангийнхаа  клубт тавихаар болж Түвдэн ноёны дүрд Нагаанбуу, Самбуу ламд Мандир, хувьсгалч Баатарын дүрд Галмандах тоглохоор дүрээ хувааж авсан ч үгээ ч цээжлэлгүй больсон  хөгжилтэй түүх үлджээ.
 
“ХӨДӨЛМӨР” СОНИНТОЙ ХОЛБОГДСОН НЬ...
 
Зуун буудалт даамыг Монголд хөгжүүлэхэд Хөдөлмөр сониныхон их үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
 
Цэргээс халагдсан даруйд хүмүүс янз бүрийн ажил санал болгосон ч жаахан харзнахаар шийджээ. Нэг өдөр радиогоор зар сонсч суутал “Түүх, соёлын  дурсгал сэргээн засах албанд ажилчин авна” гэсэн нь түүх, соёлын гэдэг үг анхаарлыг нь  татжээ.  Очтол шууд л бүртгээд авчээ. Янз бүрийн хүмүүс цугласны дотор “сайн эрүүд” цөөнгүй. Гэхдээ гарын уртай, авьястай  нь олон. Эхний ажил нь Гэсэр сүмийн хогийг цэвэрлэх, хүндхэн ч байж.
 
Маргаашнаас нь төмөр, будгийн бригад байгуулж, зүмбэрээр ажлын гараа эхэлжээ. Жил гаруйн дараа Мандир зохиолч бригадын дарга болж, ажил сайн явсан ч сүүл рүүгээ ажил нь шахагдаад ирэнгүүт газрын захиргаа нь танил, талаа татан ажиллуулснаар хөдөлмөр, хөлсний үнэлгээ буурч, урлаг тал руу нь хөгжүүлж явсан сэргээн засах ажил нь сүүлдээ барилгын ажил болон хувирсанд  тэмцээд дийлээгүй тул  бригадын дарга халагдах өргөдлөө өгснөөр  тус газрын хаалгыг хаасан  байна. Эндээс гарангуут найз Нянтай нь тусалж, Барилгын байршил, хэтийн төлөвлөгөөний газарт  төслийн тооцоог нягтладаг ажилтай болжээ.
 
Тооноос айдаг хүн тоо бодож суудаг болсон нь энэ. Тэр завсарт нь зурах, бичих ажлаа мөн л хийж явж. Зурах, бүтээх ажилд нь Л.Галмандах андынх нь багш хөгжмийн зохиолч Цогоогийн оруулсан хувь нэмэр их гэдгийг тэр одоо ч дурсдаг. Эрдэнэт үйлдвэрийн 50 жил, багш, эмнэлгийн ажилчдын  баяр гэхчлэн палакат анх зуруулсан, хүмүүст танигдах эхлэлийг тавьсан, өөртөө урамших сэтгэлийг олуулсан  хүн нь Цогоо багш. Үүний дараа олон сайхан хүмүүстэй  учирсны дотор номын зургаар  Алагсай  багш багшилснаар Цогоо багшийнх нь халааг авчээ. Яваандаа үгийн сүлжээ зохиож сурч, зурагтай, сонирхолтой хийх санааг анх гаргасан гэж байгаа.
 
Энэ үеэр амьдралд нь нэг өөрчлөлт гэх үү, эргэлт гэх үү зүйл тохиосон нь “Хөдөлмөр” сонины зураач бор дарсанд шимтэж, зураачийн эрэлд гараад байсанд Алагсай багш нь шавийнхаа нэрийг дэвшүүлчихсэн байжээ. Үйлдвэрчний төв зөвлөлөөс заавал дээд боловсролтой гэхгүй  ажилчин гаралтай, цаашид энэ чиглэлээр ажиллах шинэ хүн гаргаж ирэхээр зорьж байсанд Мандир таарсан байна. Ингэж тэр “Хөдөлмөр” сонинтой хувь заяагаа холбожээ. “Тэнд Н.Пүрэвдаш гэж Баянхонгорын уугуул, гэрэл зурагчин намайг “өлгийдөж өс­гө­сөн дөө, ер нь би Баянхонгорынхонтой ойр шүү” хэмээн хуучилснаас үзэхэд Мандир зохиолч ээжийнхээ нутгийнхан, Хонгор  нутгийнханд  ихээхэн элэгтэй хүн ажээ.  “Хөдөлмөр” сонинд  олон зураач, гэрэл зурагчин, идэвхтнүүдийг  татаж “Шогч харандаа” клуб бай­гуу­лаад зогсохгүй  ша­тар, зуун буудалт даамны тэмцээн зохион байгуулах хүртэл өргөжин хөгжүүлж явсан түүхээ тэрээр гурван боть бичээд ч дуусахгүй хэмээн дурсана лээ. 
 
ХААДЫН ХӨРӨГ ЗУРАХ, БИЧИХ  АЖЛЫГ  БҮР БАГААСАА  ЭХЭЛЖЭЭ
 
 
Т.Мандир гуай хаадын хөргийг зурсан минь бүр бага наснаас эхтэй гэж хэлэхэд гайхлаа. Гэтэл их сонин юм ярьж байна. Сургуульд монгол бичгийн хичээл заахаа байхад аав минь надад үргэлжүүлж заасан юм. Тэгээд хятадын зурагт дэвтрүүдийг үзэж, тайлбарыг уншина. “Гурван улсын үлгэр” –т үндэсний баатрууд нь дүрээрээ гарна, жаахан шар  хөдөлнө. Бас бага байхад үзсэн киноныхоо  Суваров жанжин гэхчлэн гол баатруудыг зурж байсан бол Монгол киноноос Сүхбаатараас жанжнаас өөр баатрын дүр санаанд  байдаггүй. Гэтэл “Монголын нууц товчоо”-г уншихаар Зэлмэ, Зэв, Сүбээдэй гээд олон сайхан баатрууд байх. Тэгвэл энэ  л сонирхол  нь явсаар байгаад, сэтгэлд  нь ургаж төлжсөөр тэрээр  хожим хаадын хөргийг  урласан  ажээ.  Тэгэхээр Төмөр бетон заводод байхдаа ажлаа сар таслаад Төв номын санд суух үедээ уншсан “Юань улсын судар”, “Юань улсын нууц түүх” гэхчлэн төмөр, модон барын номууд, “Марко Пологийн аян замын тэмдэглэл”  зэрэг номууд ч түүнд онцгой нөлөөлсөн байж таарна.  Түүхийн эх сурвалжуудыг уншаад байхаар мэдээж түүхэн дүрүүд нь сэтгэлд бууж орж ирээд байсан биз. Энэ тухай асуухад зохиолч “Тэр үед ярьж болдоггүй байсан юм. Одоо бол болно. Түүхэн зохиолууд уншихаар дон шүглэнэ гэгчээр дүрүүд нь үнэхээр орой руу орж ирээд байдаг. Би тэр л хүчээр, тэгж л зурж байсан” хэмээн дурсч байна. Түүний анхны том бүтээл бол хаадын дүрийг гаргасан  “Хорин нэгэн хөрөг”. Энэ бүтээлээ 1985 онд эхэлж, олон жилийг зарцуулжээ. Хөргийг нь бичиж, бас зургийг нь зурсан. Харин Чингис хааны хөлөг баатруудаас хамгийн хайртай баатар, гоё дүр  бол Боорчи хэмээн дурссан.  Үнэнч, өөрийгөө дөвийлгөдөггүй.Тэгсэн атлаа ямар ч үед Чингис хааны баруун гарт байж ирсэн Боорчийг тэрээр найз Цэрэнчангаатайгаа зүйрлэж байна лээ.  
 
“Цэрэнчангаа маань цонхны түгжээ суулгагч мэргэжилтэй. Тэгсэн атлаа миний зохиолч, яруу найрагч, зураач бүх андуудтай ном хаялцаж чаддаг энтэй. Өөрөө маш энгийн. Би Боорчийг зурахдаа найзыгаа бодож суусан, хөргийг нь бичихдээ ч санаж л байсан. Чингис хааны хажууд байгаа Боорчи бол Мандирын хажууд байгаа Чангаатай адил”  гэж тэр ярьсан.  Ер нь бол нөхөрлөлийн түүх, найз нөхдийн тангараг, олон ажил сольсон ч олон нөхдөө огтхон ч солиогүй явж ирснээс үзэхэд Мандир зохиолч миний бодлоор бол Чингис хааны баатруудыг тэр л өнцгөөсөө хүчтэй мэдэрч  зурж, бичсэн  мэт. Үүнийхээ дараа түүхчдэд хандахаар шийдэж, түүхч, археологич Д.Баяр агсантай уулзахад нь  археологийн алтан сан хөмрөг рүү оруулж  үзүүлснээр хаадын хувцсыг харсан нь сэтгэлд байсан тэр л зүйлүүд байсан, нүдэндээ тогтоож аваад зурсан. Би зурах л байсан юм билээ. Өөртөө итгэлгүй байж л дээ.
 
Тэгээд хүч орж зурсан. Харин 1980-аад оны сүүлч хаалттай цаг үед анх “Улаан Од” сонин хаадын хөргийг бичсэн 21 зулыг нь нийтэлснээр өөрчлөлт, шинэчлэлийн он жилүүдэд давалгаа болж, хүч нэмсэн. Анхны захиалга тухайн үед  Ерөнхий сайд  байсан Д.Бямбасүрэнгээс ирж, Чингис хаанаас хойш Тогоон­төмөр хааныг хүр­тэл их хаадынхаа хөргийг шаглаж, урлаж, хичээж  зураад 6000 төгрөгийн урам­шуулал авсан  тухайгаа  дурсч суугаа бол саяхан гарсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” –ийн шинэ дугаарт хаадын хөрөг нь орсон  нь нэгэн санааны нь биелэл болов.
 
“СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН  БОЛОХДОО  НАЙЗУУДАА ИХ  ҮГҮЙЛЛЭЭ” 
 
 
Энэ зургуудыг хараад залуухан байж дээ гэж Т.Мандир, Н.Сүнжидмаа нар ярьсан. Эднийх хоёр сайхан хүү, нэг охинтой.
 
Зураач, зохиолч, түүхч Т.Мандир гуайн “Амьдралын тойрог”-оор  бүхэлд нь аялж бичнэ гэвэл цаг хугацаа, цаг зав, цаас ч их орох нь ойлгомжтой. Энд бичсэн зүйлүүд түүний амьдралын  хэдхэн  агшинг дурдсан төдий гэдэг  нь бас  тодорхой. “Найзууд” гэдэг буланд зочноор урих юм бол нөхөрлөлийн алтан  дурсамж  хөврүүлмээр. Зөвхөн түүхийн чиглэлээр ярилцвал мөн л сонин, содон зүйлүүд баймаар. “Хөдөлмөр” сонины он жилүүд бол өөрийнх нь хэлснээр гурван боть ч багадах. Зураг урлалын тухай бас л олныг өгүүлэх нь мэдээж. Барилга, үйлдвэрлэл, төмөр бетон завод, цэргийн албыг гурав биш дөрвөн жилээр хаасан он  жил, тэндээс олж авсан зүйл гээд яривал бүр ч их. Ийм  олон талтай, олон өнгөтэй түүний амьдралд одоо юу үгүйлэгдэж байна вэ, Соёлын гавьяат зүтгэлтэн болоход юу бодогдов гэхчлэн асуувал “Хэдэн найз минь их үгүйлэгдлээ. Ижий, ааваас минь өмнө хэдэн найз минь л бодогдсон доо” гэж байна лээ. Н.Нагаанбуу анд нь тэнгэр болсон, Л.Галмандах найз нь ч тэнгэрт сууж байгаа ийм цаг дор Соёлын гавьяат болохдоо тэр нөхдөө л үгүйлж байжээ.
 
Д.Цэрэннадмид, Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин