sonin.mn

Биологийн ухааны доктор, профессор, Буриад улсын шинжлэх ухааны гавьяат Аюурын Самбуутай монгол хүний генийн зарим асуудлын талаар ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлийн томоохон эрдэмтдийн нэг билээ.


-Хүн бол нийгмийн хамгийн үнэт зүйл. Хүний талаар генетикчид нэн сонирхолтой зүйл ярьдаг. Та хүний генетикийн ухааны талаар товч танилцуулах уу?

-Удамзүйн шинжлэх ухаан болох генетик нь амьд бие махбодь. Тухайлбал, хүний удамшил, хувьслын үндэстэй холбоотой нарийн асуудлыг судалдаг. Энэ чиглэлээр нэн сонирхолтой судалгаа хийгдэж байгаа. Хүн өөрийгөө танин мэдэхэд энэ шинжлэх ухаан үнэтэй хувь нэмэр оруулж байдгийг дурдахад таатай байна.



-Монголчууд удам угшил сайтай гэдэг нь үнэн үү?

-Энэ талаар ярих юм их байдаг л даа. Монгол угсаатан чадалжиж бүрэлдсэн түүх урт удаан хугацаанд явагдсан. Хүн овог аймаг, отгоороо чадалжиж байж өөрийгөө гаднын халдлагаас хамгаалж чадаж байсан гэдэг нь ойлгомжтой. Нирун монголчууд энд чухал байр эзэлнэ. Энэ нь Алунгоо хатны хөвгүүдийн шууд удам угсаа, Чингисийн алтан ургийн үүсэл суурь болсон хүмүүсийг хэлдэг.

 

Нирун монголчуудын уг үүсэлд үзэсгэлэн төгс, ухаант Алунгоо хатан чухал үүрэгтэй. Түүний сайн сайхан шинж чанарууд боржигоны ясан талын суурь шинж болж үе удам бүрт хадгалагдан үлдэж байв. Түүний хүү "Бодончарыг онол ухаан нь хязгаарлашгүй, эрдэм ид нь үлэмж тасархай" гэж бичиж үлдээсэн нь үүний нэг баталгаа юм.

 

"Монголын нууц товчоо"-нд, "Бодончар боржигин овогтон болов" гэжээ. Хүний төрж мэндлэх, бодижих хувь тавилан заяа зиндаагаа олох энэ бүхэн удам угшлаар эхлэн нөхцөлдөж нийгэм амьдралын олон зүйлсийн орчноос хамааралтай.



-Боржигон монголын алдартай овог. Алунгоогийн генийг авч түүний хүүгээс нь үүссэн овог болохоор тэд хүчтэй чадалтай хүмүүс байх нь ээ?

-Яг тийм. Боржигод оюунлаг хүмүүс. Эрт үед гэхэд л тэд удам судрын ухааныг мэддэгээс өрхийн хэмжээнд ургийн бичиг эхлэн нэвтрүүлж хэрэглүүлж, овгийн доторхи хүмүүсийн байдал төрх, ойр удмынхны ураг төрлийн мэдээ, мэдээллээр үр садын амьдрал, хойчдын заяа удмыг нь заан чиглүүлж цаашдын төрөлд нөлөөлөх, худ ургийн зүг чигийг заах зэргээр ач тусаа өгч байсан бололтой байдаг.

 

Үүний үр дүн нь ураг барилдахыг шинжлэх ухаанчлан гаргаж бараг ёс заншил болгосон. Угийн бичгийг айл өрх бүрээр хөтлүүлэхийг хэвшүүлсэн нь үнэндээ түүхэн гайхамшиг юм. Энэ бүхэн нь нэг талдаа хэдийгээр угсаа гарал ерөнхий нэг ч гэсэн амьдралын явцын дунд хувь хувьдаа буй болсон генийн хэвшлээр цөөн хүн амтай овог, аймгууд удмаа шилдэгжүүлэхийн нарийн механизмыг олж гаргасан явдал гэдэг билээ.

 

Энэ нь ардын мэргэн ухаанаар амьдралын хэлхээ угсаа орчинг залуурдах аргыг зөв олж шийдсэн том алхам байлаа. Боржигон овогтон өөртөө ясан удмын гол шинжийг баттайгаар багцлан шингээж, түүн дээр зохистой чанаруудыг эхийн цусан талаас нийлүүлэн хурааж, тэгээд "зиндаалаг" шинжийг олох боломж гаргасан юм.

 

Ингэж Алунгоогийн үр сад боржигон, жүрхин, хатагин зэрэг сод удамтай олон монгол овог буй болсон гэдэг. "Монголын нууц товчоо"-нд "Эрхийдээ эрчимтэй, элгэндээ шүүстэй, уушгиндаа ууртай, уруулдаа хилэнтэй, хүчит бөх ба эрдэмт эрс уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс нийлсэн тул жүрхин гэж нэрлэжээ" гэж байгаагаас ойлгомжтой юм.



-Алунгоогийн үр сад тэнгэрээс төрсөн гэдгийг тайларлаж өгөөч?

-Эргүнэ хунгийнхан бол хүмүүний удмыг чамбайруулах арга ухааныг анхлан гүнзгийрүүлж нийтэд хэвшүүлэн мөрдүүлсэн. Иймээс Алунгоогийн үр сад тэнгэрээс төрөлтэй, бусад монгол овогтноос өөр, илүүтэй ялгаран онцгойрох хүслийг өвөрлөж явснаас улбаалан тэд өөрийн удмыг чамбайруулах арга ухааныг нэн нарийн ойлгож хөгжүүлсэн гэж тусгайлан үзүүштэй.

 

Энэ нь боржигон овог чамбайрахад том түлхээс, хойч үеийн үр садад ач тусаа хайрласан нэг зүйл болсон юм. Боржигон овогтон бол язгуур монголчуудын эрхэм бүхний орой удамлаг, эрэлхэг, чадварлаг, оюунтай шинжийн бүрдлийг шингээж аугаажсан манлай нэгэн удамтан, хүний удамлаг шинжийг өргөх гайхамшгийг ашиглаж сод шугамын салаа салбарыг үүсгэх боломжтойг хүмүүний амьдралд жишээлэн харуулсан овог.

 

Энэ удам овгийн Охинбархаг гэж эрэлхэг нэгэн ноён, мөн Хабул хаан, Хотул эзэн бүгд ямар сүрлэг сайхан хүн байсан билээ. Тиймээс бид тэднээр бахархдаг шүү дээ. Тэд бие хаа тэгш, өнгө зүс хосгүй төгөлдөр, ухаан санаа, эр зоригийг хамтад нь шингээсэн төгс төгөлдөр, эрхэмсэг хүмүүс байлаа. Энэ бол боржигидын угсаанд гарсан удмын том дэвшлийн жишээ юм.

 

Тэднээс удамлаг төрсөн Есүхэйбаатар энэ бүх шинжийг урьдын залгал үеийнхнээс илүү болгож өвлөсөн монголын нэгэн баатар, эл бүгдийг өөрийн үр хүүхдүүдэд өвлүүлэн, Өүлэн эхийн удмаар бүр илүү нийцтэй болгон батжуулж дамжуулсан гэдэг нь тодорхой байдаг юм.

 

Ийнхүү монголчууд бид үндэстнийхээ удмын хүч чадлыг үе удам бүрт, овог тус бүрт чамбайруулах агуу мэдлэг, чадварыг эзэмшиж амьдралд хэрэгжүүлсэн, тэгээд угсааныхаа өв сан, өөртөө байсан удмын хүчирхэг шинжийг гаргаж чадсанаараа Тэмүжин-Чингис хааныгаа төрүүлж түүхээ өнгөжүүлсэн ард түмэн юм. Үүнээс монголчууд нэгэн үед хүнийг дээд зэрэгт хөгжүүлсэн ард түмэн байжээ гэж үзэж болно.



-Тэр үеийн манай өвөг дээдсийн ухаан нөлөөлсний ачаар монгол хүний ген бусдаас онцгой сайн болсон гэсэн үг үү?

-Монголчууд өөрийн үндэсний хүн амын удмын сангийн генийн бүрдлээс сайн бүхнийг нь нэг угсааны геномын бүрдэлд нийлүүлэн оруулж чадсан. Үүний ачаар түүхийн бүх хугацаанд нэр, сүртэй олон хүнийг төрүүлж өгчээ гэж үзэж болно.Энэ бол амаргүй асуудал. Үүний ачаар л эзэн Чингис хааныгаа төрүүлсэн гэж болно.



-Энэ сонин байна. Чингис эзнийг төрүүлсэн генийн учир зүйг судалсан зүйл бий юу?

-Хүний удамзүй судлалын шинжлэх ухаан харьцангуй залуу. Одоо бид хүний генетикийн талаар шинэ шинэ зүйл сонсож мэдсээр байгаа. Тухайлбал ,хүн 35000-40000 орчим гентэй гэдэг нь тодорхойлогдлоо. Удамшлын ийм суурь үндэс байдгийг мэдсэнээр хүний онцлог болон чадавхийг эергээр залуурдаж болно. Энэ нь нийгэмд хүний хөгжлийн язгуур болж өгдөг чухал зүйл гэдгийг ойлгож эхлээд байна.

 

1990 оноос эрдэмтэд хүний геномын судалгаа хийж дүгнэлтээ гаргасан. Энэ нь хүний гарал үүслийг судлах, удмын өвчнүүдийг оношлох, эмчлэх хавдрын оношлогоо эмчилгээ зэрэгт хэрэглэхийг хэдийнэ эхлээд байна. Монголчуудын гарал үүсэлтэй холбоотой генетикийн зарим судалгаа бас хийгдэж байгаа.

 

Хэрэв язгуур монголчуудын эхлэлийг өгсөн Эргүнэ хунгийнхан ганцхан эхээс өнөржсөн гэж үзвэл энэ удмын залгал гинжин хэлхээг одоогийн маньд хүргэсэн тэр шугамын үр садын эмэгтэй хүн болгон тэрхүү эртний буурал эмээгийн зарим генийг анх байснаар нь одоо ч гэсэн тээсээр явах магадлалтай болж байна.

 

Эргүнэ хунгийн язгуур монгол гэгддэг овогтнуудын эр хүйстэн бүхэнд буурал өвөөгийн Ү хромосомын генүүд удмын хэлхээг даган дагасаар одоогийн бидэнд хүргэгдэж ирсэн гэх магадлал бий. Үүнээс үзэхэд, дарлигин монголчууд, нирун монголчууд угшил гарбалын хувьд их л ойр төрлийн үндэстэй байх ёстой юм.

 

Олхонуд, хонгирад, хүрээний эмэгтэйчүүд эхлээд бараг ижил митогеном гентэй байсан болов уу. Бодончар богд, түүнээс хойшхи 12 дахь үеийн хүн болох Чингис хаан хоёрын Ү хромосом, түүний генүүд ижил байх ёстой гэж үзэх нөхөлтэй. Алтан ургийнхан ч бас энэ хромосомын генээр Бодончар болон Чингис эзэнтэй адилхан бүрдэлтэй байсан байж таарна.

 

Энэ ген одоо ар монголын нийт эрэгтэйчүүдийн 10-аадхан хувьд л тээгдэж яваа байх гэсэн тодорхойлолт явж байгаа. Хэрэв тийм бол манайхнаас ердөө л 1000-аад тооны эрчүүл Чингисийн Ү хромосомыг авч яваа гэсэн үг.



-Их сонирхолтой санагдаж байна. Цааш нь дэлгэрэнгүй ярьж өгөөч?

-Боржигин овгийн эхлэлийг өгсөн эх, Алунгоо хатан, монголын хаан дээдсийн эхнэр хатан нар биеийн гэгдэх 22 хромосомын генүүдээрээ дээд алтан ургийн эр хүйстнийг нэн ихээр тэтгэн сэлбэж өгсөн буянт эхчүүд юм. Эзэн Чингис шиг онцгой хүний төрөл заяанд Өүлэн эхийн бүх хромосом, митогеномын угшлууд сайн нөлөөллөө өгсөн гэдэг нь ойлгомжтой.

 

Энд энэ эхийн митогеномын генүүд ч бас тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж болох магадлалтай. Иймд Чингисийг төрүүлсэн олхонудын Өүлэн эх бүхнээс гавьяатай буянт эх юм.

 

Бодончараас эхэлж Есүхэй баатарыг хүрсэн бүх хаан эрчүүл бол өөрт нь хувь заяагаар оногдсон удмын уг угшлыг авч тэр бүхнийгээ үр хүүхэдтээ дамжуулсан хүмүүс бөгөөд ямар ч болов боржигодын чансаалаг, зиндаалаг угсааг улам шилдэгжүүлэх үе залгалын дамжлаг болсон хүмүүс мөн билээ. Энэ бүхэн Чингисийн алтан ургийнхны үе залгалыг хойшид олж тодруулахад чиглүүлэгч болж өгөх зүйл юм. Алтан ургийнхны удам ген монголын агуу нэгэн угсаа мөн юм.



-Чингис болон алтан ургийнхантай холбоотой нэг судалгаа байгаа гэсэн?

-Тийм ээ. Энэ нь одоогийн генетикч эрдэмтдийн нэрлэснээр Ү хромосомын "Чингисийн" гэх генүүд юм. Чингисийнх гэсэн тодотголтойгоор нэрлэгдээд судлагдаж буй энэ ген Номхон далайн эргээс Каспийн тэнгис хүртэлх өргөн уудам нутгийн олон үндэстнүүдийн 16 сая эр хүйстэнд удамшин явж буйг судлаачид тогтоож үүний учрыг тайлах эрэл хийсээр байна.

 

Энэ генүүд эр хүйстний онцгой чадал, чанарт хэрхэн нөлөөлдгийг төдийлөн нарийвчилж тогтоогоогүй ч гэсэн түүхийн ийм богинохон цаг зуурт яаж ингэж олон хүнд их хурдтайгаар тархаж чадав гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Их газар авч тархсанаараа давамгай байгаа учир энэ нь супер эр хүний шинж гэж хэлэх хүмүүс ч байна.

 

Энэхүү монгол ген Эргүнэ хунгийнханы үед үүсэв үү, эсвэл боржигоны эцэг Бодончарт бүрэлдэн үүсч бий болов уу гэдгийг хэлэхэд хэцүү. Хэрэв энэ нь Эргүнэ хунгийнханд үүссэн бол язгуур монголчууд гэгддэг цөөхөн хэдэн овгийн эрэгтэйчүүд тэдгээрийг өвлөн авч нааш нь дамжуулсан байж болох талтай.

 

Эсвэл энэ нь Бодончарт үүсээд монгол нирунчуудын ясан талынхнаар дамжин наашилж улмаар тив дэлхийн хэмжээнд тархсан байж болох нөхцөлтэй билээ. Ямар ч байсан энэ нь зөвхөн язгуур монголчуудад хамаатай гэдэг нь гарцаагүй.

 

Учир нь язгуур монголчууд болон Чингисийн төрөл садан болох алтан ургийнхан л их эзний үүсгэсэн эзэнт гүрний харь уудмыг эзэмшин захирахаар тарж тархан суурьшсан, тэд шинэ нутагтаа олон жил өнөржих өргөн боломжийг олсон өндөр зиндааны эрхмүүд байсан билээ.


Б.Анхцэцэг

Эх сурвалж