сонин mn
ЛОНДОН. /Daily Мail/. Нялх тиранозаврууд “Бордер-Колли” үүлдрийн нохойтой ойролцоо хэмжээтэй байсныг Эдинбургийн их сургуулийн палеонтологичдын баг олж тогтоожээ.
Канадаас олдсон 70 сая жилийн өмнөх үед хамаарах жижиг эрүү, сарвууны ясны үлдэгдлийг шинжилсний дүнд судлаачид энэхүү дүгнэлтэд хүрчээ. Эдгээр үлдэгдэл нь тиранозаврын үр төлийн одоогоор судлаад буй анхны олдвор болохыг тэд онцолсон байна.
Эрүүний яс гурав орчим сантиметр урттай байжээ. Ийнхүү судлаачид нялх тиранозаврын “3D” зургийг гаргахад 91 сантиметр урттай байсан нь “Бордер-Колли” үүлдрийн нохойтой ойролцоо гэсэн үг юм. Тиранозаврууд нас биед гүйцэх үедээ 12.2 метр урттай болдог ажээ.
Судалгааны багийн ахлагч, доктор Грег Фанстоны мэдээлснээр, эдгээр олдвор нь тиранозавруудын үр төлийн хэмжээ, гадаад төрхийг нарийвчлан тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байжээ. Тэд тираназаврын өндөгнүүдийг 50 сантиметр орчим урттай байдаг гэж тооцоолжээ.
Канадын “Earth Sciences” сэтгүүлд нийтэлсэн энэхүү судалгаанд Альберта, Калгари, Монтана, Чепмений их сургуулийн судлаачид мөн оролцсон байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг