sonin.mn
Үргэлжлэл.
Бага үд өнгөрөв үү үгүй юу нүд чихгүй цасаар шуурч эхлэв. Ашгүй Суут Гэндэн Баньдахыг дагуулан шуурганы түрүүчээр ам мөлтөс бууцгаажээ. Хоёр морь нь түнхэлцтэл амьсгаадан толгой хүзүү нь нилдээ цавцайн цантаад хамраас нь гарах бөөн цан хүүрэг газар хүрч алдан шуурганд сарнин хуйрнах ажгуу. Цасан шамарга гөлөм дэрвүүлэн морьд үргэн хуйларч байтал Наран- Ай шуурганаас нүүрээ халхлан гүйж ирээд Данзан Баньдахын морийг авахад
- Нэг юм хөдрөхгүй бол мөстөж жиндээгээд хайлгачихна. Өдий цагийн тарган морьд юу байхав, дороо л яс арьс болно! Бид хоёр хойт арыг хэжиж Айдаагийнхны үхэрт ижилссэнхоёр шараа үхэртээ нийлүүлэх гэж мах маяагаа бараад. Эргэж дайраад болдоггүй шүү хэмээн сануулав. Баньдах гэр хаа байгааг шуурга сөрөн харах санаатай гараа духандаа аван хэрээрээ гүйсхийн очиж хаалгыг нь тэмтрэн нээлээ. Шуурганаас дүрвэн харайн орж ирээд үүдэнд зогтусан, хувцасныхаа цас цанг үргээн сэгсрэнгээ " Хн..ёстой газар тэнгэр нийлж байнаа" гээд гутлынхаа цасыг унагах гэж өсгийгөө ганц хоёр товшизнон гэр дотрох байдлыг ажив. Оюунаа гэрийн баруун хойно хүндэт зочинд дэвсдэг журмыг ( Гудасны хүндэтгэл нэр) орон доогуураас эвхээстэй нь гаргаж ирэн дэвсэх гэснээ түрүүчийн суудалд урьсан хэрэг бүтэл зэхий болсныг санан баруун тал руугаа гүйж шинэ журам суга татан авч тэвдэж байгааг харж хүлээсэн ажээ. Оюун журмаа ахиж нэг хянан засч хүндэтгэлээ илэрхийлээд сая нуруу цэхлэн өмнөөс нь харж их л бишрэлтэйеэ мэхэсхийн мэнд эрвэй. 
- За Оюун минь үнээ сүүтэй амгалан, өвөлжөө тухтай сэргэлэн, үрс хотлоороо омголон, өнөд жаргалан байна уу? гэсээр Баньдах бэлдсэн журам дээр нь завилан суугаад "Энэ тэнгэр алтай догшрох нь гээч! Зуд турхан холуур болтухай!" гэснээ гараа ээх санаатай алгаа зуух руу хандуулан үрчиж нүүрээ илэн тухлав. Хэлгий Гэндэн орж ирүүтээ сандал авч зуухны хүхээг бараг тэврэх шахан өөриймсөглөн суугаад Оюуны сайн явж ирэв үү? гэсэн мэндийн хариуд
- Сайн сайн. Ямаа ч гэсэн цасан шуулганаас балаг өлсөөд олоод иллээ! гэсээр хий дагжин галд гараа ээж сууна. Тэгтэл ч гаднаас азарган үстэй дээлэнд түүртсэн Дүнсгэр баавхай шиг лүглэгэр юм бөөн цас болчихсон харайн орж ирснээ
- Муусайн годронгууд хашааны мухар булаацалдаад хэдэн хонио мөргөж дарж алах нь ээ. Энэ цасан шуурга мөддөө онгойхгүй дэг ээ! гэх аж. Түүний сахал бавайн мөстсөн харагдана. Өчигдөр хусах санаа гаргатал Оюун " Үс юм чинь дулаанд нэмэртэй байдаг биз" гэж нөхрийнхөө өмнөөс сахлыг нь хайрлан " Хэн хэзээ эмгэнэл гашуудлын үед сахал үсээ авч байсан юм. Хэнд гоё харагдах гэж хөхүй өвлийн хүйтнээр маяглах гээд байгаа юм. Өтлөж хөгширч чадахгүй, тавтиргүй авиргүй гэдэг нь.." гээд нүүр өгөөгүй аж. Хоол болох зуур аар саар юм хөөрөлдөж злгээр нэг зочлрн ирсэн мэт аажуурч суу ан Баньдах
- Тэгээд талийгаачийг хэзээ гаргах гэж байгаа билээ? Хүүхдүүдэд нь дуулгаж амжсан биздээ? Буянтай хүн болохоороо өөртөө зовлонгүй их л амар явж дээ. Хүн гэдэг жаазанд байгаа зураг шиг л юм даа. Гэнэт л алтан амь, алд бие нь үрэгдсэн дуулдаж сэтгэлд дүрээ үлдээгээд орчлонд дуусах юм гэж ярив. Дүнсгэр " Чи сайн яриагүй юм уу? " гэсэн шиг Гэндэн руу харан дүлэгнэхэд Оюун зочдын чимээгээр ёслосон ногоон алаг алчуураа тээршаан авангаа
- Таныг л хараад сууж байна. Баньдах минь! гэснээ нөхрөөсөө түрүүлж дуугарсандаа зовсхийн зуухан дээрх данхныхаа таган дээр гара хүргүүтээ татан авч " Баньдахаа, халуун цай уушаач!" гэж эм хүний төрхөө үзүүллээ. Данзан өөрийнхөө хүрэн тагшийг авчуураараа зүлгэн өвөртлөх гэж байснаа
- За дахиад нэг хийчих үү дээ. Шөнө гарч шээх гэж бөөн зовлон. Тэгээд энэ цас зуднаар хүнд ч өөрт ч түвэг удахын нэмэр. Би хонх дамар дуугарган ном сутар унших биш. Та нар эрт үеийнхээ хуучин ёсоор гаргана гэж байгаа бол цаг зүгийг нь шинжих юм биз. Цагийн тухайд надаас асуух юу байхав. Хууччуул аль болох эрт наран мандах хулгана цагтай л өрсөлддөг байв даа. Одоо ч хамаа намаагаа алдаж гүйцэж. Янз бүрийн цаг хэлдэг болсон гээ биз дээ. Хөдөөлүүлэх зүг чиг яахав бидний дээдэс бүгд л шингэсэн наран ээвэр өлгий Норуу хайрхан л ээлтэй болов уу! Үр хойчид нь ч өлзийтэй гэдэг юм. Өөр хаа гэхэв. Өдрийн тухайд хот хүрээнээс хүүхэд шуухад нь ирэг. Юу гэцгээх юм, тэр үед нь болно биз. Улирал нь хүйтэн, өөрөө настай буянтай хүн юм байна, цалгардахад эмээцгээх юу байв аж хэмээн юу ч болоогүй юм шиг уужуу аажуу ярив. Дүнсгэр " Нээрээ хол ойрын ирэх улсыг хүлээж хэд ч юм хонуулж таарах нь гээч" гэж хэлэх гэтэл Оюун өрсөж
- Яа ламах хойтох урдах гэж элдэв судар гүрэм уншуулж хэрэггүй гэсэн болохоор нэг л дутуу дулим оргиж сэтгэл ханхайх шиг санагдаад байх юм. Дэмид минь та хүнтэй үг сольж яах ийхийгээ мэдэж аваач. Тэгээд дараа нь ёвчуур зан гарган хар хур гэнд бидэнд л муугаа хаяална даа! гэхэд Дүнсгэр сахлаа нэгэнтээ илбэсэнээ
- Хүү нь ирээд яана ийнэ дураараа болно биз. Одоо энүүхэндээ гэж хэлэхэд өчигдөр би л Яа ламахыг хөөгөөд явуулчихсан юм шиг манай Онгорой надад баахан хуурай агсам тавив..гэснээ тайвшрах санаатай Оюуны барьж байсан эрхийг аван эргүүлж гарав. Эхнэр нь ууога алдан
- Хүүе та битгий буруу эргүүлээд байгаач! Ямар амьтан гадагш нь хөвж эргүүлдэг байсан юм. Дотогш нь хумьж эргүүлээч, ямар нүгэлтэй юм бэ гэхэд
- Аа цусаар тээглэ, би яаж мэдэх юм гээд эрхийг нь хумхиад ширээн дээр шидчихэв.
- Манай энэ ийм л амьтан шүү дээ таминь. Сайн хэлж ярьж өгөхгүй бол болохгүй, нахдах чинь юу ч мэдэхгүй гэж Оюун батлав.Суут Гэндэн Дүнсгэрээс дээрдэх санаатай
- Гүлэм номоо байг гэхэд галгах үед нь яадаг ч юм нэг ёс баймаал юм. Шалилыг нь ямал унаагаал яаж шүүхэн .. Дээл үед бол тэмээнд чулуу.. хэмээн яриа өдтөл Баньдах
- Номхон тэмээнд чулуутай тэнцүүлж тэгнээд л аваачаад хаячихгүй юу. Төрөхдөө тэврүүлж үхэхдээ тэгнүүлдэг жамтай юм чинь гэж хайхрамжгүй хатуу зан гаргаснаа "Шарилыг нь тавих дээрээ тулахад өрөвдөх харамсах хэрэг байдаггүй юм. Хаашдаа л нохой шувууны хоол болохоос хойш. Тэр хүн тэгээд л зүйл дуусаа. Нус нулимсны хэрэг бүр ч байхгүй. Харин ч гай болж мэднэ. Тэр цогцос чинь бидний хүндэлж хайрладаг Жанжаа биш шүү. Тэгж л бодох хэрэгтэй. Харин ч цээрлэж цэрвэх ёстой хүүр. Ер нь хүнийг хүн байхад нь хүндлэж дээдлүүштэй юм даа. Яахав сүнс сүлд нь гэж байгаад түүнд нь хэрэгтэй гэж бодож байгаа юм бол ариун шүмер, арц хүжийг нь битгий таслаараа. Гаргах өглөө нь би ирнэ, гэхдээ газарт нь явахгүй. Би ер нь ийм юмнаас цээрлэж цэрвэдэг хүн. Харин даллага авахад нь бараа болоод харагдаж байя" гэвэй. Оюун Наран- Ай хоёр хөөрхий талийгаач өвгөнийг өрөвдөн харуусч нулимсаа тэвчихгүй уймарч сууна. 
- Уг нь хэдэн малаа хотондоо хашчихаад шатар өрж энэ цасан шуургыг эцээж хашраамаар юмсанж. Даанч ийм хясаантай үе таарч. Өвгөн нүд аньчихсан болохоор хэнтэйгээ ч наадаж, буруу нүүж буцан " Улаан туг минь" гэж загнуулах юм билээ. Эвий минь, сумын захиргааны орой дээрх улаан туг шиг онгож гундан, өгий даасан хөсрий ч боллоо л доо! гэж Баньдах дуугарав. Хэрзгэр Данзан хэзээний л хоёр морио гаргаж ирээд энд ч цовхруулж, тэнд ч анаж байгаад хамаг юм ацлачихдаг. Адаглаад нэгийг нь бэрсээр сольчихьё гэсэн ч бололцоо өгөхгүй харам. Хажуугаар нь хоёр тэмээгээрээ нүүх юмгүй болтол нээв дараад хөдөлгөдөггүй шаггүй шатарчин. Түүнийг нь далимдуулж Онгорой " Жанжаа ёстой агуу мундаг шатарчин. Би арайхийж хождог юм гэж Баньдах өөрийгөө дөвийлгөж байна" гэж явган яриа гаргаж байсан удаатай. Энэ хавьдаа талийгаачид ам гарч шаа хорих хүн Баньдахаас өөр байхгүй тул тэр яриаг өлгөж өрнүүлэх хүн олдолгүй одоо мартагдаж байгаа аж. 
- Тээр жил өвгөн бид хоёр бас нэг ийм цасан шуурганаар шөнөжин мод мэрж билээ. Шүүгдсэн нь гарч хот хороо хонь малаа эргэх мөрийтэй. Шатарт арга, шалаанд хариу байдагсан гээд нүдээ хөхөртөл ширтлээ ч яах аргагүй дөрөв дараалаад туучихлаа. Өвгөн хор хусаад үгний нь егөөтэй хоржоонтой гашууныг яана. Хүргэн бишсэн бол бүгдийг нь гараараа шударч тарааж хаячихаад цасан шуурган дундуур орилж чарлан гүйчихмээр! гэж Баньдах хуучлав. Шатар ширтэн бөгтийж эрүүнийхээ ямаан сахлыг илбэн шувтарч мушийх өвгөний ёжтой харц, монхордуу хянга хамар, гүн үрчлээт хөнхөр нүд хэн бүхний сэтгэлд ив илхэн. " Хөдөөний хүн гэхэд царай нь ер харлахгүй шүү. Нар салхины хаагуур нь явдаг хүн юм бол гэмээр. Одоо энэ Наран- Ай тийм юм. Хотын будмал хүүхнүүдээс ч илүү хацар нь туяарч нүүр нь гялалзаад өнгөлөг тунгалаг гэдэг нь. Нүд нь тормолзож шүд нь гялалзаад инээх нь хүртэл хөөрхөн.. Яахаараа нэг хонхорт төрж, нэг голын ус ууж, нэг агаараар амьсгалж байгаа мөртлөө..." гэх атаархангуй бодол өвөрлөн Оюун гурил хэрчсээр. Тэгтэл Сэнгэнүүр
- Жанжаа дэндэгнэж ээрэгдсэн ноёныг Сартуулын шаг! гэж хочлон хоргоож, хожигдохоор нь бялдар дээр заавал нүүрээр нь урагш тонгойлгон тавьж ялагдлыг нь хүлээлгэдэг домтой гэдэгсэн. Хүрэл толь нь Чингисийн үеийн илд далайсан морьтон баатартай...гэж ярьж өнө эртний түүхтэй тэдгээр эд хүн бүхний нүдэнд эзгүйрэн үзэгдсээр. Хоолны үед ч энэ сэдэв дарагдсангүй. Суут Гэндэн хавьд аваагүй эрүүнийхээ хуузыг маажин
- Ел нь толь их училтай юм гэдэг. Зөвхөн цэлэг баатлуудын цээжинд хаддаг юм биш. Өвч " Би" , цог хиймоль олшдог энэ өвчүүн дээлээ зүүдэг нь атаа жөтөө, өшөө холсол, халаал жатга, хамаг муу муухайг шингээдэг шилгээдэг бөө удганаас угтай. Ел нь хүн бүхэн жижигхэн толь хийлгээд зүүчих нь зөв гэдэг сэн! гэж тальтганахад Дүнсгэр Жанжаагийнхаа буурийг залган том ярихаар шийдэн
- Манай сайд дарга нар төрийнхөө дууллыг эгшиглэхэд гараа өр түгшүүр ( Аймхай мөгөөрсний дорхи цоройны дотор мах), аюулхай зүрх, аймхай мөгөөрс дээрээ даран шимшрээд улс гүрэндээ муу ёрлодог юм бол? гэхэд Оюун хийж байсан ажлаа орхин өмнөөс нь түгшин сэжиглэж
- За цөг гэм. Нүгэлтэй юм яриад. Гадаа өвгөний биеийг засахдаа та гарыг нь тэгж өр аймхай аюулхай дээр нь тавьж янзлаа биздээ гэж цээрлэн хялалзав.
 
Үргэлжлэл бий.
 
ТҮҮХЧ, ГҮН УХААНЧ, ЗОХИОЛЧ БЭСҮД.Н.НАГААНБУУ агсаны "АЛТАЙН ТЭНГЭР" романаас.