sonin.mn
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнер албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсныг өмгөөлөгч нь дэлгэлээ гэж  “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлжээ.
 
Ж.Кушнер нь Д.Трампын ууган охин Иванка Трампын нөхөр бөгөөд ерөнхийлөгчийн ахлах зөвлөх нь билээ.
 
Ж.Кушнер Цагаан ордонд албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан гэж түүний өмгөөлөгч Аббе Лоуэлл ярьсан аж.
 
Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа ашигласан гэж өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп удаа дараалан шүүмжилж байсан билээ. Хувийн и-мэйл хаягаа ашигласан гэх энэ хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгасан ч түүнд ямар нэгэн ял шийтгэл ногдуулалгүйгээр хэргийг хаасан билээ.
 
И-мэйл хаягтай холбоотой энэ дуулиан Х.Клинтон сонгуульд ялагдахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг