sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, Техникийн буюу гар тооллого явуулах тухай тухай тогтоол баталсан талаар өнөөдөр мэдээллээ.
 
Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалт дуусмагц харъяа хэсгийнхээ 50 хувийг санамсаргүй сонголтын буюу сугалах аргаар сонгон техникийн тооллого хийлгэх ажил зохион байгуулахыг сум, дүүргийн сонгуулийн хороодод даалгасан байна. Ингэхдээ сонгуульд оролцсон нам, сонгогчид, ажиглагчдын төлөөллийг байлцуулан гараар тооллого явуулах юм.
 
Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос саналын нууцлалыг хангах зориулалттай халхлах хавтас ашиглахыг иргэдэд анхааруулж, уг хавтсыг санал өгөх байруудад хүргүүлсэн байна. Учир нь сонгогч санал өгөх бүхээгт саналаа тэмдэглээд, санал тоолох машинд уншуулахдаа санаатай болон санамсаргүйгээр саналын хуудсаа бусад харуулах тохиолдол гардгаас сэргийлэх гэж буй аж. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг