sonin.mn
УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэж дэмжлээ. 
 
Дээрх хуулиудыг 2015 оны 12 дугаар сард баталж, 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр хуульчилсан ч хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа юм. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Засгийн газраас өргөн бариад байгаа. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байсан юм. Ингээд хууль тус бүрээр санал хураалт явуулахад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.4 хувь, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.
 
Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ. 
 
Учир нь уг хуулийн төслүүдийг УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй, хүчинтэй болоогүй гэж үзэн буцааж байгаа юм.
 
Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг хуулийг мөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр байсныг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөлт оруулж байгаа юм. Үүгээр үдээс өмнөх хуралдаан үүгээр өндөрлөв. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг