sonin.mn
Энэ сарын 26-ны ням гарагт цагдаагийн байгуулага нийслэлийн хэмжээнд 203 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
 
Тэдгээрээс осол хэргийн шинжтэй 138 дуудлага хүлээн авсан байна. Замын цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан хоёр жолоочийн ослыг шалгаж байна.  
 
Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал өчигдөр 13.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ Эрхэл багийн нутаг Эрхэт нуур гэх газар Мөрөнгөөс Хатгал орох 46км асфальтан замд Toyota Crown автомашин онхолдож жолооч 29 настай эмэгтэй М нас баржээ.
 
Мөн  15.10 цагт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суын 1-р баг Тосны булаг гэдэг газар шороон замд улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Мустанг-5 мотоцикл онхолдож жолооч 43 настай эрэгтэй О амиа алджээ. Түүнчлэн 21.00 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн тийш 500 метр замд Toyota Prius автомашин онхолдож, зорчигч 40 настай эмэгтэй  С нас барсан байна.
 
Иймд хүн бүр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарлах, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох нь жолооч төдийгүй хүн бүрийн чухал үүрэг болоод байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.