sonin.mn
 
УИХ-ын гишүүн Н.Энхболдтой Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
 
-Та Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтсан. Хуулийн төсөл боловсруулах ажил ахиц дэвшилтэй байна уу. Ер нь ямар шатандаа яваа вэ?
 
-Ажлын хэсэг хуралдаж, тоймтой шийдвэр гаргасан зүйл алга. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаад улс төрийн намууд дээрээ байр сууриа нэгтгэсний дараа ажлын хэсгийнхэн ярилцахаар тохирсон. Үүнээс хойш ажлын хэсэг хуралдаагүй. Хэдийгээр албан ёсны хурал хийгээгүй ч цуглаад санал солилцохдоо зарчмын хоёр асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн гэж бодож байна. Нэгдүгээрт, намын гишүүнчлэлийн тухай, дараагийнх нь улс төрийн намын өмч хөрөнгөтэй холбоотой. Энэ асуудлаар улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрэх ёстой. Түүнээс биш аль нэг нь давамгайлсан байдлаар хандахгүй. Манай намын хувьд ч дээрх байр суурийг дэмжиж байгаа. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, санаа бодол, үзэл баримтлал нэгтэй хүмүүс нэгдээд төрийн эрх барихад оролцох эрх нь ямар ч тохиолдолд нээлттэй. Гишүүнчлэлтэй байх уу, үгүй юү гэдэг нь тусдаа. Үүнийг хууль гаргах эсвэл захиргааны аргаар шийдэж болохгүй л дээ. Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгоно гэдгийн цаана улс төрийн зорилго, хардлага сэрдлэг байна. Монголын улс төрийн намуудаас бүтэц зохион байгуулалт, дүрэм, сахилга батын хувьд илүү жигдэрсэн нь Монгол Ардын нам. Энэ өнцгөөс нь харахад шинэ болон бусад намууд өөрсдөдтэйгөө харьцуулж үзээд МАН-ын гишүүнчлэлийг байхгүй болгох хэрэгтэй гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг ингэж ярьсан гэж хэлсэн юм биш шүү. Хэрвээ ийм бодол байгаад үүнийгээ хуулиар далимдуулж хийх хүсэлтэй байвал том зургаараа хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаагаас өөрцгүй. Одоо улс төрийн намаас төрийн албан тушаалд очвол намаасаа түтгэлздэг зохицуулалт хүртэл байгаа. Нөгөө талаар олон жил иргэдийн оюун санаанд суучихсан, төлөвшсөн үзэл бодлыг хууль гаргаад арилгахад хэцүү л дээ.
 
-Улс төрийн нам өмчтэй байх уу эсвэл хураалгах ёстой юу гэдэг маргаан байсхийгээд л гардаг боллоо. Хуулийн төсөлд ямар байдлаар зохицуулж байна вэ?
 
-Тодорхой орон зай, цаг хугацаанд түүхэн шалгуур нөх-цөлөөр бий болсон зүйлийг тэнц-вэртэй болгох эсвэл бусад намаасаа илүү өмч хөрөнгөтэй харагдаад байна гэдэг утгаар нь намуудын өмч хөрөнгийг хураах тухай ярьж байгаа нь үндэслэл, утга муутай сонсогдож байна. Намын өмч хөрөнгө гэдэг бусдаас хүчээр булаагаад авчихсан зүйл биш. Ийм өмчийг Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг бий болгож, хамгаалж, өдий хүртэл хөгжүүлэх хугацаандаа бий болгосон улс төрийн намын капитал гэж би хувьдаа ойлгодог. Тэгэхээр улс төрийн намын гишүүнчлэл болон өмч хөрөнгийн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч байж дээрх хуулиудад гар хүрэх ёстой. Бусад асуудлаар ярьж болно. Нийгмийн амьдралд намуудын төлөвшилтэй холбоотой олон бэрхшээл бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн зөвлөгөөний үеэр “Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намууд зөвшилцөж, ойлголцохгүй бол өөрөө өргөн барина” гэж хэлснийг дам сонслоо. Ийм байдалд хүрэхгүйгээр парламентад суудалтай болон бусад нам хооорондоо ойлголцоод Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулаад явах боломжтой гэж харж байна. Манай нам хамтарсан Засгийн газарт орохдоо төрийн болон улс төрийн тогтолцоо, улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцооны талаар санал солилцож, талууд харилцан тохиролцсоны үндсэнд шийдвэрлэхээр цагаан цаасан дээр хараар бичиж, гарын үсгээ зурсан баримт бий. Тэгэхээр анхнаасаа ярьсан энэ хүрээндээ л асуудлаа шийдэх хэрэгтэй гэсэн бодолтой байна.
 
-Улс төрийн намын санхүүжилтийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?
 
-Би Улс төрийн намын сан-хүүжилтийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт байхгүй. Гэхдээ хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлэхэд энэ хуулийн төсөлд хэд хэдэн зарчмын гол саналыг тусгасан байх учиртай. Ямар ч хуульд өөрийн үндэслэл баримтлах гол зарчим гэж бий. Хамгийн түрүүнд улс төр, мөнгө хоёрыг хол байлгах зарчмыг сууриа болгох хэрэгтэй. Өнөөдрийн олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй байгаа намууд, улс төрийн хүчин болон төрийн бус байгууллага, бусдын нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг бүх бүтэц байгууллагын санхүүжилт улс төр, мөнгө хоёр тусдаа байх зарчимд суурилсан байх ёстой. Иргэд улс төрийн намууд, хувь улстөрчид мөнгөнөөс хамааралтай болчихлоо гэж хамгийн ихээр шүүмжилж байна. “Монголын урдаа барьдаг том компанийн удирдлагууд УИХ-д орчихсон байна” хэмээн иргэдийн бухимдаж байгааг бас бодолцох ёстой. Нөгөө талаасаа өмнө нь ямар бизнес эрхэлж байсан, мөнгөтэй байна уу, үгүй юү гэдгээс нь үл хамаараад хэн ч улс төрийн амьдралд оролцох эрхтэй. Үндсэн хуулиар энэ эрх нь баталгаажчихсан. Тэгэхээр энэ бүхнээ хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал байна. Эцсийн дүндээ Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл сайн, муу ямар байдлаар гарсан энэ хуулийг амьдруулах жинхэнэ эзэд нь олон нийт. Ямар ч сайн хууль гарсан тухайн хуулийг зөрчсөн үйлдэл хийж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн хүчин, улстөрчдийг дэмжээд байвал сайн хуулийн ач тус гарахгүй л дээ. Сонгогчид төлөөллийн хүнээрээ дамжуулж, төрийн эрхийг хэрэгжүүлж байгаагаа ухамсарлаж, ямар хүнийг энэ байр суурьт тавьбал олон нийт, улс оронд хэрэгтэй шийдвэр гаргаж, бодлого боловсруулах вэ гэдгийг эхний ээлжинд бодолцох учиртай. Тэгэхээр төрийн эрх барьж буй байгууллагын хувь заяаг эцсийн дүндээ сонгогчид гартаа атгаж байгаа. Дээр дурдсан бүх хуулийн төслийг боловсруулахдаа нэг-дүгээрт, ард түмэнтэйгээ сайн зөвшилцөх, хоёрдугаарт, энэ хуулийн төслүүд гарснаар “Сонгогч та ийм үүрэгтэй шүү” гэдгийг ойлгуулж, ярих нь зүйтэй.
 
-Нэг хэсэг ах дүү, хамаатан саднаараа улс төрийн намд хуваагдаж, талцдаг байсан бол сүүлийн жилүүдэд иргэдийн зүгээс намын хатуу гишүүнчлэлтэй байх хэрэг байна уу гэдэг асуудлыг хөнддөг боллоо. Тэгэхээр улс төрийн нам гишүүнчлэлгүй болчихсон нь дээр юм биш үү?
 
-Би улс төрийн нам хатуу гишүүнчлэлтэй байх ёстой гэж хэлээгүй. Улс орон болгонд өөр өөр байдаг юм билээ. Хатуу гишүүнчлэлтэй нь ч бий. Намын гишүүнчлэлгүй явдаг орнууд ч байна. Бидэнд аль нь илүү тохиромжтой вэ гэдгээ сонгох асуудал байгаа. Өнөөдөр бидэнд учирсан бэрхшээлээс үүдээд өөрийн орны онцлог, иргэдийн сэтгэлгээ, улс төрийн төлөвшлийн төвшинг харгалзахгүйгээр сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандаж болохгүй л дээ. Улс төрийн намын гишүүнчлэлийн тухай хүн бүр өөрийн гэсэн бодолтой байгаа нь лавтай. Иргэдийн аль санал нь давамгайлж байгааг мэдэхгүй юм. Үүнийг санал асуулга, судалгаа, тандалт хийж байж нарийн үндэслэлтэй ярина уу гэхээс өөрийнхөө бодлыг бүх хүн тэгж бодож байгаа мэтээр тайлбарлаад явах нь өрөөсгөл. Дээр дурдсан хуулийн төслүүд Үндсэн хуулийн дараа орох чухал хуулийн төслүүд. Тиймээс Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг гэхэд ард нийтийн санал асуулгаар шийдсэн нь дээр гэдэг байр сууриа манай намын гишүүд илэрхийлсэн. Нэг удаа ард түмнээсээ асуучихад буруудахгүй. Энэ нь иргэдийн олонхи нь ямар бодолтой байгааг сонсох гэсэн хэрэг. Хэрвээ санал асуулга явбал хууль гарсны дараа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь илүү байх болов уу. Шүүсийг нь шахсан сайн хууль гаргах үүднээс дэвшүүлсэн санал шүү дээ.
 
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: