sonin.mn

Оюутан ахуй цагийн дурсамжийн маань салшгүй нэг хэсэг бол манай ангийнхан.

Энд тэндээс ирсэн өөр өөрийн түүх, амьдралтай, ааш араншинтай олон залуусыг нэг ангид цуглуулна гэдэг амаргүй нь ойлгомжтой. Хөдөөний бидэнд “хотын хүүхдүүд хулигаан” гэсэн ерөнхий ойлголт байсан шиг байгаа юм.

Би гэхэд нилээн хэгжүүн байрын өндөр шар хөвгүүнтэй жаахан шөргөөлцсөн. Харин дараа нь найзалсан юм. Тэр хэгжүүн шар нөхөр маань бол одоо Монгол Улсын баатар Э. Бат-Үүл.

 

Тэрбээр хөдөөний биднийг бодвол хотын унаган хүүхэд болохоор ч тэр үү, эсвэл аавынх нь хүмүүжил нөлөөлсөн үү, бусдаасаа арай л өөр сэтгэнэ. Харин Бат-Үүл бид хоёрын шөргөөцөлддөг байсан гол шалтгаан нь хот, хөдөөгийн ялгаанд биш, би ангийн дарга байсанд байгаа юм. Залуу хүн л юм болохоор хэн нэгнээс дор орчихгүй гэсэн эрмэлзлэл, бас бүхнийг ном ёсоор байлгах хүсэл маань түүнтэй шөргөөцөлдөх шалтгаан ч байсан байж болох юм даа гэж хожмоо бодож явдаг юм. Түүнээс биш Бат-Үүл сурна уу, эсвэл сургуулиасаа хөөгдөнө үү, адилхан оюутан надад ямар хамаа байна. Гэтэл тэр үед би тэгж бодохгүй, болж л өгвөл ангийнхаа бүх хүүхдийг онц сургах санаатай...Миний хамгийн олон “нб” /тасалсан гэхийг оросоор тэгж тэмдэглэдэг байв/ бичсэн нөхөр бол манай Бат-үүл. Мань эрд хичээлээ битгий тасал, чи хамгийн олон “нб”-тэй гэвэл тэрээр уурлаж “Чамд ямар хамаатай юм. Чи тэр арван жилдээ л тодордог байсан юм байгаа биз” гэж ихэрхэнэ. Сүүл рүүгээ харин миний хэнхэг занг ойлгосон уу, эсвэл зүгээр надтай маргалдахаас залхсан уу мань эр өөдөөс юм хэлэхээ больсон шүү.

 

Би багадаа номноос салдаггүй хүүхэд байсан ч Бат-Үүлийг бас нилээн уншсан нөхөр байна гэж дотроо боддог байсан юм. Нэг өдөр Бат-Үүл “Туяа нааш ир” гээд болдоггүй. Очтол, “Энэ Эйнштейний харьцангуйн онол худлаа юм шиг санагдаад байна” гэж байна...Бид хоёр улс төрийн тогоонд хамт буцалсан журмын нөхөд болсны дараа би түүнээс нэг удаа “Үүл ээ тэр Эйнштейний юу нь чамд таалагдахгүй байсан юм бэ” гэж асууж билээ. Гэтэл мань эр марсайтал инээгээд, “Одоо яаж санадаг юм” гээд өнгөрсөн юм. Гэхдээ л түүнд хар залуугийн нэг тийм дайчин, тэмцэгч, шударга шинж чанар байдаг юм. Ямар сайндаа л төгсөхийн алдад С.Эрдэнэ гуай хөөцөлдөж байгаад мань эрийг Шинжлэх ухааны академид ажиллах ухваарь олоод иртэл “Тийм арын хаалганы юм гэж юу байсан юм бэ. Би орохгүй. Онц сурдагаар нь манай ангийн Цэндсүрэнд өгчих” гээд өөрөө Барилгын коллежид багшаар очсон. С.Эрдэнэ гуай юу ч хэлж чадалгүй Цэндсүрэнг явуулсан юм шүү дээ. Хоёр жилийн дараа Бат-үүл над дээр ирж, “Туяа, барилгын коллежоос физикч төрөхгүй юм байна” гэж ярьж байгаад, Хөвсгөлийн Улаан-Уул сум руу багшаар хуваарилагдаж байсан нөхөр дөө. Ингэж би Э.Бат-Үүлтэй нөхөрлөснөөрөө хотынх л бол “хулигаан” байдаг гэж боддог байсан минь эрс өөрчлөгдөж билээ. Үүл маань дипломын ажлаа “тэсрэлттэй” холбоотой сэдвээр хийж, амжилттай хамгаалаад, хожмоо нийгэмд жинхэнэ тэсрэлт хийсэн тэмцэгч, улстөрч болжээ.

/Н.Алтанхуяг “Оргил өөд” Уб 2012 он. 96-100х/